Sportsleaks хэмээх сайт Европын хөлбөмбөгийн топ багууд УЕФА-гийн санхүүгийн журмыг хуйвалдааны замаар зөрчсөн баримтуудыг дэлгэснээс үүдэн “ПСЖ”, “Ман Сити”, “Монако” тэргүүтэй цөөнгүй багийн ирээдүй том эрсдэлд ороод байна. Уг эрсдлээс үүсэх хамгийн эхний хохирол нь шилдэг тоглогчдоо бусдад алдах явдал юм. Тиймээс их мөнгөндөө аагалж хууль зөрчсөн баян багуудын лидер хөлбөмбөгчдийг урвуулж авах энэхүү таатай мөчийг ашиглахаар бусдад багууд санаархаж эхэллээ. Үүний тэргүүнд Испанийн грандууд болох “Барселона”, “Реал” яригдаж байна.
Испанийн хэвлэлүүдийн мэдээлснээр дээрх багууд “Пари Сен Жермен”-ээс Неймарыг худалдаж авахаар эхний алхуудаа хийгээд эхэлжээ. Бразил залуу ч гэсэн Ла лигад буцаж очих хүсэлтэй байгаа. Албан бус мэдээгээр аль нэг баг 222 сая еврог санал болгох аваас наймаа автоматаар хийгдэнэ гэсэн тохироог Неймар “ПСЖ”-тэй хийгээд байгаа гэнэ. Түүнээс гадна энэ жилийн нээлт болсон залуу од Килиан Мбаппе мөн өөр баг руу явж магадгүй байна. УЕФА-гийн зүгээс “ПСЖ”-д санхүүгийн хориг тавьж, торгууль ногдуулж, тоглогч худалдаж авах эрхийг нь хасах магадлал өндөр байгаа тул Францын баг үнэтэй хөлбөмбөгчдөө худалдахаас өөр аргагүйд хүрэх юм.