Монголчууд “Тоодгийн мах тогоо дүүрнэ” гэж ярьдаг. Энэ нь түүний жинтэй холбоотой. Манай орны хамгийн хүнд жинтэй шувуу гэсэн өргөмжлөлийн эзэн нь тэр. Бие гүйцсэн эр тоодог багадаа 10-16 кг татдаг аж. 21 кг хүртлээ жин нэмж, овгийнхон дундаа “дээд амжилт” тогтоосон нь ч бий. Тэдний жин нь хөдөлгөөнд нь саад болдоггүй. Зовлонгүй ниснэ. Тэр байтугай баясан бүждэг гэх. Шувуу ажиглагч Л.Жаргалсайхан эл жигүүртний зургийн тайлбарт “Тоодог сүүлээ бөмбийлгөж, хошуугаа дээш өргөхөд хөхөлдөг, сахал нь сөрвийж харагддаг.
Тэгээд шогшин бүжиглэдэг” хэмээжээ. Түүний бүжиж байгааг харна гэдэг ховор тохиол гэнэ. Тэрбээр “Цам харайн бүжиглэж байхад нь зураг авахыг хүсдэг ч тийм боломж тохиох нь тун ховор” гэсэн бол шувууны зураг авах хоббитой Э.Идэрбат “Ганцхан удаа тоодгийн зураг авсан. Хүний бараанаар л зугтчихдаг” хэмээв. Угаас ховор тархацтай, “уулзах”-ыг хүссэн нэгнийг зүдээж, араасаа явуулах дуртай эл жигүүртний эх байгальдаа эрх дураар баясан бүжиж байгааг дахин хэзээ ч харахгүй байж мэдэх бараан ирээдүйд судлаачид зовних боллоо. Тоодгийнхон овгийн шувууны тоо толгой дэлхий дахинд, ялангуяа Азид эрс багасжээ.
Ганцхан жишээ татахад, нэгэн цагт овгийнхон дундаа дундаа хамгийн элбэгт тооцогддог байсан, Монголд байдаг хоёр зүйлийн нэг болох хонин (нөгөө нь жороо) тоодгийн тоо толгой 2000 хүрэхтэй үгүйтэй болжээ. Тоодог бүхий Азийн орнуудын судлаачид хамтран саяхан хэвлүүлсэн “Азийн тоодог шувууны хорогдол” өгүүлэлд тэмдэглэснээр хонин тоодог Оросын Азийн хэсэгт хамаарах бүсэд ердөө 380-430, Монголд 1000, Хятадад 600-гаас дээшгүй тоо толгой байгаа гэжээ.
Шувуу судлаач Н.Цэвээнмядагийн хэлснээр тоодгийн овогт багтдаг 12 зүйлийн жигүүртэн бий гэнэ. Хонин тоодгоос бусад 11 зүйлийн хувьд тоо толгой нь мянгаар бус, зуугаар хэмжигдэх болжээ. Нүүдэллэхдээ саатдаг, өвөлждөг, үрждэг газрын заримд нь тоодгийн мөр ч харагдахаа больж, өдрийн од шиг ховор болсон тухай Азийн тоодог бүхий орнуудын судлаачид өнгөрсөн онд Монголд чуулахдаа дуу нэгтэй хөндсөн аж.
Зэрлэг амьтан, ургамлын ховордсон төрөл зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц, дэлхийн болон Монголын “Улаан ном”, Дэлхийн байгаль хамгаалах холбооны “Улаан данс” зэрэгт тоодгийн овгийнхон бараг бүгд “мөр”-өө үлдээхэд бэлчээрийн доройтол, идэш тэжээлийн хомсдол, байгалийн гамшигт үзэгдэл гол нөлөө үзүүлсэн гэж дээрх баримт бичгүүдэд дурдсан байв.
Гэвч тэдний хамгийн гол дайсан нь хулгайн анчид байсаар иржээ. Хүнээс ихээхэн айж цэрвэдэг нь ч үүнээс улбаатай аж. “Агнуурт өртдөг болоод ч тэр үү, их бишүүрхүү, машины бараанаар л алга болчихдог” гэж судлаач, ажиглагч Л.Жаргалсайхан ярьсан. Ш.Сүхбат, Г.Буяндэлгэр нарын хамтын бүтээл “Монгол анагаах ухаан” номонд дурдсанаар тоодгийн мах өвөрмөц, сайхан амттай нь хулгайгаар агнах гол шалтгаан болдог гэнэ. Түүнчлэн шөл нь дэлүүний хүйтэн хийг засаж, ядаргаа тайлах, мэдрэл алдарч, самуурахаас сэргийлдэг, тос нь үс халцрах, зулгарахаас хамгаалдаг гэсэн мэдээлэл иргэдийн дунд эртнээс түгсэн. Үүнээс болоод анчид тоодгийг үй олноор олз болгосон” гэжээ. Хятадын Сычуань мужид уржнан гэхэд 30 гаруй тоодог агнасан иргэдийг илрүүлжээ. Хүнд ашигтай нэгдэл, эд, эрхтэнтэйгээсээ болоод мөхлийн ирмэгт тулсан олон ургамал, амьтны нэгээр тоодгор тоодог “тодорчээ”.
Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийнхөн:
Бүх зүйлийн тоодогт тулгарч байгаа сөрөг нөлөө, аюул занал улам бүр нэмэгдэж, зарим зүйл нь тун удахгүй устаж магадгүй болжээ. Манай улс дахь хонин болон жороо тоодгийн аль алиных нь тоо толгой хомсодсон. Түүнээс гадна тайван үүрлэж, өндөглөх орчин нь жилээс жилд хумигдаж, хулгайн анд өртөх, цахилгаан хүчдэлд цохиулах эрсдэл буурахгүй байна. Өвөлждөг болон нүүдлийн зам дагуух газруудад нь хэсэгт нь агнуурын дарамт, аюул заналхийлэл тэднийг байнга отдог. Хэдийгээр судлаачид болон байгаль хамгааллын байгууллагуудын тоодгийг хамгаалахад анхаарч байгаа ч хүчин мөхөстөх нь элбэг. Иймд улс орнуудын төр, засгийн оролцоо, хамтын ажиллагаа тоодог шувуудын зүйлүүдийг хамгаалахад маш чухал.
Монголын шувуу хамгаалах төвийнхөн:
Хонин тоодог бол тал хээрийн экосистемийн гол шүхэр зүйл амьтдын нэг. Энэ зүйл тоодгийн Азийн салбар зүйлийнх нь тоо толгой, тархац нутаг сүүлийн жилүүдэд ихээр хумигдаж байгаа. Үүнд нь амьдрах орчны доройтол болон хүн зонхилох нөлөөтэй. Монгол Улс бол Азийн салбар зүйл хонин тоодгийн хамгаалалд чухал ач холбогдолтой. Иймд энэ зүйл тоодгийн шилжилт хөдөлгөөнийг тогтмол судалж, мэдээлэх нь чухал. Удахгүй Зүүн бүсийн хонин тоодгийн үржлийн нутгийн болон нүүдлийн үеийн, мөн өвөлждөг нутгийн байршил газрууд тодорхой болж энэ шувууны хамгааллыг сайжруулахад үнэтэй баримт болно.
Тоодог шувуу ховордсонтой холбоотойгоор нэг бүс нутгийн, ялангуяа Азийн орнууд энэ жигүүртнийг хамгаалахад онцгой анхаарч, гар нийлэн ажиллаж байгааг дээрх байгууллагынхан онцолсон. Өнгөрсөн онд гэхэд тоодгийг хэрхэн хамгаалах асуудлаар олон улсын эрдэмтэд Монголд чуулсан бол Монголын шувуу хамгаалах төвийнхөн Бээжингийн их сургуулийнхантай хамтран дээрх хоёр зүйлийн шувууны нүүдлийг судлахаар өнгөрсөн зун 16 жигүүртэнд сансрын дамжуулагч суулгаад буй юм.
Гэсэн ч тэд эл жигүүртний хорогдлыг зогсоож дөнгөхгүй байгаагаа нуугаагүй. Юуны түрүүнд түүний тархац нутгийг тогтоон, өвөлждөг газрыг нь тусгай хамгаалалтад авах шаардлагатай гэнэ. Түүнчлэн хууль бус агнууртай хатуу тэмцэх хэрэгтэйг судлаачид хэлэв. “Нэг зүйлийн шувуу хорогдоход юу болов гэж” гэсэн тоомжиргүй бодол танд төрж болох юм. Гэхдээ байгалийн бүх эд, эс хоорондоо уялдаатай байдгийг мартаж болохгүй. Тэр дундаа хонин тоодог бол тал хээрийн экосистемд гойд нөлөөтэй жигүүртэн. Экосистем гэдэг өөр хоорондоо тэжээлийн хэлхээгээр холбогдсон бүх амьд бие, тэдгээрийн бодисын солилцоо, энергийн хувиралд оролцох орчин тойрны амьгүй бүрэлдэхүүн хэсгүүдийн нэгдмэл тогтолцоо билээ.
Тоодог устаж, экосистемийн энэ гинжин хэлхээ задарвал өөр хэчнээн төрлийн амьтан, ургамал алга болохыг хэлэхэд бэрх. Тиймээс манай улсын байгаль орчны асуудал эрхэлсэн төв байгууллага болох БОАЖЯ тэргүүтэй байгууллагууд тоогүй тавилантай энэ амьтныг анхааралдаа авах цаг нь иржээ. Байгаль орчны салбарынхан 2014 онд “Хонин тоодгийг Зэрлэг амьтны нүүдэллэдэг зүйлүүдийг хамгаалах конвенцод бүртгүүллээ” гэж хөл хөөрцөг болж байсан юм. Түүнийг бүртгүүлсэн баримт бичгийн тоо үүнээс хойш нэмэгдсэнээс хамгаалж, үржүүлэхэд ахиц дэвшил гарсангүй. Харин ч бараан мэдээ дуулдах нь ихэсжээ.
Монголын тал хээрт өргөн тархацтай байсан энэ шувуу өдгөө Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Төв, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Завхан, Увс аймгийн зэлүүд талд хааяа үзэгддэг, Хөвсгөлийн Тариалан, Эрдэнэбулган, Булганы Тэшиг сумын тариан талбайд цөөн тоогоор өвөлждөг байна. Түүний амьдралын онцлогийн талаар шувуу ажиглагч Л.Баатарням “Үржил нь их өвөрмөц. Эр нь дэвхцэж цамнахад 2-3 эм тоодог түүнийг хүрээлдэг. Тэдгээрийг нэг бүрчлэн шинжээд, хамгийн том биетэйг нь сонгож хос болно. Ажиглавал их сонин үйл явц. Яг л тулалдах гэж байгаа мэт, эсвэл ямар нэг зүйл шалгах аятай удаан, нухацтай шинждэг юм. Энэ тухай хийсэн сонирхолтой, баримтат кино хүртэл бий. Эр нь 5-6, эм нь 3-4 насандаа үржилд ордог. Бүл үүссэний дараа эм нь дэгдээхийгээ бойжуулж, эр нь ганцаараа эсвэл, хэд хэдээрээ хэрэн бэлчээрлэдэг” хэмээн ярилаа. Тэрчлэн хүнээс гадна жигүүртнүүд хүртэл түүнд дайсагнадаг гэнэ. Тухайлбал, дэгдээхийг нь шилийн сар, намгийн сахиа, бие гүйцсэн залуу тоодгийг бүргэд ангуучилдаг юм байна.