Засгийн газар өнгөрсөн наймдугаар сард Замын хөдөлгөөний дүрмийг шинэчлэн баталж, өчигдрөөс албан ёсоор мөрдөж эхэллээ. Шинэ журам хөрсөн дээр хэрхэн хэрэгжиж буйг сурвалжиллаа.
Шинэчилсэн дүрэм нь 27 бүлэг, 224 зүйл заалт, дөрвөн хавсралттай. Эдгээрээс заасан дөрвөн уулзвар дахь шар тэмдэглэгээг хөдөлгөөний ачаалал ихтэй үед давахгүй, 10-аас доош насны хүүхдийг зориулалтын хамгаалах бүс, суудалгүйгээр тээвэрлэхгүй, замын хөдөлгөөнд унадаг дугуйтай оролцохгүй байх гэсэн заалт олны анхаарлыг илүүтэй татаж буй.
Шинэчилсэн дүрмийн талаар иргэд ямар ойлголттой байгааг тодрууллаа. 10 гаруй жил жолоо барьсан Баянгол дүүргийн III хороонд оршин суугч Д.Энхээ “Цэцэг”төв, Цаг уур, орчны шинжилгээний газар, МУБИС болон Төв музей гэсэн уулзваруудад шар хэрээсэн тэмдэглэгээ татсан, сургууль цэцэрлэгийн бүсэд 20 км-ээс дээш хурдтай явахгүй байх гэсэн хоёр дүрэм нэмснийг бусдын ярианаас сонссон.
Ногоон гэрэл асаж байхад шар зураастай хэсэг рүү нэвтрээд, тэнд нь түгжрэл үүсчихвэл торгуулах юм билээ. Шар гэрлээр давхиж ороод торгуулбал өөр хэрэг. Би аль болох дүрмээ баримтлахыг хичээдэг.
Харин энэ заалтыг сайн ойлгоогүй, замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад тустай гэж бодохгүй байна. Өөр ямар журам нэмснийг мэдэхгүй. Торгуулахгүйн тулд шар тэмдэглэгээ хийсэн уулзваруудаар зорчихгүй байхыг л хичээнэ дээ. Шинэ заалтын талаар иргэдэд нэгдсэн журмаар байнга мэдээлэх шаардлагатай” гэв.
Сонгинохайрхан дүүргийн XXVI дугаар хорооны иргэн Б.Сувд-Эрдэнэ “10-аас доош насны хүүхдийг заавал зориулалтын суудалд тээвэрлэнэ гэсэн заалт хэрэгжих, эсэхэд эргэлзэж байна.
Би бага насны гурван хүүхэдтэй. Тэднийг хамт авч явах тохиолдолд тус бүрт нь зориулалтын суудал авах шаардлага гарч байна. Нэг суудал ойролцоогоор 200 орчим мянган төгрөг. Тэгэхээр гурван суудалд хэдэн төгрөг зарцуулах вэ, миний хувьд хэцүү” гэлээ.
Иргэдийн дунд үүсээд буй эдгээр асуудлын талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, ахлах дэслэгч Ч.Чимэдбатаас лавлахад “Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дахь заалтыг мөрдөөгүйгээс болоод хөдөлгөөнд оролцож байгаа бусад тээврийн хэрэгсэлд зохиомол түгжрэл үүсдэг.
Жолооч замын хөдөлгөөний ачаалал ихтэй үед ногоон гэрэл ассан ч хөндлөн явах тээврийн хэрэгсэлд саад учруулахаар бол шар тэмдэглэгээг нэвтэрч болохгүй. Шар өнгөтэй хэрээс татсан хэсэгт тээврийн хэрэгслээ удаан хугацаагаар байрлуулахыг хориглосон. Жолооч замын хөдөлгөөн удааширсан бол хөдөлгөөнөө эхлүүлэхгүй байх үүрэгтэй.
Ачаалал ихтэй үед хүн бүр зөвшөөрөгдсөн гэрлэн дохио аслаа гээд зүтгээд байхаар ойролцоох уулзваруудын ачааллыг улам нэмэгдүүлдэг талтай. Энэ байдлыг иргэд ойлгоод дүрмээ биелүүлж явбал замын хөдөлгөөний ачаалал 20-30 хувь буурна.
Иргэд дараачийн удаа ногоон гэрэл асахыг хүлээвэл цаг хугацаа алдана гэж ойлгоод байдаг. Хэрвээ тухайн чиглэлийн хөдөлгөөний ачаалал буурвал замын цагдаа иргэдийг дарааллаар хөдөлгөөнд оролцуулах арга хэмжээ авна.
Харин хүүхэдтэй холбоотой журмын тухайд гурваас дээш насныхныг арын суудалд бүсийг нь зүүлгээд, харгалзах хүнтэй, эсвэл суудлын өндөрлөгөөтэй тээвэрлэх боломжтой. Нярай, бие даан суух чадваргүй хүүхдийг заавал зориулалтын суудалд суулгана” гэсэн юм.
Түүнтэй ярилцах зуурт “Приус 20” маркийн автомашинтай иргэн “Цэцэг” төвийн уулзвар дахь шар тэмдэглэгээ дээгүүр улаан гэрлэн дохиогоор нэвтэрсэн юм. Түүнийг Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, ахлагч Ц.Пүрэвдорж зогсоон, Зөрчлийн тухай хуулийн 14.7-гийн 29.3 дугаар заалтын дагуу торгов.
Мөн тэрбээр “Иргэд шинэ дүрэмтэй танилцсан юм шиг байна. Мэдээлэл аваагүй хүмүүст шинэ дүрэмтэй танилцахыг анхаарууллаа. Өнөөдрийн (өчигдөр) 07.00-12.00 цагийн байдлаар “Цэцэг” төвийн уулзварт зургаан жолооч ачаалал ихтэй үед шар гэрлээр нэвтэрсэн тул торгуулсан.
Түүнчлэн шинэчилсэн дүрэмд явган зорчигчдын хариуцлагатай холбоотой заалт бий. Үүнд явган хүн заавал гарц, гармаар зорчих ёстой. Оройн цагаар замын хөдөлгөөнд оролцохдоо цацруулагчтай хувцас хэрэглэхийг тусгасан.
Зорчих хэсгийн хажуугаар явах, гар утас болон түүнтэй адилтгах хэрэгсэл ашиглах, ном унших, хөгжим сонсохыг хориглосон. Явган зорчигч чихэвч зүүж, замын хөдөлгөөнд оролцох тохиолдол элбэг байдаг. Үүнээс үүдэн ойртон ирэх аюулыг сонсож чадалгүй амь, эрүүл мэндээрээ их хохирдог” хэмээв.
Унадаг дугуйтай иргэдийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэсэн ойлголт хүмүүсийн дунд байсан. Энэ заалтын тухайд зөвхөн 14 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй бөгөөд түүнээс дээш насныхан нэгдүгээр эгнээгээр унадаг дугуйтай зорчихыг зөвшөөрчээ.
Мөн шинэчилсэн дүрмийн хүрээнд Хүүхдийн ордны баруун уулзвараар зүүн гар тийш буюу Энхтайваны гүүр рүү эргэх боломжтой болжээ. Ингэснээр Төв шуудангийн уулзвар, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөөний авто замын ачаалал буурах боломжтой гэж албаныхан үзэж байгаа юм.
Г.Баясгалан