Энэ оны есдүгээр сард Стив Жобсын охин 40 настай Лиза Бреннан-Жобсын эцгийнхээ тухай бичсэн “Ялзарсан хүн” нэртэй дурсамж ном худалдаанд гарчээ. “Vanity Fair” сэтгүүл уг номны хэсгээс нийтлэсэн бөгөөд зохион бичсэнээр бол Стив Жобс өрсөлдөгч, хамтрагч, ажилчид төдийгүй гэр бүл үр хүүхэддээ ч харгис хэрцгий ханддаг аймшигтай хүн төдийгүй адгийн шаар мэт авирладаг нэгэн байжээ.
Түүний энэ авирыг эхнэр, ажилчид, ажил хэргийн хамтрагчид нь тэсэн өнгөрөөсөөр байдлыг улам хүндрүүлсэн бололтой. Зарим хамтран ажиллагсадын ярьж буйгаар Стив ялимгүй шалтгаанаар ажилчиддаа уур уцаараа гарган төд удалгүй ажлаас нь халчихдаг байжээ. Хамгийн тод жишээнээс дурьдвал: Өөртэй нь цуг цахилгаан шатанд хамт суусан ажилчнаа, өөр шилтэй цэвэр ус авчирсан туслахаа халж, эмэгтэй хүнтэй унтаж үзээгүй гэж үнэнээ хэлсэн залууг ажилд аваагүй гээд олон тохиолдол байдаг аж.
Дээрх ном хэвлэгдэн гарахаас өмнө зарим хэвлэлүүдээр Стив Жобс төрсөн охиноо эхэндээ өөрийнх нь хэмээн хүлээн зөвшөөрдөггүй байсан талаар мэдээ гарч байв. Түүний охин Лиза Бренан-Жобсын ээж Крисанн Бернан хүүхдийнхээ эцгээс хууль ёсны тэтгэмж авах хүртлээ хэд хэдэн ажил тэр дундаа цэвэрлэгч хүртэл хийж байжээ. Тэрбээр охиноо Стивын хүүхэд гэдгийг ДНХ-ийн шинжилгээгээр баталж байж л Жобсоос тэтгэмж авдаг болсон аж.
“Намайг 18 нас хүртэл олгох тэтгэмжийн тухай шүүх хурал сунжирсаар 1980 оны 12 дугаар сарын 8-нд сарын 500$ төлөх болж дууссан байдаг. Харин дөрөв хоногийн дараа Apple үнэт цаасны зах зээлд гарч аавын маань хөрөнгө 200 сая доллараар үнэлэгдэх болсон юм” гэж Лиза номондоо бичжээ.
Лизагийн эх нь ажилгүй болж үе үе охиноо зодож жанчих болсон тул охин ахлах ангид орох жилээсээ эхлээд эцгийндээ амьдрах болжээ. Стив охинтойгоо яаж харьцахаа огт мэдэхгүй байжээ. Нэг бол түүнийг огт байхгүй мэт нэг бол алхам тутмыг нь хянан цагддаг байв. Дээрээс нь эхтэйгээ уулзахыг нь хорьжээ. Лиза охин эцгийнхээ гэрт маш их ганцаарддаг байж. Тэгээд нэг удаа аавыгаа, хойд эхийгээ өөртөө сайхан нойрсоорой гэж хэлээд тэврүүлэхийг хүстэл хойд эх нь “Бид хүйтэн цэвдэг хүмүүс” гэж хариулсан гэдэг.
Лизагийн бичснээр бол түүний эцэг заримдаа эрүүл гэж хэлэхэд хэцүү авир гаргадаг байв. Жишээ нь тэрээр нэг удаа эхнэрийнхээ хөх, гуяыг хэрхэн илж байгаагаа охиндоо албаар харуулан ингэхдээ янз бүрийн дуу авиа гаргасан удаатай.
Лиза энэ явдлыг эцгийнхээ зүгээс гаргасан бэлгийн сүрдүүлэг хэмээн хүлээж аваагүй ч маш их эвгүй байдалд орсон гэдэг. Тэгээд өрөөнөөс гарах гэтэл эцэг нь “гэр бүлийн энэ хоромыг” харах ёстой гэж зандарсан байна. Хэсэг хугацаанд Лизаг гэр бүлийнх нь найзууд гэртээ байлган сургалтынх нь төлбөрийг хийхэд тусалж байсан үе ч байжээ. Стив Жобс охиндоо өөрийнхөө хөрөнгөөс сохор зоос ч өгөхгүй гэж нэг биш удаа ярьж байсан ч эцсийн эцэст Лиза Бернан-Жобс өөрийн хувиа авсан аж.
Лиза Бернан-Жобсын номын ердөө нэгээхэн хэсгээс дурьдвал энэ. Стивын бэлэвсэн гэргий Лорены тухайн номын талаар “бидний дурсамжаас их ялгаатай байна” гэж хэлжээ. Гэхдээ Лиза номондоо энэ бүхнийг эцгийгээ буруутгах гэсэндээ бус харин түүнийг уучлан ардаа орхиж урагшлах үүднээс бичжээ.
Тиймээ, Жобс мянга мянган ажлын байр бий болгож бас олон хүнийг маш чинээлэг болгосон. Сүүлийн 50 жилд гарсан хамгийн дэвшилтэд бүтээгдэхүүн болох iPhone, Mac, iPad, iPod болон Appl компьютерыг бүтээхэд оруулсан түүний үүрэгт эргэлзэшгүй. Магадгүй төстэй бүтээгдэхүүнүүд түүний оролцоогүй бий болж болох байсан биз. Гэсэн ч сая сая хүмүүс технологитой харилцах болсон явдал түүнтэй салшгүй холбоотой. Тиймээс түүний энэ гавъяа бусадтай харгис хэрцгий байсан нүгэлтэй нь дэнслэх боловуу. Суут ухаан энэрэнгүй сэтгэл хоёр хамтдаа оршдоггүй гэсэн үг байдаг даа.