Улсын филармонийн симфони найрал хөгжмийн “Best overtures of the world” буюу дэлхийн алдартай удиртгал хөгжмүүдээс сонсгох тоглолт энэ сарын 9-нд болох гэж байна. Найрал хөгжимчид маэстро Д.Нямдаш, Б.Батбаатар нарынхаа удирдлагаар хөгжимд дурлагч үзэгчдэдээ хүргэх таван бүтээлийн тухай товч мэдээлэл хүргэе.
Суут Петр Ильич Чайковскийн “1812 он” хэмээх удиртгалын тухай хэлүүлэлтгүй шууд мэдрэхээр. Наполеоны цэргүүдийн дайралт, давшилтыг эсэргүүцэн тэмцсэн оросуудын тэмцэл, нэгдэл, залбирал, ялалтын тухай яруу тунгалгаар өгүүлдэг уг бүтээлийг “Ялалтын”, “Баярын” хэмээн тодотгодог. Алтан ганжиртай сүмийн орой алтан наранд гялбах ч, дайны сүүдэрт барайсан тухайн үеийн Москва, их Орос орон нүдэнд харагдах шиг болно.
Германы суут хөгжмийн зохиолч Рихард Вагнерын “Тангейзер” дуурийн удиртгал хөгжмийг тоглоно. Европчууд хөгжмийн зохиолчийг бурханчлан дээдэлж, бүтээл туурвилд нь гүн хүндэтгэлтэй хандсаар иржээ.
Тангейзер гэдэг нь немц үндэстнүүдийн домог, туульсын баатрын нэр боловч Р.Вагнерын дуурьт гол дүр, тенор хоолойт залуу байдаг. Жүжигт уг дүр өөр гаргаас ирж, энэ ертөнцийн байдалтай танилцах зуураа тухайн цаг үеийн дуучдын өрсөлдөөн дунд хэсэг хугацаанд байдаг тухай гардаг.
Манай улсад хараахан тавьж амжаагүй уг дуурийн удиртгал хөгжмийг Филармонийн симфони найрал хөгжимчид үзэгч, сонсогчдодоо хүргэх нь ээ. Уг хөгжмийн тухай европчууд “Сансар огторгуйн чичиргээн, хөгжмөн далай, сонсоод хямрав гэх зэргээр хэлжээ.
Нэгэн сонсогч “Хүмүүс, хүрээлэн буй орчин, сансар огторгуй хүртэл өөрчлөгдөж байхад сэтгэлийн гүнээс гарсан хөгжим л хэвээрээ байх юм” гэсэн байлаа.
Чехийн алдарт хөгжмийн зохиолч Антонин Дворжакийн “Багт наадам” хэмээх концертын удиртгал мөн л орон орны сонсогчдын дуртай хөгжим. Үндэсний дуу, хөгжмийн хэмнэлийг зохиомжийн сонгодог хэллэгээр баяжуулан өөдрөг, тансаг, баяр баясгалангийн тухай бүтээл болгосныг одоогийн хүмүүс дэлхийн шилдэг 10 удиртгал хөгжмийн нэг хэмээх болжээ.
Италийн суут хөгжмийн зохиолч Жоакинно Россинийн “Итали бүсгүй Алжирт” дуурийн удиртгал хөгжмөөс тухайн үед европчууд арабын ертөнцийн өнгийг таньж байсан аж. Хөгжмийн зохиолчийн хөнгөн, үе үе түрж орж ирэх хошин өнгө аяс энэ бүтээлд нь мөн л “гозойх” аж.
Чех гаралтай Австрийн хөгжмийн зохиолч, өнөөгийн Чех улсын мэргэжлийн хөгжмийн сургалтыг үндэслэгч Иржи Сметанагийн туурвисан “Молдау” (Молдав. Чехээр “Влтава”) хэмээх удиртгалыг энэ үдэш сонсоно.
Молдау гэдэг нь одоогийн Чех орон, түүний нийслэл Прага хот талд илүү ойр голын нэр ажээ. Түүхийн явцад энэ гол янз янзын засаг захиргааны мэдэлд байж ирсэн бөгөөд хөгжмийн зохиолч И.Сметана “Миний эх орон” цуврал зохиолынхоо нэг хэсэгт уг голын тухай дурайтал, жирэлзүүлэн “зурсныг” ард түмэн таалсаар, уг бүтээл яваандаа Чех улсын албан бус төрийн дуулал мэт болтлоо алдаршжээ. Манайхаар бол Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Намсрайжавын “Халуун элгэн нутаг” дуу мэт юм уу даа.
“Молдау” удиртгалд дуртай хүмүүсийн сэтгэгдлийг бичих гэвээс барахгүй. Хөгжимд дурлагч нэгэн “Амьдралдаа олон юманд сэтгэл ханаж ирсэн. Гэхдээ энэ хөгжимд хэзээ ч ханаж байгаагүй. Үхэхийн цагт дахин нэг сонсох сон гэж боддог” хэмээжээ.
Найрал хөгжимчид ийм тансаг хөгжмүүдийг үзэгчдэдээ хүргэхээр ажиллаж байна.