Цахим орчин дахь мэдээллийн их урсгалд хөвсөөр, хөтлүүлсээр байгаа сая сая залуусын давлагаа бий болжээ. Эдгээр залуус гол нь мэдээллийг ямар ч шүүлтүүргүйгээр шууд хүлээж авч байгаа нь асуудал болоод байна. Цахим орчин бол буцах хаяг, буух эзэн нь тодорхойгүй орчин юм. Үүнийг ашиглан худалдаа наймаа эрхэлж, залилан, гүтгэлэг элдэв хэрэг гарсаар байгааг мэргэжилтнүүд анхааруулсаар байгаа билээ.
НМХГ-ын өнгөрсөн сард хийсэн шалгалтаар гоёлын гоо сайхны газарт хувь хүн мэс ажилбар хийж байсан нь тогтоогджээ. Тодруулбал иргэн Б фэйсбүүк хаягтаа бусдын мэдээллийг ашиглаж, хэрэглэгчдийг төөрөгдүүлэн хаяг гарал үүслийн гэрчилгээгүй эм тариагаар иргэдэд үйлчилдэг байсан нь тогтоогдсон. Ингэхдээ ямар нэгэн асуудал үүсвэл байршил дүүргээ сольж, фэйсбүүк хаягаа хаадаг байжээ. Хохирсон иргэдийн гомдлын дагуу шалгалт хийж, зохих торгуулын арга хэмжээ буюу 300 мянган төгрөгөөр торгож, иргэдийн хохирлыг барагдуулах арга хэмжээ авчээ.
Ард иргэдийг залилж байгаа бас нэгэн жишээ бол нийгэмд нэгэнт хөлөө олсон брэндийн бүтээгдэхүүнийг зөвшөөрөлгүйгээр оруулж ирэн, өндөр үнээр зарж борлуулж байгаа явдал юм. Импортоор орж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүнийг зөвхөн аж ахуй нэгж л оруулж ирэх ёстой байдаг. Хүнсний тухай хуулийн 11,1-д зааснаар “Хүнсийг зөвхөн Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд экспортолж, импортлоно” гэсэн заалтыг татварын болон гаалийн холбогдох хуулинд тусгасан байдаг. Гэтэл хувь хүмүүс гарал үүсэл нь тодорхойгүй дуураймал бүтээгдэхүүнийг оруулж ирдэг боллоо. Ингэхдээ иргэдийн бэлэнчлэх сэтгэлгээн дээр тулгуурлаж гэрт нь хүргэж өгдөг бөгөөд үндсэн үнээс өндөр үнээр борлуулдаг болох тогтоогджээ.
Энэ нь зохих хууль тогтоомжийн дагуу гаалийн бүрдүүлэлтийг хийж, татвараа төлдөг байгууллагуудад шударга бус өрсөлдөөнийг бий болгож байгаа нь мэдээж. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд Боловсрол соёлын Хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш хэлэхдээ “Энэ талаар бидэнд гомдол, санал хүсэлтүүд тасралтгүй ирсээр байна. Иргэд олон нийтийн сүлжээгээр зохих зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж байгууллагаас бусад хувь хүн иргэдийн гар дээрээс худалдаа эрхлэх нь хууль бус бөгөөд хэрэглэгчдийн эрх ашиг зөрчигдөж хохирч болзошгүй нөхцөл үүсч байна” хэмээн анхааруулсан юм.
Олон нийтийн сүлжээг ашиглаж худалдаа хийж буй хувь хүмүүс худалдан авалт хийсэн хэрэглэгчдэд татварын баримт олгодоггүй, үйл ажиллагаа явуулж буй хаяг байршил тодорхойгүй, мэдээллээ нууцалсан байдалтай байгаа нь хууль бус үйл ажиллагаа гэдгийг илэрхийлж байна.