Нийтлэл 43
Түргийн шастир дээд. Хуучин Тан Төрийн бичиг
Хуучин тан төрийн түүх, Түргийн шастир дээд-ийн энэ хэсэгт Түрг сар овогтны түүх (Зүүн түрг буюу Өтүгэн түргийн түүх) бөгөөд 683-742 онууд буюу нийт 59 жилийн түүхийг өгүүлжээ. Энэ түүх нь ойрд, халхуудын дээдсийн түүх болно.
“Го ду луй хэмээгч Же лийн харьяат байв. А ши нэ овогтой. Түүний өвөө нь Шан юй-гийн ун жун ду ду түшмэл Ши лэ юань ингийн гар доорх ахлагч байжээ. Үе улирсанд Ту дун ши байв. Фу нян ялагдахад салж бутарсаныг Гу ду ло хурааж зун цай уулд орж, дээрэмчин болов. Таван мянга илүү хүмүүн цугларсан байв. Есөн овогтоныг дээрэмдэж, хонь адуугаас асар олоныг олзолжээ. Алгуур хүчирхэгжиж өөрийгөө хаан өргөмжлөв. Түүний дүү нь Мо ши ни шэ түшмэл байв. До ши фу, Е ху түшмэл байв. Тэр үед А ши дэ юань жэн, Шан юань хажууд байж, бууж өгсөн аймгуудыг хянаж байв. Чан зо ши түшмэлийг Шан юй-гийн Чан ши түшмэл Ван бэн ли бариж хорижээ. Гу до луй-тай нийлж, дээрэмд гэв. Юань жэн урьдах шигээ аймгуудыг хянаья гэсэнд А по да ган өргөмжилж, цэрэг агтын хэрэг учирыг хамаарав”.
Тайлбар: Хадны бичгүүдэд Го ду луй нь Илтэрс хаан байжээ. Го ду луй нь Түрг овогтны Илийн (Их улсын) төр үүсгэгч Ил хаан Түмэнгийн угш үл болно. Тэгэхдээ Ил хаан, Илтэрс хаан хоёул Ашна угшлых тул их улсынх нь нэр Түрг гээн хэвээр үлдэв. Нэг ялгаа нь Тонуйкукын бичигт өөрсдийгээ “сэр” түрг гэж бичжээ. “Сэр” үзийн дуудлага, “сар” угын дуудлага. Тэд өөрсдийгөө “Түрг сар овогтон” гэж албан ёсоор тунхаглан хаданд бичин үлдээв. Есөн овогтон гэдэг нь Уйгур болон өнөөгийн халхуудын дээдэс, Хүннү, Тэлэ-гийн хойчис. Хадны бичигт токуз угз буюу “есөн угс” гээн тэмдэглэгджээ. Есөн угс Түрг төрийн гол ул суурь нь байв. Есөн угсын тухай дэлгэр мэдээлэл уншигч таньд очих болно. Илтерс хаан есөн угсыг цохисны дараа Өтүгэнд ирж уллав (суурьшив). Хадны бичигт ойр хавийн бүх овгууд түүнийг дагжээ гээн бичжээ.
“Юун чүний хоёр (682 он)он, Вэй жоугаар орон дээрэмдэв. Фэн жоугийн ду ду түшмэл Цуй бян дайран цохиод, хулгай нарт алагдав. Вэн мингийн анхдагч (684 он) он, Шө жоуг дээрэмдэж, хүн ардыг алж талав. Зэ тяанаас Зо у вэй их жанжин Чэн у тинийг Шанюй дао-г түвшитгэх их жанжин болгон дайнд бэлтгэв. Цуй хунгийн хоёр (686 он) дугаар он. Шө, Дай хоёр жоуг Гу до луй дээрэмдэв. Зо юй лин вэй жун лан жан түшмэл Го юй чу пин-г Ян чуй даогийн ерөнхий захирагч болгов. Дэд жанжин Жун лан жан түшмэл Пу ин Жеагаар туслуулж Ши жоу хүрээд дээрэмчидтэй байлдав. Ялагдаад олон хүн үхэв. Гуравдугаар он (687он), Чан пин-г Го до лу, Юань жэн дээрэмдэв. Зо ин ян вэй их жанжин Хо чи чан байлдаж ухруулав. Тэр жилийн найман сард Шө жоуг дээрэмдэв. Чан чи-г Яан ран даогийн их захирагч болгов. Хуан хуа дуй-д хулгайг дайлж, их ялав. Дөчөөд илүү ли хөөгөөд, хулгайн олон элсний хойгуур бутран одов. Ю жяан Мэн Жун лан жан түшмэл Цуаэ Бао Ви түм гурван мянган шилдэг цэрэг авч хилээс гарч хөөв. Лу ло ли-д ялагдаж, бүх цэрэг нь устгагдав. Бао Ви хөнгөн морь унаатай оргон харьж ирэв. Анх Чан чийн хулгайг ялахыг үзээд Бао Ви үлдэгдлийн сөнөөе хэмээн их гуйсан байв. Зэ тяанаас Чан чи болон Бао Ви-ийг дуудаж, арга зөвлөлдөн туслалцахыг хэлэлцэв. Бао Ви-гээс хулгайг дийлэх нь агшин зуурын хэрэг хэмээн гавъяа байгуулах гээд урьдаар хөдөлжээ. Хүн явуулан хилээс хоёр мянга илүү ли газрын байдлыг тагнуулав. Юань жэн нарын аймгууд бүгдээр бэлтгэлгүй байхыг харав. Харьяат олноо дагуулан дайрав. Хүн явуулан хулгай бий хэмээн мэдүүлэв. Цэргийн зэр зэвсэг хүнсний тусламж олж, байлдаад хулгай харт дарагдав. Бао Ви шоронд орж үхэв. Зэ тяан их хилэгнэж , Гу до лу-гийн нэрийг Бао зу луй хэмээн халав. Юань жэн цэрэг аван Түрэгтэй байлдаж, дайны талбай дээр үхэв. Гу ду луй,Тяан шөгийн оны (691 он) дундаж үеэр өвчилж үхэв”.
Тайлбар: Зэ тяан нь Тан илийн (их улсын) Гао зун хуандийгийн хатан байжээ. Гао зун хуандийг өөд болсоны дараа хоёр хүүгээ хуанди ээлжлэн болгож дараа нь тэднийгээ ээлжлэн гуд татан өөрөө “хатан хуанди” болжээ. За тяан Тан төрийн нэрийг солин Жоу төр (690-705 он) болгожээ. Зэ тяаныг оочсоны дараа хуанди байсан хоёр хүү нь дахин ээлжлэн хуанди болжээ.
“Мо чо хэмээгч, Гу до луйгийн дүү бөлгөө. Гу до луй үхэхэд, хөвгүүн нь нялх байжээ. Мо чө орыг булааж өөрийгөө хаан өргөмжлөв. Чан шугийн хоёр (693 он) он, харъяат олноо дагуулан Лин жоуг дээрмдэж, хүн ардыг алж талав. Зэ тяанаас Бай ма сы хийдийн хуварга Шо хуай и-г Дай бэй даогийн цэргийн ерөнхий захирагч болгов. Арван жанжныг удирдан байлд гэв. Хулгайтай учирсангүй, цэргээ аван буцан ирэв. Мо чө-гээс хүн явуулан төрд бараалхав. Зэ тяан их баярлав. Зо вэй их жанжин болгож, Гүй го гун түшмэлийн цол олгов. Таван мянган ширхэг эд юм соёрхов. Дараа жил нь Чиан шан хаан хэмээн нэмж өргөмжлөв”.
Тайлбар: Хадны бичигт Мо чо-г Ачимкаган буюу Ачим хаан гээн өргөмжлөгджээ.
“Ван сүй тун даян анхдагч он (696 он), Киданы ахлагч Ли жин зун сүн ван рун урваж Ин фугийн захиргааг эзлэв. Мо чо элч явуулан айлтгасан нь: “Хэ шийн дагасан өрхүүдийг буцааж өвгөөс аймгуудын цэрэг агтсыг аван улсын төлөө Киданыг дайрч цохие” гэв. Зөвшөөрөв. Мо чо Киданыг дайлж, аймаг олныг нь их ялав. Тэдний айл өрх бүхийг нь олзлов. Мо чогийн цэрэг үүнээс эхлэн хүчирхэгжив. Зэ тяан бичиг бариулан элч явуулж, Мо чо-г Ту жин, Же дели ши Их шаньюй, Гавьяа байгуулан улсыг туслах хаан хэмээн өргөмжлөв. Шэн юаны анхдагч он. Мо чо Зэ тяанд хөвгүүн болъё гэв. Өөрөө охинтой, энх ураг барилдая гэв. Анх Шиан хэний оны дундаж үеэр, Түрэгийн олон аймаг ирж дагав. Ихэнхийг нь Фэн, Шэн Лин, Ша, Шо, Дай зэрэг зургаан жоуд байршуулав. Дагасан өрх гэж нэрлэдэг. Мо чогийн үеэр эдгээр дагасан өрх Шаньюугийн Ду ху фу захиргааны газрыг авъя. Бас тариалангийн хэрэгсэл, тарих үр өгөх болов уу гэжээ. Зэ тяан анх зөвшөөрөөгүй. Мо чо их хилэгнэж, асар бардам үг хэлсэн байлаа. Манай элч Сы бин Чин түшмэл Тяан гуй даог хорьж хороов. Тэр цагт түүний цэргийн сүрээс төр зүрхшээж байв. На яан түшмэл Яао су, Луан тай чи лан түшмэл Ян зай сыгээс энх ургийн зөвшөөрөх зөв гэв, тэгээд зургаан жоугийн хэдэн мянган дагсан өрхийг хөөж хүргэв. Дөрвөн түмэн со үр, гурван мянган ли-д тариалахад шаардагдах хэрэгсэл өгөв. Мо чо түүнээс шалтгаалан бардамнадаг бөлгөө”.
Тайлбар: Киданы ахлагч Ли жин зун Жоу төрөөс урван Иг фугийн захиргааг эзэлсэнийг Мо чо ухаантай ашиглав. Зэ тяан хатан хуандийд элч явуулан “Киданыг цохиж туслая оронд нь Хэ шийн дагасан өрхүүдийг буцаан авъяа” гэдэг дээр тохиролцожээ. Үр дүнд нь Мо чо аль алийн өөртөө хураав.
Хэлний тухай: “Мо чогийн цэрэг үүнээс эхлэн хүчирхэгжив”. Мо чо Киданы үлэмж өрхийг олзолжээ. Дүгнэлт: Хүннү хэл аль хэдийнээ дундын хэл болсон байжээ. Кидан бол зүүн аялага, Түрг бол баруун аялага, Есөн угс төв аялага байжээ. Энэ тухай хожим дэлгэр өгүүлэх болно.
“Тэр жил, Зэ тяан Вэй ван У чэн сы, Нан хуай ван Яан шиуг ван Яан шиу-г түүний охинтой гэрлүүлтүгэй гэв. Ю бао тао вэй их жанжин Яан чи вэй-д Цун гун шан шу түшмэлийн тушаалыг, Ю у вэй лан жэан түшмэл Ян луан жуан-д ШИ Вин чин тушаалыг тус тус үүрэглүүлэв. Хулгайн өргөөнд их хэмжээний алталсан торгыг хүргэв. Чо ёо-гээс Чи вэй нарт хэлсэн нь: “Миний охин Ли овогт тэнгэрийн хөвгүүнтэй гэрлэх ёстой. Та нар өдгөө У овогтын хөвгүүнийг явуулжээ. Энэ нь тэнгэрийн хөвгүүн мөн гэж үү? Манай түрэг үе үеэрээ Ли овгийг дагасан. Өдгөө Ли овогт тэнгэрийн хөвгүүний удам тасраагүй, хоёр хөвгүүн байна гэж сонссон. Одоо би цэрэг гаргаж туслана” гээд Яан шиу нарыг барьж өөр газар хорив. Чи вэй вэй хаан хэмээн хуурмаг цол аван, арван түм илүү харьяат олоныг удирдан манай Жин нан, Пин ди, Чин И зэрэг цэргүүдийг дайрав. Жин нан цэргийн Сы зо жэн фэн вэй жанжин Му рун шуан, таван мянган цэрэг аван дагав. Завшиж Гуй, Дан зэрэг жоуг дээрэмдэв. Зэ тяанаас Ши су чин түшмэл У цун гуйг Тян вин цэргийн дунд замын их ерөнхий захирагч, Ю у вэй жанжин Ша то зун и-г Тян бин цэргийн баруун замын өмнөт ерөнхий захирагч, Ю жоугийн ду ду түшмэл жан рэн даныг Тян бин цэргийн зүүн замын ерөнхий захирагч болгож, гучин түмэн цэрэг аван байлд гэв. Ю Юй ли вэй их жанжин Яан жин рун-ыг Тян бин цэргийн баруун замын хойт цэргийн ерөнхий захирагч болгож, арван таван түмэн цэрэгтэй туслах хүч болгов. Мо чо, Хэн юуй даогаар гарч, Вэй жоуг дээрэмдэн, Фэй ху сүтийг бүслэв. Давшиж Дин жоуг байран, Ци ши түшмэл Сун яан гао-г алав. Байр байшинг галдан шатаав. Эр эмсийг дээрэмдэн булаав. Хөгшин нялх гэж ялгахгүйгээр бүгдийг алав. Зэ тяан их хилэгнэв. Мо чо-г алсан хүмүүнд ван цол олгоно нэж зарлав. Мэо чо-г Жан цо хэмээн солив. Жао жоуг бүслэн шахамдуулахад, чан ши түшмэл Тан бо но хэрэм таван туслав. Ци ши түшмэл Гао руй урвсангүй, байлдаж байгаад үхэв.
Зэ тяанаас Лу лин ваныг хаан хөвгүүн хэмээн өргөмжилж, Хэ бэй замын замын цэргийн их ерөнхий захирагч болгов. Цэрэг хөдлөөгүй байтал Мо чо, жао, Дин зэрэг жоугийн найман есөн түмэн эр эмийг булааж, У хуй замаар гарч одов. Зам дагуу алж хядсаныг хэлэхийн аргагүй байна. Ша то зун и болон хойт цэргийн ерөнхий захирагч Ли до зо нарт их цэрэг байсан ч хулгай нар нэг нэгнийгээ харан зүрхшээж байлдахгүй байв. Хэ бэй замын их ерөнхий захирагч, На яан түшмэл Ди рэн же арван түмэн цэрэг аван хөөгөөд гүйцсэнгүй”.
Тайлбар: : “Миний охин Ли овогт тэнгэрийн хөвгүүнтэй гэрлэх ёстой. Та нар өдгөө У овогтын хөвгүүнийг явуулжээ. Энэ нь тэнгэрийн хөвгүүн мөн гэж үү? Манай түрэг үе үеэрээ Ли овгийг дагасан. Өдгөө Ли овогт тэнгэрийн хөвгүүний удам тасраагүй, хоёр хөвгүүн байна гэж сонссон” гээн Мо чо өгүүлжээ. Уг номыг хөрвүүлж байх үед Б.Батжаргал мань хоёрт эрхэм нэр гэж өөр, овог гэж өөр гэсэн мэдлэг байсангүй. Ли овог биш Ли эрхэм нэр нь зөв болно. Мо чо Ли эрхэм нэртэй хоёр хөвгүүн гээд нэхээд байгаа нь Зэ тяан хатан хуандигийн хуанди байсан хоёр хүүг хэлж байгаа болов уу. Зэ тяан хатан хуандийг хөгшин хонины насгүй гэдгий Мо чо сайн мэдэж байсан учир Зэ тяан хатны У эрхэм нэрийг үл тоожээ. Мо чо-д Зэ тяан хүндэтгэл үл үзүүлсэн тул Жоу төрийн газар ус руу тэр цэрэг илгээжээ.
“Хоёр он (697он). Мо чо өөрийн дүү До ши фү-г Зо шиян ца, Гу до логийн хөвгүүн Мо жуй-г Ю шиян Ца болгож, тус бүр хоёр түмэн цэрэг өгч удирдуулав. Өөрийн хөвгүүн Фу жунийг бага хаан болгож, хоёр шиян цагаас дээгүүр зэрэглэлтэй болгов. Чу мон кун зэрэг арван овогт дөрвөн түмэн илүү цэрэг өгч удирдуулав. Бас То ши хаан гэж нэр алдаршуулан хилийг залгавар дээрэмдэх болов. Жиу шийн анхдагч он. Лун Ю дахь улсаас тэжээж байгаа түм илүү адууг аван оджээ. Ю су жэн и ши да фу түшмэл Вэй юань зуныг Лин у замын их ерөнхий захирагч болгож, дайнд бэлтгэв. Ан бэйн их ду ду түшмэл Шиян ван даныг Тян бин цэргийн их ерөнхий захирагч болгож, олон замын цэргийг удирдуулан байлдах гэв. Мордоогүй байтал хулгай ухарчээ”.
Тайлбар: “Мо чо өөрийн дүү До ши фү-г Зо шиян ца, Гу до логийн хөвгүүн Мо жуй-г Ю шиян Ца болгож, тус бүр хоёр түмэн цэрэг өгч удирдуулав” гэдэг тухай хадны бичигт ингэж өгүүлжээ:
Ачим хаан ул урч дуусгахдаа ( сууриа дуусгаж тавихдаа) намайг Тардуш овогтны (аймгын) дээр шад (албан тушаал болно) болгосым. Хоёр эх сурвалжийг харьцуулахаар Гу до лу нь Илтэрс хаан, Мо жуй нь Илтэрс хааны хөвгүүн хожмын Билгэ хаан болно. Мо чо гийн дүү До ши-гийн талаар хадан эх сурвалжуудад бичигдээгүй болно. Мани таамаглаж байгаар До ши-д Төлэс аймгийн дээр айбгу болгосон болов уу.
“Чан аны Гуравдугаар он. Мо чо-гаас элч Мо хэ да ганыг явуулж өөрийн охиноо хаан хөвгүүнтэй гэрлүүлэхийг гуйв. Зэ тяанаас хааны хөвгүүн Нан пин эн ван болох Цун жюнь (хуанди байсан), И шин ван болох Цун минийг очоод уулз гэв. Мо чогоос их ахлагч И ли тан ханыг төрд элчлүүлэв. газар нутгийнхаа эд юм барьж, худ болсонд талархаж байгаагаа илтгэжээ. Зэ тяанаас Юй су юй танхимд зочилов. Хааны хөвгүүн, Шиян ван, төрийн чуулганд оролцох гурван зэрэглэлээс дээших түшмэд бүгд оролцов. Ихээр соёрхож буцаав.
“ Жун зун орд суув”.
Тайлбар: Жун зуны өөрийн нэр нь Ли Сянь болно. 684 онд нэг жил ор суугаад буужээ. Ээж Зэ тяан хуандигийнхээ дараа 705-710 онуудад дахин Тан төрийн хуанди болж төр тэргүүлэв.
“Мо чо, Лин жоугийн Мин ша сумыг дээрэмдэв. Лин у цэргийн их захирагч Ша то зун и байлдаад их уджээ. Төрийн цэрэг ялагдаж зургаан мянган илүү хүмүүн үхжээ. Хулгай давшиж Юань, Хуй зэрэг мужийг дээрэмдэв, Лун иуд адуулж байсан түм илүү адууг дээрэмдэн одов. Зун и-гийн тушаалыг хасав. Жун зунаас зарлиг гаргаж, ураг гуйсныг болиулав. Мо чо-г алах хүмүүн байваас улсын ван болгохын зэрэгцээ бас Вэй их жанжны цол олгон, хоёр мянган ширхэг эд юм соёрхоно гэж зарлав. Гадаад дотоодын түшмэдийг түрэгийг ялах арга ухаан гаргатугай гэв. Ю бу чие лу фу түшмэл айлтгасны:
Юй шиан ши Вий гэж түшмэл бий сонслоо. Мяочууд гажуу зантай. Ин зун тэднийг уусгав. Гүй фан хүндэтгэснийг мэдэхгүй. Бүдүүлгүүд ээлжлэн халдана. Их эртээс ийм байжээ. Хан Гао ди-гээс (Хан төрийн хуанди, НТӨ 206-195 онуудад ор суужээ. Өөрийн нэр нь Лю Бан) Ло жингийг зөвлөгөөг авч Хүннүтэй энхийн ураг барилдав. Хуан дигийн төрлийн охиныг өгч гэрлүүлэв. Сая бумаар хахуулдав. Модуу яваандаа оморхоглож, хилийг тасралтгүй дээрэмдэв.
Эзгүй хязгаарын хүн эрэмгийн догшин араншинтай, ёс суртахуунаар төвхнүүлэх хэцүү. Сүр хүчээр номхтгож болно. Бууж өгөөд гурван үе болсон ч тэднийг уусгах сайн арга гэж байгаагүй. Өдгөө хүннү түшмэл болж дагахгүй. Манай бэхлэлттэй харуулыг үймүүлнэ. Эзэн уурлан хилэгнэж цэрэг хуарангаа цэгцлэв. Түшмэл миний сонссоноор Фан шу цэрэг удирдваас гавьяа байгуулсан дуу нь Жоу улсын “яруу” хэмээгч ая байв. Чуй бин цэргийн жавхааг алдаршуулан, Яан шань ууланд гавьяагаа сийлжээ. Түмэн газар байлдахад түмний түрүү жанжныг сонгох нь чухал. “Чун чиу бичиг” ерөнхий захирагчид тус болно. “ёслол хөгжим”-өөс баяр баясгалан ирдэг. “шүлэг ном”-г байнга шамдан уншигтун. Жин улсын түшмэл Ду юй загсны хайрсыг харваж нэвтлэхгүй байгаад У-г төвшитгөсөн гавъяа байгуулснаас түүний арга ухаантай хүмүүн байсныг мэдсэн гэдэг. Эр хүмүүн баатраас болдоггүй. Тэр харийн жанжин Ша то зун и нар бадриун том биетэй, бясалгасан алсын бодлогогүй, тэрээр морьт жанжин болох л хүн, угаасаа их үйлийг даалгаж үл болно. Цэрэг хөдөлвөөс сахилгатай байх ёстой. Жанжин цэрэг ялагдан ухрав. Чин улс Чан пингийг ялахдаа Жао ко ялагдан ухрав. Ма игээс Ху нар ухарахад Ван хуй ял эдэлсэн гэдэг. Цэргээ хаяж зугтсан болбоос шийтгэл бий. Эртнээс баримталсан уламжлал болно. Ойрыг хэлэхэд Мин шагийн байлдаан бий. Гол жанжин нь урьдаар зугтааж, улсын сүрийг унагаасан байна. Улсын хуулийг цэгцлэх ёстой. Гол цэрэг нь ялагдаад жагсаал нь үймж, сум нь дууссан байв. Журамт зоригт байлдагч болбоос байлдаж байгаад үхэх магад. Гавъяа зүтгэлийг нь тэмдэглэн бичиж дайны үйлд үлгэр жишээ болох ёстой. Шагнаж шийтгэх нь тодорхой болбоос жанжин байлдагчид бүгдээрээ ёс номтой болно. Энэ бол дайсныг амьдаар барих арга бөлгөө.
Түшмэл миний сонссоноор урд шинэ Чин-ийн хилийн харуул доор байршуулсан гэдэг. Эртний хуулийг мөрдөж хүмүүн хөлсөлж хилийн харуул болгож, тэдний дотроос цэрэг болохыг нь сонгож, бусдыг нь цэргийн албнаас чөлөөлнө. Цэрэгт татагдасыг зарлигдан сургаж, дайтаж барилдахад дасгаж, харь бүдүүлгүүдийн байдлыг таннуулж, шагнаж урамшлуулаав зохино. Ойрын дайн болбоос ар гэрээ сахин хамгаална, холын дайн болбоос ашиг олз олох болно. Сум зэвний дундуур шургаж, сургаал болон андгайгаа гутаахгүй болно. Өглөө “уд улиас”-г уянгалж, Үдэш “Ди шэ”-г дуулна. Арван жилийн дараа гэхэд амар амгалан болж чадна.
Түшмэл миний сонссоноор Хан улсаас Жи ду-г хүндлэхэд Хүннү хилээс зайлдаг гэдэг. Жао улсаас Ли муд тушаал буулгахад Лин Ху Нар холуур зугтдаг гэнэ. Шо фанийн амар амгалан хилийн хотын ялалт ялагдал, газар нутаг мянган ли байхаас гагцхан мэргэн хүмүүнд бий. Хязгаарын жоугийн Ци ши түшмэлийг нарийн хянамгай сонгохгүй бол болохгүй. Хүний сэтгэлийш танин байж үүрэг хариуцлага өгөх хэрэгтэй. Агнаж гөрөөлөхдөө цэргийг сургана. Суурин тариалж шар будаа нөөцөлнө. Арам жадаа засаж янзална. Халдаж ирвээс хатуугаар шийтгэнэ. Харьж явбаас бэлтгэж сууна. Энэ нь эртнээс барьж ирсэн сайн арга бөлгөө. Ноднин жил ган гачиг болж нүдэлж соёолосон юмгүй. Хил хамгаалахад ашигтай ажээ. Цэргийг мохоож үл болно. Дотоод жюны ард олон аж амьдралдаа санаа тавина. Сайн түшмэлийг сонгон ажиллуулж алба татварыг нь хөнгөлөх хэрэгтэй. Бусдын хөрөнгөд дурлаваас хөлс хөдөлмөрийг нь гамнах ёстой. Хүний хүчийг харамлаваас барилга байгууламжийг бага барих ёстой. Газрын байц тэнгэрийн цагийг ажиглаж, тариалж ургуулахыг бодно. Намар, өвлийн ан гөрөө хийж, дайны жагсаалд сургах хэрэгтэй. Хэдэн жилийн дараа зоригтой бөгөөд журам ёсыг ухааран, улсын хөмрөг уул мэт овоорч, алт арьсны ашигтай болно. Зургаан цэргийг цэгцэлж дэглэн, их элсийг туулан, түмэн газар аянга буулгаж, хоёр өргөөг хуу татан унагааж, Дай лины тэргүүнийг цавчиж, гао гудамны хананд өлгөж, олон харнуудыг сүрдүүлнэ. Таван цэрэг дайнд мордоход, дээшээ тэнгэрийн цагтай тохионо. Доошоо хүмүүний явдалд таарна. Ойрыг төвшитгөвөөс хол нь ирнэ. Дундад улсад ашигтай болно. Дөрвөн зүгийг нам болгоно. Түшмэл би багаасаа бичиг сургаалд дуртай. Цэргийн хуаранд дасаагүй, гардан байлдах болон гэнэдүүлэн дайрах арга нь урдаас сайн байгаа учир алдаж оносныг нь зааж халж өөрчлөхийг санал болгов. Дураараа чалчсаныг минь өршөөж хайрлана үү”.
Тайлбар: Жун зун хуанди зөвлөхүүдтэйгэй юуг яаж өгүүлсэнийг бичжээ. Судлаач миний нүдээр хан үндэстэн үнэхээр үндэстнийхээ ой санамжаа үеийн үед маш сайн бичин хадгалж иржээ. Хэрэв манууст ийм эх сурвалжууд хадгалагдан ирсэн бол бид ингэж их төөрөхгүй байлаа.
“Дээдэс уншаад сайн байна гэв. Мо чо түүнээс шалтгаалан манай элч Хун лу чин түшмэл Зан сы яаныг алав. Сы яан хулгайн өмнө нугарсангүй, түүнд Хун лу чин түшмэлийн цолыг нэмж олгов. Зо тун вэй их жанжин Жан рэн тан-д Ю и ши тай да фу тушаал, Шо фан даогийн их ерөнхий захирагчийн тушаалыг үүрэглүүлэв. Рэн тан голын хөвөөд Шо жан хот барьж, өмнө тийш дээрэмдэх замыг нь хаав”.
“Руй зун орд суув”.
Тайлбар: Руй зун 684-690 онуудад ор сууж байгаад буужээ. 710-712 онуудад дахин ор суув. Өөрийн нэр нь Ли Дань. Зэ тяан хуанди ээж нь болно.
“Мо чо элч явуулан энх ураг барилдахыг хүсэв. Сүн вангийн бие гүйцсэн охиныг Жин шан гүнж хэмээн гэрлүүлэхийг зөвшөөрөв. Мо чогээс Нан ян Ө зи тэ Лэ түшмэлийг явуулан төрд ирүүлэв. Ю шао вэй юань вай их жанжин олгов. Удалгүй Рун зун ор шилжиж гэрлэхийн хэрэг бүтсэнгүй”.
“Анх, Мо чо, Жин ений (710-711 оны дундуур) оны дундаж үеэр, цэрэг дагуулан баруун тийшээ Со гэ-г дайлаж ялаад мөхөв. Шэн гүнгийн оноос хойш (697оноос хойш) Кидан болон ши үргэлж түүний албанд явдаг газар нутаг нь зүүн баруундаа түмэн илүү ли, дөчин түмэн (400 000) нум сум агсагчидтай. Же лигээс хойш хамгийн хүчирхэг байлаа. Цэргийн сүрдээ эрдэж харьяат олноо дарлана. Мо чо хөгширсөний дараа аймгийн ихэнх нь салж сарнив. Кай юаны хоёр он (714 он). Өөрийн хөвгүүн И не хан болон Тун э тэ лэ хүргэн болох Хо ба же ли фа ши а шИ Ви-д шилдэг морьт цэргийг өгч, хойт өргөөр бүслэн шахамдуулав. Ю шао вэй жанжин Го чао, гуан инээс хотыг батлан сахив. Удалгүй цэрэг гарч байлдаад Тун э тэ лэ-г хотын доор амьдаар барьж цавчив. Хулгай нар тэгээд ухрав. Хо ба жу зүрхшээж харьж чадахгүй байв. Эхнэрээ аван давхин ирж дагав. Зо вэй их жанжин цол олгож, Яан бэйн жюнь ван өргөмжлөв. Эхнэрийг нь Жин шан гүнж өргөмжилж, хашаа байшин нэг, боол шивэгчинээс арав, адуунаас арав, мянган ширхэг эд юм соёрхов. Дараа жил арван овонт аймгийн зүүн Шиян таван До зургаан Чо, баруун Шиянгийн таван Ну шИ Ви, таван Сы жин болон хөвгүүн хүргэн Гао ли то ли зи гао вэн жян, Сүй де аймгийн ду э де сы тай нар тус тусдаа харьяат олноо дагуулан ар араасаа ирж дагав. Ирж дагасан өрх нийт түм илүү болов.
Эзгээс Хэ наны урьд нутагт суутугай гэв. Гао вэн жян-д Зо вэй юань вай их жанжины цол олгож, Ю вэй юань вай их жанжин болон Сүй Дегийн ду ду түшмэл болгож, Ло фан жюны ван болгов. Бусад ахлагч нарт тус тусад нь эд юм шагнаж соёрхон ажил албанд томилов. Мо чогийн хүргэн А ши дэ ху лу, удалгүй төрд ирж дагав. Те жин цол олгов. Тэр намар, Мо чо болон есөн овотын ахлагч А бо сы нар элсэн цөлийн хойгуур байлдав. Есөн овогт ялагдаж хүмүүн мал нь их хорогдов. А бо сы харьяат олноо дагуулан ирж дагав”.
Тайлбар: Хадны бичигт
“Баж каган токуз обогтон”. Хоёр эх сурвалжийг харьцуулахаар хадны бичгээр Есөн овогтны хаан Баж, Хуучин Тан төрийн бичгэр А бо сы болж байна. Хадны бичигт А бо сыг хаан гэжээ, Хуучин Тан төрийн бичигт ахлагч гээн бичжээ. Хүннү бичгээр үгийн эхэнд ордог гийгүүлэгч урдаа эгшиг аван уншигдаж болдог байна. Томсон, Радлов, Малов нар бүгд Баж гээн уншижээ. Зөв нь Абажи болно. Мөн “бодон” гэсэн үгийг обогтон (овогтон) гээн уншиж болно. Ганц тоогоор овог, олон тоогоор овогтон болно. Хадны бичигт овогтон гэдэг нь аймаг гэсэн утгаар оржээ.
Хадны бичигт Мо чо есөн угсын Абажитай байлдсан тухай бичсэнгүй. Мани бодолоор есөн угс Түрг сар овогтны төрийн гол ул байсан тул Билгэ хаан хагарал гаргахгүй үүднээс энэ тухай хадан дээр эс бичив.
“Дөрвөн он (704 он), Мо чо хойшоо есөн овогт Ба е гу-г дайлахаар мордож, Ду лэ гол дээр байлдав. Ба е гу их ялагдав. Мо чо ялсандаа бардамнаж ганцаараа буцав. Хамгаалалт үгүй байв. Бургасан дотор яваж байгаад Ба е гугийн явуул цэрэг Же жи-тэй гэнэт тааралджээ. Мо чо-г дайрч цавчин алав. Харьд очсон элч Хао лин чуантай хамт Мо чогийн тэргүүнийг нийслэл хотод авчрав. Гу до луйгийн хөвгүүн Чо тэ лэ жиу, урьдах аймгуудыг нийлүүлж авав. Мо чогийн хөвгүүн бага хаан болон түүний олон дүү нар итгэлтнүүдийг нь алав. Өөрийн ах зүүн мэргэн ван Мо жи ляныг өргөмжлөв. Би га хаан гэдэг”.
Тайлбар: Хадны бичигт:
Ойргру (ойруу) эр барку (баргу буюу өнөөгийн барга) өрөнгө таг сү илдм. Өнөөгийн хэлээр ойруу эр баргын оронгой таг цэрэг илгээсим. Оронгой гэдэг нь өнөөгийн Улан-удэ хотын өмнө орших Иволгийнский районы нутаг болно. Хадны бичигт ул газар усанд Ачим хаан амиа алдсан тухай өгүүлээгүй болно.
Гу до лугийн хөвгүн Чуай тэ лэ жиу нь Гол тэгин болно.
“Би га хаан нь Кай юаны дөрвөн он (704 он) орд суув. Уул цол нь Шао ша гэдэг. Өршөөнгүй найрсаг зантай улсыг хураасны Чуай тэ Mлэгийн гавьяа гэж найр тавьжээ. Чуай тэ лэ хүлээн авсангүй. Тэгээд зүүн мэргэн ван болгож, цэрэг агтын ажлыг тусгайлан хамаарах болов. Тэр үед Ши, Кидан хоёул ар араасаа хилд ирж найрсагаар харилцах болжээ. Түрэгийн Ши су лу өөрийгөө хаан өргөмжлөв. Түрэгийн аймгууд ихэнх нь салж тусгаарлах санаатай болов. Мо чогийн үе бага түшмэл Тун юй гу арга ухаан гаргадаг байв. Анх Мо чогийн доорх бага түшмэл бүгдийг Чуай тэ лэ алжээ. Тун юй гу охиноо Шао ша-д хатан болгосноор үхэхээс хэлтэрчээ. Тушаалаа хасуулж урьдах аймагтаа буцсаны дараа ахиад хэрэглэгдэв. Нас сүүдэр далан хэдтэй байв. Хариуд (харьчууд) түүнийг их л хүндэлдэг байлаа”.
Тайлбар: Тун юй гу гэдэг нь Тонуйкук болно.
“Удалгүй дагасан өрх А ши лан, Сүй де сы тай нар Хэ чуй-аас урвалж, буцаж ирэв. Анх дагасан өрхүүд өмнө зүг нүүж, Шан юйд хүрчээ. Зо вэй их жанжин Шан юй-н дэд ду ду түшмэл Жан жи юун тэдний зэр зэвсгийг хураамжлан гол гатлан өмнө зүг хөдлөх хэрэгтэй гэж тушаажээ. Харьчууд уурлан хилэгнэв. И ши зун шиан түшмэл Жан хуй хил цагдах түшмэл болж ирэхээр харьчууд түүнд нум сумгүй байна хэмээн гомдол гаргажээ. Ан гөрөө хийж чадахгүйгээс Хуй тэдний юмыг буцаан өгөв. Тэрээр дайсантай тэмцэх зэвсэгтэй болжээ. Жан жи юун бэлтгэл хамгаалалт хийгээгүй, дагасан өрхүүдтэй Чин ган даваанд байлдаад дагасан өрх ялагдав. Дайны талбар дээр Жи юунийг амьдаар нь барьж Түрэгт ачиж хүргэсэн бололтой. Шо фанийн ерөнхий захирагч Шо на цэрэг аван араас нь хөөн байлджээ.
Хулгай нар Да бин суманд хүрэхэд жанжин Го жин юун бас дайрав. Хулгайнууд сарниж бутран Хар уулын Ху яан хавцал руу оров. Жан жи юунийг тавьж явуулжээ. Дээдсээс Жан жи юунийг цэргээ алдсан хэмээгээд цавчиж олонд цээрлэл болгов. Шао ша нь дагасан өрхүүдийг эзэлмэгц өмнө зүг хөдөлж дээрэм хийх санаатай байв. Тун юй гу хэлсэн нь: “Тан улсын эзэн эрэмгий байна. Хүн ард нь амар амгалан, жилийн өнгө бас тэгш сайхан байна. Зай завсар гэж алга. Халдаж үл болно. Манай нутаг шинэхэн тогтсон ядаргаа тарчиг бас арилаагүй гурван жил амарч амьсгалах хэрэгтэй. Түүний хойно харж байгаад яахаа тогтоох нь зөв” гэв. Шао ша хотын хэрэм ханыг засаж янзлан сүм дуган барьж байгуулав. Тун юй гу: “Болохгүй, Түрэгийн хүн ам бага, Тан улсын зууны нэгтэй ч тэнцэхгүй, түүнийг тулан байлдана хэмээгсэд нь ус өвсийг дагаж нүүж, байнга нэгэн газар суудаггүй, бүгдээрээ дайнд туршлагатай болно. Хүчтэй болбоос цэрэг тэвшин дээрэмдэж тононо. Буурай болбоос уулан ой дотор шурган бултана. Тан улсын цэрэг хэдийгээр олон боловч арга нь байхгүй. Хот бариад сууж хуучин заншлаа халж нэгэн цагт алдваас Тан улсад идэгдэх нь лавтай. Сүм дуганы зүйл нь хүмүүнийг сул дорой болгоно. Дайчин чанараар хүчтэйг шалгаруулах арга огт биш, хэрэглэж болохгүй” гэв. Шао ша нар түүний ухааныг их бишрэв.
Тайлбар: Тонуйкук Билгэ хаанд сүм дуган барихын сул талыг заав. Мани (бурхны) шашин улсыг ноомой болгоно гэдэг нь Тонуйкукын бодол байжээ. Түрг төр Ай жин хааны үед Чи улсаас мани шашин авсан тухай нийтлэл 41-ээр өгүүлсэн. Билгэ хааны хадны бичигт “Тэнгэр цаг тэнгэрдээ болмогц”, “Тэнгэрийн зарлиг” гэх мэт үгс их оржээ. Билгэ хаан Тэнгэр итгэлийг сэргээж байжээ гэсэн дүгнэлтэнд хүрч байна.
“Найман оны (720 он) өвөл. И ши да фу түшмэл Ван жюнь жюныг Шо фанийн их захирагч болгож, баруун тийшээ Ба ши ми, зүүн зүгт Ши кидан хоёр харийг дайлъя гэв. Дараа жилийн намрын эхээр хэмээн болзов. Шо фанийн цэргийг хэдэн замаар хамт орж, түрэгийн өргөөг Жи ли гол дээр даран авъя гэв. Шао ша сонсоод их сүрдэв. Тун юй гу: “Би ши ми өдгөө хойт өргөөнд бий. Хоёр харийг зүүн, баруун гэхэд хоорондоо маш их зайтай, чадал нь хүрэхгүй. Ван жюны цэрэг агт тооцоолоод бодсон ч энд хүрч ирж чадахгүй. Ирж чадна гэж бодоход ирэхийг харж байгаад өргөөгөө хойшоо гурван өдөр нүүлгэвээс Тан улсын цэргийн хүнс дуусна. Тэгээд аяндаа буцна. Би ши ми нь хүч багатай бөгөөд ашигт дуртай. Зарлигийг сонсонгуйд лавтай урьдаар ирнэ. Ван жюнь болон Жан жа жэн хоорондоо эв муутай. Айлтгал нь тэдийн жаахан санаанд нийцэхгүй болвоос лавтай хөдлөхгүй. Ван жюнын цэрэг агт ирэхгүй, Би ши ми ганцаараа ирвээс дайрч цохих хэрэгтэй. Байдал дандаа өөрчлөгдөж байдаг шүү!” гэв”.
Тайлбар: Билгэ хааны хадны бичигт Ба ши ми нь басмыл (башмал-тухайн үеийн бичгийн дуудлага) гээн бичжээ. Басмыл нь Түрг төрийн баруун талд, Турпанд байжээ. Хадны бичигт цуваа явуулаагүй учир цэрэг илгээсим гээн бичжээ. Харин уг эх сурвалжаар Тан төрийн зарилгын учир гээн бичжээ.
“Есөн оны (721 он) намар, Би ши ми нь үнэхээр Түрэгийн цацарт ирэв. Ван жюнь болон хоёр харийнхан ирээгүй байв. Би ши ми айгаад ухрав. Түрэг дайрах гэтэл Тун юй гу: “Эдний харъяат олон нутаг хүртлээ мянган ли (нэг ли ойролцоогоо хагас км, энд Тонуйкук барагцаагаар өгүүлж буй) явна. Үхэн байлдан дайрч болохгүй. Харин цэргээр сүрдүүлсэн дээр” гэв. Хойт өргөөнд хүрэхэд хоёр зуун ли, Тун юй гу цэргээ хуваан дөт замаар урьдаар хойт ордоныг дайрав. Ялсан цэргээр Би ши ми-н буцаж яваа олныг дайрав. Сарнисан олон хойт ордныг тэмцэн одоход харин хотыг дараад оруулсангүй. Түрэгүүд бүгдйиг нь амьдаар барьж эр эмсийг нь олзлон одов. Тун юй гу цэргээ татаж, Чи тинээс гарч, Лян жоугийн үхэр хонийг дээрэмдэв. Тэр цагт Ян жин шу нь лян жоугийн ду ду түшмэл болж байв. Дэд жанжин Лу гун ли, шүүгч түшмэл Юань чэнийг томилон цэрэг гарган тосон цохив. Тун юй гу: “Жин шу хотыг бат сахиж байваас түүнтэй найрамдах хэрэгтэй. Цэрэг адилхан гаргаваас шийдвэрт байлдаан хийх хэрэгтэй. Ялалт байгуулах эсэх нь миний гавъяа бөлгөө!” гэв. Гун ли нарын цэрэг Шан дан хүрээд, хулгайтай учрав. Юань чэнгээс цэрэг байлдагчдыг ханцуй шумлан тохой дээрээ зангидаж бэтгэ гэв. Салхи шуурганд хөлдөж бэртээд, нум сумаа алдсан хэрэг гарав. Түүнээс шалтгаалан төрийн цэрэг их ялагдав. Юань чэн мултран одов. Жин шу-г ялтган тушаалыг нь хасав. Ял эдлэн Лян жоугийн хэргийг мэдэх болов. Шао ша түүнээс их тэнхэрч, Мо чогийн харъяат олныг бүгдийг нь авав. Удалгүй элч явуулан найрамдахыг хүсэв. Шуан зунд хөвгүүн болъё гэж гуйваас дээдэс зөвшөөрөв. Шан гүнжийг гуйв. Дээдэс үлэмж бэлэг өгөн буцаав”.
Тайлбар: Билгэ хаан Басмыл, Тан төрийн Лян жоугийн цэргийг цохисноор тэнхэрч, улмаар авга ах Мо чо-гийн бүх харъяат олныг бүгдийг нь хураажээ. Шуан зун нь Тан төрийн хуанди (712-756 оны), өөрийн нэр нь Ли Дань.
“Арван гуравдугаар он. Шуан зун зүүн зүгт буцаах гэж байтал Жун шу лин түшмэл Жан юуйгээс цэрэг нэмж Түргээс сэргийлэх тухай зөвлөв. Цэргийн журганы Лан жун түшмэл Пэй гуан тин: “үйл бүтээснийг даян гэдэг. Гэнэт ингэж цэрэг татах учир юу билээ?” гэв. Юуй: “Түрэг найрамдахыг хүсэж байна. Адгуусны санаатай тэднийг мэдэж чадахгүй. Шао ша хэмээгч өршөөнгүй бөгөөд хүнийг хайрладаг харъяат олон нь түүнийг таалдаг. Чуй тэ лэ нь дайчин бөгөөд дайнд туршлагатай, байлдваас заавал ялдаг. Тун юй гу тайван бөгөөд бодлоготой, настай атал ухаалаг, Ли жин, Шу жи мэтийн тооттой адил болно. Гурван хулгай санаа нэгтгэвээс байлдваас алдахгүй. Зүүн зүг буцаах гэж байгааг мэдэж байгаа. Хилд халдваас юугаар тосох юм бэ?” гэв. Гуан тинээс элч явуулан тэдний их түшмэл болон албатыг авъя гэв. Түрэг дагахаас өөр аргагүй. Одоо бас хөдөлж чадахгүй. Юуй түүний үгээр зөвшөөрөв. Жун шу жи шэн түшмэл Юань жэн-д Хун ли чин түшмэлтийн тушаалыг орлон үүрэглүүлэв. Түрэгт очоод санаагаа хэлэв. Шао ша түүний эхнэр Чуай тэ лэ, Тун юй гу нар өргөөн дотор тойрон сууж найралцгаав. Жэн-д хэлсэн нь: Тан улс Ту фаны нохойн төрөлтнүүдтэй хуримлажээ. Ши болон Кидан нар урьд түрэгийн боол байсан, одоо Тан улсын гүнжид санааширч бий. Түрэг урьд хожид энх ураг тогтъё хэмээн гуйсан билээ, зөвшөөрөөгүй, юунаас болов?” гэв. Юань жэн: “ Хаан, хуандийн хөвгүүн болно. Аав хөвгүүн яагаад худ болж болох вэ?” гэв. Шао ша нар: “Хоёр харьд овог соёрхсон байдаг. Энэ нь гүнжээ өгсөнтэй адил байгаа биш үү? Энэ жишгээр яагаад болохгүй бэ? Харьд гэрлэсэн гүнж нь тэнгэрийн хөвгүүний охин биш гэж сонслоо. Өдгөө гуйж байгаа маань худал үнэнийг мэдья гэсэн юм. Олон удаа гуйхад зөвшөөрөөгүй. Харийнхантай уулзхаасаа ичиж байгаа” гэв. Жэн-ээс тэдний санааг айлтгая гэж амлав. Шао ша өөрийн их түшмэл А ши тэ Же ли фаийг явуулан төрд өргөл өргөв. Түүний Зүүн тийшээ байцаахад тэр дагажээ”.
“Шуан зун нь нийслэлээс гараад Жу хуй-д үлдэв. Же ли фа болон олон харийн ахлагчид ирж нийлэв. Нум сумтай ирцгээжээ. Эзний унасан хүлгийн өмнөөс хааяа туулай босон гүйхэд дээдэс нумаа татаж гагц харваад онож байлаа. Же ли фа мориноосоо буугаад туулайг өргөж бүжиглэж: “Богд аргагүй дайчин хүн. Дээд тэнгэрт байгаа эсэхийг мэдсэнгүй, хүний ертөнцөд лавтай үгүй” гэв. Эзэн түүний өлсөж байгаа эсэхийг асуув. Хариуд нь: “Баатар дайчыг тань бахдан бахдан харлаа. Арван өдөр хоол идэхгүй ч гэсэн цатгалан байх болно!” гэв. Түүнээс хойш түрэгүүдийг эгнээнд оруулж давхиж харвах болгов”.
“Бойдоо даамлаас айлтгасан нь: Түшмэл миний сонссоноор шар шувуу дуугарахгүй бол сайн шувуу болдоггүй гэнэ. Догшин бар бөхийдөг боловч энэрэнгүй амьтан болж чаддаггүй гэнэ. Ийм байдгийн учир нь муу чанараасаа болоод гажуу үйл үйлдэл, удаан болсноос болжээ. Өнөөдрийн түрэг хэмээгч, яг түүнтэй адил. Эрмэг догшин хулгай нар эзний энэрлийг боддоггүй! Эзэн та дайчин журмыг барьж, бичигийн ёсыг дэлгэрүүлжээ. Сүр хүчээр сүрдүүлэн чичрүүлж, сайхан сургаалаар сурган төвхнүүлэв. Хүч ёсоор шахсанаас хүндэлж тэнхэмд ирэх болов. Тэрээр мөргөж ёслон, түшмэл болон дагаж, мөлхөж сөгдөн элч явуулдаг. Эзэн та хичээнгүйлэн зүтгэснийг нь хүлээн авч ноён түшмэл болгон дагуулж, тахилга тайллагад оролцуулан төрийн чуулганд оруулав. Ингэснээр үйл хэрэг ёсчлон бадарна. Үгээр өгүүлэхэд хэцүү бөлгөө. Тэрээр Шу чи юу-г дуудуулж их ёслолд оролцуулав. Сүр жавхаа нь дөрвөн зүгийг гэрэлтүүлэв. Шидэт эрдмээс зуу зуугаар харуулав. Ачлах санаа аяндаа төрөгдөв. Үүнээс илүү үнэнч сэтгэл гэж үгүй. Соёрхож зөвшөөлсөний дараа сум нумыг зааж сургав. Сумнаас урьдаар хүрээд өрөө нанасан шиг баярлав. Авах хэмээн санасан ч ашид чадахгүй байв. Эзний санаа багтаамжай учир элдвээр хардаж сэрдээгүй, мунхагууд эргэлдэнэ, морьдох цагаа бэлдэн хүлээнэ. Энэ тоот элдвээр хуцна, эвлэлдэж нийлэн хулгай хийнэ. Уг мууттай ганзага нийлнэ, уулгалаж дээрэмдэн муу хийнэ, шийтгэж ялтгана гэвэл шийрээ түр татна. Жаахан сул тавиваас нэг нэгнээ алах гэнэ. Талалцаж хямралдсан эднийг тамын орон ч голно. Таалж хүндэлсэн Шан юй-г нь тарамдаж шороо болгоё. Толгой халхалсан Чун ло-г нь бохирын үүр болгоё гэхэд хилийн харуулын хэн нь чадаж байсан бэ? Эзэн минь эднүүстэй дотносохыг хүсэхгүй байна. Тэр учрын хэмжээ дамжааг түшмэл би мэдэж байна. Боол би ухаан санаагаа алдаагүй, болж бүтэж байна гэвэл сэтгэл амарна. Хоёр одны бэлгээр бол хятадын сэтгэлийн зовлон арилваас хэн ч гэсэн баярлах болно”.
Тайлбар: Хан үндэстний үе үеийн төрийн бичигт Мал ахуйтан руу явуулж байгаа, явуулах бодлого нь гардаг. Уг бичиг нь төрийн нууцын зэрэглэлтэй байсан болов уу. Дэлхий нийтийн хүртээл болно гэж тэр үед хэн ч төсөөлөөгүй байх. Урд хөршийн бодлогыг мэдэх нь энэ өдгөө хүртэл өнөөгийн монголчуудад үнэ цэнэтэй.
“Дээдэс түүний үгийг авав. Олон харьчуудыг урьдаар харьтугай гэв. Зүүн тийшээ явхаа болиод буцав. Дээдсээс Же ли файг дайлж найрлав. Ихээхэн соёрхон буцаав. Түүнтэй энхийн ураг тогтоохыг зөвшөөрсөнгүй”.
“Арван таван он. Шао ша их түшмэл Мэй лу чо-г төрд явуулж, гучин сайн морь өргөв. Тэр цагт Ту фан болон Шао ша захидал нэвтрэлцэж, нэгэн цагт хамтдаа дээрэмэдье гэж зөвлөжээ. Шао ша захидлыг өргөв. Дээдэс түүний үнэнчийг сайшаав. Шо фаний цэргийн баруун талын Шоу жан чэн хотыг хамтарсан зах болгохыг зөвшөөрөв. Жил бүр Жян бо торгоос хэдэн арван түмэн толгой хилд өгөхийг зөвшөөрөв”.
“Хорин (733 он, хонь жил)он. Чуе тэ лэ үхэв. Жин у жанжин Жан чуй шин, Ду гуан лан жун түшмэл Лу шиян-д тамгат бичиг бариулан очуулав. Гашуудалд оролцож хөшөө босгов. Дээдсээс хөшөөний бичээсийг бичиж, сүм боснов. Чулуун дээр дүрс сийлэн дөрвөн талд нь түүний байлдаж байгааг дүрсэлжээ”.
Тайлбар: Гол тэгины хадан хөшөөн бичгийг Билгэ хаан анхнаасаа Түрг төрийн түүх, түрг сар төрийн түүхийг бичин хойч үедээ үлдээх мөнхийн (байнгын) бичиг болгохыг зорьсон болхоос Гол тэгинд зориулаагүй болно. Уг бичигт Гол тэгинтэй холбоотой хэсэг нь нийт 67 мөрийн 24-д байна. Гол тэгинд зориулсан хэсгийн дийлэнх нь Гол тэгини тухай биш тэр үед болсон гол үйлсийг харуулжээ. Гол тэгин агт унаж дайсны хоёр цэргийг үлтгэв (алав) гэх мэт энгийн үгээр, цэргийн жанжин биш, сайн дайчин эрийн хэмжээнд түүнийг бичжээ. Ийм мэдээлэлийг Тан төрд хүргүүлсэн учир “Чулуун дээр дүрс сийлэн дөрвөн талд нь түүний байлдаж байгааг дүрсэлжээ” гээн Хуучин Тан төрийн бичигт тэмдэглэгджээ. Билгэ хаан уг хөшөөнд юу бичсэнээ Тан төрөөс ингэж нуужээ.
Тан төрийн Шуан зун хуандийгийн бичгийг Гол тэгины хадны бичгийн ард буюу наран жаргах зүгт сийлжээ. Уг хадан хөшөөний гол бичгийг наран ургах, нар голлох зүгүүд рүү харуулжээ. Уг бичигт Тан төрийн мөн чанарыг, Тан төрийг муулалгүйгээр маш өндөр түвшинд найруулан, ойлгомжтойгоор бичсэнээс гадна хойч үедээ үнэтэй захиас үлдээжээ. Уг бичигт Түрг, Угс хоёр салашгүй мэт бичигджээ. Гол тэгины бичигт төрийн хэллэг хамгийн эх орсон бөгөөд үүнийг нь харийн эрдэмтэд огт тайлж чадаагүйгээс гадна буруу уншиж уг бичгийн утгыг алдагдуулжээ. Билгэ хааны бичсэн бичиг нь өнөөгийн халхууд, ойрдуудын дээдсийн бичиг болно.
“Хорин он. Их түшмэл Мэй лу чо нь Шао ша-д хор өгсөн боловч үхсэнгүй. Тэгээд урьдаар Мэй лу чо-г дайлж, хамсаатныг нь устгав. Түүнийг нас барахад хөвгүүнийг нь И ран хаан болгов. Жун жэн чин түшмэл Ли чуан-г явуулж гашуудалд оролцуулав. И раныг бичгээр өргөмжлөн хөшөө сүм босгов. Сударч түшмэл бойдоо даамал Ли рунээр хөшөө бичээсийг бичүүлэв”.
Тайлбар: Билгэ хааны хадан хөшөөний бичгийг Билгэ хаан өөрөө найруулаагүй болно (уг бичгийн агуулга, өгүүлбэрийн холбоо гэх мэтийг Гол тэгинийхтэй харьцуулхаар). Уг бичигт түрг сар (Зүүн түрг буюу Өтүгэн түрг) төрийн гол үйлсийг бичжээ. Тонуйкук, Гол тэгины бичигт гарсан дайн тулаан зарим хэсэгт нь давтагдана. Гол тэгины бичигт гардаг шиг мал ахуйтны философ уг бичигт гарсангүй. Уг бичгийн түүхэн ач холбогдол өндөр. Монголчууд судлах үүрэгтэй.
“Удалгүй И ран өвчилж үхэв. Түүний дүүг өргөмжлөв. Дэн ли хаан гэдэг. Дэн ли хэмээгч хятадын хэлээр үйлийн үр хэмээсэн үг. Дэн ли нас балчир байв. Түүний эх нь Тун юй гугийн охин болно. Бага түшмэл Ин сы да гантай далдуур явалдаж төрийн хэрэгт хөндлөнгөөс оролцдог. Харьчууд таагүй байв. Дэн ли авга ахтайгаа цэрэг агтыг хуваан захирдаг. Зүүн дэх зүүн Ша, баруун дахь баруун Ша гэж дуудна. Түүгий хамгийн шилдэг цэргийг хоёр Ша хуваан захирна. Хорин найман он, дээдсээс Ю жин у жанжин Ли жи-д тамгат бичиг бариулан явуулжээ. Дэн лиг хаан өргөмжлөв. Удалгүй Дэн ли болон түүний эх нь баруун Ша-г дуудан авчраад алав. Харъяат олныг нь нийлүүлэн авав. Харин зүүн Ша аюул ирхээс имээж цэрэг аван Дэн лийг дайрч алав. Өөрийгөө өргөмжлөв. У су ми ши хаан гэдэг. Зүүн ша-г улсын хүмүүс нь хүлээн дагахгүй байв. Ба ши ми аймаг бослого гарган дайрав. Зүүн ша их ялагдаж зугтан одов. Улс нь үймэв. Баруун шагийн эхнэр болон Мо чогийн ач Бо дэ зи тэ лэ, Би га хааны охин Да ло гүнж, А бо сы Же ли фа нар харьяат аймаг олноо дагуулан хойно хойноосоо ирж дагав. Таян баогийн анхдагч оны (742 он) найман сар. Дагсан Ху нар нийслэл хотод ирэв. Дээдсээс урьдаар Тай сүмд бараалхаж, дараа нь ордог харшид уулзаж, ахиад Хуа э асарт дайлна гэв. Дээдэс шүлэг уянгалаж тэр хэргийг тэмдэглэв”.
Тайлбар: “Баруун шагийн эхнэр болон Мо чогийн ач Бо дэ зи тэ лэ, Би га хааны охин Да ло гүнж, А бо сы Же ли фа нар харьяат аймаг олноо дагуулан хойно хойноосоо ирж дагав” гэдэг нь Өтүгэний цөөн төр баригчид өөрийн аймгаа дагуулан Тан төрд очжээ. “Түргүүд Тан төрт очжээ” гээн энд өгүүлээгүй болно. Аймаг гэдэг нь уг төр баригчдын өөрийнх нь овгууд болно. Уйгурын түүхийг өгүүлэхдээ яг энэ хэсэгт юу болсныг Шинэ могой усны бичиг, Тэсийн бичгээс уншигч таньд өгүүлэх болно. Уйгур Ач гол хааны хоёр хөвүүн Төлс, Тардуш хоёр аймгийн тэргүүн болжээ гээн уг бичигт бичжээ. Төлс Тардуш нь Баруун Зүүн Ша болно. Можелян буюу хожмын Билгэ хаан нь Ачим хаан үед Тардуш аймгийн тэргүүн байсан. Уг хэсэгт Зүүн түрг илд түрг төр уйгур төрөөр солигдсон тухай өгүүлжээ. Үүнээс хойш Зүүн болон Баруун түрг гэсэн нэрс түүх болж, Зүүн нь Уйгур, Баруун нь Түрг төр болов. Түрг төр Уйгур төрөөр солигдсон ч хүмүүс нь хэвээрэй үлджээ.
Дүгнэлт: Хуучин тан төрийн түүх, Түргийн шастир дээд-ийн энэ хэсэгт Түрг сар овогтны түүх (Зүүн түрг буюу Өтүгэн түргийн түүх) бөгөөд 683-742 онууд буюу нийт 59 жилийн түүхийг өгүүлжээ. Энэ түүх нь ойрд, халхуудын дээдсийн түүх болхоос Стамбулын туркуудын түүх огт биш. Билгэ хаан, Гол тэгин болон Тонуйкукын бичээс нь халх болон ойрдын аялгаар бичигдсэн халх, ойрдын дээдсийн бичиг болохоос Стамбулын туркуудын дээдсийн бичиг биш.
Сэхээрэл (хийсвэрлэл буюу абстракц): Өдгөө 3 сая хүн амтай Монгол улс, 80 сая хүн амтай Турк улсын хооронд VI-VII зуунд өнөөгийн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр төр байгуулан мал ахуйтнуудыг тэргүүлж байсан түрг овогтоны талаар маргаан байна. Монголчууд өөрийн ШУ Академтай, түүх судалдаг их сургуулиудтай, профессор докторуудтай, ардын багш, төрийн шагналтангуудтай. Турк улс мөн ойролцоо институцтэй. Монгол төрийн шагналтан, ардын багшийн үг зөвхөн Монголдоо. Хэзээ ч Туркууд монголчуудын байр суурийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн эсэргээр. Яагаад? Хариулт амархан. Түүх, хэл шинжлэл нь шинжлэх ухаан (science) биш, нийгмийн ухаан болно. Түүх, хэлийг хүмүүс өөрсдөө түүхэн явцад бүтээжээ. Тийм учир өөр өөр өнцөгөөс тайлбарлах боломжтой. Тийм учир түүх хэлний салбарыханд философын доктор (Doctor of philosophy) цол олгодог. Шинжлэх ухаан нь хүний бодол санаа, цаг хугацаа, шашин шүтлэгээс анги оршино. Татах хүчний хууль, микро-биолог болон физикийн нээлт гэх мэт шинжлэх ухааны ололтын үр дүнг үндэстэн үл хамааран бүх хүмүүн төрлөхтөн ашиглаж байна.
Маргаантай, эх сурвалж нь судлагдаагүй түүхийн цаг хугацааг талууд өөртөө ашигтай өнцөгөөс тайлбарлаж байна. Харин уг түүхэн хугацааны мэдээлэл агуулсан ул (суурь) эх сурвалжуудыг өөр өөрийн өнцөгөөс тайлбарлах боломж үгүй.Түүхийн маргаантай цаг хугацааны мэдээлэл агуулсан ул эх сурвалжууд:
1. Умард төрийн түүх. Түрэг Тэ лэ.
2. Хуучин Тан төрийн түүх (Шинэ Тан төрийн түүх нь Хуучин Тан төрийн түүхийг дэлгэрүүлсэн хувилбар. Уйгурын тухай өгүүлэхдээ Шинэ Тан төрийн бичгийг уншигч таньд хүргэх болно).
3. Гол тэгин, Билгэ хаан болон Тонуйкукын хадны бичээс.
Уг эх сурвалжуудыг 1,4 тэр бум хүнтэй хан үндэстэн, 144 сая хүнтэй оросууд, 126 сая хүнтэй япончууд, Европ тив болон Америкчууд хэн нь яаж тайлбарлахыг хараад сууж байна. Энд эх сурвалж чухал болохоос Монгол Туркийн хүн амын тоо, эдийн засгийн байдал чухал биш.
Сэргэлэн Интернашионал Экспедишион Нийтлэлүүдээрээ (39,40,41,42,43) хан үндэстэний үе үеийн төрийн 24 түүхэн бичигт ордог Умард төрийн түүх, Хуучин Тан төрийн түүхээс үндсэн сэдэвт ач холбогдол бага, цөөхөн хэсгийг үлдээж бусдыг нь өгүүлбэр гээлгүйгээр уншигч таньд хүргэлээ. Уг эх сурвалжуудад Стамбулын туркуудтэй хамаатай хэсэг ганц ч байхгүй гэдгийг уншигч та билирсэн байх аа. Гол тэгин, Билгэ хаан, Тонуйкукын бичиг халх болон ойрд аялгаар бичигдсэн халх ойрдуудын өвөг дээдсийн түүхэн бичиг гэдгийг Сэргэлэн Интернашионал Экспедишионы хамт олон баталж байна. (Хадны бичгийн тухай дуусашгүй нийтлэлүүдийг хожим уншигч таньд хүргэх болно ).