Британийн зохиолч Анна Бернс энэ оны Букерийн шагналтан болсон. Тэрбээр англи хэлээр бичдэг уран бүтээлчдэд олгодог уг нэр хүндтэй шагналын эзэн болсон Умард Ирландаас гаралтай анхны зохиолч юм.
Британийн зохиолч, гүн ухааны Кваме Энтони Аппиа тэргүүтэй шүүгчид Аннагийн “Сүү түгээгч” романыг шилдгээр сонгов. “Бидний хэн нь ч ийм бүтээл уншиж байсангүй” хэмээн Аппиа ялагчийг танилцуулахдаа хэлжээ.
Умард Ирландад 1970-аад онд гарсан мөргөлдөөний үед аж төрж байсан бүсгүйн хүнд сонголтуудын тухай уг бүтээлд өгүүлдэг. Английн Ист-Сассекс гүнлэгт аж төрдөг зохиолч эл нэр хүндтэй шагналын хамт 50 мянган фунт стерлинг (66 мянга орчим ам.доллар) хүртжээ.
Хунтайж Чарльзын гэргий, Корнуолын гүнгийн хатан Камиллагаас шагналаа гардахдаа Анна өөрийг нь дэмждэг найз нөхөд, хэвлэлийн компанийнханд талархлаа илэрхийлээд, уг шагналд нэр дэвшсэн бусад уран бүтээлчдэд баяр хүргэсэн байна.
Шилдэг зургаад шалгарсан бүтээлийн гурав нь Британи, хоёр нь АНУ, нэг Канадын зохиолч байв. Мөн тэдний дөрөв нь эмэгтэй, хоёр нь эрэгтэй уран бүтээлч. Шилдэгт шалгарсан тэд 3300 ам.долларын шагналтан болжээ.
БЕЛФАСТЫН АННА
Өдгөө 56 настай зохиолч Анна Бернс Умард Ирландын Белфаст хотод ажилчны гэр бүлд төрж, өсжээ. Тэрбээр Лондон руу 1987 онд шилжиж, их сургуульд элссэн аж. Белфастын тухай асуухад нэг бол юу ч ярихгүй, эсвэл ямар нэг ер бусын түүх өгүүлэхийг илүүд үздэг байна.
Тухайлбал, тэрбээр 1970-аад оны дундуур, ээлжит романаа халааслаад, Белфастын хойд Ардойн дүүргийн Бервик роуд гудамжаар шөнө харьж явснаа дурсдаг. Энэ тухай “Сүү түгээгч” романд ч өгүүлсэн аж.
“Гудамжны гэрлүүдийн олонх нь асахгүй, харанхуй авч, ном нэг л сайхан санагдаж байсан тул харж бишрэх гэж хүртэл би зогсож явав. “Энэ зохиолч яаж үүнийг хийж чадав аа? Яаж?” хэмээн тэр үед би бодлоо. Тэгэхэд харанхуй шөнөөр явах замдаа зогсонгоо би энэ үл таних зохиолчийг хүндэтгэх сэтгэл анх удаа төрж билээ” гэж Анна өгүүлжээ.
Угсаатан хоорондын улс төрийн мөргөлдөөн өрнөж байхад Белфастад аж төрж байхдаа Анна юу ч бичээгүй боловч ихийг уншиж, ажигласан гэнэ. 30 гарсан хойноо л тэрбээр бичиж эхэлсэн бөгөөд яваандаа өөрт нь таалагдах зүйлийг мэдэрч эхэлсэн гэдэг.
“Миний зохиолын баатрууд над дээр ирж, юуг, яаж хэлэх хэрэгтэй байгаагаа өгүүлдэг. Энэ үйл явцыг хянах чадвар надад хангалтгүй юм шиг санагдсан. Тэдний хэлж, ярьсныг тэмдэглэх, эсэхээ шийдэх хэрэгтэй байв. Чадахгүй гэвэл тэд алга болчих учир би тэмдэглэж байна” гэж тэрбээр тайлбарлав.
Анхны хоёр бүтээл нь болох “Бүтэлгүйчүүд” (No Bones), “Жижиг байгууламжууд” (Little сonstructions) ном нь амжилт олжээ. Эхний бүтээлийнх нь талаар шүүмжлээчид хэлэхдээ Анна Умард Ирландын улс төрийн байдлыг харуулахдаа урагшгүй, барагтайхан гэр бүлийг ашигласныг тэмдэглэсэн байна.
“Миний бодлоор харин ч эсрэгээр. Умард Ирландыг зохиолынхоо агуулгад шингээхээс өөр арга байгаагүй. Бодит байдлыг тусгахгүй байх нь гэр бүлийн намтар түүхийг орхигдуулахтай адил утгагүй зүйл болно. Тиймээс асуудал нь гэр бүл юу бэлгэдэж буйд бус, хүчирхийллийн ул мөр хаана ч илрэхэд оршиж байгаа юм” гэж зохиолч үзэж байна.
Энэ санаанд тулгуурлан хоёр дахь романаа бичжээ. Үүнд Умард Ирландын хагас цэрэгжсэн байгууллага, эсвэл засаг захиргааны шийдвэрүүдийн тухай бус, дотоод бодлогогүй үйлдлүүдийн тухай өгүүлснээ Анна хэлсэн байна.
Улс төрийн мөргөлдөөн нь яваандаа нийгмийн сэтгэл зүйн дүр зураг болдог. Энэ дүр зургийг Анна бүтээлдээ тухайлбал, стресс, дарамтад орсон нийгэм өөрийн эрхгүй сонор сэрэмжтэй, эсвэл хэт болгоомжилдог болдог байдлаар буулгажээ. Тиймээс түүний бүх романд Белфаст хот тодорхойгүй орон зай, харин Ирландын цэргийн мөргөлдөөн нийгмийн нам жим байдлын илрэл болдог аж.
СУНЖИРСАН ЭССЭ
“Сүү түгээгч” нь Умард Ирландаас Букерийн шагнал хүртсэн анхны зохиолч Анна Бернсийн дөрөв дэх роман. Мөн Ирландаас нэр дэвшсэн гурван романаас хэлбэр болоод агуулгын хувьд хамгийн хүнд нь байжээ.
Тэрбээр 18 настай ирланд бүсгүй эх орондоо амьдрах ямар байгаа тухай дотроо тасралтгүй ярьж буй хэлбэрээр зохиолоо бичсэн аж. Шүүмжлэгчдийн хэлснээр энэ романыг уншихад хэцүү. Гэхдээ хүнд хэлбэрийн роман болохоор бус, чухал бүх сэдвийг багтаасан, сунжирсан эссэ шиг болохоор хүнд гэнэ.
Эл романы үйл явдал 1970-аад оны үймээн самуунтай Умард Ирландад өрнөдөг. Бусдын анхаарал татахын оронд анзаарагдахгүй байсан нь дээр бөгөөд нэргүй хотын адармаатай түүхийг энд өгүүлжээ.
Зохиолын гол баатар болох бүсгүй сүү түгээгч залуутай хайр сэтгэлийн холбоотой болж, нууцаар уулздаг. Үүнийгээ ээждээ мэдэгдэхийг хүсдэггүй байж. Гэтэл энэ нууцыг нь бүсгүйн үеэл нь мэдсэнээр цуу яриа тархаж эхэлнэ. Ингээд бүсгүй нэг талаар олны анхаарал татсан нь эмгэнэл болж хувирдаг.
“Бидний (шүүгчид) хэн нь ч урьд нь ийм зохиол уншиж байсангүй. Гайхалтай, сэтгэл хөдөлгөсөн өгүүлэмж бүхий дахин давтагдашгүй бичлэгээрээ Анна Бернс уламжлалт сэтгэлгээ, утга зохиолын хэлбэрүүдийг эвдэж байна. Энэ бол гашуун хошигнол нэвчсэн харгис хэрцгий байдал, бэлгийн дарангуйлал, эсэргүүцлийн тухай түүх юм” гэж Букерийн шагналын шүүгчдийн тэргүүн Кваме Энтони Аппиа тэмдэглэжээ.
“Сүү түгээгч” бол хов жив, цуу яриа, нам гүм байдал, зориуд дүлий царайлахын тухай түүх. Хүлцэнгүй байхын аймшигт үр дагаврын тухай эл романыг уншихад ч амаргүй, цасан шуурга сөрөхтэй адил гэнэ.
БУКЕРИЙН ШАГНАЛ
Букерийн шагналыг анх 1969 онд гардуулж байв. 2013 он хүртэл уг шагналыг Британийн хамтын нөхөрлөлийн орнуудын аль нэгэнд, Ирланд, эсвэл Зимбабвед аж төрдөг зохиолчид олгодог байжээ. Харин дараа нь шүүгчид зохиолоо англи хэлээр бичиж, Нэгдсэн Вант Улсад бүтээлээ нийтлүүлсэн бусад улсын зохиолчид ч уг шагналд нэр дэвшихийг зөвшөөрсөн аж.
Сүүлийн 5-7 жилд зохион байгуулагчид нь Букерийн шагналыг зүгээр нэг бус, уншигчид сонирхохоор чухал, тулгамдсан бүтээлд олгохыг эрмэлздэг болжээ.
Энэ нь жинхэнэ бүтээлийн тухай төсөөлөл болоод уншиж болохуйц бүтээл хоорондын мөнхийн тэмцэл болохыг өнгөрсөн 10 жил шилдэг бүтээлээр шалгарсан зохиолуудаас харж болох юм. Жирийн болон дундаж уншигч ч тэдгээрийг тийм амар уншиж ойлгохгүй гэнэ.
Шүүгчдийн тэргүүн Кваме Энтони Аппиагийн хэлснээр шилдэгт шалгарсан бүтээлүүдийг 100 жилийн дараа унших хүмүүс биднийг бараан цаг үед аж төрж байсныг харна.
Тиймээс ч шилдгээр шалгарсан, зохиолч Анна Бернсийн “Сүү түгээгч” роман нь шүүгч нарын бүх шалгуурт нийцсэн, юуны түрүүнд яг одоо цагт болж буй, анхаарал татсан үйл явдлын тухай өгүүлсэн байна.