УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар шатахууны үнийн өсөлтийн талаар мэдээлэл хийж, гишүүдийн асуултад хариулсан юм. Сайд Д.Сумъяабазар “Дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэ 2016 онд хамгийн доод түвшиндээ хүрсэн бол энэ онд өсөлттэй байна. Ирэх сараас дахиж нэмэгдэх хандлага бий. Жил бүрийн аравдугаар сард дизель түлшний үнэ өсдөг, хавар эргээд буурдаг” хэмээн мэдээллийн эхэнд тэмдэглэсэн.
О.Баасанхүү:-Бид яагаад хуурамч шатахуун хэрэглээд байгаа юм бэ. Энэ чиглэлд яагаад ямар ч бодлогогүй байгаа юм бэ. Сонгууль болохоор намууд шатахуун импортлогчдоос санхүүжилт авдаг, түүнийг нь бид төлөөд байгаа юм биш үү?
Ц.Эрдэнэбаяр (Ашигт малтмал, газрын тосны газрын Газрын тосны салбарын асуудал хариуцсан орлогч дарга):
-Сайд 2017 онд тушаал гаргаж, хуурамч шатахууны талаар судлах ажлын хэсэг байгуулсан юм. Ажлын хэсгийн дүгнэлт энэ оны зургадугаар сард гарсан. Одоо Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Удирдлагын зөвлөлийн хуралд оруулахад бэлэн болоод байна. Шалгалтын хүрээнд Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг “Петролеум продакшн”, Багахангай дүүрэг дэх “Ай Си Ай Си”, “Транс”, “Алтан оршихуй” зэрэг таван аж ахуйн нэгжийг хамруулсан. Нийт зургаан чиглэлээр дүгнэлт гаргаж байгаа. Лабораторийн шинжилгээгээр хоёр, гурван төрлийн стандартын шаардлагад хүрэхгүй байна гэж дүгнэсэн. Цаашид хилээр орж ирж байгаа нэмэлт бүтээгдэхүүнээс татвар авах хуулийн зохицуулалт хийх шаардлагатай байна
Д.Тэрбишдагва: -Дэлхийн зах зээлд бензиний үнэ хямдрахад манайд яагаад буулгадаггүй юм бэ. Нэмэгдэхээр дагаад өсдөг. ОХУ-ын Дум энэ оны наймдугаар сараас эхлэн экспортын татвараа 30-90 хүртэл хувиар нэмэгдүүлэх эрхийг Засгийн газартаа олгочихсон. Ирэх оны нэгдүгээр сараас бензиний үнэ нэмэгдэхээр байна. Үүнд төрийн ямар бодлого байх вэ. Шатахуун нөөцөлж, хадгалах сав байна уу?
Д.Сумъяабазар: -Нефть боловсруулах үйлдвэр, дамжуулах хоолой тавих ажлыг ОХУ-тай хамтарч хэрэгжүүлэхээр хэлэлцэж байна. ОХУ-аас “Роснефть” компанийн удирдлага ирж, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гаргаж байгаа. Арваннэгдүгээр сарын 15 гэхэд энэ ажлууд тодорхой болчих байх. Дамжуулах хоолой тавих ажилд ОХУ-ын аж ахуйн нэгжүүд оролцох сонирхлоо илэрхийлсэн.
Ч.Чулуунбат (УУХҮЯ-ны Түлшний бодлогын газрын дарга):
-Дизель түлшинд онцгой албан татвар тавьж байгаагаас болж үнэ нь бензинээс өндөр байна. Дэлхийн зах зээлд шатахууны үнэ хямд байхад манайд буурдаггүй нь онцгой албан татварын хувь, хэмжээ өндөр байсантай холбоотой.
Д.Эрдэнэбат: -Хэдхэн зүйлийн үнийг тогтворжуулах эр зориг, бодлого алга. УУХҮЯ-ныхны өгч байгаа мэдээлэлд хэдэн түгшүүртэй зүйл байна. ОХУ 2019 оны нэгдүгээр сараас татварын хэмжээгээ дахиад нэмэх юм байна. Тэгэхээр шатахууны үнэ манайд дахиад савлах уу. Орлогын албан татварын зохицуулалт байхгүй талаар Сангийн яамныхан хэлж байна. Цаашдаа яана гэсэн үг вэ. Одоо Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг Монголбанк Засгийн газартайгаа хамтраад хэрэгжүүлэх хэрэгтэй.
Нэрэлхүү зан чинь улстөржилт болж, үр дагаврынх нь өмнө ард түмэн сөхөрч гүйцлээ. Сүүлийн үед Оросоос шатахуун түгээх станц оруулж ирэх нь гэж ярих боллоо. Энэ яриаг хаанаас гаргав. УУХҮЯ болон Сангийн яам хэр уялдаатай ажиллаж байна вэ. Эдийн засгийн байнгын хорооноос хөлдүү Засгийн газарт ямар зөвлөмж өгөх ёстой вэ?
Д.Сумъяабазар: -Өсөж байгаа эдийн засгаа тодорхой түвшинд барих гэж л Засгийн газар ажиллаж байна. ОХУ-ын татварын хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор хоёр талаас ажлын хэсэг гарган, үнийн зохицуулалт хийж, нөөц бүрдүүлэхээр ажиллаж байна. Урт хугацааны бодлогын талаар “Роснефть” компанитай ярьж байгаа. Богино хугацаандаа санхүүгийн тохируулга хийхээс өөр аргагүй. “Роснефть”-ийн салбарыг Монголд нээнэ гэдэг нь ташаа мэдээлэл.
Тус компанитай байгуулсан гэрээний зүйл, заалтыг дордуулахгүйгээр тогтвортой мөрдөх, экологийн ангилал өндөр буюу чанар сайтай шатахууны үнийн томьёололд худалдан авагч талд хөнгөлөлт үзүүлэх талаар яриа, хэлцэл хийх байр суурь баримтлан ажиллаж байгаа. Мөн БНХАУ-ын “Чайна ойл” компаниас шатахууны импортын тоо хэмжээ, хилийн боомтын тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байна.