Бид ургамлыг анагаах ухаанд ашиглаж ирсэн баялаг уламжлалтай. Үүнээсээ болоод иргэд аливаа ургамлыг дураараа түүж, бэлтгэх нь элбэг. Энэ нь хязгаарлагдмал тархацтай, эмчилгээний өндөр үр ашигтай ургамлын нөөц багасах нэг шалтгаан болж байна. Түүнчлэн үйлдвэрлэлийн зориулалтаар гэх нэрийдлээр ховор, нэн ховор ургамлуудаа жилд тонн тонноор нь экспортолдог. Ер нь манайх шиг ийм үрэлгэн, цамаан, байгалийн баялгийг дундаршгүй, шавхагдашгүй мэт “цацдаг” улс бий болов уу.
Монголчууд 2008-2016 онд гэхэд л анагаах ухаан, эм үйлдвэрлэлд ховорт тооцогддог дэрвэгэр жиргэрүү, хээрийн цагаан мөөг, эгэл бавран, хонин арц, урал чихэр өвс, хөх нэрс, хусны өмхөн туруудай 533.3 тонныг гадаадынханд (БНХАУ, БНСУ, Япон руу зонхилохыг нь экспортолсон) бэлэглэжээ. Үүнээс гадна зүүн гарын гоёо буюу цөлийн аргамжин цэцэг, гишүүнэ, их шүүдэргэнэ, газрын хар үс, өмхий өвс, алтан гагнуур, зээргэнэ зэрэг ургамлыг иргэд их хэмжээгээр түүж бэлтгэсээр байна.
“Монгол орны байгаль орчны төлөв байдлын тайлан 2017”-д дурдсанаар манай улсын ургамлын аймаг сүүлийн 30 жилд 2815 буюу 40 орчим хувиар өсөж, 7315 зүйлтэй болжээ. Гэхдээ эмийн зориулалттай ашигт ургамлын нөөц жилээс жилд багассан тухай тэнд дурдсан байв. Холбогдох мэргэжилтнүүд уржнан 60 орчим зүйл ургамлын тархац, нөөц, биологийн өөрчлөлтийг судлахад ганга, юлдэн, байгалийн гүүн хөх, намгийн сургар зэрэг нь үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах нөөцгүй нь тодорхой болжээ.
Биологийн идэвхт бодис өндөртэй, хүнээр бол элит түвшнийх гэгддэг Монголын биологийн нөөц энэ мэтээр шавхагдан, улс дамнан худалдаалагдаж, эрэлт хэрэгцээ өндөртэй зарим нь “Улаан ном” руу хэд хэдээрээ “хөтлөлцөн айсуй”. Үүний бэлээхэн жишээ нь хармаг.
Энэ нь Ховд аймгийн зарим, Баянхонгор, Говь-Алтайн өмнөд, Дорноговь, Өмнөговийн ихэнх нутагт ургадаг. Ингэхдээ элсэрхэг хотгор, гуу жалга, хужир марз ихтэй газарт “тухалдаг” байна. Тиймдээ ч хармагийг гоёо, загтай адил говийн ургамал гэж хамаатуулдаг. Иргэд түүнийг орос махирс буюу чонон хармагтай эндүүрэх нь элбэг гэнэ. Орос махирс нь хар хөх өнгийн жимстэй, түүнийг нь хүн идэж болдоггүй, хэрээ, шаазгай зэрэг шувуу хооллодог. Харин говийнхны хармаг бол нэг дор 3-7 ширхгээрээ багцлан ургадаг, улаан хүрэн өнгөтэй, зөөлөн чихэрлэг жимс юм. Хальт харахад аньс, улаалзганатай андуурам энэ жимсээр говийнхон чанамал, ундаа, амтат дарс хүртэл хийдэг.
Хармаг хүний биед хэрэгтэй C аминдэм болон органик хүчил, чихэрлэг бодисоор баялаг. Үүнээсээ болоод тэр шунахай сэтгэлтнүүдийн хөлд үндэс, мөчиртэйгөө сүйдэж, устах аюулд өртөөд байгаа гэнэ. Дээр дурдсан таван аймагт угаасаа алаг цоог, хязгаарлагдмал тархацтай байсан хармагийн нөөц 2000-2011 онд харьцангуй элбэг байсан бол одоо “Тэнд ургадаг” гэж яг таг баримжаалахад хэцүү болсныг ургамал судлаач, доктор Х.Отгонбилэг дурдав. Тэрбээр “Өмнөговь, Баянхонгор аймагт хармаг жимс бараг устсан” гэлээ.
Хармагны бут тошлойнх шиг өргөстэй учир жимсийг нь түүхэд бэрхшээлтэй. Гэвч ашиг хайсан хүмүүс тус ургамлын экологийн ач холбогдлыг бодолгүй ишээр нь огтлон, үндсээр нь булга татах тохиолдол бишгүй аж. Хармаг Монголд кг нь 30-35 мянган төгрөгийн ханштай байдаг бол урд хөршид үүнээс 4-5 дахин өндөр үнээр худалдан авдаг гэнэ. Олдоц муу учир зарим нь үүнээс хэд дахин өндөр ханшаар үнэ хаялцан авдаг тухай “Гайхамшигт говь” төрийн бус байгууллагын судлаач Г.Тэмүүжин онцоллоо. Цахим сайтуудад орж үзэхэд ч “Хатаасан хармаг 30-40 мянган төгрөгөөр авна” хэмээх зар амьтны эд, эрхтэн худалдаж авна гэсэн зараас дутахгүй олон байв.
Хармагийн нөөц багасахын хэрээр эрэлт ихэсчээ. Тиймээс зарим ченж үрийг нь урд хөрш рүү гаргахын тулд говьд очин, газар дээр нь “ажиллах” болсон мэдээлэл ч байна. Тэр ч бүү хэл алс баруун хязгаар дахь Шаргын говийг ч ургамлын үрийн наймаачид жилийн жилд зорьдог болсон гэнэ.
Говийн дархлаа, экосистемийн гагнаас болсон хармаг жимсний нөөц багасаж байгаа нь ургамал судлаачдын санааг зовоох болжээ. Гэсэн ч үүнд санаа тавих ёстой байгаль орчны чиглэлийн, төрийн байгууллагууд нь энэ жимсний ач холбогдлыг мэддэггүйгээс үү, эсвэл зөвхөн говьд ургадаг учраас үл тоодог уу, дорвитой ажил хийлгүй, дүлий дүмбэ царайлсаар өдий хүрснийг учир мэдэх хүмүүс хэлэв. Харин “Амин хэлхээ байгаль сан” төрийн бус байгууллагынхан хармагны бут хамгаалах төсөл санаачилсан нь говийнхныг баярлуулсан, цаг үеэ олсон ажил байв.
“Монголд нэн ховордсон 30-аад төрлийн ургамал, зэрлэг жимс бий. Вансэмбэрүү, алтайн сонгино, чихэр өвс, дэгдийг бид хайр гамгүй түүж “Улаан ном”-д оруулсан шиг говийн хармагаа ч мөхөөх нь. Тиймээс ийм төсөл санаачилсан” гэж ярьсан тэд өмнө нь ч энэ чиглэлээр цөөнгүй ажил хийжээ. Төслийн онцлог нь иргэдийн хандив, дэмжлэгээр урагшлах байв. Өөрөөр хэлбэл, хамтын санд оруулсан иргэдийн хөрөнгөөр жимсний мод, бутыг хамгаалах зорилготой.
Үүнийг хэрэгжүүлэхэд нийт 71 сая төгрөг хэрэгтэй гэж төсөл хэрэгжүүлэгчид тооцоолсон ч монголчууд үр ашиггүй зүйлд мөнгө зарцуулахгүй хэмээн гар татсан бололтой. Нийт санхүүжилтийн ердөө 0.02 хувь буюу 14-хөн мянган төгрөгийг жилийн хугацаанд бүрдүүлж чаджээ. Хармаг жимсийг “Улаан ном”-д орохоос сэргийлэх чухал ач холбогдолтой ийм нэгэн төсөл “бариа”-наасаа холдолгүй ийн гацжээ.
Монгол хармаггүй болбол яах вэ. Говийнхон идэх жимсгүй, дарс эсгэх түүхий эдгүй болж, Монголын ургамлын аймаг нэг зүйлээр хорогдоно. Энэ нь тус ургамал устсанаас байгаль орчинд учрах хор уршгийн хамгийн наад захын жишээ юм. Өөрөөр хэлбэл, мөсөн уулын орой гэсэн үг. Монголын говьд төдийгүй тал, хээрийн бүсэд ч хөрсний элэгдэл, цөлжилт эрчимжиж буй. Тиймээс говийн экосистемийг зайлшгүй хамгаалах шаардлага тулгарсан.
Харин үүнд говийн ургамал, тэр дундаа харгана, сондуул чухал үүрэгтэй. Хармагны бут үгүй болсноор түүнийг даган ургадаг говийн бусад ургамлын экосистем доголдоно, элсний нүүдэл эрчимжинэ. Энэ хэрээр цөлжилт, шар шороон шуурганы давтамж ойртох урхагтай. Түүнчлэн дэлхийд нэн ховор, бид “Зөвхөн Монголд л байдаг” хэмээн бахархан ярьдаг мазаалай баавгай шимт тэжээлээсээ сална. Түүний намар амтархан иддэг гол тэжээлийн нэг нь энэ юм. “Намар согтуу мазаалай олон дайралдах нь хармаг элбэг ургасны шинж” гэж говийнхон ярьдаг нь ч учиртай аж.
Манай улс сүүлийн жилүүдэд цөлжилт бууруулах чиглэлд ихээхэн анхаарч, энэ чиглэлийн цөөнгүй төсөл, хөтөлбөр говьд хэрэгжүүлж байгаа. Мөн мазаалай, хавтгай, тахь, хулан, хар сүүлт, бөхөн зэрэг говийн чимэг болсон амьтдыг хамгаалахад ч хэрэндээ анхаарч буй. Хамгийн сүүлд гэхэд БНХАУ-тай хамтран мазаалай хамгаалах төсөл хэрэгжүүлэхээр болж, хоёр орны судлаачид өдгөө говьд суурин судалгаа хийж байна. Говь нутаг, түүний эд эс болсон амьтан, ургамлыг хамгаалах зорилготой энэ мэт төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгчид монгол хармагны нөөцийг сэргээх, бутыг хамгаалахад анхаарах цаг нь болжээ.