Их утаа хаяанд тулжээ. Манай улсын нийт хүн амын эрүүл мэндэд хамгийн их аюул заналхийлж буй зүйл бол яах аргагүй агаарын бохирдол. Агаарын бохирдлоос шалтгаалан агаарын дээд давхаргад озоны хомсдол бий болж, түүний уршгаар хүн төрөлхтний эрүүл мэнд, дэлхийн эко системд аюул нүүрлэсээр байна.
Үүгээр ч зогсохгүй агаар нь байнгын хөдөлгөөнд оршдог тул агаарын бохирдол нь зөвхөн нэг хэсэг орны бус дэлхийн хэмжээний асуудал болоод багагүй хугацааг үдэж байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлж буйгаар агаарын бохирдол нь архаг өвчлөл, хавдрын өвчлөлийн томоохон эрсдэлт хүчин зүйл болж, өдгөө гадаад болон дотоод орчны агаарын бохирдолтой орчинд 50 сая хүн амьдарч байгаа аж. Харамсалтай нь жил бүр тэдний 3.1 сая нь наснаасаа эрт хорвоог орхиж байна.
Ялангуяа гадна агаарын бохирдол Улаанбаатар хотод оршин суудаг хүүхдүүдийн хувьд орчны хамгийн том эрсдэл болжээ. Манай улсын нийслэл нь өвлийн улиралд дэлхийн хамгийн өндөр агаарын бохирдолтой хотуудын нэгт тооцогддог болсон. Жишээлбэл, НҮБ-ын Хүүхдийн сангийн хийсэн судалгаагаар 2018 оны нэгдүгээр сарын 30-ны өглөө 05.00 цагт (Баруун 4 замын орчимд) нарийн ширхэгт тоосонцорын агууламж 3.320 мкг/м3 байсан бөгөөд энэ нь ДЭМБ-ын хүлээн зөвшөөрсөн 24 цагийн дундаж агууламж болох 25 мкг/м3 хэмжээнээс даруй 133 дахин их байгаа нь тогтоогджээ. Энэ нь хүн амын эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж байгаа нь ойлгомжтой. Статистик мэдээллээс харахад, сүүлийн 10 жилийн хугацаанд 10.000 хүнд ногдох амьсгалын замын өвчлөл огцом нэмэгдэж, 2.7 дахин өссөн гэсэн тооцоо бий. Өнөөдрийн байдлаар уушгины үрэвсэл 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн хоёр дахь шалтгаан болоод байна. 2015 онд 5 хүртэлх насны 435 хүүхэд уушгины үрэвслийн улмаас нас барсан. Мөн Улаанбаатар хотын агаарын бохирдол өндөртэй төв дүүрэгт оршин суудаг хүүхдүүдийн уушгины багтаамж хөдөө орон нутагт амьдардаг хүүхдүүдийнхээс 40 хувиар бага байгаа аж.
Уг нь Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах талаар сүүлийн таван жилийн турш олон талт арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа хэдий ч дорвитой үр дүн харагдахгүй байгаа юм.
Хар тугалга хүүхдийн ой санамжийг муутгаж байна
Агаарын бохирдлын хэмжилтийн дүнгээс харахад сүүлийн 2 жилд өвлийн улиралд агаар бохирдуулагчийн хэмжээ буурсан төлөв ажиглагдсан ч тэдгээр бохирдуулагчид бодисын Монгол Улсын агаарын чанарын стандарт дахь хүлцэх агууламж ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс давсан үзүүлэлт бүхий өдрүүдийн тоо төдийлөн буураагүй байгаа юм.
Түүгээр ч зогсохгүй Үндэсний аудитын газраас хийсэн “Цэвэр агаарын сан болон 2008-2016 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гадаад, дотоодын хөрөнгөөр хийгдсэн ажлын үр дүн” сэдэвт аудитаар агаарын чанарыг хэмжих харуулууд нь хар тугалга, хром, цайр, зэс, кадми зэрэг хүний биед хамгийн их хорт нөлөө үзүүлдэг хүнд металлын агууламжийг хэмждэггүй гэсэн дүгнэлтийг хийжээ. Учир нь зардал өндөртэй гэнэ.
Гэтэл хүнд металл нь хүүхдийн өсөлт, хөгжилт, оюун ухаанд маш хүчтэй нөлөөлдөг болох нь сүүлийн жилүүдэд ажиглагдаж буй. Товчоор хэлбэл, тэд хүүхдийн тархин дахь мэдрэлийн эсүүдийг гэмтээдэг байна.
Нобелийн шагналт, орчны эрүүл мэндийн ухааны профессор Кирк Смит нь 1995 оноос хойш хөгжиж буй орнуудын агаарын бохирдол, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг судалжээ. Тэрээр Гватемалийн нэгэн тосгонд одоогоос 13 орчим жилийн өмнө нэгэн жирэмсэн эмэгтэйд агаарын бохирдлыг хэмжих микросхемтэй чип төхөөрөмжийг биед нь зүүлгэжээ. Ингээд найман жилийн дараа тус эмэгтэйн хүүхдэд бүрэн шинжилгээ хийхэд агаарын бохирдол хүүхдийн оюун ухаанд нөлөөлсөн нь тогтоогдсон байна.
Өөрөөр хэлбэл, агаарын бохирдолтой газар амьдарч байсан эхээс төрсөн хүүхэд ой тогтоох чадвар нь бага, аливаа зүйлийг ойлгохдоо удаан байгаа нь агаарын бохирдолгүй, нүүрс түлдэггүй нөхцөлд амьдарсан хүүхэдтэй харьцуулсан судалгаагаар тогтоогджээ.
Үүгээр ч зогсохгүй хүнд металл буюу хар тугалга нь архаг болон хурц хордлого үүсгэдэг. Хар тугалга нь мэдрэлийн тогтолцооны өөрчлөлт, хөдөлгөөний өөрчлөлт, мэдрэхүйн хямрал, хоол боловсруулах эрхтэн, зүрх судасны тогтолцооны өөрчлөлт, бөөр, нөхөн үржихүй зэрэг олон эрхтэн системийг хордуулах нөлөө үзүүлдэг.
Тухайлбал, хүний биед нэвтрэн орсон хар тугалгын 80-85 хувь нь яс болон ургаж байгаа шүдэнд очиж, кальцитай өрсөлдөж ясанд 20-30 жил болно. Хүүхдийн 50 хувь нь залгих байдлаар авдаг ба тэдгээр нь нарийн гэдсээр шимэгдэж цусаар ороод тархины судасны хоригийг давснаар тархийг гэмтээдэг. Хар тугалгын мэдрэл хордуулах нөлөө нь кальцийн солилцоог алдагдуулж, нейтротрансмиттерүүдийг дарангуйлах байдлаар илэрдэг аж.
Уг нь ДЭМБ-ын зөвлөснөөр цусан дахь хар тугалгын хэмжээ хүүхдэд 5 мкг/дл, насанд хүрэгчдэд 5-10 мкг/дл гэж заасан байдаг бол АШУҮИС-ийн Хөдөлмөр, орчны эрүүл ахуйн лабораторийн хийсэн шинжилгээгээр Сонгинохайрхан дүүргийн X хорооны хүүхдүүдийн цусан дахь хар тугалгын хэмжээ 15.9-22.6 мкг/дл байсан аж. Тэгэхээр энэ үзүүлэлт хүүхдийн оюун ухааны өсөлт, мэдрэлийн системд хэрхэн нөлөөлж буй нь тодорхой. Эрдэмтдийн ярьж буйгаар агаар дахь тоосонцрын хэмжээ их байх тусам түүнд агуулагдаж буй хар тугалга хүний цусанд нэвтрэх магадлал ихэсдэг байна.
Агаарын бохирдол эх орны минь ирээдүй болсон үр хүүхдүүдийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулж байгаа нь саяын судалгаа дахин нотоллоо. Энэхүү нотолгоо нь манай улсын хувьд түгшүүрийн дохио болох ёстой. Харин үүнээс сэргийлэхийн тулд мэдээж хугацаа хэрэгтэй. Ганц хоёрхон жилийн дотор шийдчихдэг асуудал биш ч биднийг цаг алдалгүй, шийдэмгий арга хэмжээ авахыг шаардаж байна.
Өнөөдөр биднийг ЖДҮХС-гаас тэрбум тэрбумаар зээл авсан улстөрчдийн тухай цэц булаацалдаж байх зуур Монголын мянга мянган үрс агаарын бохирдол, тэр дундаа хүнд металл гэгч чимээгүй үхэлд “идүүлсээр” байна.