Эрт эхэлсэн урт намар шувтрах тийшээ хандаж, цас хаялан, өвлийг түүчээлж байна. Энэ жиндүү өдрүүдэд хүйтэн ундаа уух хүсэл төдий л олон хүнд төрөхгүй байгаа болов уу. Харин Нарантуул захын урд зам дагуу буйр засаад хоёр жилийн нүүр үзэж байгаа жижиг лангууг ажиллуулдаг залуухан хос өдөр бүр, өглөөнөөс орой хүртэл тэндээ зогссоор, ус, ундаагаа зарсаар л.
Замын хөдөлгөөнд саад болохгүйг хичээн явган хүний замын нэг захад, авто зам руу шахан байрлуулсан цомхон лангуунд ус, ундаа, чихэр, бохиноос эхлээд эсгий улавч, машины үнэртүүлэгч, цомог, нуруу маажигч хүртэл бий. “Монгол түмэндээ баярлалаа” гэсэн сэтгэлийн үг багтаасан “Пүрэвийн хүйтэн ус, ундаа” хэмээх өнгөлөг хаягтай лангуу хажуугаар нь өнгөрсөн унаатай, явган хэн бүхний анхаарлыг татаж, аятайхан сэтгэгдэл төрүүлдгийнх биз, хүмүүс тэднийхээс хүйтэн өдөр хөлдүү ундаа авахаасаа гар татдаггүй юм билээ.
Зорчигчид замын түгжрэл, гэрлэн дохио хүлээх хэдэн хормыг ашиглан цонхоороо захиалга өгч, бүсгүй, залуу хоёр ч уралдан ухасхийж, хүссэн зүйлийг нь гүйхээрээ хүргэх нь эндхийн хэмнэл. Хэн нэгэнд, тэр тусмаа замын хөдөлгөөнд оролцогчдод саад болохгүйн тулд тэд байнга л яарч, гүйж явах аж.
Лангууны эзнийг О.Пүрэв гэдэг. Үзэж, таашаах зүйлийнхээ оргилд хүрчихсэн гэхэд хэтийдэхгүй хүн төрөлхтний сонирхлыг багагүй татах болсон, зодооны урлагийн оргил холимог тулаанаар хичээллэдэг, “Сонсогчийн алдар”-ын 55 кг, Монголын UFC гэгддэг MGL-ын 57 кг-ын аварга, ММА-ын дүрмээр тоглосон бүх тулаанаа хугацаанаас нь өмнө ялалтаар дуусгасан, холимог тулааны спортоор Монголдоо жиндээ өнгөлдөг түүнийг тулааны спорт сонирхогчид андахгүй.
Харин өсөх ирээдүйтэй тулаанч хэмээн үнэлэгддэг залууг ямар хүнд амьдралаас өндийсийг, хэрхэн мацсаар өдий хүрснийг, яасан их хөдөлмөрөөр өөрийгөө бүтээж явааг, тэр ч бүү хэл өдөр бүр замын хажууд ус, ундаа зараад зогсож буйг нь мэдэхээсээ мэдэхгүй нь олон биз.
Үргэлж ивээдэг төрийн сүлдэндээ сүсэлдэг, ажил, амьдралынх нь дэвжээ Нарантуул зах, алхам тутмыг минь түшдэг монгол түмэндээ талархдаг, өөртөө итгэлтэй, зорилго, мөрөөдөлтэй, бүхнийг өөдрөг, гэгээлгээр бодож, болгож бүтээхийн төлөө зүтгэдэг, тэр хэрээрээ өдрөөс өдөрт урагшилж, хөгжсөөр, амьдрал нь дэвшиж дээшилсээр буй энэ залуугийн түүх уншигчдад ухаарал, урам зориг өгнө хэмээн итгэж эл сурвалжилгыг бэлтгэлээ.
О.Пүрэв айлын том хүү. Аав, ээж нь түүнийг ой өнгөрч байхад хоёр тийш болж, тус тусын замаар оджээ. Монголчууд зах зээлийн шуурганд “уруудаж” байсан 1990-ээд онд шүү дээ. Пүрэв хоёр гэрийн дунд явж, хойд аав, ээжийн царай харах болов.
Ядахад төрсөн, тэлсэн хоёр аав нь архинд орж, амьдрал нь улам доройтсоор. Тэр бараан өдрүүдийн тухай тэрбээр “Архийг сайн зүйл дагах биш. Агсан согтуу тавина. Тэднийг эрүүлжүүлэх гэж, тэндээс нь гаргах гэж цагдаагийн газраар мөн ч их явсан даа.
Ядуу тарчиг, өлөн зэлмэн, байж болох хамгийн доод цэгтээ манай амьдрал тулчихсан байлаа. Тэр амьдрал надад их хэцүү санагдаж, тэгж амь зуухыг үзэн явсан. Тэгээд би л энэ амьдралыг өөрчлөх ёстой, өөрчлөх болно гэж өөртөө тангарагласан” хэмээн дурссан.
Түүнийг зургаатай байхад ээж, хойд аав хоёр нь нийслэлд сууршихаар ирж, тэднийх хотын айл болов. Гэвч амьдрал дээрдсэнгүй. Хүн танихгүй газар мэдэхгүй ээжид нь ажил олдохгүй, хойд аав нэмэр болохоосоо нэрмээс болох нь их.
Тэднийх идэх хоол, түлэх түлшгүй хонох энүүхэнд. Тэр үед Пүрэвийн ганц чадах зүйл гэрээ галтай хонуулах байв. Оройд зуухаа дүнгэнэтэл галлаж, өвлийн хүйтэн шөнө бүлээхэн хонохын тулд долоон настай хүү бүтэн өдөр борви бохисхийдэггүй байсан гэдэг. Тэр Чулуун овооноос Амгалан өртөө рүү алхаж, ачааны галт тэрэгнээс унасан нүүрсийг түүдэг байж.
Өрсөлдөгч олширч, унасан нүүрс олдохгүй өдөр хэдхэн ширхэг нүүрсний төлөө явж байгаа галт тэрэг өөд авирч, үнхэлцэг, зүрх амаар гарах шахна гэж хэрхэхийг хэлдгийг биеэр мэдэрсэн өдөр ч нэг биш гэнэ билээ.
Шуудай нь хэдий жижиг ч нүүрс дүүргэчихээр долоон настай хүүд ахадсан ачаа болно. Арай гэж дүүргэсэн шуудайтай нүүрсээ үүрэн, хэд алхаад амарч явсаар оройдоо л гэрийн бараа харна.
Хүүгийн бүтэн өдрийн хөдөлмөрийн үр дүн ганц галлаад дуусах хэдий ч бяцхан хүүгийн сэтгэлээр элч нэмсэн нүүрсний цог ээж, дүү нарыг нь дулаан хонуулж дөнгөнө. Үүрсэн шуудайнаасаа томгүй жаал хүүгийн хувьд энэ бол гавьяат үйлс байв.
Хүү арван настайдаа мөнгө олохоор Нарантуул зах руу гарчээ. Орой нь хар цай чанаж хөргөөд, маргааш нь үдийн наранд ангасан худалдаачдад хүйтэн цайгаа аягалж зарах санаа төрж, түүнээ ажил хэрэг болгохоор шулуудсан хүүг дэмжих ч, хориглох ч хүн байсангүй.
Пүрэв өглөөд 10 литр хүйтэн цай, жимсний чанамалын 500 гр-ын шил бариад зах руу явна. 10 литр цайндаа татагдаж унах шахан өрөөсөн тал руугаа хазайсан давжаа, туранхай жаал машин тэрэг, хүн амьтангүй зэлүүд газраар хэдэн км туулан зорьсон газартаа хүрээд, “Хүйтэн цай байна” хэмээн хашхирч төмөр чингэлэг, эгнэсэн лангуунуудын голоор сүлжинэ.
Нэг шил цайг 50 төгрөгөөр борлуулах бөгөөд оройхон цай дуусаж, 1000 төгрөг халаасанд нь “түнтийнэ”. Энэ мөнгөнөөс гэрийнхэндээ оройн хоолны материал аваад, цаана нь 50-100 төгрөг боловч үлдээн, өөр “бизнес” эхлүүлэх хуримтлал үүсгэх нь түүний туйлын зорилго байв.
Энэ зорилгодоо ч удалгүй хүрч, ажил ихтэй хэрнээ ашиг багатай цай зарах ажлаа орхин, шар тор худалдаалах болов. Бөөний лангуунаас ширхэгийг нь 25 төгрөгөөр худалдаж аваад, худалдан авагчдад 50 төгрөгөөр борлуулдаг эл “бизнес” тухайн үед олон хүнийг ажил, орлоготой болгосны нэг нь Пүрэв.
Тэрбээр тор зарахын хажуугаар гурил, будаа мэтийн хүнд ачаагаа өргөж чадахгүй байгаа хүмүүст ачааг нь үүрч дөхүүлж өгөөд ганц, хоёр зуун төгрөг авчихна. Нэг хэсэг тэрэг түрж ч үзэж. Тэрэгчид, тор зардаг хүүхдүүд тэрүүхэндээ бүлэглэл үүсгэчихсэн, шинээр орж ирсэн, ганцаараа явдаг хүүд орон зай хомс, олсон орлого нь өдрийн хоолноос илүү гарахгүй байсан тул автобусанд телевизийн мэдээ, үлгэрийн ном, чихэр, бохь зарав.
Ер нь тухайн үед хүүхдүүдийн хийж байсан элдэв ажлаас оролдож үзээгүй зүйл түүнд үлдээгүй гэхэд болно. Амьхандаа аль нь ашигтай байна, юу хийвэл сөхөрсөн амьдралаа тэнхрүүлж, хөл дээр нь босгох вэ гээд л юм юм туршаад явсан хэрэг.
Энэ хооронд хувь хүн талаасаа өөрийгөө эрж хайж, хэн болох вэ гэдгээ бодсоор явж. Сайн муу, сайхан муухайг хамтад нь багтаадаг зах хэмээх их айлд, ялангуяа “хараа хяналтгүй” гэх тодотгол зүүсэн олон хүүхэдтэй мөр зэрэгцэж, тэдэнтэй өрсөлдөж амь зууна гэдэг амар биш. Дээрэлхүүлэх, дээрэмдүүлэх энүүхэнд.
Энэ нөлөөлсөн үү, Пүрэв боксчин болох мөрөөдөл тээсээр уджээ. Үүнийг нь мэдсэн мэт Хүүхэд хөгжлийн төвийнхөн зах дээр ажилладаг хүүхдүүдийг спортын секц дугуйланд хичээллүүлнэ хэмээн цуглуулав.
Боксын дугуйлан сарын 5000 төгрөг, чөлөөт бөхийнх 3000 төгрөгийн төлбөртэй гэнэ. 5000 гэдэг Пүрэвт дааж давшгүй их мөнгө байсан тул “Уг нь боксчин л болмоор байна. Гэхдээ чөлөөтийн секцний төлбөр боломжийн юм. Ямар ч байсан спортоор хичээллэж, олимп, дэлхийн дэвжээнд хүч үздэг алдартай тамирчин болно” хэмээн сэтгэлдээ шивнэсээр чөлөөт бөхийн секцэнд бүртгүүлэв.
3000 төгрөг ч олоход бэрх тул хэд хоног ажиллаж, мөнгөө цуглуулаад очно хэмээн алгуурлаж явтал түүнийг тамирчин болохоор хүү гэж шинжсэн “Алтайн барс” клубын багш үнэгүй хичээллэх боломж олгов. Бөөн баяр болсон хүү бэлтгэлдээ хамаг цаг зав, анхаарал бүхнээ зориулан, наймаагаа хийхээ болихтой зэрэгцээд гэр нь мөнгөгүй, хоолгүй боллоо.
“Би бэлтгэлдээ явах их дуртай байсан. Гэрт идэх хоолгүй байхад хар цайнд жаахан элсэн чихрээ уусгаж уугаад явдаг байлаа. Олимп, дэлхийн аварга болно гэсэн мөрөөдөл минь л намайг тэжээж, урагш алхуулж байсан байх. Бараг долоо хоног хэлэн дээрээ юм тавихгүй, чихэртэй цайгаар гол зогоож явсан.
Сүүлдээ толгой эргэж унах гээд, хичээл дээрээ багшийн хэлсэн үгийг ч ойлгохоо больсон. Одоо тэр үеэ бодоход сайхан санагддаг. Тэр жаахан хүүд ямар хүчтэй тэмүүлэл, чин хүсэл байгаа вэ. Харамсалтай нь түүнийгээ удаан хадгалж, илүү өнгөлж чадаагүй.
Хоолны мөнгө олохын тулд аргагүйн эрхэнд буцаад зах руу гарч, секцэндээ алданги ононги очдог болсон. Хүч, анхаарал тарамдаад ирэхээр яаж амжилт гаргах вэ дээ. Жил шахам тэгж яваад чөлөөт бөхийн спортыг орхисон” гэж Пүрэв ярьсан.
Зах дээр ажилладаг хүүхдүүдийг хараа хяналтгүй, эмзэг бүлгийнх хэмээн тодорхойлдог байсныг санаж буй байх. Тэр ч энэ ангилалд багтаж байв. Гэхдээ “Бүтэхгүй хүүхдүүдтэй нийлж, буруу замаар оров” гэсэн ээжийн захиас, “Амжилтанд хүрнэ, зөв, сайхан амьдрал цогцлооно” гэсэн өөрийн тангаргаас гажсангүй.
Тоолоод өгөх мөнгө, барьцаа болгох эд хөрөнгөгүй хүүд өчнөөн төгрөгийн бараагаа зээлээр өгөөд явуулдаг, итгэж, дэмждэг ах, эгч нараар хүрээлүүлсэн нь түүний зөв бодол, эерэг хандлагын шагнал гэхээс өөр юу гэх вэ.
Пүрэв чөлөөт бөхийн секцнээс гараад хулгана, бясаа, жоомны хор зарав. Ингэхдээ гэр ахуйн барааны үүдэнд жижигхэн зай олж зогссон нь нүдээ олжээ. Түүнтэй зэрэгцэн хор зарах хүүхдүүд байх боловч тэд тууштай зогсохгүй. Өвлийн хүйтэнд нимгэн хувцастай ирээд, дулаацах гэж дотогш гүйнэ.
Элдэв зүйлд сатаарч, тоглоом, зугаа хөөцөлдөнө. Харин Пүрэв хамаг байдгаа давхарлаж, бүх боломжоо шавхан дулаалж ирээд, хаашаа ч хөдлөхгүй зогсоно. Энэ хэрээр орлого өснө. Өдөрт арав гаруй мянган төгрөгийн цэвэр ашиг олно гэдэг 2004-2005 оны үед хангалттай их мөнгө бөгөөд Пүрэвийн хувьд тэр хүртэл хийсэн олон ажлаас хамгийн өгөөжтэй нь энэ байв.
Гэр бүлийнхээ хэрэгцээг хангаад, үлдсэн мөнгөө хуримтлуулахаар банканд очтол насанд хүрээгүй гээд данс нээж өгөөгүй тул хүнсний зах дотор байрлах хадгаламж зээлийн хоршоонд хадгалуулжээ. Бараагаа хураагаад олсон ашгаа хадгаламжиндаа хийснээр түүний өдрийн ажил дуусдаг хэвшил тогтож, нэг л мэдэхэд 500 орчим мянган төгрөгтэй болсон байв.
Энэ үед нэгэн танил нь 400 мянган төгрөгөөр лангуу зарах гэж буй тухайгаа дуулгаж, хүү ч мөнгөө тоолж өгөөд, лангууны эзэн боллоо. Амьдралд нь тохиосон мартагдашгүй өдрийн тухай ярихдаа тэр “Лангуутай болсон чинь сэтгэл дүүрээд, их хэрэг бүтээж, амьдралынхаа хамаг асуудлыг шийдчихсэн мэт нэг л гоё мэдрэмж төрсөн” гэсэн.
Ингээд таньдаг ах, эгч нараасаа бараа зээлж, ээжийгээ лангуундаа суулгав. Гайхуулмаар их ашигтай ажиллахгүй ч Пүрэвийг л хөдлөхгүй бол гэр хоолгүй болчихдог үе ард үлдэж, залуу хүү мөрөөдлийнхөө төлөө сэтгэл амар, нуруу тэнэгэр алхах боломжтой болсон нь 2007 он.
Тэр олон жилийн мөрөөдлөө биелүүлж боксын секцэнд бүртгүүлэх гэж очоод, санаандгүй гэмээр тохиолоор кикбокс руу орж, Гавьяат тамирчин Ж.Нарантунгалагийн шавь болжээ. Хичээллэж эхэлснээсээ хойш нэг жилийн дараа “Монгол зоо” кикбоксын тэмцээнд оролцож, 65 кг-д аваргалсан нь түүний “нурманд орсон” зорилго, тэмүүллийг сэргээн, дүрэлзүүлэв.
Амжилт ч ар араасаа ундрав. Монголдоо жингийнхээ чансаа өндөртэй тамирчидтай бүгдтэй нь тоглож, чадварлаг тулаанч гэдгээ харуулсан тэрбээр одоо бэлтгэлээ улам сайн хийж дэлхийн дэвжээнд гарахыг хүсэж байгаа. Пүрэв “Үүний тулд өөртэйгээ илүү их ажиллаж, алдаа, оноогоо дэнслэх шаардлага тулгарч байгаа. Ивээн тэтгэгчгүй, бор зүрхээрээ яваа тамирчид хэцүү шүү дээ, буруу хооллоно, ажил, амралтаа зөв зохицуулж чадахгүй, энэ нь амжилтад сөргөөр нөлөөлнө. Би хувьдаа өөрийгөө ингэж л дүгнэж байгаа. Тиймээс үүнийгээ засах, өөртөө болон өөртэйгөө адилхан нөхдөдөө бага боловч дэм болох зорилгоор зөв хоололт, эрүүл амьдралын хэв маягийг түгээх клуб нээгээд байгаа. Үүнийхээ үйл ажиллагааг тогтворжуулж, бэлтгэлээ сайн хийн, амжилтаа бага багаар боловч тогтвортой өсгөхийг зорьж байна. Дэлхийн дэвжээнд тулалдаж, амжилт гаргах минь цаг хугацааны л асуудал гэж боддог. Гэхдээ эцсийн эцэст амжилт гаргах тийм чухал зүйл биш. Юу юунаас илүү гэр бүлээ хайр халамжаар дутаахгүй, нийгэмдээ эерэг хандлага түгээж, зөв амьдрахыг л хичээж явна” хэмээсэн.
Юмыг дандаа сайхнаар хардаг, үргэлж болно, бүтнэ гэж ярьж явдаг, болгож бүтээхийн төлөө зүтгэдэг, тэгээд зорьсондоо аажим, аажмаар хүрч яваа тэрбээр “Хүнд эерэгээр бодох, сөргөөр бодох гэсэн хоёр л сонголт байдаг. Хүний амьдрал л юм чинь надад шийдэх асуудал, хүнд бэрх санагдах үе гарна. Тэгэхэд нь би эерэгээр бодохыг сонгодог. Тэгж байж л сайн үр дүн гардаг юм. Төгс хүн, төгс зүйл гэж байхгүй. Сөргөөр харъя гэвэл хэнээс ч, хаанаас ч өө гарна. Сөргөөр харсны үр дүнд сөрөг л зүйл бий болно. Харин эерэг талаас нь харвал сөрөг тал нь бүдгэрч, сайн нь тодордог. Би ингэж л боддог. Яагаад гэвэл өөрийнхөө хүчээр амжилтанд хүрсэн, цэвэр хөдөлмөрөөрөө сайхан амьдарч яваа хүмүүс юмыг эерэгээр хардгийг би мэддэг. Амжилттай яваа хүмүүсийн үгийг сонсохоор амьдралыг өөдрөг, гэгээлгээр хардаг болдог шиг санагддаг. Би амжилтанд хүрсэн хүмүүсийн түүх уншиж, эерэг сайхан хүмүүсийн яриаг сонсох дуртай. Ганц олдох амьдралыг гомдоллож туулаад яах юм бэ. Тэгэх тусам л гомдолтой санагдана. Харин нөхцөл байдалдаа зохицож, ирээдүйгээ эерэг сайхнаар төсөөлөөд, түүнийхээ төлөө явбал ямар ч асуудал тийм хүнд бэрх санагдахгүй. Сайхан зүйл рүү тэмүүлээд байвал амьдрал илүү гэрэл гэгээтэй байж, өөрөө илүү амжилтанд хүрнэ гэдэгт итгэдэг. Амжилтанд хүрсэн хүн бүр ингэж хэлдэг юм билээ. Санаа зөв бол заяа зөв гэдэг. Эхнэр, хүү хоёр маань миний амьдралын гэрэл гэгээ. Саяхан өрх тусгаарласан бид амьдралаа өөрийн гараар бүтээхээр Нарантуулаа түшин зүтгэж явна. Хүмүүс надад их сайн хандаж, тусалдаг. Хүйтэн өдөр надаас ундаа авч байгаа нь намайг дэмжих гэсэн сэтгэлээс гарч буй үйлдэл шүү дээ. Баярламаар байгаа биз дээ. Энэ их сэтгэлийн хариуд би зөв л амьдрах ёстой. Төр, түмэндээ сүсэлж, зөв, сайхан амьдарна” хэмээн инээмсэглэсэн.
Үргэлж гэрэл гэгээний зүг тэмүүлдэг болохоор амьдрал түүнд ямагт баяр хөөртэй, талархах зүйл дүүрэн, асуудлууд түр зуурын, давах гарцтай харагддаг. Тэр хэрээрээ амьдрал нь алхам алхамаар дээшилж, амжилт өөр рүү нь ойртож ирдэг аж.
***
Иргэндээ энэрэлтэй төр
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны нэгдүгээр давхарт “Cafe more” хэмээх кофе шоп нээгдээд багагүй хугацаа өнгөрч байна. Төдийлөн олон хүн мэдэхгүй энэ газрын үйлчлүүлэгчид нь яамны албан хаагчид, тэнд хурал цуглаанд дуудагдсан, ажлаар очсон төрийн албаныхан голдуу. Ямар эрх дархтан нь төрийн яаманд кофе шоп нээгээд, сайд, дарга нарт үйлчилж байдаг байна аа хэмээн хардахаа түр азнаарай. “Cafe more”-ыг харааны бэрхшээлтэй иргэд ажиллуулдаг. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих, тэдэнд ажлын байр бий болгох зорилгоор Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны санаачилгыг дэмжин, яамныхаа байранд “Cafe more”-ыг нээжээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр “Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоонд БНСУ-аас кофе шопын тоног төхөөрөмж хандивласан юм билээ. Үүнийгээ яамны байранд ажиллуулбал бусад байгууллага үлгэр дуурайл авах байх. Та дэмжээч гэхээр нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт хандаж, зөвшөөрөл хүссэн. Төрийн өмчийн байранд үйл ажиллагаа явуулахад тэндээс заавал зөвшөөрөл авах ёстой юм л даа. Ингээд зөвшөөрлийг нь авч өгч, үйл ажиллагааг нь эхлүүлсэн” гэв.
Яамны зүгээс кофе шопоос түрээсийн мөнгө авахгүй, байрандаа болсон хурал, уулзалтын цай, кофег тэндээс захиалж авах зэргээр харааны бэрхшээлтэй иргэдийг боломжийнхоо хэрээр дэмжиж ажилладаг гэнэ. Эхлүүлсэн ажил нь үр дүнд хүрч, “Cafe more” илүү өргөжөөсэй, харааны бэрхшээлтэй олон хүн ажлын байртай болоосой, төр нь иргэндээ энэрэлтэй байх хандлага илүү түгээсэй гэсэндээ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр зэргэлдээ байрлах яамдад эднийхээс кейтерингийн үйлчилгээ авахыг, бусад төрийн байгууллага, олон хүнтэй төрийн өмчит компаниудад кофе шопоо сүлжээ маягаар ажиллуулахыг санал болгоод байгаа гэсэн. Тэрбээр “Яамныхан өмнө нь гаднаас кофегоо барьж орж ирдэг байсан бол одоо дотроосоо авчихдаг болсон. Хүмүүстэй уулзахдаа ч эндээ суугаад ажил төрлөө ярихад тухтай, цаг үрэхгүй амар байдаг. Би эдний байнгын үйлчлүүлэгч. Эдний цай, кофе нь бусад ямар ч газрынхаас дутахгүй. Тиймээс бид гаднаас авдаг үйлчилгээгээ дотроосоо авч, давхар хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжиж буйдаа олзуурхаж байгаа.
Ер нь манай яам энэ тал дээр их санаачилгатай ажилладаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 111-д “25, түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нь ажил, албан тушаалынхаа дөрөв, түүнээс дээш хувийн орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулна” гэж заасан. Манай яаманд хөгжлийн бэрхшээлтэй 3-4 иргэн ажилладаг. Харьяа агентлагууд ч хуулийн заалтаа ягштал биелүүлдэг. Хүний хөгжлийн ерөнхий газар хэмээх шинэ агентлаг байгуулахдаа хөгжлийн бэрхшээлтэй хүн дэд даргаар нь ажиллуулсан. Сайдын зөвлөл, яамнаас хэрэгжүүлж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандсан төслүүдийн удирдах зөвлөлд төлөөлөл оруулдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асуудлыг өөрсдийнх нь оролцоогүйгээр шийдэх боломжгүй. Аль болох өөрсдийг нь оролцуулаад явбал төр засгаас гаргаж буй бодлого шийдвэр байгаа ононо, өөрсдөө оролцоод хийсэн учраас үр дүн, хэрэгжилт нь ч хамаагүй сайн байна” хэмээсэн.
Кофе шопын бариста “Харааны бэрхшээлтэй болсноос хойш тохирох ажил олж чадахгүй явж байгаад өнгөрсөн жил баристагийн сургалтад суусан. Боломж, чадвартаа тохирсон ажилтай болсондоо баяртай байгаа. Өдрөөс өдөрт үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдэж байна. Чанасан кофег минь хүмүүс амтархаж, талархснаа илэрхийлэхийг сонсох хамгийн сайхан. Төрийн яам бидэнд ийм сайхан боломж нээж өгсөнд чин сэтгэлээсээ баярлаж байна. Иргэдээ ялгалгүй дэмждэг энэ хандлага улам өргөн хүрээг хамраасай” гэсэн юм.