Хэлэхэд эвгүй ч, хаашаа ч үгүй үнэнтэй бид нүүр тулж байна. “Дэлхийгээс монголчуудыг зайлуул” гэх болсон. Польшийн нэгэн гудамжинд “Монгол хүн, нохой хоёрыг орохыг хориглоно” гэсэн самбар хэдэн жил өлгөөстэй байна.
БНСУ-д суралцдаг оюутан, докторантууд солонгос найзуудтайгаа хамт суугаад зурагт үзэж чаддаггүй. Монголчууд хулгай, дээрэм тонуул хийсэн тухай худалч хүнд бараг өдөр бүр мэдээлдэг болохоор ичдэг.
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн шугамаар тус улсад ажил хэргээр очсон хүмүүст газарчилсан оюутан Бусанд “хар”-аар амьдардаг, ажил хийдэггүй, буруу аргаар амь зогоож байдаг монголчууд юу ч хамаагүй хулгайлдаг тухай ярихдаа “Бүр хүүхдийн тэрэг байсан ч түрээд явчихдаг, арай дэндүү” гэж ярьсан гэдэг.
Монгол Улсын Ерөнхий сайд Франц улсад айлчлах үеэр тус улсад байнга оршин суудаг монголчууд “Бид монгол хүмүүсээсээ айж амьдрах юм. Өөр үндэстнүүдээс бол эмээдэг ч үгүй. “Энд нэг болдоггүй хүн бий. Нэг хэсэг Монголбанкны ерөнхийлөгч байсан Чулуунбатаас хоёр сая ам доллар хулхидаад, энэ хэргээсээ болоод эх орондоо очих аргагүй болсон юм билээ.
Одоо ажил хийдэггүй, монголчуудаа янз бүрээр дарамталж, хэрэгцээгээ хангаж амьдардаг. Атаман болохоор нь айна гэж боддог байх. Энэ мэтийн цагаандаа гарсан тонуулчдыг яагаад албадан баривчилж, эх оронд нь аваачиж, байх ёстой газар нь илгээж болдоггүй юм бол. Хүмүүсийг айлгаж амь зогооно гэдэг хүчирхийллийн хүнд хэлбэр биз дээ” гэсэн асуулт тавьж байсан.
Өнгөрсөн зун ОХУ-д хөлбөмбөгийн ДАШТ болоход манай халаасны хулгайчид оччихсон “ажлаа хийгээд” явж байсан. Улмаар тус улсын цагдаагийнханд баривчлагдаж, гадаад паспортын дугаар, нэр, хаягтайгаа интернэтийн үзмэр болж, булай болсныг хүмүүс мэднэ.
Харин энэ явдал оросуудын хувьд онигоо биш, хэвийн үзэгдэл. Яагаад гэхээр лав Москвад болж бүтэхгүй явдалтнуудаа “Аан, монгол л байна лээ” гэж ярьдаг болсоор удсан. Тэр бүү хэл энүүхэн ойр байх, угсаа гарвал нэгт буриадууд маань ч “манийгаа” үзэхээ байж эхэлж буй.
Хамгийн түрүүнд тэд монголчуудаас Байгал далайгаа харамлаж байгаа юм. Монголчууд тус улсад визгүй зорчиж эхэлснээс хойш зун болохоор машин машинаар очих монголчууд өмссөн хувцастайгаа дэлхийн хамгийн цэнгэг нуур руу яваад орчихдог.
Үүнийг харсан ямар ч орос, буриад манайхныг “Үхэр монголчууд” гэнэ шүү дээ. Энэ мэт хулгай хийж, худал хийдэггүй юм гэхэд соёлын, харилцааны дутагдлаас болж бусдад ад шоо болох нь ч монгол хүний нэр төр сэвтэх, гундахад нөлөөлж байна.
Социализмын үед хойд хөршид сурдаг байсан монголчууд вьетнам, лаосуудыг “хурга”, “төлөг”-өөр нь дуудаж “дээрэлхдэг” байсан.
Тэд ингэж хэлүүлж, дорд үзүүлэх явцдаа суусан газраасаа шороо атгаж боссоор байгаад дэлхийн техник, технологийн дэвшлийг амьдрал, ахуйн наад захын соёлтой нь эх орондоо нутагшуулаад, эдүгээ Вьетнам л гэхэд хөгжлөөр өндөрт гараад ирсэн. Гэтэл монголчууд хулгайч, тонуулчин, архичин, зодоончдынхоо гайгаар энэ гаргийн шинэ үеийн дорд үзэгдэгсэд болжээ.
Америк, Европт ялгаагүй, хятадууд энэ дэлхийн хамгийн муухай, болж бүтэхгүй хүмүүс мэт байсан үе бий. Солонгосчууд ч дутахгүй. Хятад болон солонгос хороолол гэж хүртэл байдаг, тэнд төрсөн, өссөн бол хүн биш шахам байв.
Негрүүдийг хар гэж гадуурхдаг, арабуудыг халтрууд гэж хоёрдугаарт тавин, латинуудыг дорой гээд тоодоггүй байлаа. Гэтэл одоо энэ үндэстнүүдийн аль аль нь дэлхийн дүрмээр амьдарч сурч байна. Тэд ардчиллыг ойлгодог, амьжиргаагаа ч аятайхан аваад явдаг болсон.
Харин монголчууд гаднаа гяланцаг, дотроо паланцаг, архиддаг, зодолддог, зочид буудал, айл, түрээсийн байр гээд амьдарч буй орчиндоо хүндрэл учруулж, бэрхшээл үүсгэдэг хэвээр. Мэдээж монгол хүн бүр ийм биш. Харамсалтай нь, цөөн хэд нь ингэж амьдардаг л байхад улс, үндэстэн нийтээрээ хар жагсаалтад бичигдэх юм.
Гадаадад амжилттай яваа монголчууд үндэстний, улсынхаа нэр хүндийг иймэрхүү түвшинд яваа гэдгийг ойлгож, мэдрэх тусмаа илүү чанга, сайн байхын төлөө чармайдгийг мэдэрдэг.
Сошиал ертөнцөд олны танил нэгэн Польшоос “Тэгэх тусмаа би энд үлдэнэ. Польшууд биднийг хулгайч, архичин гэж хардаг. Би тийм монголчуудаасаа өөр гэдгээ ажил үйлсээрээ харуулах болно” хэмээн бичсэн байсан. Ингэж хэлэхдээ тэрбээр шүдээ зуусан ч болов уу.
Бельги улсад амьдардаг, төрийн байгууллагад нь өндөр алба хашдаг Б.Оюунтүлхүүр саяхан болсон орон нутгийн сонгуульд бусад иргэний хамт нэр дэвшиж ялсан тухай бид мэдээлсэн. Тэрбээр сонгуулийн явцын талаарх сонин сайхан ярьж байхдаа нэгэн тохиолдлын тухай хөндсөн юм.
Сонгуульд өрсөлдөгч намын төлөөлөл олны өмнө үг хэлэхдээ болж бүтэхгүй зүйлийн талаар ярих үедээ тодотгож “Яг монгол шиг байсан” гэж гэнэ. Тэгэхэд нь нэр дэвшигч Б.Оюунтүлхүүр “Дээхнэ үед хүн хэрэглэж байсан, хүн судлалын, монголоид гэдэг нэр томьёог дэлхий нийт хэрэглэхээ болиод хэдэн арван жил болж байхад, өдгөө дахин гаргаж ирэхийг оролдож байгаа нь энэ хүн мэдээлэл болоод сэтгэлгээний хувьд хоцрогдсоноо харууллаа” гэж өндөр дуугаар хэлээд таг болгосны зэрэгцээ цуглаанд ирсэн сонгогчдоос оноо авсан тухайгаа хэлж байсан юм.
Алсад суугаа зарим маань үндэстнийхээ нэр төрийг өргөж, хамгаалсандаа ингэж баярлаж байхад бусармагууд нь гутааж байдаг. Улс орон, үндэстэн, өв соёл, ахуй, ер оршихуйн нэр төр гэж байх ажгуу. Энэ бүхэн бидний үнэ цэн, үхтэл харамлах үнэт зүйл бус уу. Монгол хүн монголоо гэхгүй, монголчууд Монгол Улсаа, үндэстнээ гэхгүй юм бол энд тэнд “Би монгол хүн” гэж шүлсээ үсчүүлж, эх орон, ард түмэн, ар гэр, үр хүүхдээ гэх сэтгэлгүй хөндий цээжээ дэлдэж явахын хэрэг байна уу.
Мэдээж тийм хүн болгоныг баривчилж авчраад, торны цаана хашаад байх эрх зүйн үндэслэл үгүй. Харин хууль хяналтынхны хараанд байдаг, монголчуудаа зүдрээж, өөрөөр хэлбэл, хүчирхийлж амьдардаг этгээдүүдийг журамлах цаг болсон биш үү.
Үүнээс гадна гадаадад явах хүмүүсээс өөрийгөө аятайхан авч явахын зэрэгцээ өрөөлд гай болохгүй, амьдарч, ажиллаж чадах, эсэхийг нь асууж, амлуулж, гарын үсэг зуруулдаг ч юм уу, ямар нэгэн арга хэмжээ авдаг болох уу. “Хүн хэлэхээс наашгүй” гэдэг.
“XXI зуунд юу яриад байгаа юм” гэх хүн гарах л байх. Гэхдээ улс, үндэстнээрээ хүний нийгмээс хөөгдөөгүй дээрээ ямар нэг арга бодож, шийдэлд хүрэхийг цаг үе шаардаж буй. Гадаад хэргийн болон ХЗДХЯ энэ асуудлыг анхааралдаа авч, олон нийтээр хэлэлцүүлбэл яасан юм бэ.
Улмаар УИХ-ын түвшинд авч үзэж, шаардлагатай гэж үзвэл Монгол хүний нэр төрийг унагахын эсрэг хууль гаргасан ч болох биш үү. Ийм бодол олон хүнд төрж буй гэдэгт итгэлтэй байна.
Бүгдээрээ хэлэлцэж, бүлээн усаар угаая.