Хавдрын эмнэлэг хүнээр хахжээ. Энэ бол монголчууд хавдарт хэр “дарлуулж” буйн илрэл. Гишгэх зайгүй шахам эмнэлэгт очоод гайхаж, цочирдсон талаараа иргэд өдөр бүр л ийнхүү ярьж байна. Ярьсаар бүр дасал болжээ.
Ийм зүйлд дасах нь буруу. Тэглээ гээд яах билээ. Гэхдээ иргэд нь халаглаж, нөхцөл байдлыг мэдэрч, мэдэж байгаа нь нэг талаар сайн. Харин төрийн гурван өндөрлөг минь ээ, Хавдрын эмнэлгийн байдал, монголчуудын өвчлөл харанга дэлдэх хэмжээнд хэдийн хүрчихжээ.
Хэзээ энэ байгууллагад ирж, ажилтай нь танилцах вэ. Энд тэнд бүтээн байгуулалт хийнэ гэж тууз хайчлахаас илүүтэй ХСҮТ-өө анхаарч, гараа сунгахгүй бол улс үндэстний хэмжээнд сүйрэл болоход ойрхон байна. Хэтрүүллээ гэж байгаа бол биеэрээ очоод хараач, халаглах нь лавтай.
Монгол хүнийг чадавхжуулна, энэ тэр улсын сургалтын тогтолцооноос суралцъя, ийм ч гоё, тийм ч сайхан бүтээл, бүтээгдэхүүн хийе, ургацаа төдөн хувь авъя, эдийн засгаа солонгоруулъя л гэнэ. Энэ бүхнийг хүн гэдэг баялаг бүтээдэг шүү дээ. Ажилчин зөгий үгүй бол үүрэнд бал хуримтлагдах уу. Үүн лүгээ адил эрүүл, ажлын чадвартай иргэн цөөрчихвөл энэ улс хөгжих үү.
Юу юуны түрүүнд, хамгаас эхэнд тавих асуудал бол нийгмийн хөдөлгүүр болсон хүний эрүүл мэнд билээ. Хором бүрээр хэмжигдэж буй монгол амь бүхний төлөө “Өнөөдөр” чанга дуугарч байна. Энэ улсын эд, эс болсон хүн бүр дэмжээрэй.
Биднийг, бидний хайртай дотнын хэн нэгнийг аварч, сэхээхийн төлөө нойр, хоолоо хугаслан зүтгэхдээ аавын, ээжийн үүргээ дутуу хагас гүйцэтгэж, гэр бүлээ өнчин мэт байлгаж буй энэ цагийн эгэл баатрууд болох эндхийн ажилтнуудын төлөө бүгдээрээ нэгдэе, дуугаръя. Овойтол нь мөнгө цуглуулж өгч чадахгүй ч төр, засгийнхны чихэнд дуу хоолойгоо хүргэх боломж бидэнд бий.
Өвчин эд баялаг, зэрэг, цол, баян, ядуу гэж ялгахгүй ирдэг хатуу, хахир зүйл. Өнөөдөр ХСҮТ ачааллаа дийлэхгүй байгаа нь байр байшингийн хүрэлцээтэй нэлээд холбоотой. Орох, гарах гарц нь нэг Хавдрын эмнэлгийн хашаагаар л ороход л газар, хашлага дээр сууж, хэн нэгнийхээ төлөө залбирч байгаа олон хүнийг та харах болно.
Дотор ч ялгаагүй зах дээр байгаа мэт хүн багширсаар л. Аавыгаа, ижийгээ, ах, дүүсээ түшсэн, эсвэл тэднээрээ түшүүлсэн өвдсөн зовсон хүмүүс. “Ёо ёо”...Монголд минь хавдрын өвчлөл газар авчээ. Бид энэ өвчнөөр дэлхийд толгой цохиж явна.
“Өнөөдөр” ХСҮТ-ийн үйл ажиллагаа, тэндхийн эмч, сувилагч, ажилтнуудын ажлын талаар цувралаар нийтэлж, сурвалжилж буй. Хавдрын мэс заслын, өвөрмөц эмчилгээний, яаралтай тусламжийн гэсэн гурван чиглэлийн клиник бүхий, 17 тасагтай тус эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийг энэ удаа онцолж байна.
Орон нутгаас болон бусад эмнэлгээс хавдартай байх магадлалтай гэж оношлогдсон, хорт хавдартай нь батлагдсан, өвчнийхөө улмаас цус алдсан, амьсгалын дутагдалд орсон зэргээр хүндэрсэн өвчтөнүүд яаралтай тусламж авахаар энэ хэсэгт ирдэг.
Хавдрын яаралтай тусламжийн тасаг өмнө нь 1-2 ортойгоор хүлээн авах хэлбэрээр ажиллаж ирсэн бол өнгөрсөн жилийн тавдугаар сард бие даасан тасгийн үйл ажиллагаанд шилжжээ. Өдгөө эднийх зургаан эмч, 12 сувилагч, туслах нэг ажилтан, таван өрөөтэй.
Өнгөрсөн лхагва гаргийн өглөө 07.30-07.50 цагийн хооронд энэ өдөр ажилтай хэд нь бүгд ирсэн байлаа. Ажил 08.30 эхлэх учиртай. Ер нь ХСҮТ-ийнхөн авто зам түгжрэхээс өмнө ажилдаа амжиж ирэх ёстой гэсэн “хуультай” гэхэд хилсдэхгүй.
Хором хормоор хэмжигдэх хүний амь, эрүүл мэндийн төлөө ажил цуглахаас багадаа хагас цагийн өмнө ирдэг хэрнээ тарахдаа тун “хойрго” ханддаг нь ажлын онцлогтой холбоотой аж.
ТАВАН ӨВЧТӨН БУРХНЫГ ЗОРЬЖЭЭ
Биднийг 08.30 цагт очиход тасгийн эрхлэгч А.Баярхүү мэдээгээ нэгтгэж, тайлангаа өгөөд, ирж таарлаа. Тэрбээр (аравдугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө) жижүүртэй хоножээ. Өнгөрсөн шөнө эмнэлгийн хэмжээнд таван өвчтөн нас барсан гэхээр Баярхүү эмчийн сэтгэл ямар байгаа нь мэдээж.
Мөн цурам хийлгүй ямар их ачаалалтай ажилласан нь ойлгомжтой. Түүнийг ирэнгүүт өглөөний үзлэг эхлэв. Өвчтөнүүдээ үзэхээс өмнө тэрбээр дадлагажигч эмч нарт “эрүүний шөл” уулгасан нь учиртай. Тэд өчигдөр байгаагүй гэнэ. “Өчигдөр ид ачааллын үеэр та нар байсангүй. Хоёр өвчтөн нас барлаа. (30-ны өдөр).
Та нар ядаж л ажлын цагаар өвчтөнүүдийн ар гэрийнхнийг тайтгаруулж, ЭХО оношилгоо руу өвчтөн авч яваад байвал их л тустай юм сан” хэмээн “ширүүлсэн” хэрнээ эргэж хараад л “Энэ хэдэн хүүхдийн тус, дэм үнэхээр их” гэж зөөлөрсөн эмч “Хавдартайгаа мэдсэн монгол хүмүүсийн бараг 80 хувь нь хожуу шатандаа оношлогдож байгаа нь харамсалтай. Тийм тохиолдолд шалтгааны эсрэг эмчилгээ хийх боломжгүй. Нэгэнт оройтсон учраас Хөнгөвчлөх эмчилгээний тасагт очихоос өөр замгүй” гэлээ.
Түүний хэлснээр, манайхан хавдартай болсноо мэдэхгүй явсаар энэ өвчний үед гардаг хүндрэлээрээ оношлогддог гэсэн. Зарим тохиолдолд хавдар нь бусад эд, эрхтэнд үсэрхийлсний дараа мэддэг.
Өөрөөр хэлбэл, тухайн хүний аль хэсгийн ямар эд, эрхтэн анх хорт хавдраар өвчилснийг үсэрхийлсэн хавдраар нь мэдсэн тохиолдол цөөнгүй аж. Тийм өвчтөний нэг нь одоо энэ тасагт хэвтэж буй эмэгтэй.
Тэрбээр хүзүү, толгойн байрлалын ясанд үсэрхийлсэн хавдартайгаа оношлуулахдаа л энэ нь бамбай булчирхайн хавдраас үүдэлтэй болохыг мэджээ. Биеэ даахгүй шахуу болсон түүнийг амбулаториос ийш нь явуулжээ.
Тасагт байгаа өөр нэгэн өвчтөн умайн хүзүүн хорт хавдартайгаа мөн л хожуу мэдэж, туяа эмчилгээ хийлгэж байжээ. Гэсэн ч цус алдсаны улмаас урьд шөнө энд хүргэгдэн ирсэн. Цусыг нь тогтоохоор судас боох мэс ажилбар болон зовиур багасгах эмчилгээ хийсэн бөгөөд эмэгтэйчүүдийн, ангиографийн, Хөнгөвчлөх эмчилгээний тасгийн эмч дуудаж үзүүлээд, шилжүүлэх магадлалтай аж.
Хавдрын яаралтай тусламжийн тасагт ихэвчлэн хотын түргэнийхэн, эсвэл ар гэрийнхэн нь хүнд өвчтөнийг авчирдаг юм байна. Тэднийг буцаах ямар ч боломжгүй учраас цус тогтоох зэргээр яаралтай арга хэмжээ аваад, Хөнгөвчлөх эмчилгээний тасаг руу шилжүүлэхээс өөр замгүй.
Гэтэл улсын хэмжээн дэх хавдрын ганц эмнэлгийн эл тасаг ердөө 16 ортой нь хаанаа ч хүрдэггүй аж. Орны хүрэлцээнээс болж нэг сар хүртэл хүлээх нь бий. Гэтэл энэ шатанд очсон хүмүүсийн хэд нь эл хугацааг давахыг хэн ч хэлж мэдэхгүй.
Хатуухан хэлэхэд, хүнд өвчтэй хүмүүсээ бид энэрч, зовиурыг нь багасган, хүн ёсоор үдэж чадахгүй байгаа нь төр, засгийн арчаагүйн шинж. (ХСҮТ-ийн Хөнгөвчлөх эмчилгээний тасгийн эмч, байр, орны хүрэлцээг нэмэгдүүлэх гарцаагүй шаардлага тулсныг бид дараагийн сурвалжилгаараа хүргэх учраас түр орхиё).
Өнгөрсөн сарын 30-ны өдөр болон 31-ний шөнө нас барсан өвчтөнүүдийн хамгийн залуу нь 28 настай, умайн хүзүүний хавдар нь уушгинд үсэрхийлсэн байжээ. Онош тогтоох шинжилгээний хариу гараад, умайн хүзүүний хавдартай нь батлагдаад, 10 хоносны дараа нас барсан эмэгтэй 50 настай байсан. Үлдсэн гурван талийгаач нь элэгний хавдартайгаа бас л хожуу мэдсэн нь юутай харамсалтай.
Талийгаачдын ар гэрийнхэнд ийм мэдээ дуулгахад эмч, сувилагчдын сэтгэл ямар их шаналж, өвддөг бол. А.Баярхүү эмч “Хавдрыг эрт үед нь илрүүлбэл эмчилгээ хийлгээд, урт наслах боломжтой. Харамсалтай нь, манайхан хөнгөвчлөх эмчилгээнд ортлоо дордсон хойноо эмчид хандаж байна” гэдгийг давтан давтан хэлж байлаа.
Тиймээс “хэнэггүй” зангаа орхиж, өөрийн төлөө жилд ганц удаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байхыг зөвлөөд “Даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах журам” байдгийг иргэдэд ахин дахин сануулж байхыг хэвлэл, мэдээллийнхэнд “үүрэгдэв”.
Яаралтай тусламжийн тасгийнхан өдөрт дунджаар 10 гаруй хүнд үйлчилдэг нь бусад эмнэлгийнхтэй харьцуулахад бага тоо мэт санагдаж болох юм. Гэхдээ нэг хүнд зарцуулах хугацаа нь урт буюу багадаа гэхэд тав, зургаан цагаас хагас өдөр болдог байна.
Хавдрын улмаас нэг хэсэг эрхтнийх нь үйл ажиллагаа алдагдсан өвчтөнүүдээс шинжилгээ авах, биеийн байдлыг нь тогтворжуулах хүртэл хэд хэдэн эмчид үзүүлэх зэргээр цаашлаад хэдэн хоног болдог гэнэ.
Биднийг ийнхүү ярилцаж байх зуурт гаднаас маш хүнд хүн ирсэн талаар сувилагч дуулгав. Элэгний хорт хавдрын улмаас хэвлийд нь ус хурсан эрэгтэйг гэрийнхэн нь авчирсан бөгөөд хэд хоногийн өмнө “Хэвлийгээс ус авахаар дахидаг гэсэн” хэмээн татгалзаад, явсан аж.
Энэ удаа нөхцөл байдлыг зөв ойлгож, гэрийнхэнтэйгээ зөвшилцөөд иржээ. Ийм ажилбарыг амбулаториор хийх боломжгүй аж.
Үүний зэрэгцээ ХСҮТ-ийн Толгой, хүзүүний мэс заслын тасгаас нэг өвчтөнийг яаралтай тусламжийн тусгаарлах өрөөнд шилжүүлэх болов. Антибиотикт дасалтай, халдвартай байж болзошгүй нянтай хүнийг эмнэлгийн хэмжээнд байдаг тусгаарлах ганц өрөөнд оруулдаг юм байна. Тэр нь энэ тасагт бий.
А.Баярхүү “Манай тасагт зүрхний бичлэгийн болон рентгений аппарат, өндөр хүчин чадалтай дүрс оношилгооны төхөөрөмж нэн шаардлагатай ч төсөв мөнгө нь хүрдэггүй” талаар дуулгаад “Яаралтай тусламжийн тасгийнхныг ээлжээр ажиллуулах зайлшгүй шаардлага тулгарсан учраас эмнэлгийн удирдлага хүнээ бэлтгэж, өнгөрсөн есдүгээр сараас ажил хэрэг болгож эхэлсэн.
Ингэснээр үйлчилгээний чанар, хамрах хүрээг сайжруулахын зэрэгцээ бусад тасгийн болон жижүүр эмч нарын ачааллыг бага ч гэсэн бууруулах боломжтой” гэж ярилаа. Өдгөө үзлэгийн орныхоо тоог нэмэх гарцаагүй шаардлага байгаа ч байр, барилгын багтаамжаас болоод чадахгүйд хүрсэн талаар ч тэрбээр дуулгасан.
Тэр ч бүү хэл эмч нар өвчтөн болон сахиуруудтай хамт нэг өрөөнд хувцсаа сольдог юм байна.
Өөр нэг асуудал гэвэл, бурханд очих нь гарцаагүй болсон өвчтэй хүмүүсээ сэтгэлээр дэмжин, эцсийн удаа гарыг нь атгаад суух хүсэл ар гэрийнхэнд нь мэдээж бий. Харамсалтай нь, үзлэгийн жижиг өрөөнд эмнэлгийн ажилтнууд шахцалдах шахуу байхад ар гэрийнхнийг оруулах боломж хомс шүү дээ.
Хавдартай өвчтөн болон гэр бүлийнхнийх нь сэтгэл зүй гэдэг асар хөндүүр сэдэв байдгийг эмч хэлсэн. Тэднийг тайтгаруулах, нөхцөл байдлыг зөв ойлгуулж, хүлээж авахад бэлтгэдэг тусгай өрөө ч байх ёстой аж. Дэлхийн жишиг ийм байдаг аж. Энэ үүднээс салах ёс хийх, жижиг ч гэсэн өрөө бий болгожээ.
Бас “зайчлаад” эмэгтэйчүүдийн үзлэгийн ор бүхий нэг өрөө гаргасан байна. Энэ мэтээр эмнэлэг дотоод нөөцөө ашиглан боломжийнхоо хэрээр асуудлаа шийдэж, нэг өрөөг хоёр болгох зэргээр зохицуулаад явж байгаа ч даац хэтэрнэ гэдэг асуудал бий.
“ЦОГЦОС ХАДГАЛАХ БАЙРНЫ СЭНС НЬ ЭВДЭРЧ САНДАРГАДАГ”
Ерөөс энэ тасгийнхны нэгдсэн хүндрэл, зовлон нь өвчтнүүдээ хэвтүүлэх болон өөрсдөө ажиллах зай талбайн хүрэлцээ, нөхцөл юм байна гэж харлаа. Мөн ажил хөдөлмөрийн хуваарь нь хэтийдсэн гэхэд ч багадмаар санагдав.
Бүр тодруулбал, Хавдрын эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн нэг сувилагч 2-3 хүний ажил хийж, давхар үүрэг хүлээдэг юм билээ. Хамгийн наад зах нь энд туслах ажилчин ганц л бий.
Тэр нь өдрийн цагаар ажилладаг учраас орой, шөнөдөө сувилагч нар өвчтөний ор, дэвсгэрийг засаж янзлах, өтгөн, шингэнийг зөөх зэргээр асрагчийн үүргийг давхар гүйцэтгэдэг. Туслах ажилчин нэмэх орон тоо, эдийн засгийн боломж эмнэлэгт байхгүй учраас ингэхээс өөр аргагүй гэдгийг хаана хаанаа хүлээн зөвшөөрч, нөхцөл байдалтайгаа эвлэрчээ.
Үүнээс гадна энэ тасгийн сувилагч нар эмнэлгийн хэмжээнд ажлын бус цагаар ээлжийн ахлахын үүрэгтэй.
Гаднаас ирэх дуудлагын утас Яаралтай тусламжийн тасагт байрладаг учраас “холбоочин” ч болдог. Жишээ нь, жижүүр эмчийг бусад тасагт дуудах, Эрчимт эмчилгээний тасгийн өвчтөний биеийн байдлыг асуухад тэр л утсанд дуудлага ирдэг гэсэн үг.
“Яаралтайгийн” сувилагч бүсгүйчүүд бас хорвоог орхисон өвчтөнүүдээ эцсийн замд нь үдэхэд оролцдог юм билээ. Хойдхийг нь харж, үзэхээс л бусдыг хийдэг гэхэд хилсдэхгүй аж. Эмнэлгийн хэмжээнд жилд хэдэн өвчтөн нас барсан талаарх мэдээллийг эндхийнхэн эмгэг судлалын бүртгэл хийж, баталгаажуулдаг юм байна.
Өнгөрсөн жил 360 гаруй хүн нас барсан нь бүртгэгдсэн бол энэ жилийн эхний 10 сарын байдлаар 353 байна. Он дуустал хоёр сар үлдсэн. Энэ жилийн үзүүлэлт хараахан эцэслэж гараагүй гэсэн үг. Хавдар биднийг ямар эрчимтэй “мөлжиж” байгааг эл статистик илтгэнэ.
ХСҮТ-ийн цогцос хадгалах өрөөг мөн л Яаралтай тусламжийн тасгийнхан “үүрч” явдаг. Тэр нь эмнэлэг байгуулагдсан 1980-аад оныхоороо л байгаа. Тухайн үед 5-6 цогцос хадгалах хүчин чадалтай байжээ. Өдгөө хавдрын улмаас нас барах тохиолдол хоногтоо ийм хэмжээнд хүрчихээд байхад энэ өрөөний хэрэгцээ өссөн нь мэдээж.
Өнөөдрийн байдлаар найман талийгаачийг тэнд хадгалж байна. Хөргүүрийн сэнс гацах, шингэн нь дуусах тохиолдол үе үе гарна. Тиймээс сувилагчдын нэг үүрэг нь өдөрт 2-3 удаа тэр өрөөний градусыг хэмжиж, тэмдэглэл хөтлөх.
Эмнэлгийн орлогч даргын гэр рүү шөнө залгаж “Хөргүүр ажиллахгүй байна” гэсэн түгшүүртэй мэдээг хааяа дуулгаж, түргэн авдаг гэсэн. Заримдаа цогцсыг өөр эмнэлгийн хөргүүр рүү зөөх тохиолдол ч гардаг байна. Үүнд ар гэрийнхэн нь мэдээж, таатай ханддаггүй.
Тэглээ гээд яах билээ, сувилагч хүүхнүүд шөнөөр, хөдөлгөөн багассан үед “өвчтөнөө” зөөвөрлөдөг аж. Энэ бол ХСҮТ хуучин байрандаа хэвийн үйл ажиллагаа явуулахад ямар хүндрэлтэй болсныг илтгэх хамгийн айхтар жишээ.
Өөр нэг сонин зүйл нь ХСҮТ эрүүл мэндийн байгууллага учраас байрных нь ойролцоох автобусны буудалд хүн ухаан алдлаа гэхэд хүрч үйлчилдэг юм байна. Энэ ажлыг мөн л энэ тасгийнхан гүйцэтгэнэ. Тийм тохиолдол хэд гарсан талаар сувилагч нар “хуучилсан”.
Энэ эмнэлэгт 15 дахь жилдээ ажиллаж буй, Яаралтай тусламжийн тасгийн ахлах сувилагч Г.Жамъянтүдэвээс зарим зүйлийг тодрууллаа.
Тэрбээр “Манай тасгийн сувилагч нарын ажил үүрэг их өвөрмөц. Хариуцах зүйл олон. Жишээ нь, Улсын I эмнэлэгт Шуурхай алба гэж бий. Зөвхөн яаралтай тусламжийн тасгаар ирсэн хүнээ л хариуцдаг. Харин манайхны хувьд энд ирсэн үйлчлүүлэгчээ хариуцахын зэрэгцээ тасагт байгаагаа орхихгүй. Тэгээд эмгэг судлалдаа хүрнэ.
Байгууллагын хэмжээнд орны мэдээ гаргаж, шилжилт, нас баралтыг бүртгэлжүүлнэ. Яаралтай хагалгааны эмч, сувилагчдыг дуудах, тэднийг авч, хүргэх унааны асуудлыг шийднэ. Мөн хагалгааны үед хэрэглэх цус, бэлдмэлийн дуудлагыг ч бид өгнө.
Ерөнхийдөө ХСҮТ-ийн ажлын бус цагийн төлөвлөгөөт биш бүх ажлыг шөнө ээлжинд гарах манай хоёр сувилагч хариуцдаг. Энд тэнд ус алдахад хүртэл слесарь дууддаг. Аж ахуйн ийм асуудлуудыг тусгай алба хийх ёстой, биднээс салгаж өгөөч. Үндсэн үүрэг болсон сувилахуйн ажилдаа илүү анхаарч ажилламаар байна гэдгээ уламжлаад л байгаа.
Үүнээс гадна бид бичиг баримтын бүртгэлүүдийг компьтерт шивнэ, эмийн түүвэр, сувилгааны тэмдэглэл, шингэний баланс, өвдөлтийн болон яаралтай ирсэн хуудас гээд өчнөөн бий. Бүртгэлийн ажилтантай болчихвол уг нь ажил бага ч гэсэн хөнгөрөх учиртай.
Хүн хүч, байр байгууламж, төсөв мөнгө гээд олон асуудал бийг ойлгож байгаа учраас өдий хүртэл энэ бүхэнтэй зууралдаад ирсэн. Үүний хажуугаар шарил гаргахад ар гэрийнхнийх нь гуйлтыг биелүүлж, талийгаачийн толгой дээр хадаг тавихаас эхлээд ажил мундахгүй” гэсэн.
Дүн бүртгэл, холбоочин, буяны компанийн ажилтан шиг ажилладаг Яаралтай тусламжийн тасгийн сувилагч нар “Цогцос хадгалах өрөөнд, ороод гарахад л үнэр шингэчихдэг учраас бидэнд усанд орох өрөө гаргаж өгсөн” хэмээн ярьж байлаа.
Ийм ажил хийснийхээ төлөө тэд хүнд, хортой нөхцөлийн нэмэгдэл хэмээх өчүүхэн мөнгө авдаг аж. Угтаа бол манай бусад эмнэлэгт цогцос хадгалдаг өрөөг тусгай ажилтан хариуцдаг юм байна. Дэлхийн жишиг ч тийм.
Энэ олон ажлыг ээлж хүлээлцэх бүртээ “өгч, авдаг” учраас ажлын цагтаа багтааж амждаггүй юм байна. Тэгсэн ч тэд гоншгонохгүй ажил үүргээ журам номынх нь дагуу гүйцэтгэсээр явна. Тэд сардаа 500 гаруй мянган төгрөгийн цалинтай. Түүнээсээ улсдаа татвараа төлөөд, үлдсэнийг нь сардаа хоёр хувааж авдаг.
БИД ЕР НЬ ЯАЧИХСАН УЛС ВЭ
Монголчуудын авир аашны талаар энд дурдахгүй өнгөрч боломгүй санагдлаа. Хавдраар өвдөж шаналсан хүн, түүнийг асран хамгаалагч нь мэдээж сандарч, балмагдах, нөхцөл байдлыг хүлээж авч чадахгүй байхаас эхлээд өчнөөн асуудалтай тулна.
Тэр болгонд ухаалаг, тэвчээртэй, хүлээцтэй хандах учиртай. Гэтэл манайхан маш бүдүүлэг, заримдаа бүр харалган гэмээр ханддаг талаар тус тасгийнхан ярьсан. Хавдартай, эсэхийг батлах эдийн шинжилгээний хариу 7-10 хоногт гардгийг хэлээд байхад л ойлгохгүй эмч нарыг зандарч, загнаж “Та нар хүнээ ав. Хэдэн өдөр явуулах юм бэ” гээд юм шидсэн тохиолдол хэдэнтээ гарсан гэнэ лээ. Өвчтөн нас барж байхад сувилагчийг “Хурдан хөдлөөч” гээд цохисон, “Чи энд байх үүрэгтэй” хэмээн эмчийг буланд шахаж хоолойг нь боож байсан тухай сонсоод үнэхээр гайхлаа.
Нөгөөтээгүүр, ойр дотнынхоо хэн нэгнийг үзүүлж, оношлуулахаар олуулаа явж байгааг буруутгах аргагүй ч зөвтгөж бас боломгүй. Угаасаа хүнээр хахчихаад, ачааллаа дийлэхгүй байгаа эмнэлэгт улам нэрмээс болж, хөдөлгөөнд саад болохгүй, цаашлаад бусдыг хүндлэх ухаан бидэнд байх ёстой.
Тиймээс 1-2 нь эмнэлэгт орж, үлдсэн нь гадаа хүлээж байж болно шүү дээ. Гэхдээ энэ эмнэлгийн автомашины орц, гарц нэг гэдгийг зөвөөр ойлгож, хашааны гадаа хүлээсэндээ ч гэмгүй байлтай.
Яаралтай тусламжийн эмчийн ажлыг хараад, сэтгэл зүрх шимшрэн, ухаан алдахаас наагуур зогсож байтал 50 гаруй настай эрэгтэй гэртээ байгаа мэт таахалзан, өрөөнд түрэмгийлэн орж ирээд “...сувилагчийн гар утасны дугаарыг өг. Би ээжийнх нь дүү байна” гэж даналзсан. Тус эмнэлгийн эмч, сувилагч, ажилтнуудын гар утасны дугаарыг хэн дуртайд нь өгч болохгүй. Энэ бол ёс зүй, нэр хүнд, цаашлаад бусдын эрүүл мэнд, аюулгүй байдалтай ч холбоотой.
Өөр нэг зайлшгүй хөндөх асуудал бол өвчтөний ар гэрийнхний “болгоомжлол”. Өвчтөнөөс хавдартай гэдгийг нь нуухыг эмч, сувилагч нарт тулгахаас наагуур байдаг гэнэ. Тухайн хүн өөрийн өвчний талаар мэдэх эрхтэй, тэгснээр амьд байх үлдсэн хугацаандаа хийхийг хүссэн, төлөвлөсөн зүйлээ дуусгаад, тодорхой хэмжээнд сэтгэл ханамжтай явах ёстой.
Олон улсын жишээнээс харахад үүнийг зүй ёсны, энэрэнгүй, хүнлэг гэж үздэг байтал монгол хүмүүс эсрэгээрээ ханддаг нь буруу хандлага гэдгийг ХСҮТ-ийн олон эмч, сувилагч хэлж байсныг дурдах нь зүйтэй. Үзүүлж байгаа хүнийхээ ард зогсчихоод, эмч рүү хараад дохио зангаагаар “Оношийг нь хэлж болохгүй” гэж “болгоомжлох” хүн олон байдаг гэсэн.
Тэгээд учир байдлыг тайлбарлахаар, өөдөөс нь уурлаж, загнана. Ерөөс монголчууд байнга л уурладаг болсон мэт санагддаг гэж А.Баярхүү эмч “явуулна” лээ. ХСҮТ-ийн яаралтай тусламжийнхан эрэмбэлэн ангиллын зарчим буюу хэн нь илүү эрсдэлтэй байгаагаас шалтгаалан үйлчилдгийг мэдэхгүй хүмүүс “Би түрүүлж ирсэн” гээд амьдрал нь хормоор хэмжигдэж байгаа нэгэнтэй барьцаж, эмч нарыг байнга загнадаг болохоор ингэж хэлсэн байж ч мэднэ.
Шөнийн жижүүрт гарсан эмч нар 12.00 цагт тардаг юм байна. Цаг хартал 15.00 хэдийн өнгөрчээ. А.Баярхүү эмч гэртээ харих гэж “яарахгүй” байгаа бололтой. Гарах гэхээр л ийм, тийм асуудал ундарч, тав, арван минут “идсээр” байтал өдий хүрчихжээ.
Өнөө шөнө ээлжинд гарах Уранбилэг эмч ирэх цаг ч болсон байна. Тэр ч гэсэн маргааш өглөө тайлан мэдээгээ өгөөд, өвчтөнөө үзээд, ингэж, тэгсээр яваад гэртээ харихаа “мартах” биз ээ.
Тэд ингэж ажилласныхаа төлөө 50 000-80 000 төгрөгийн нэмэгдэл авдаг, жижүүрт гарахгүй бол сардаа 700 хүртэл мянган төгрөгийн цалинтай. Гэсэн ч ХСҮТ-ийнхэн цагийн зүү шиг ажиллаж, монгол түмний төлөө зүтгэж яваа шүү, Ерөнхийлөгч өө, гүйцэтгэх засаглалын тэргүүн Хүрэлсүх ээ, энэ салбарын эрхэм сайд аа.