Телевизийнхний камер, микрофонд бүчүүлж, сэтгүүлчдийн асуултад ээрэгдсэн Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан үгээ дуусгаж амжаагүй байтал нэгэн сурвалжлагч “Тэр индукцэн плитка чинь яаж ажилладаг юм бэ. Цахилгаанаар ажилладаг юм уу, зуухан дээр тавих уу” гэж бухимдангуй асуухад танхимд цугласан хүмүүс бүгд инээлдэв. Эрхэм дарга сандрангуй өнгөөр “Энэ төхөөрөмж индукцэн зуух биш. Индукцийн аргаар түлшийг бүрэн шатаадаг бүтээгдэхүүн” хэмээн хэдэнтээ тайлбарлав. Үүний хойноос “Шүүлтүүрийн өртөг хэд, туршилтын үр дүн ямар байсан, хэзээнээс нийлүүлэх вэ” гэсэн асуултууд хөврөхөд Төрийн нарийн бичгийн дарга “Энэ төхөөрөмж шүүлтүүр биш юм аа. Тоосонцрыг бүрэн шатаах төхөөрөмж” гэж улигласаар сүүлдээ хэвлэлийн хурлыг хүчээр шахам дуусгаад, асуултуудаас бултав. “Эвгүй” асуултууд ирэх бүрт БОАЖ-ын сайд үе үе түүний урдуур орж тайлбар хэлнэ.
“Нийслэлийн гэр хорооллын өрхүүдэд утааны шүүлтүүр олгоно. Үүнд улсаас 54 тэрбум төгрөг төсөвлөсөн” гэсэн мэдээлэл өнгөрсөн долоо хоногоос цахим сүлжээнд тархаж, иргэдэд нэлээд бангадуулсны дараа (уржигдар) БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан нар мэдээлэл хийх үеэр дээрх хөгтэй гэмээр явдал болсон юм. Хачирхалтай нь, ихэнх мэдээллийн сайт дээрх явдлын дүрс бичлэгийг цахим сүлжээнд тавихдаа сайд, дарга нараа “хөөрхөн” харагдуулахыг хичээж, “но”-той хэсгүүдийн дууг хаасан нь бүр ч ихээр анхаарал татсан.
“Агаарын бохирдлын асуудлаар мэдээлэл өгнө” гэсэн битүү зарлал тараасан эл хэвлэлийн хурлын гол зорилго нь утаа шүүгч төхөөрөмжийг иргэдэд танилцуулах байв. Гэвч тэд энэ зорилгодоо хүрсэнгүй. Сэтгүүлчдийн асуултад бүдэрч, муу дүн авлаа. Ирэх онд нийслэлийн гэр хорооллын 100 мянган өрх (зөвхөн монгол гэртэй)-д түлш бүрэн шатаадаг эл төхөөрөмжийг суурилуулах гэнэ. Энэ нь цахилгаанаар ажилладаг. Өртөг нь 200 ам.доллар. Сардаа 22 мянган төгрөгийн эрчим хүчээр “хооллох” тооцоотой. Төхөөрөмжийн загварыг монгол залуус гаргасан ч дэлхийд тэргүүлэгч групп Хятадын “Наier” эцсийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэх юм байна. Сэтгүүлчдэд өгсөн гол мэдээлэл нь ердөө л энэ.
Цахилгаан, түлээ, нүүрсэнд тэртэй тэргүй чамгүй “татвар” төлдөг гэр хорооллынхон ийм төхөөрөмжтэй болбол сар бүр 22, хагас жилд 132, жилдээ 264 мянган төгрөг нэмж тушаах болно. Түүнчлэн цахилгаан төхөөрөмж л юм хойно эвдрэх, гэмтэх зэрэг эрсдэл гарч, тэр бүрт нь зардал гарахыг үгүйсгэхгүй. Тэгвэл иргэд эл төхөөрөмжийг сар бүр нэмэлт татвар төлөн байж сонгох шалтгаан юу вэ. Бүтээгдэхүүний аюулгүй байдал, баталгаат чанар, ач холбогдол ямар байх бол. Хэрэглэгчид юуны түрүүнд эдгээр асуултад хариулт нэхэх нь ойлгомжтой. Гэтэл ЭХЯ, БОАЖЯ-ныхан үүнд дорвитой тайлбар, судалгааны дүн хэлж чадахгүй байна. ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан “Бид бүрэн шаталтыг дэмжих төхөөрөмжийг сайжруулах ажлыг арван сарын турш хийлээ. Он гарахаас өмнө дуусгаж, 2019 онд төхөөрөмжөө нийлүүлнэ. “Наier”-ийнхэн бүтээгдэхүүндээ 82-88 хувийн баталгаа гаргахаа хэлсэн. Бид илүү боловсронгуй болгохоор ажиллаж байгаа. Ажлын хэсгийнхэн Засгийн газрын гишүүдэд төхөөрөмжийг хоёр удаа танилцуулахад зарим зүйлийг сайжруулах чиглэл өгсөн” гэсэн “бөөрөнхий” тайлбар хэлж суув.
Утааг бууруулах нэрийдлээр үе үеийн Засгийн газар гэр хорооллынхонд сайжруулсан түлш, зуух “шахаад” бүтэлгүйтсэн, зуу, зуун сая төгрөг салхинд хийсгэсэн гашуун сургамж бий. 2012 онд Баянгол дүүргийн өрхүүдэд яндангийн шүүлтүүр суурилуулаад, бас л чамгүй хэдэн төгрөг үрэн таран хийсэн юм даг. Зуух, шүүлтүүр, сайжруулсан түлш тараах зэрэг гал унтраах төдий аргаар утаатай тэмцээд нэмэргүй, мөнгө шороонд булахтай ижил гэж учир мэдэх хүмүүс байнга хэлж, сануулдаг. Гэтэл У.Хүрэлсүхийн Засгийн газар утаа шүүгчтэй дахин зууралдав. Тэд “Шүүлтүүр биш” хэмээх улигласан тайлбараараа “Энэ төхөөрөмж өмнөх жилүүдийнхээс өөр шүү” гэдэг мессеж иргэдэд өгөхөөр хичээж, бүрэн шаталтыг дэмжих төхөөрөмж гэсэн албаны нэр хайрласан ч бүтээгдэхүүний ажиллах горим, гүйцэтгэх үүрэг нь утаа шүүгчээс ер ялгаагүй аж.
Онцлог нь тэр цахилгаанаар ажилладагт л буй юм. Хамгийн гайхмаар нь юу гээч. Гэр хорооллын өрхүүдийн 45 хувьд нь тараахаар төлөвлөсөн эл шүүлтүүр нүүрс, түлээнээс ялгарах тоосонцрыг хэчнээн хувь бууруулдаг талаар ямар ч туршилт, судалгааг тэд хийгээгүй бололтой. Энэ тухай тоймтой тоо, баримт ч хэлсэнгүй. “Тоосонцрыг хэдэн хувь бууруулдаг вэ” гэсэн асуултад “Иргэд биднийг 100 мянган айлд туршилт хийх нь” гэж байна. Төр иргэд дээрээ туршилт хийдэггүй юм аа” хэмээн учирлах нь бодит байдалтай харшилсан хариу байв. Монголын төр, засаг агаарын бохирдлыг бууруулах нэрийдлээр цөөнгүй туршилт хийсэн. Арван сарын турш бүтээгдэхүүнээ сайжруулахад анхаарсан гэх атлаа дорвитой судалгаа, баримтгүй байгаа Н.Цэрэнбатын багийнхан ч биднийг туршилтын туулай болгохгүй гэх баталгаа, өчүүхэн ч болов найдлага одоохондоо харагдахгүй байна.
Эл шүүлтүүр 2.5 кВт цахилгаанаар ажилладаг. 100 мянган айл шүүлтүүр хэрэглэхэд цахилгааны ачаалал тодорхой хэмжээгээр нэмэгдэх нь гарцаагүй. Ялангуяа, өвөл ид ачааллын үеэр эрчим хүчнийхнийг сандаргаж болзошгүй. Энэ эрсдэлийг хэрхэн тооцоолж байгаа тухай ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бас л “бөөрөнхий” зүйл ярив. Тэрбээр “Ачаалал нэмэгдэх төлөв харагдаж байгаа. Бид яавал ачааллыг бууруулж, эрчим хүчний нөөцөд нөлөөлөхгүй байлгахыг яг одоо судалж байгаа” гэв.
Гэр хорооллын тал орчим хувийг цахилгаан шүүлтүүрээр хангах том ажил ийм л хэмжээнд өрнөж байгаа зураглалыг дээрх хоёр яамныхан танилцууллаа. Хүнээр бол эрэмдэг, техникээр бол бүх эд анги нь салангид. Гэтэл Орчны бохирдол бууруулах үндэсний хороо энэ ажилд зориулж 2019 оны төсөвт 54.3 тэрбум төгрөг яаруу сандруу тусгуулсны учир юу вэ. Агаарын бохирдол Үндэсний аюулгүй байдал зарлах хэмжээнд хүрсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн манай Засгийн газар ч тэдний аясаар хуумгай хөдөлсөн нь ямар шалтгаантай вэ.
Зүйгээрээ бол аливаа ажлыг хэрэгжүүлэхийн тулд эхлээд туршилт, судалгаа хийдэг. Ингэж байж ач холбогдол, үр дүнг нь бодитоор үнэлж, гарч болзошгүй эрсдэлээс сэргийлнэ. Гэтэл цахилгаан шүүлтүүр суурилуулах ажил эсрэгээрээ “хөдөлж” эхэлсэн нь утаанаас мөнгө “босгох” шинэ бизнес юм биш биз гэх хардлага, болгоомжлол төрүүлж байна.
Ирэх оны тавдугаар сараас түүхий нүүрс хэрэглэхийг бүрмөсөн хориглох шийдвэр Засгийн газар гаргасан. Энэ шийдвэр хэрэгжсэнээр агаарын бохирдол хоёр дахин буурна гэсэн тооцоо буй. Агаарын бохирдлын 80 орчим хувийг гэр хорооллынхон “үйлдвэрлэдэг”. Харин үүний зонхилох буюу 90 хувь нь түүхий нүүрснээс үүдэлтэй. Түүхий нүүрс түлэхээ байчихвал бид гэр хорооллынхонтой бус, тээврийн хэрэгсэл, цахилгаан станц зэрэг бусад эх үүсвэртэйгээ тэмцэх болно. Монголын сайжруулсан түлш үйлдвэрлэгчдийн нэгдлийнхний хэлснээр ирэх оноос нийслэлчүүдэд нийлүүлэх сайжруулсан түлш түүхий нүүрсээс 2-3 дахин бага дэгдэмхий бодис, тоосонцортой байх гэнэ. Тэгэхээр Засгийн газар сайжруулсан түлш, түлээнээс ялгарах тоосонцортой тэмцэхэд л бүхэл бүтэн 54 тэрбум төгрөг төсөвлөсөн болж таарах нь. Эндээс манай төрийн бодлого хэр оновчтой, хоорондоо уялдаа холбоотой, эсэх нь харагдаж байна.
Утааг бууруулах хамгийн үр дүнтэй шийдэл нь гэр хорооллынхныг орон сууцжуулах. Гэвч бодлого тодорхойлогч, шийдвэр гаргагчид үүнийг урт хугацааны шийдэл гээд хойш тавьдаг. Уг нь бид цөөн гэлтгүй 50, 100 өрхийг ч зуухнаас ангижруулах ёстой. “Бүгдийг нь орон сууцтай болгоход хугацаа шаардлагатай” гээд хойш суугаад байвал энэ шийдлийг хэзээ ч хэрэгжүүлж чадахгүй. Цахилгаан шүүлтүүрт төсөвлөсөн 54 тэрбум төгрөгөөр гэхэд 900 айлыг орон сууцтай болгож, эсвэл 4000 өрхийн байрны урьдчилгаа төлөх сонголт бидэнд байжээ. Гэтэл Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооныхон “Утааг богино хугацаанд бууруулах хамгийн үр дүнтэй арга нь энэ” гээд сар бүр 22 мянган төгрөгийн цахилгаанаар “хооллодог” шүүлтүүрийг сонгожээ. Яаж ч бодсон, 100 мянган өрхийн зуухыг тоноглосноос, 900 айлыг орон сууцтай болгох нь оновчтой шийдэл байлтай. Утаатай тэмцэх төрийн шийдвэрүүд үргэлж “мэргэн” байдаг. Үр дүнд нь бид туршилтын туулай болдог.