Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын урилгаар ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал, ОХУ-ын баатар Сергей Кужугетович Шойгу өчигдөр манай улсад албан ёсны айлчлал хийлээ. Тэрбээр 2001 онд ОХУ-ын Онцгой байдлын сайд байхдаа манай улсад айлчилж, малчдад хүргэх тусламж авчирч байсан юм.
Сайд нар хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, цэргийн хамтын ажиллагааны явц, цаашдын чиглэлийн талаар хэлэлцээ хийж, Батлан хамгаалах яамд хоорондын цэргийн хамтын ажиллагаа хөгжүүлэх урт хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурав. Уг хөтөлбөрт батлан хамгаалах, Зэвсэгт хүчний удирдлага, төрлийн цэргүүдийн болон тэдний боловсрол, эрдэм шинжилгээ, эмнэлэг, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх чиглэлийг тодорхойлсон байна. Мөн Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, С.К.Шойгу нар ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас Монгол Улсын Зэвсэгт хүчний хэрэгцээнд буцалтгүй тусламжаар нийлүүлж буй, цэргийн зориулалттай бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгөх ёслолд оролцсон юм.
Үүнээс гадна сайд С.К.Шойгу УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бараалхсан. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, Монгол Улсын Зэвсэгт хүчнийг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Ерөнхийлөгчийн зарлигаар сайд С.К.Шойгуг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасныг УИХ-ын дарга Шойгуд гардуулсан юм.
Үүний дараа УИХ-ын дарга “Манай хоёр орны найрсаг харилцаа олон арван жилийн түүхтэй. Монгол Улсын төр, засаг, ард түмэн ОХУ-тай тогтоосон харилцаандаа тэргүүлэх ач холбогдол өгсөөр ирсэн. Стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн харилцаагаа бүхий л салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлж, шинэ агуулгаар баяжуулахын төлөө байдаг. Сүүлийн жилүүдэд хоёр орны хооронд өндөр, дээд түвшний айлчлал, яриа хэлэлцээний давтамж нэмэгдэж байна. Зөвхөн энэ онд гэхэд манай хоёр Ерөнхийлөгч гурван удаа уулзлаа.
Таны энэ удаагийн айлчлал хоёр орны цэрэг, техникийн хамтын ажиллагаа төдийгүй Монгол, Оросын харилцааг цаашид улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой. Хоёр орны хууль тогтоох байгууллагуудын харилцаа амжилттай хөгжиж байна. Парламент хоорондын хамтын ажиллагаа нь харилцааны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд чухал үүрэгтэй. Миний бие 2016, 2018 онд ОХУ-д айлчлах үеэрээ Төрийн Думын дарга В.Володин, Холбооны зөвлөлийн дарга В.Матвиенко нартай уулзаж, хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааны асуудлаар яриа хэлэлцээ өрнүүлсэн” гээд манай улсад айлчлах ноён В.Володины урилгыг уламжлахыг хүссэн юм.
Тэрбээр “2019 онд Халх голын хамтын ялалтын 80 жилийн ой тохионо. Ойг хамтран тэмдэглэх нь энхийн цагт ч, дайны талбарт ч хоёр ард түмэн мөр зэрэгцэн зүтгэж, тэмцэж явсан баатарлаг түүхийг хойч үедээ өвлүүлэн үлдээх, ахмад дайчдын гавьяаг алдаршуулан мөнхжүүлэх чухал ач холбогдолтой. Ойн арга хэмжээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин оролцоно гэдэгт найдаж байна” хэмээн онцлов.
Сайд С.К.Шойгу Монгол Улсын төрийн дээд шагнал хүртсэндээ баяртай буйгаа илэрхийлж, “Энэ бол хувь хүний минь амьдралд маш хүндтэй үйл явдал бөгөөд эл шагнал нь зөвхөн намайг биш, хоёр орны найрсаг харилцаа, найрамдал нөхөрлөл, хамтын зүтгэлийг үнэлэн, хүндэтгэсэн хэрэг” гэлээ. Тэрбээр “Бидний хамтын ажиллагаа зуун дамжсан арвин баялаг түүхтэй. Харилцаа маань жинхэнэ стратегийн түвшинд хүрч хөгжиж буйд баяртай байдаг. Найзлан нөхөрлөж, хамтран тулалдаж явсан бид шинэ эринд шинэ үйл хэргийн төлөө хамтран зүтгэгчид болсон түүхийг дээдлэх учиртай.
Манай хоёр ард түмэн хүнд хэцүү, бэрхшээл сорилттой цаг үеэ даван туулж чадсан. Одоо хоёр улс, ард түмний гэрэлт сайхан ирээдүйн төлөө хамтын ажиллагаагаа хөгжүүлж байна. Энэ хамтын ажиллагаа зөвхөн батлан хамгаалах салбарт биш, бүхий л хүрээнд амжилттай хөгжинө гэдэгт бат итгэлтэй байна” хэмээн онцолсон юм. Түүнчлэн Оросын цэрэг, армийн үнэ цэнтэй туршлагыг монгол нөхөдтэйгээ хуваалцахад бэлэн гэдгээ илэрхийлсэн. Тэрбээр Сири дэх цэргийн ажиллагаа, түүнд ОХУ-ын гүйцэтгэж буй үүрэг, ач холбогдлын талаар товч танилцуулснаас гадна Монголын арми, цэргүүдтэй энхийг сахиулах, хүмүүнлэгийн чиглэлээр хамтрах, тухайлбал, цэргийн эмч нарыг хамтран ажиллуулах боломж байгааг тэмдэглэв.
Халх голын ялалтын 80 жилийн ойг тэмдэглэх тухайд С.К.Шойгу “Энэ бол бидний хамтын ялалт. Тиймээс ОХУ-ын зүгээс түүхт ойг тэмдэглэх хөтөлбөрийг улам өргөжүүлж, соёлын болон агаарын хүчний арга хэмжээг манай талаас нэмж оруулах саналтай байна” гэв. Түүнчлэн 2020 онд тохиох дэлхийн II дайны ялалтын 75 жилийн ойн талаар хөндөж, “Эх орны дайны үеэр монголчууд бидэнд үнэлж баршгүй тусламж, дэмжлэг үзүүлсэн. Ер нь бид дайны фронтод хамтран тулалдсан гэхэд болно. Тиймээс энэ ойд монгол нөхөд маань ч оролцоно гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн юм.
УИХ-ын дарга М.Энхболд хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар “Сүүлийн жилүүдэд энэ чиглэлээр ахиц гарч, 2017 оныг 2016 онтой харьцуулахад хоёр талын худалдааны эргэлт 37.3 хувиар өссөн” хэмээн тэмдэглэлээ.
Тэрбээр бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, УБТЗ нийгэмлэгийн техникийн шинэчлэл, төмөр замын болон авто замын бүтээн байгуулалт, эрчим хүчний зэрэг салбарт хамтарсан, томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, ОХУ-аас БНХАУ руу тавих хийн хоолойг Монгол Улсаар дамжуулах, Монгол, Орос, Хятадыг дамнасан “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, манай талын оролцоог нэмэгдүүлэх, бидэнд Алс Дорнодын далайн боомтыг ашиглах боломж олгох, Увс аймгаар дамжин Кызыл хүрч байсан авто тээврийг сэргээх зэрэг саналыг дэмжиж өгөхийг хүслээ.
Мөн 2010 оноос хойш Монгол Улсын Засгийн газрын тэргүүн ОХУ-д албан ёсоор айлчлаагүйг дурдаад, бэлтгэж буй айлчлалыг нь дэмжихийг хүссэн. Сайд С.К.Шойгу УИХ-ын даргын дэвшүүлсэн санал, хүсэлтийг Засгийн газартаа уламжилж, дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
Ерөнхий сайдад бараалхах үеэр Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх “Монгол Улс Зэвсэгт хүчнээ орчин үеийн зэвсэг, техникээр хангах, мэргэшсэн боловсон хүчнээр бэхжүүлэх зорилтоо ОХУ-тай тогтоосон уламжлалт хамтын ажиллагаанд тулгуурлан хэрэгжүүлэх бодлого баримталдаг” гээд цаашид Цэрэг, техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээрийн үйлчлэлийг урт хугацаагаар сэргээх, шаардлагатай зарим техник, зэвсэглэлийг тус улсаас буцалтгүй тусламжаар нийлүүлэх боломжийг судалж үзэхийг сайд С.Шойгугаас хүсэв.
Найрамдалт харилцаатай Монгол Улсад дахин зочилж байгаадаа сэтгэл хангалуун буйгаа сайд С.К.Шойгу илэрхийлээд, ОХУ-ын Ерөнхийлөгчийн мэндчилгээг уламжилсан. Цаашид цэрэг, техникийн хамтын ажиллагаагаа улам хөгжүүлж, хамтарсан сургуулилалт хийх, боловсон хүчин бэлтгэх зэрэг олон чиглэлээр хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлэв. Мөн ахмад дайчдын алдар гавьяаг мөнхжүүлэх зорилгоор Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн арга хэмжээг хамтран зохион байгуулах хүсэлтээ ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу хэллээ.
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу айлчлалаа өндөрлөөд, төлөөлөгчдийн хамт БНХАУ-ыг зорьсон юм. Түүний айлчлалын бүрэлдэхүүнд Батлан хамгаалахын орлогч сайд тэргүүтэй таван генерал, 14 төлөөлөгч, хэвлэлийн 12 ажилтан, Элчин сайд, цэргийн атташе нар багтжээ.
Б.Уран