Өнгөт хувьсгалын дараа Чехословак Улс хоёр хуваагдсан билээ
Өнгөт хувьсгал гэж юу юм бэ? Хамгийн энгийнээр тодорхойлох юм бол эрх баригчдыг иргэдийн шаардлагыг биелүүлэхийг эсвэл зөвшөлцөж чадахгүй бол засаг төрийг солиход чиглэгдсэн ихэвчлэн тайван аргын (ажил хаялт, жагсаал,цуглаан гэх мэт) цогц эсэргүүцлийн хөдөлгөөн юм. Улс төрийн нийгмийн хүрээнд хэдий шинэвтэр ойлголт ч түүхийг сөхөх юм бол нэлээд эртнээс улбаатай. Сүүлийн арваад жилд улс төрийн эл үзэгдэл төгс шатандаа хүрсэн бөгөөд цахим мэдээллийн эриний буянаар түүнийг дэлхийн нийтээрээ мэдэх болсон ч үндсэн арга барил мөн чанар нь төдийлөн өөрчлөгдөөгүй аж. Тэртээ XVIII-XIX зууны Францын хувьсгалын үед ч наашлаад 1905 оны, 1917 оны хоёрдугаар сарын хувьсгалд ч ашиглагдаж байсан бөгөөд аанай л жагсаал цуглаан, ажил хаялт нь гаднаас санхүүжиж, гадны хатгалга, нөлөө байсаар ирсэн. Гэхдээ өнгөт хувьсгал сонгодог хувьсгалаас ялгаатай онцлог шинж чанартай.
Украины улбар шар өнгөт хувьсгалын үр дүнд иргэний дайн гарчээ
Хамгийн тод онцлох шинж нь өнгөт хувьсгалд тодорхой шинэ санаа байдаггүй. Хувьсгал гарсан улс орон болгонд тэрхүү хувьсгалыг зохион байгуулсан хүмүүс байдаг бөгөөд тэдгээр нь мэдээж солигдсон засаг төрийн суудалд суудаг. Тэгэхээр шинээр гарч ирсэн дээд давхарга улс орныхоо нөхцөл байдлыг өмнөхөөс нь сайжруулах цаашдын хөгжлийн чиг хандлагыг шинээр тодорхойлох учиртай. Өнгөрсөн зууны эхээр гарч байсан хувьсгалууд төр засаг, нийгмийнхээ тогтолцоог бүр мөсөн өөрчлөн, оронд нь ямар нийгэм цогцлоохоо тодорхойлж, түүндээ хүрэх замаа системлэн боловсруулж, түүнийхээ төлөө тэмцэн урагшаа явж байв. Харин өнөөгийн өнгөт хувьсгал нь ердөө эрх баригчдыг сольж эсвэл жагссан олны цалин нэмэх, хуулийг өөрчлөх, хээл хахуулийг зогсоох, тодорхой албан тушаалтанг халах гэх мэт шаардлагыг биелүүлэхийг тулгадаг. Та боловсролын системд сэтгэл дундуур байна уу бид бас ч чанаргүй сургалтын эсрэг, хамтдаа тэмцье. Ингэхдээ боловсролын системийг яаж сайжруулахыг хэн ч тодруулдаггүй тул өнгөт хувьсгал нь “төлөө” биш эсэргээрээ “эсрэг” гэсэн үзэл бодол л боловсруулдаг аж.
Гуржийн улаан сарнайн хувьсгалаар гарч ирсэн Михаэл Саакашвили одоо эх оронгүй тэнүүчилж явна
Хоёрдугаарт: Өнгөт хувьсгал гарсан улс орны алинд нь ч хувьсгалын тохироо бүрдээгүй байдаг. Агуу хувьсгалч Лениний тодорхойлсноор хувьсгалын тохироо гэдэг нь “Доодчуул өмнөх шигээ амьдарахыг хүсэхгүй, дээдчүүл хуучнаараа захирч чадахгүй” болохыг хэлдэг. Дээдчүүл нь хуучнаараа захираад байж болох өнгөт хувьсгал өрнөсөн улс орны нийгэм-эдийн засаг болон улс төрд гарсан үр дагавар, хүн ардынх нь амьдралын түвшинг хөндлөнгөөс хараад л эл хувьсгалын “хиймэл” шинж чанартайг ойлгож болох аж. Хүн цаанаасаа илүү дээр илүү сайн зүйл руу тэмүүлдэг. Улс төрч хүний хувьд албан тушаал ахих тусам илүү өргөн эрх мэдэлтэй болохыг хүснэ. Харин ингэхийн тулд тэрээр оршиж буй улс төрийн системд л ахих үндэстэй. Тэгэхээр эрх барьж буй элит давхрагтаа үлдэхийн тулд улс төрийн тогтолцоогоо аль болох солихгүй байхыг зорино. Тэгэхээр улс төрийн элитэд хамрагдаагүй улс төрч хэдий чинээ тийшээ зүтгэнэ төдий чинээ төр засаг ганхах болно. Тэгэхээр өнгөт хувьсгал улс төрийн болон өмчийн тогтолцоог өөрчлөх зорилго өмнөө тавьдаггүйн учир энэ.
Афган бүсгүйчүүд 70-аад оны өнгөт хувьсгалын өмнө ба хойно
Үүнээс гадна өнгөт хувьсгал өнгө, бэлгэ тэмдэгт их ач холбогдол өгдөг. Учир нь тэмдэгт зүйл нь аман мэдээллийн харьцаанаас хүмүүсийн сэтгэлзүйд илүүтэйгээр нөлөөлдөг бөгөөд улс төрчид хувьсгалынхаа бэлгэ тэмдэгээр “улаан сарнай”, “улбар шар” өнгийг зүгээр ч нэг санамсаргүйгээр сонгодоггүй ажээ.
Бүх өнгөт хувьсгал нэгэн ижил төстэй зохиолоор явагддаг. Хамгийн түрүүнд олон нийтийн санаанд таарах тэднээс дэмжигдэх асуудлыг боловсруулах үйл явц эхэлдэг. Үүний тулд хувьсгалыг санаачлагчид хэвлэл мэдээллээр төлбөртэй нийтлэл хэвлүүлэхээс эхлээд гэмт халдлага зохион байгуулах хүртэлолон янзын арга барил хэрэглэдэг. Ингэхийн зэрэгцээ төр засгийг унагаахыг уриалсан өөр олон тооны улс төрийн хүчнүүд гэнэт бий болдог. Ингээд ард иргэдийн бодол санаанд эргэлзлэлийн үр цацсаныхаа дараа хоёр дахь шат болох жагсаал цуглаан зохион байгуулж эхэлдэг. Цуглаан шаардлагатай хэмжээнд хүрэнгүүт хувьсгалын толгойлогчид гол зорилго болох төр засгийг огцрохыг эсвэл ээлжит бус сонгууль явуулахыг шаардана. Украины улбар шар хувьсгалын жишээн дээрээс харахад эрх баригчид жагсагчидтай ярилцаж харилцахгүй нөхцөлд зарим төрийн байгууллагуудыг хүчээр эзлэн авч болохыг дэлхийн нийт харсан. Өнгөт хувьсгал хэдий тайван тэмцэл ч жагсагчдыг хүчээр тараах гэсэн оролдлого нь аймшигт эмгэнэлд хүрсэн тохиолдол нэг биш. Жишээ нь Евромайны үеэр Киевт 98 хүн нас барж, Киргизийн нимбэгэн хувьсгалаар 48 хүн буудуулж, 1500 хүн шархадсан байдаг. Монгол Улсад 2008 оны 7 дугаар сарын 1-ний үйл явдлаар 5 хүн амиа алдаж, хэдэн арван хүн гэмтэл бэртэл авсан билээ. Энд дурьдахад долоон сарын 1-ний үйл явдал дэлхийн өнгөт хувьсгалын жагсаалтыг ноолууран хувьсгал гэсэн нэртэйгээр нэмсэн байдаг. Тэгэхээр өнгөт хувьсгал гэдэг нь аяандаа гардаг гардаг зүйл биш бөгөөд доороосоо дэмжлэг авч, санаатайгаар нарийн зохион байгуулсан үйл явц ажээ.
Ливи Улс өнгөт хувьсгалын өмнө ба хойно
Овоо босгоогүй бол шаазгай юун дээр суух вэ гэгчээр өнгөт хувьгал гарах хэд хэдэн шалтгаан байдаг. Эрх баригчдад хандах ард түмний дургүйцэл бол өнгөт хувьсгал өрнөх шалтгаан болдог. Гэхдээ үүнээс гадна өөр олон хүчин зүйлүүд нөлөөлдөг бөгөөд үүнд төрийн байгууллагууд ардчилсан хэмээн нэр төдий зүүх өөрөөр хэлбэл хүнд суртал авлигал хээл хахууль оршсоор байна гэсэн үг. Эрх баригчдын яриа ажил хоёр алд дэлэм зөрөх, ард түмэн төр засагт итгэл алдрах, эдийн засгийн хямрал, эрх баригчид болон сөрөг хүчний зөрчил ихсэх, хүний эрх зөрчигдөх гээд энэ бүхэн өнгөт хувьсгалын эх үүсвэр болдог.
Ингээд дээр бичигдсэн зүйлсийг нэгтгэн дүгнэвээс өнгөт хувьсгал гэдэг бол төр засгийн тогтворгүй байдлыг үүсгэгч ажээ. Өнгөт хувьсгал хэзээ ч бүтээн байгуулах уриа дор өрнөдөггүй бөгөөд ямагт нураах, устгах үзэл бодол агуулдаг. Өнгөт хувьсгал гарснаар тухайн орны эдийн засаг улс төр дээрдэхгүй эсэргээрээ ихэнх тохиолдолд нөхцөл байдал улам дордож тэр ч байтугай улс гүрэн хэдэн хэсэгт хуваагдах аюул нүүрлэдэг гэдгийг бид сүүлийн арван жилд өрнөсөн 2000 оны Югославын Бульдозерын хувьсгалаас (үр дүн нь улсаа 6 хэсэгт хуваасан), 2003 оны Гуржид өрнөсөн Улаан сарнайн хувьсгал (тулхтай, зангарагтай Эдуард Шеварнадзег Михаэл Саакашвилигээр сольсноор олон жил эдийн засаг улс төрийн хямралаас гарч чадалгүй байсаар Абхаз болон Өмнөд Осетинаа алдсан), 2004 оны Украины улбар шар хувьсгал (үр дүнд нь Европын холбоо ч үгүй, Крым ч үгүй, эцэст нь хий ч үгүй хөлдөх магадлалтай болсон) 2005 оны Киргизийн алтан зул цэцэгийн хувьсгал, 2011 оноос Ойрх Дорнодод шил шилээ даран гарсан Арабын хавар өнгөт хувьсгал тус бүс нутгийн гадныхны идэш болгосныг тод харж байна.