Нийтлэл 45
Сэргэлэн Интернашионал Экспедишион ТББ Түрг Ашна овгийн гарал үүсэл, Түрг овогтон (аймаг), Түрг илийн (их улсын) түүхийг та бүхэндээ эх сурвалжаар тайлбарлан үндсэн ой санамжинд тогтсон буруу түүхийг цэвэрлэж байна. Түрг овогтны түүх нь ойрдын дээдсийн түүх болохоос Персүүдээр турк гээн нэрийдсэн Стамбулын туркийн түүх огт биш гэдгийг батлав. Түрг овогтны тухай С.Е.Малов, В. Радлов, В. Томсон, Л. Гумилев болон бусад дэлхийд нэр цуутай судлаачдын хийсэн эх сурвалжгүй мэдэгдэл болгонд түүхэн баримтаар мануус няцаалт барих болно.
Гадны судлаачдын хамгийн том буруу нь тэд мал ахуйтны нийгэм журмыг огт ойлгоогүйгээс гадна тариалан ахуйтны нийгэм журмаар манай түүхийг тайлбарласанд оршино. Мал ахуйтны нийгэм журамыг бүрдүүлдэг ураг, айл, овог, овогтон гэх мэт ухагдхуунуудыг Д.Гонгор “Халх товчоон” номондоо тодорхойлох гээн оролдсон ч дийлсэнгүй, өгсөн тодорхойлолтуудаа шалгаж баталсангүй. Д.Гонгор юу бичсэнээ өөрөө ч сайн ойлгосонгүй. Сэргэлэн Интернашионал Экспедишионы хамт олон овог, овогтоны тодорхойлолтыг өөрсдөө зохиогоогүй, Хожуу Хан төрийн бичигт Фан.Э-гийн бичсэн тодорхойлолтыг аван мянган жилийн дараа бичигдсэн Монголын нууц товчоон дээр шалгаж зөв гэдгийн баталсым. Нийтлэл 26,27,28,29-өөр овог, айл, улс, аймгийн (овогтны) тухай дэлгэр нийтлэлээ уншигч та дахин сэргээгээрэй. Дээрх ухагдахуунуудыг билрэхгүйгээр мал ахуйтны түүхийг бүтэн цогцоор нь үл сэргээнэ.
Уйгур төрийн түүхийг та бүхэнд хүргэхээс өмнө хэдэн зүйл өгүүлэх нь зөв гээн бодож байна. Уйгур төрийн түүх нь мануусын оюун санаанд тогтсон түүхийн ойлголтуудыг эвдэнэ. Сэргэлэн Интернашионал Экспедишионы хамт олон 5 жилийн өмнө Түрг, Уйгурууд манай Монгол руни бичгийг гүжирдэн өөрийн болгожээ, үүнийг таслах зорилгоор анх руни гэгдэх үсэг бичиг судалж эхэлсим. Судалгааны үр дүнгээр Түргүүд ойрдын дээдэс болж, Уйгур овогтон нь манай түүхийн ноён нуруу болов. Уйгурын тухай манай тэргүүлэх судлаачид судлаагүйн улмаас өнөөгийн Шинжааны уйгуруудаар төсөөлөн буруу ойлголттой өнөөг хүрэв. Уйгур овогтны тухай цуврал нийтлэлүүд нь манай түүхийн мурийг засна. Хамаг монгол овогтны дээдэс болох Ши вэйчүүдийн тухай өгүүлэх дэлгэр нийтлэлүүд нь манай түүхийг улам тод болгоно.
Уйгурын түүхийг ямар эх сурвалжуудаар тайлбарлах вэ?
Хуучин Тан төрийн түүх Уйгур, Шинэ Тан төрийн түүх Уйгур, Шинэ могой усны бичиг, Тэсийн бичиг, Тариатын бичиг, Ертөнцийг эзэгнэгч Жуйвэни, Судрын чуулган Рашид ад Дин, Лео улсын бичгийн хэсгээс.
Хуучин Тан төрийн бичигт Уйгур-ыг Хуй Хэ гээн хан хэлний хөгөнд оруулан бичжээ. Мануус уг нийтлэлдээ Хуй Хэ-г Уйгур гээн бичих болно. Энэ удаагийн чухал нийтлэлүүдийг ойлгомжтой болгох үүднээс тайлбар ихтэй бичиж байна.
“Уйгурын, дээдэс нь Хүннүгийн Хойчис бөлгөө. Хойно Вэй улсын үе, Те лэ аймаг гэсэн нэртэй байв. Бага жижигхэн байтлаа баатарлаг хүчтэй. Гао чэгий түшиж,Түрэгт харьяалагдана. Өдгөө Те лэ гэж нэрлэгдэнэ. Ахлагч гэж үгүй. Байнга нэгэн газар суухгүй. Ус өвс даган нүүдэллэнэ. Ааш зан нь догшин хэрцгий. Унаж, намнахдаа гарамгай. Хэтэрхий шунахай байдаг. Дээрэм, тонуулыг ажил мэт үзнэ. Түрэгийн үеэс эхлэн улстай болов. Зүүн, баруун тийш байлдаж бүгдийг нь олзлон хойт хээрийг эзлэв. Суй улсын Кай хуанийн сүүлчээр (581-600 онууд-Кай хуаний тооллого) Жин улсын ван хойшоо Түрэгийг ихээр дайлж Бу жа хааныг их ялав.
Те лэ түүнээсээ болж сарниж бутрав. Да егийн анхдагч (605 он) он Түрэгийн Чу ло хаан Те лэгийн олон аймгийг дайрч тэдний юмыг их олзлов. Шө ян тои-ийг бас хардаж урвахаас нь эмээж тэдний ахлагчаас хэдэн зуун хүмүүнийг цуглуулан бүгдийг нь хядав. Те лэ түүнээс болж урвав. Тэ лэ-д анх По гу, Тун ло, Уйгур, Ба е гу, Гай ло бу байв. Сы жин гэж нэрлэж байгаад хожим Уйгур болсон ажээ. Шө ян тогийн хойт хилээр Сө лин голын хөрвөөгөөр нутаглана. Түүнээс Чан ан хүрэхэд зургаан мянган есөн зуун ли болно. Ус өвс даган нүүнэ. Цэрэгт мордох таван түмэн хүн бий. Арван түмэн хүн амтай”. Хуучин Тан төрийн бичиг Уйгур.
Тайлбар:
“Уйгурын, дээдэс нь Хүннүгийн Хойчис бөлгөө. Хойно Вэй улсын үе, Те лэ аймаг гэсэн нэртэй байв” гээд шууд бичсэнийг өнөөгийн болон цаашдийн судлаачид анхаарах ёстой. Энэ бол маш чухал өгүүлбэр. Орхон, Туул, Хануй, Хүнүй, Сэлэнгийн сав газар нь Хүннүгийн зүрхэн нутаг буюу Уйгурын түүх нь Хүннүгийн газар усны эзний түүх болно. Харамсалтай нь манай өнөөгийн түүх газар усаа бариагүй, хаан бариж хазайсан мурий түүх болжээ. Харийхнаар бичүүлсэн ийм мурий түүхийг үр хойчисдоо өвлүүлнэ гэхээс өр зүрх өвдөх юм.
Умард төрийн түүх Түрг Тэ лэ-д “Түрэг хэмээгч дээдэс нь Өрнөд далайн баруунд амьдардаг. Тусгаар аймаг болно. Хүннүгийн өөр угсаа болох магадалтай ажээ. Овог нь Ашина болно” гэжээ. Түргүүд Хүннүгий хойчис гэж бичээгүй. Ойрдуудын дээдэс Түргүүд нь Хүннү илийн (их улсын) харъяат байсан болохоос Хүннүгийн шууд хойчис байсангүй. Мөн Хамаг монгол овогтоны дээд түүхийг Ши вэй-гээс XIII зуун хүртэл хөөхөд тэд Хүннүгийн шууд хойчис байсангүй.
Умард төрийн түүх Түрг Тэ лэ-д: “Тэ Лэ-гийн дээдэс нь Хүннүгийн хойчис болно. Төрөл зүйл нь хамгийн олон. Өрнө далайгаас зүүншээ уул хавцал даган амьдардаг. Тоогүй олон аж. Ду Ло хэ (Туул) голын хойгуур Пү Гү, Тун Ло, Вэй хэ, Ба е гү, Дян Ло бүгдээр Ай жин гэж нэрлэгдэнэ ...” гэжээ. Тэ лэ нь Уйгур болон Шө ян тогийн дээдс байжээ.
“Тэ лэ-д анх По гу, Тун ло, Уйгур, Ба е гу, Гай ло бу байв. Сы жин гэж нэрлэж байгаад хожим Уйгур болсон ажээ” гэдгийн Ба е гу нь Баргу буюу өнөөгийн Барга буриадууд болно. Хан хэлэнд “р” үсэг байхгүй тул Ба е гу гээн бичжээ. Гол тэгини хадны бичигт: ойргруу (ойруу) эр байрку буюу эр баргу (барга) гэжээ. Барга буриадууд Хамаг монгол овогтонд орохгүй. Халх, Барга буриадууд Тэ лэ болон түүний хойчис уйгурт орно. Энэ маш чухал түүхэн баримт.
“Шө ян тогийн хойт хилээр Сө лин голын хөрвөөгөөр нутаглана” гэдэг нь Шө ян то (Хүннү, Тэлэгийн хойчис), Сө лин гол гэдэг нь Сэлэнгэ мөрөн болно.
“Цэрэгт морьдох таван түмэн хүн бий. Арван түмэн хүн амтай” гээн бичжээ. Умард төрийн түүх Түрг Тэлэ-д нийт Тэ лэчүүдийн бичигдсэн өгөгдөл тоон дээр шинжилгээ хийхээр тэдний нийт хүн амын тоо хагас сая болж байв. Нийт цэрэгт морьдох эрсийн тоо арван нэгэн түм буюу өнөөгийн тоогоор зуун арван мянга байжээ. Уйгурын тоонд алдаа байна. Зуун мянган хүний тал нь цэрэгт морьдох хүмүүс болоод байна. Хөгшид, балчируудын тоо хаана байна гэсэн асуулт гарч ирж байна. Тэ лэ дотроос нэг хэсэг нь Уйгур болжээ гэдгийг дээрх тоо нотолж байна.
“Анх Де жян сы жин гэж байснаа нас баржээ. Пу са гэдэг хөвгүүн байсныг аймаг нь мэргэн хэмээн өргөмжилжээ. Жэн гуаны (627-649 онууд-Жэн гуаны тооллого) эхээр Пу са болон Шө яан то Түрэгийн хойд хилд халдав. Түрэгийн Же ли хаанаас хөвгүүн Үй гу шэ түшмэлийг явуулж арван түмэн морьт цэргээр дайлав. Пу са таван мянган морьт цэрэгтэй байлдаад Ма ле ууланд ялав. Хойш нүүж Тяан шан ууланд хүрэв. Ахиад дайрч ихээр ялав. Аймаг олныг олзолж Хуй Хэ түүнээсээ их хүчтэй болов. Харьяат олныгоо аван Шө яан тогий түшэв.
Амьд Же ли фа хэмээн Пу са алдаршив. Элч явуулан төрийн бэлэг барив. Пу са маш зоригтой, их цөстэй, арга ухаан ихтэй, дайсантай байлдах болгон өрөө урьдаар тэргүүлэн ордог. Цөөнөөр олоныг ялдаг. Байнга байлдаж агнаж гөрөөлдөг. Түүний эх У ло хун хэрүүл, заргийн хэрэгт чадамгай. Голч шударгаар цагаатгаж залруулна. Аймаг дотроо чанга дэглэмтэй. Уйгурын мандал нь Пу сагаас эхэлсэн бөлгөө. Жэн гуаны дундаж үеэр, Түрэгийн Же ли зэрэг хааныг амьдаар нь барьж буулгаж авсны дараа, Хойд хулгай дотроос зөвхөн Пу са , Шө яан то хүчирхэг байв”.
Тайлбар: “Уйгурын мандал нь Пу сагаас эхэлсэн бөлгөө”. Уг өгүүлбэрт Пу са-г уйгур овогтоны хамгийн чухал хүн гэжээ. Пу са-гийн дотоод зохион байгуулалтын тухай ингэж бичжээ: “Пу са маш зоригтой, их цөстэй, арга ухаан ихтэй, дайсантай байлдах болгон өрөө урьдаар тэргүүлэн ордог. Цөөнөөр олоныг ялдаг. Байнга байлдаж агнаж гөрөөлдөг. Түүний эх У ло хун хэрүүл, заргийн хэрэгт чадамгай. Голч шударгаар цагаатгаж залруулна. Аймаг дотроо чанга дэглэмтэй”.
Пуса хааны тухай өөрийн эх сурвалж бидэнд байна уу? Хадан дээр бичиж үлдээсэн бичиг байна уу? Уйгур улсыг үндэслэгч Пуса гэж хэн бэ? Пуса нь уйгурын Бугу хаан болно. Бугу хааны тухай мэдээлэл бичигч Ата Малик Жуйвенийгийн “Ертөнцийг эзлэгч” номонд ингэж гаржээ:
Голын дэнж дээр орших хот харшийн туйрын нэр Орду Балаг өдгөө Муу Балаг гээн дуудна. Харшийн туйрны гадна, үүдний харалдаа бичээстэй чулуу хэвтэж байхыг мануус харав. Хаан ор сууж байх үеэр ул чулуудыг (чулуунуудыг) эргүүлж тойруулан сонжсоор худаг илрүүлэв. Худган дотор хүснэгттэй том чулуу олдож, түүн дээр (хүснэгт дээр) сийлсэн бичиг байв. Ул бичгийг сэргээ гэсэн (хааны) зарлиг хүн болгонд хүрэв. Нэг нь ч уншиж чадсангүй. Китай гаас ... нэртэй хүмүүс ичрэн (ирүүлэн) тэдний бичгээр сийлсэн хэсгийг нь уншуулсан нь энэ:
“Тэр цагт Кара Корамын хоёр гол, нэг нь Тугла (Туул) нөгөө нь Сэлэнгэ урсан Ик амланчу газар нийлжээ. Хоёр гол хоорондоо ойртохын тэнд хоёр мод байв. Нэгийг нь кушуг (өнөөгийн дуудлагаар хушу буюу хуш) нарстай адил хэлбэртэй, өвөл түүний навч нь супрэстэй (cypress-манайд ургадаггүй мод) адил, түүний (супрэсийн) жимс нь (хуш модны) самартай адил, хэлбэр амт нь мөн хоорондоо төстөй. Нөгөөгийн Тоц гэнэ. Хоёр модны дунд нэг том дов үүсэв. Түүн дээр тэнгэрээс гэрэл тусан өдрөөс өдөрт дов үлүг (том) болсоор байв. Ийм хачирхалтай зүйлийг харсан Уйгур овгууд мэл гайхаж, хүндэтгэлтэйгээр, болгоомтойгоор дов хүрэн цээлхэн, сайхан дуулж байгаатай адил чимээ сонслоо. Тулгар эмийн төрхийн өмнөх умай нь нээгдэж буйтэй адил (довын) хаалга нээгдтэл шөнө болгон довыг тойрч буй 23 метр (thirty paces) зайнд гэрэл тусан харагдуулж байв. (Довон) доторх гэртэй төстөй таван өрөө болгонд үр (эрэгтэй хүүхэд-орчин цагийн буруу хэллэгээр) сууж байв. Хүү болгоны амны харалдаа хэрэгтэй сүүтэй угж нь өлгөөтэй байв. Өрөөний дээд хэсэг нь мөнгөн тороор бүрхсэн байв. Салхи хүүд рүү үлээхэд тэд хүчээ хуримтлуулан хөдөлж эхлэв.
Тэд өрөөнөөсөө гарч асрагч нарт сүжгэлж (итгэж) буй хугацаанд хүмүүс ёслон хүндэтгэл үйлчилгээ үзүүлжээ.
Сүүнээсээ гарангуутай тэд ярих чадвартай болж эцэг эхээ асуухад хүмүүс хоёр модыг заав. Тэд (хоёр) модонд очин зөв хүүд эцэг эхдээ хүндэтгэдэг ёсийг хийв. Мөн хоёр модыг ургуулсан хөрсөнд тэд хүндлэл үзүүлэв. Модууд гэнэт ярив; Сайн хүүд, гээн урам зориг өгөв (энэ хэсгийн орчуулагыг товчлов. Хан хэлнээс Монгол, дараа нь Перс, Англи хэл рүү хөрвөсөн тэмдэг нэрийг онож хөрвүүлэх бэрх); Та нар урт насалж, та нарын нэрс нь мөнхөд үлдэнэ; Тэр орчимын бүх овогууд ирж хөвгүүдэд хааны хүүд хүргэх хүндэтгэлийг хийв. Тэд нарыг явсны дараа хүүхэд болгонд нэр ингэж өгөв: Томд нь Сонгур тэгин, хоёрдах д нь Котур тэгин, гуравдахь д нь Түгэл Тэгин, дөрөвдэхд нь Ор тэгин, тавдах д нь Буку тэгин.
Бүхнийг чадагч бурхан (God) илгээсэн эдгээрээc нэгнийг нь өөрийн эзэн хаанаа болгохоор хүмүүс тохиролцожээ. Биеийн байдал, ур ухаан, оюун санаа нь нөгөөдүүлээсээ илүүгээс гадна харийн бүх хүмүүсийн хэл бичгийг мэддэг нь Бугу байв. Хүмүүс нэг санаагаар түүнийг хаанаар зөвшиж ном журмын дагуу найр хийн хаан болгов. Тэр шудрага ёс, төрийн төмөр нүүрийг үзүүлжээ. Түүнийг дагагсад маш олон байв (утгачилан орчуулав). Бүхнийг чадагч түүнд гурван хэрээ илгээв. Хаана асуудал гарна тэр зүгт хэрээнүүд очин мэдээлэл цуглуулан түүн дээр ирдэг байв.
Хожим түүнийг гэртээ унтаж байхад утааны нүхээр (тооноор) дагина бууж ирэн сэрээв. Тэр айснаасаа болоод унтаж буй дүр үзүүлэв. Хоёр дахь өдөр мөн давтагдав. Зөвлөсний дагуу гуравдах хоногтоо түүнтэй хамт Цагаан ууланд гарч хамтдаа үүр цайтал хурьцал үйлдэв. Долоон жил, долоон сар хорин дөрвөн хоногийн турш түн (шөнө) болгон уг газартаа ярилцдаг байжээ.
Сүүлийн хагацах шөнөдөө тэр (дагина) түүнд ингэж өгүүлжээ:
Дорноос өрнө бол чиний эзэмшил болно. Хичээгээрэй бүү цуцаарай.
Үүний дагуу Сонгур тэгинд гурван зуун мянган цэрэг гаргаж Монгол Киргиз рүү довтлуулав. Котур тэгинд зуун мянган цэрэг гаргаж Тангудыг довтлов. Түкэл тэгинд мөн адил тооны цэрэг гаргаж Төвдийг довтлов. Өөрөө гурван зуун мянган цэрэгтэй Киданийг довтлов. Бүгд олз сауг ихтэй ирэв. Тэд эзэлсэн газраасаа олон хүмүүсийг авчиран орхон голын дэргэд Орду Балаг барив. Бүх дорно түүний мэдэлд очив.
Бугу хаан сайн сайхан амьдран хорвоогийн мөнх бусыг үзэв.
Тайлбар: Харамсалтай нь уг үнэ цэнтэй хадны бичиг алдагджээ. Хэрэв уг бичиг байсан бол Хүннү бичгээр нь уншигч таньд хамгийн түрүүнд сэргээж хүргэх байлаа. Бугу хаан түрг Же ли хааны дараа Илтэрс хааны өмнө ор суужээ. Түрг Же ли хаан, Илтэрс хааны тухай нийтлэл уншигч таньд хүргэсэн болно. Жүйвэйний уг бичгийг үг үгээр нь, өгүүлбэр өгүүлбэрээр нь орчуулсангүй, утгачилан орчуулжээ. Уг бичигт таван хүүгээс нэгийг нь сонгосон гэдэг нь Тэ лэгийн дотор байсан таван овог хурсаныг (нийлсэнийг) өгүүлж байна. Үүнд По гу, Тун ло, Уйгур, Ба е гу, Гай ло орно. Уйгур нь Бугу хааны овог болно. Уйгур гэдэг нэр нь гээн хадны бичигт изгүрээр сийлэгджээ. Уг изгүрийг үгээр салгахаар “гур” болно. Уй гэдэг үг нь “уй” буюу “ой” гээн угаар дуудагдаж байна. Уг үгний үзийн дуудлага нь үй буюу үерхэх гэдэг үгний үндэс “үе” болно. Гур гэдэг нь хурах, хуран цуглархын үндэс болно. Үзийн дуудлага нь гүр болно. Гүр хаан гэдэг үг үүнээс үүсэлтэй. Уй гур гэдэг нь сайн дураараа нэгдсэн гэсэн утга. Ц.Дамдинсүрэн орос үсэг импортлон манай амны хайрцагийг эвдсэн тул эх бичгээ үл судалсан нэгэнд үгний морфологийн задаргааг хийж уг үгний эх утгыг гаргах боломжгүй болгов. Орос үсгийг зөв Кирилээр засаж амны хайрцгаа сэргээхгүй бол хэл нүдэн дээр мөхөж байна.
Уг бичигт гарж буй нэг алдаа нь Туул Сэлэнгийн бэлчир гэжээ. Орхон Сэлэнгийн бэлчир гэж бий. Туул Сэлэнгийн бэлчир гэж байхгүй.
Бугу хаан олон хэл бичиг мэддэг гээн өгүүлж буй нь тэр үед ардын сургууль байжээ гэсэн дүгнэлтэнд хүргэж байна. Бичиг байгаа үед сургууль заавал байх ёстой.
Бугу хаан дагинатай нөхцөнө гэдэг нь түүнийг ер бусын хүн гэдгийг харуулж байна. Дагин буюу “Таги”-ийн тухай Диван Лугат дээр ингэж бичжээ. “Шөнө сонсогддог чимээ. Түргүүд жил болгон тогтсон шөнө үхэгсэдийн сүнс цугларан амьдарч байсан газраа болон төрлүүд дээрээ ирдэг гэдэг. Энэ чимээг сонссон нэг нь үхдэг. Ийм үнэмшил түргүүдэд байна. Энэ үгэнд “т”- гийн дараа “и” ордог ч минийхээр зөв нь “а” байх ёстой (таки)”. Махмуд-ал Кашгари хос сувгын ойлголтгүй байжээ. Тики таки хоёулаа зөв. Энэ нь тахих гэдэг үгний үндэс таки болно. “Ертөнцийг эзлэгч”, “Судрын чуулган” эх сурвалжуудад Өгөөдэй хаан ясту (язгууртан-орчин цагийн зохиомол үгээр) гаралтай дөчин онгон охиноор тахисан тухай нийтлэл хүргэсэн болно. Тэнгэрийн дагина гэдэг үгний үүсэл ийм.
“Үүний дагуу Сонгур тэгинд гурван зуун мянган цэрэг гаргаж Монгол Киргиз рүү довтлуулав” гэжээ. Тухайн үед Монгол гэж байсангүй. Шивэй овогтон дотор Монгу шивэй гээн овог байсан. Ши вэйчүүд анх Түрг төрийн албад байж байгаад дараа нь Тан төрийн албад болсон. Өөрийн улс гэж тэд нарт байсангүй. Хадны бичигт Монгол гээн орсон байх ёсгүй. Тухайн үед Ши вэйчүүдийг өөрийнхөө дээдс гэдгийг тэд танисан тул Монгол гээн оруулжээ. Уйгурын хойчис хэрэйдүүд болно. Энд түргүүд хаачив гэдэг асуулт гарч байна. Түргүүд уйгур илийн дотор байв. Яагаад Бугу хаана умард зүгрүү цэрэг хөдөлгөсөнгүй вэ? Хариулт амархан. Тэд өөрсдийнхөө эсрэг яахан цэрэг хөдлөгөх билээ. Халх, Барга-буриадын дээд Уйгур Бугу хаан Хамаг монголын дээд Шивэй рүү цэрэг хөдөлгөжээ.
Битигч Рашид-ад-Дины Судрын чуулганд Бугу хааны тухай ингэж өгүүлжээ: “Найманууд Чингис хаантай йаглахаас (дайсагнахаас) өмнө тэдний хааныг Инанч-Билгэ Бугу хаан гэдэг байжээ. Инанч гэдэг үгний утга нь “үнэнч”, билгэ гэдэг үгний утга нь “том”. Эрт урьд Бугу хаан маш том эзэн байсан, мөн нэг модноос гаралтай гэдгээ уйгур болон олон (өөр) овгууд хүндэтгэн ярьдаг. Инанч билгэ Буку хаан үнэхээр хүндтэй эзэн байсан бөгөөд олон үртэй (эрэгтэй хүүд) байжээ. Том хүүг нь Бай-Бука (Баян Бугу) гэсэн нэртэй байжээ. Киданы эзэд түүнийг Ай-Ван гээд дууддаг нь тэдний хэлээр “хааны хүү” болно”.
Тайлбар: Рашид-ад-Дин Найман болон бусад овогууд Бугу хаанаас гаралтай бөгөөд тэд нэг модноос салаалсан гэсэн утгыг тод гаргажээ. Хэрэйдийг үүнд оруулсангүй учир нь Наймануудтай Чингис хаан йаглах (дайсагнах) тэр үед Хэрэйд Хамаг монголтой нэгдсэн байжээ.
“Инанч” гэдгийг Диван Лугатад “итгэлтэй” гээн орчуулжээ. “итгэлтэй баг” (удирдагч). Уг нь инанж гэдэг нь үнэнч гэсэн утга. Араб бичгээс буцаан сэргээхдээ “үнэнч” “инанч” болов. Манай тариатын хадны бичигт уг үг “инунчу бага” гээн бичигджээ. Баг гэдэг үгийг өдгөө багын дарга гээн сум болгонд хэрэглэж байна. Зөв нь багын дарга биш баг дарга болно. “Баг” угын дуудлага “бэг” үзийн дуудлага. Хадны бичигт уг хоёр дуудлага хоёулаа оржээ. Инунчу угын дуудлага үнэнч үзийн дуудлага болно. Билгэ гэдэг үгийг Рашид-ад-Дин “том” гээн буруу тайлбарлав. Диван Лугатад “ухаантай” гээн тайлбарлав. Өдгөө Билгэ нэртэй хүмүүс монголоор дүүрэн байна. Оюунбилгэ гэдэг нь оюун ухаан, Содбилгэ гэдэг нь сод ухаан болно. Билгэ гэдгийн үндэс бил гэсэн үйл үг. Бил гэдэг нь юмыг ухан мэдэхийг хэлнэ. Тийм бил үү? Ийм бил үү? гэдэг нь мэдэх үү гэсэн асуулт. Билрэх гэдэг ухааныг нь олох гэсэн утга болно.
Дүгнэлт: Харийхнаар түүхээ бичүүлсэн манайх шиг улс гүрэн дэлхий дээр хэд байдаг бол? Түрг овогтныг Стамбулын туркууд гээн Уйгур овогтныг Шинжааны уйгур гээн түүхийн том төөрөгдлийг дээдсийн үлдээсэн хадны бичгийн буянгаар эх сурвалжуудыг тайлж арилгаж байна. Манай түүхийг манай газар усны Зүүн хойноос гаралтай, хамгийн сүүлийн Хамаг монголын төрөөр төв түүх болгон бичсэнээс төөрөгдөл үүсэв. Үр дүн нь энэ өдгөө бид наймхан зууны түүхтэй, уртаашаа ганц номтой болж хоцорсны учир ийм. Наполеон агуу эзэн хаан, гэхдээ Францын түүх түүнээс урт, түүнээс агуу гэдэгтэй адил манай түүх XIII зуунаас эс эхэлжээ. Бид Хүннүгийн зүрхэн газар ус болох Орхон, Хануй, Хүнүй, Туул, Сэлэнгийн савд хаанаас ч ирээгүй хашаа ч яваагуй болно. Бид газар усныхаа эзэд.
Дараагийн дугаарт: Есөн угс уйгур болох тухай өгүүлнэ.
Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн