Аж ахуйн нэгж, байгууллага, компани, эсвэл аль нэг салбарт олон улсын стандарт нэвтрүүлсэн тухай мэдээлэл байсхийгээд дуулддаг. Үүнтэй зэрэгцээд Монголд стандарт шиг үнэ цэнгүй, хэрэгждэггүй баримт бичиг алга гэдгийг бататгасан үйл явдлууд өдөр тутам болохыг нь яана. “Барилгын компаниуд стандарт нормоо баримтлаагүйгээс оршин суугчид хохирч, ажилтнууд нь гэмтэв”, “Чанар, стандартын шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн хураан авч устгалаа”, “Үсчин, гоо сайхны газрууд эрүүл ахуй, халдвар хамгааллын стандарт мөрдөхгүй байна” гэсэн таагүй мэдээллээр өдөр болгон “бөмбөгдүүлж” байна.
Энэ бүхнээс болсон уу, угаас хууль, дүрэм, журамд захирагдах дургүй “унаган” зан нь нөлөөлдөг үү, ямартай ч манайхан стандарт гэгч зүйлийг нэг л ёозгүй хүлээж авдаг болжээ. “Ийм компани олон улсын стандарт нэвтрүүллээ” гэдгээс “Тэндхийн дэлгүүр, худалдааны төв бараагаа төдөн хувь хямдрууллаа” гэх зар иргэдийн хувьд илүү үнэ цэнтэй гээд хэлчихэд хилсдэхгүй. Ерөөс бүгдээрээ эл баримт бичгийн хэрэгжилтийг сайжруулж, хөрсөн дээр буулгах стандарттай болбол ямар вэ.
Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд “Тодорхой хүрээнд хэм хэмжээ бий болгоход чиглэсэн ерөнхий зарчим, үзүүлэлтийг сонирхогч талууд зөвшилцөн, боловсруулж баталсан, сонгон хэрэглэх баримт бичгийг стандарт гэнэ” хэмээн тодорхойлсон. Мэргэжлийн зарим судлаач “Стандарт бол тав тухтай, аюулгүй амьдралын үндэс. Үүнийг дагаад техник, технологи нутагшиж, чадварлаг боловсон хүчинтэй болж, бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар сайжирдаг ач холбогдолтой” гэдэг. Энгийнээр хэлбэл стандарт гэдэг нь аливаа нэг зүйлд байх ёстой, баримталбал зохих хэм хэмжээ юм.
Стандарт хэнд хэрэгтэй вэ гэвэл хэрэглэгчдэд л хэрэгтэй. Гэтэл манайхан стандарт гэхээр биднээс хол, амьдралаас ангид, аль нэг байгууллагад л хамаатай юм шиг ханддаг нийтлэг дутагдалтай. Уг нь иргэд ч, төр, засаг ч боломж, чадлынхаа хэрээр стандартыг хэрэгжүүлэхэд санаа тавих ёстой. Гэтэл манайд аль аль нь ойшоодоггүйгээс стандартын хэрэгжилт тэг зааж, үнэ цэн нь газарт уначихаад байна. Мэргэжлийн хяналтын байгууллагынхан аж ахуйн нэгж, байгууллагуудыг үе үе шалгаж сандаргадаг ч энэ төрлийн зөрчил буурахгүй хэвээр. Ажил мэргэжлийнхээ шугамаар уулзсан салбар, салбарын хүмүүсийн амнаас “Стандарт хэрэгжихгүй байна. Хууль, стандартаа баримтлаагүйгээс ийм байдалд хүрлээ” гэх шүүмжлэл, “хов” байнга гарах боллоо.
Өдгөө манай улсад хүчин төгөлдөр 5900 гаруй стандарт бий аж. Хууль, стандарт чанга, хөгжингүй орнуудтай харьцуулахад энэ нь 10 дахин бага тоо гэнэ. Өөрөөр хэлбэл, манайх харьцангуй цөөн стандарттай орон юм байна. Гэтэл цөөн хэдийгээ яагаад хэрэгжүүлж чадахгүй байна вэ. Үүнд юу нөлөөлөв. Стандарт, журмыг ягштал дагаж мөрдөх ёстой салбарынхан ч “муу” дүн авч байгаа нь ямар учиртай вэ.
Стандартад харшилдаг салбаруудын нэг нь аялал жуулчлал. Жуулчны бааз, гэр кэмпүүд ариун цэврийн байгууламж, бохирын цооногоо хэрхэн байгуулах, 1-5 хүртэлх одтой зочид буудлуудын үйлчилгээ ямар байх ёстой гээд бүгд тодорхой норм стандарттай. Тэр ч бүү хэл, амралтын газрууд халдварт өвчин, элдэв гамшгаас сэргийлэхийн тулд хоорондоо хэчнээн км зайтай байх ёстой, нэг хүнд хэчнээн ам метр биеийн тамир, спортын талбай ногдвол зохихыг хүртэл нарийн заасан байдаг гэнэ. Гэтэл манайд энэ стандарт ер хэрэгждэггүйг нь мэдээлэл дутмаг, хаалттай байдалтай холбоотой гэж аялал жуулчлалын салбарт цөөнгүй жил ажилласан, “Монтех өрнөл” компанийн захирал Ц.Даваадорж хэлсэн.
Тэрбээр “Аялал жуулчлалтай холбоотой бүх стандарт Стандартчилал, хэмжил зүйн газарт хадгалаатай бий. Гэтэл түүнийгээ олон нийтэд хүртээж, түгээдэггүй. Мөнгөөр худалддаг. Тухайн стандартаа баримт бичиг хэлбэрээр нь хэвлүүлж авъя гэхээр 60 мянган төгрөг төл гэдэг. Уг нь тухайн хэрэгжүүлэгч байгууллагадаа гэрчилгээ шиг хадаатай байх ёстой юм. Стандартыг улсын төсвийн хөрөнгөөр боловсруулдаг. Тарааж, олон нийтэд хүргэх зардал нь үүнд тусгагдсан байдаг гэж сонссон. Гэтэл түүнийг нүднээс далд “нуучихаад”, бизнесийн эх үүсвэр болгож байна. Ийм байхад стандартыг яаж хэрэгжүүлж, шаардлага тавих юм бэ” хэмээн ундууцангуй ярьсан юм.
Байгаль орчин, хүний эрүүл мэндэд дээд зэргийн аюултай гэдэг үүднээс химийн хортой, аюултай бодис ашигладаг, үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагууд стандартыг чанд биелүүлэх ёстой атал бодит байдалд эсрэгээрээ гэдгийг БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын мэргэжилтэн Ц.Батжаргал ярив. Тэрбээр “Химийн бодисыг гэр хорооллын хашаа, орон сууцны зоорийн давхарт, эсвэл ил задгай газарт хадгалдаг аж ахуйн нэгж цөөнгүй байсан учир Химийн хорт, аюултай бодисын агуулахын MNS 6458 стандарт баталсан. Гэвч иргэд үүнийг мөрдөхгүй байна.
Аж ахуйн нэгж стандартын дагуу, суурьшлын бус бүсэд агуулахаа байгуулаад, тохижуулчихсан байтал ойр хавьд нь газар олгочихдог. Мөн орон нутгаас нүүж ирж буй иргэд ямар нэг газар төвхнөж л байвал боллоо гээд агуулахын ойролцоо зөвшөөрөлгүй суурьшдаг зөрчил нэлээд гардаг. Ийм тохиолдолд аж ахуйн нэгжийг буруутгах уу, эсвэл иргэдийн хохь болоод үлдэх үү гэдэг үнэхээр маргаантай” гээд иргэд стандартын талаар мэдлэг, мэдээлэл хомс байгааг онцолсон.
Стандартыг яг таг баримтлахгүй, үл ялиг “хазайхад” л хүний амь, эрүүл мэндийг хохироож мэдэх салбар бол барилга. “Барилгын норм ба дүрэм гэж хуулиас дутахгүй сүрдэм стандарт байдаг” гэж энэ салбарынхан ярьдаг. Гэтэл стандартын шаардлага хангаагүй, мөрдөөгүй гэх шалтгаанаар осол гарсан, хүн гэмтсэн, амиа алдсан харамсалтай хэрэг барилгын салбарынхнаас салахаа байлаа. Улсын комисст хүлээлгэж өгөөд удаагүй шинэ барилгын цахилгаан шат унаж, хана, тааз нь цуурах, дусаал гоожих, гал гарах нь энгийн үзэгдэл болсон. Энэ нь өнөөх стандарт алдагдсантай холбоотой.
Мөн барилга, байгууламж барих үед ажилчдын зайлшгүй дагаж мөрдөх ёстой стандартууд ч “хог дээр шидэгдэх” тохиолдол өчнөөн. Барилгын салбарт сүүлийн 10 гаруй жил ажилласан Б.Туваан “Манайхан стандартаа хэр дагадаг вэ гэдгийг ганцхан жишээгээр хэлье. Багахан газарт, нэг дор шавааралдуулан барьсан олон барилгыг л харчих. Гал гарлаа гэж муугаар бодъё. Хэт ойрхон барилгууд энэ үед гал авалцан, нийтээрээ шатах аюултай. Холбогдох яам, байгууллагууд шаардлага тавьж, барилга хоорондын стандартыг мөрдүүлэх хэрэгтэй. Иргэд ч аюулгүй байдлаа бодолцон стандартгүй, замбараагүй барьсан орон сууц сонгохгүйг хичээх ёстой” гэв.
Гуравхан салбарын төлөөлөлтэй уулзахад стандартын хэрэгжилтийн талаар сайн “юм” дуулгасангүй. Тэд “Иргэд энэ талаар мэдээ, мэдээлэлгүй байна. Стандартыг хууль шиг сурталчилж, түгээх ёстой” гэсэн нийтлэг санал хэлсэн юм. Иргэд мэдлэг, мэдээлэл сайтай байхын хэрээр аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлнэ. Харин энэ тухай мэдээллийг хүртээмжтэй болгоход ил тод байдал, сурталчилгаа чухал. Стандартыг баримт бичгээр авахын тулд мөнгө төлдөг “шог” тогтолцоо байж боломгүй.
Стандартчилал, хэмжил зүйн мэдээлэл, лавлагааны 263860 утсаар холбогдон стандартуудыг ямар үнээр худалдаж авдаг талаар лавлахад “Монголын үндэснийх (MNS) үү, олон улсын стандартчиллын байгууллага (ISO) -ынх уу гэдгээс хамаараад үнэ нь харилцан адилгүй. Та эхлээд захиалга өгөх ёстой, дараа нь тогтсон ханшаар хэвлүүлэн авч болно” гэлээ. Манайх баталсан стандартаа худалддаг юм байж. Тэгвэл бусад орон яадаг вэ. Гадаад мэдээллийн албаны, ажлынхаа эгчээр дамжуулан хойд хөршийн туршлагыг судлууллаа. Тэнд иргэд стандартыг албан бичиг хэлбэрээр авахын тулд холбогдох байгууллагад зайлшгүй хүсэлт гаргадаг гэнэ. Биднээс ялгаатай тэд “татвар” төлдөггүй аж.
Манай улсад стандарттай танилцах үйлчилгээг хоёр хэлбэрээр авч болдог. Нийслэлчүүд Стандартчилал, хэмжил зүйн газрын төв байр, орон нутгийнхан Стандартчилал, хэмжил зүйн хэлтсүүд дээр биечлэн очиж танилцах, худалдан авах боломжтой. Эсвэл интернэтээр www.estandard.gov.mn гэсэн вэб сайтаас үзэж танилцаж болох нь. Ингэхдээ олон улсын хууль тогтоомжийн шаардлагын дагуу орчуулгын стандартыг интернэтээр нээлттэй үзэж танилцах боломжийг хязгаарлажээ. Өөрөөр хэлбэл, зарим стандарттай компьютерын цаанаас ч танилцах боломжгүй гэсэн үг.
Хүн бүр дээрх сайтыг мэддэггүй, мэддэг зарим нь ч хэрэгтэй мэдээллээ “ухаж” авч чадахгүй тохиолдол бишгүй. Зорьсон нэгэн нь Стандартчилал, хэмжил зүйн газарт яаж ийгээд л очих байх. Харин бусад нь “Би эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах үндсэн эрхээ эдлэхийн төлөө стандарттай танилцъя, судалъя” гээд мөнгөө бариад гүйгээд очих нь юу л бол. Тиймээс холбогдох байгууллагууд “Манайх харьцангуй цөөн стандарттай” гэж сайрхаж, “Олон улсын стандарт шинээр нэвтрүүнэ” гэж мунгинахын оронд одоо байгаа хэдийгээ иргэдийнхээ дунд “буулгахад” анхаарах хэрэгтэй. Стандартыг худалдаж, хав дарах гэж бус, хэрэгжүүлэх гэж баталдаг байлтай.