Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн мөнгийг улстөрчид “цөлмөсөн” нь илэрснээр олон нийт Засгийн газрын тусгай нэртэй тусгүй сангууд руу анхаарлаа хандуулж эхлэв.
Ганц нэгийнх нь нэрийг сонссоноос цаашгүй, олонхынх нь сургийг ч дуулаагүй, “Жижиг, дунд үйлдвэрлэл, өрхийн аж ахуйг дэмжих замаар хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, ажлын байр бий болгоно” гэх мэтийн хөгжил дэвшил, сайн сайхан амьдрал амласан тусгай сангууд ер нь үүргээ гүйцэтгэж, хууль журмынхаа дагуу ажиллаж байна уу, Монголын эдийн засаг, нийгмийн хөгжилд ямар хувь нэмэр оруулж байна вэ гэдгийг хэн хүнгүй сонирхож байна.
Тусгай сангийн тусгай үйлчилгээг авах нь бүү хэл манай улсад Засгийн газрын ямар ямар тусгай сан үйл ажиллагаа явуулдгийг ч мэддэггүй хүн олон тул энэ талаар мэдээлэл хүргэе. Яг өнөөгийн байдлаар Монгол Улс 29 тусгай сантай.
Тодруулбал, Тусгай санг тусгай хуулиар зохицуулах, эх үүсвэрийг нь 100 хувь төсвийн хөрөнгөөр бүрдүүлэх, эх үүсвэрийнх нь зонхилох хэсгийг төсвийн хөрөнгөөр бүрдүүлэх, эх үүсвэрийнх нь дийлэнх хэсгийг буцалтгүй тусламж, хандиваар бүрдүүлэх сан гэж ангилах бөгөөд Нийгмийн даатгалын сан, Нийгмийн халамжийн сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Улсын авто замын сан, Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан, Ирээдүйн өв сан, Төсвийн тогтворжуулалтын сан, Эрүүл мэндийн даатгалын сан, Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Ирээдүйн тэтгэврийн нөөц санг тусгай хуулиар зохицуулдаг.
Харин Засгийн газрын нөөц сан, Эрсдэлийн сангийн эх үүсвэрийг 100 хувь төсвийн хөрөнгөөр, Байгаль орчин, уур амьсгалын сан, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Соёл, урлагийг дэмжих сан, Боловсролын зээлийн сан, Шинжлэх ухаан, технологийн сан, Зэвсэгт хүчний хөгжлийн сан, Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан, Монгол судлалыг дэмжих сан, Засгийн газрын өрийн баталгааны сан, Спортыг дэмжих сан, Эрүүл мэндийг дэмжих сан, Агаарын бохирдлын эсрэг сан, Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн эх үүсвэрийнх нь зонхилох хэсгийг төсвийн хөрөнгөөр бүрдүүлдэг.
Түүнчлэн, Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан, Мал хамгаалах сан, Тариаланг дэмжих сан, Олон улсын хамтын ажиллагааны сангийн эх үүсвэрийнх зонхилох хэсгийг буцалтгүй тусламж, хандиваар бүрдүүлэх хуультай аж.
Тусгай сангуудыг салбар бүрийн хуулиар зохицуулж байсныг нэгдсэн зохицуулалтад оруулж, сангийн зардлын төлөвлөлт, гүйцэтгэлийн явцад хяналт тавих зорилгоор Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийг УИХ 2006 онд баталсан бөгөөд уг хуулиар тусгай сангийн төрлийг тогтоож, санг бүрдүүлэх, зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах, хянахтай холбогдсон харилцааг зохицуулж ирсэн.
Хуулийг анх батлахад нийт 22 сан байсан бөгөөд өнгөрсөн 12 жилийн хугацаанд 26 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Жилдээ хэдэн удаа уг хуульд гар хүрдэг гэсэн үг. Энэ тоолонд тусгай санг татан буулгаж, эсвэл шинээр байгуулсан байдаг. Эндээс харахад Засгийн газрын тусгай сан гэдэг улстөрчдийн хурууныхаа үзүүрээр байгуулж, татан буулгаж байдаг тоглоомын бүтэц аж.
Гэхдээ тусгай сангаар төсөв, хандив тусламжийн асар их мөнгө эргэлдэж байдгийг мартаж болохгүй. Тэгэхээр сан байгуулж, татан буулгах нь хэн нэг уйдсан хүний тоглоом, санаандгүй хийдэг үйлдэл яавч биш байж таарна.
Хууль анх батлахад Засгийн газрын 22 тусгай сан байсан бөгөөд нэмэгдэж, хасагдсаар, 2015 онд 15, 2016 онд 18, 2017 онд 21, 2018 онд 29 сан үйл ажиллагаа явуулж буй. Одоо ажиллаж буй болон татан буулгасныг нь нийлүүлэн тоолбол тусгай 40 сангийн нэр дурайх юм билээ.
Эндээс Засгийн газрын тусгай сан гэдэг сүржин нэртэй байгууллага улстөрчдийн эрх ашгаар байгуулагдаж, татан буугдаж байдаг мөнгөний хэтэвч л юм биш үү гэсэн хар өөрийн эрхгүй төрнө. Татвар төлөгчдийн халаасыг эргүүлэн байж цуглуулсан төсвийн мөнгийг сан нэртэй нэг уутанд хийж байгаад хуваагаад авчихдаг, эвгүйтээд ирвэл санг татан буулгаад, юу болсныг мартуулчихдаг тэдний аргыг Цэвэр агаар сангийн хэрэг бэлхэн илчилснийг бид мартаж орхисон нь харамсалтай.
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээл ч тусгай сангууд тусгүй замаар явж буйг дахин нотоллоо. Их наяд, их наядаар төсөвлөж, улсын төсвийн 20-30 хувийг “гүзээлсэн” сангууд бодит байдал дээр ингэж л ажилладаг аж.
Засгийн газрын тусгай сангийн хөрөнгийг зориулалтын бус зүйлд зарцуулах, сангаас олгосон зээлийн эргэн төлөлтийг Төрийн санд байгаа сангийн дансанд төвлөрүүлэхгүйгээр арилжааны банкны дансаар дамжуулан зээл олгодог, сангаас хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний эцсийн үр дүнгийн үзүүлэлтийг бүрэн гаргадаггүй зэрэг дутагдал байгаа талаар арваад жилийн өмнөөс шүүмжилсээр ирсэн.
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн хүрээнд байгаа сангуудыг цөөрүүлэх, үйл ажиллагааг нь оновчтой болгох, орлогын бүрдүүлэлт, зарцуулалтыг бүртгэх, төлөвлөх, гүйцэтгэлийг зохих журмын дагуу хянах нэгдсэн тогтолцоотой болох талаар ч чамгүй олон жил ярилаа. Гэвч байдал дээрдсэнгүй, дээрдүүлэх талаар ч дорвитой ажилласангүй өнөөг хүрчээ.
Тусгай сангийн зардал 2010 онд 1.1 их наяд, 2011 онд 1.7 их наяд төгрөг гэх мэтээр нэмэгдэж явсаар 2015 онд 2.2 их наяд, 2017 онд 2.4 их наяд болсон. Харин ирэх онд энэ тоог 3.6 их наяд болгож, төсөвт суулгасан гэсэн мэдээлэл бий. Тусгай сангуудад хуваарилах мөнгө ийнхүү жил жилээр өсөж, улсын төсвийн дөрөвний нэгийг “залгидаг” болжээ.
Сангуудийн энэ их мөнгийг хэрхэн ашиглаж, юунд зарцуулж байна вэ, онилсон байндаа тусаж, нийгэмд үр өгөөжөө өгч байна уу гэдэгт хяналт тавих шаардлага тулгарч буйг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг эрх мэдэлтнүүд хуваагаад авчихсан явдал дахин батлав. Энэ бол зөвхөн ганц сан руу өнгийхөд харагдсан дүр зураг.
Үүнтэй яг адил, заримд нь бүр хэд дахин илүү мөнгө эргэлддэг 28 сан цаана нь бий. Тэд хэрхэн ажиллаж байна, тийшээ орсон мөнгө хаачдаг вэ гэдгийг ил тод тайлагнан, тусгай нэртэй тусгүй сангуудын турсагыг хуулж, төсвийн мөнгийг элдэв аргаар хуваагаад, хулгайлаад авчихдаг, эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглагчдад ёс зүй, хуулийн хариуцлагыг нь үүрүүлбэл төр цэвэршихэд нэг алхам дөхөх сөн.