Зурагт хааяа үзэж, хэд гурван сонин эргүүлж суухад хүмүүс бие биедээ бололцооныхоо хэрээр тусалж дэмждэг бололтой юм. Дэм дэмэндээ аж төрдөг монгол уламжлал энэ л дээ. Хүмүүсийн харилцаа цөөнгүй учигтай. Мөнгө төгрөгийн хэрэгцээнээс болоод бусдаас дэм хүсэх хүмүүс ч бий. Өвчин зовлонгийн гачаалаас үүдээд эмч, сувилагчаас аврал горьдох хүмүүс ч бий. Хүсэл мөрөөдөлдөө хөтлүүлэн ажлын байр, албан тушаалын гишгүүрээ ахиулах бодолтон ч бий. Өршөөнө гэснээ сонгож, өгнө гэсэндээ хандаж чадвал учир ургахыг алийг тэр гэх билээ.
Хэн нэгний итгэл найдварыг хэзээ ч бүү эвд, энэ нь түүнд байгаа цорын ганц зүйл байж болно гэдгийг уншсан, мэддэг хувь хүн, байгууллага, хамт олон бусдад өгөөмөр сэтгэл гаргаж, тусламжийн гараа сунгадагт эргэлзэх юун. Хүн хүндээ туслах буянтай үйлс ээ. Тусалж, дэмжсэн эрхмүүддээ баярлалаа, гялайлаа хэмээн хэлж дадмаар байгаа юм.
Хачирхалтай нь, цөөнгүй хүн баярлаж талархсанаа зохих зохих эзэнд нь хэлэлгүй өнгөрсөөр байдаг нь тусгүй.
Эхэнд өгүүлсэн зурагт, сонины мэдээллээс ажиглахад “Баярлалаа гэж хэлмээр байна” гэсэн хэлц үг бий болсныг үгүйсгэх аргагүй.
Та минь ээ. Хэлмээр байгаа бол шуудхан баярлаж байна, талархаж байна гэж хэлээд сурчихаач. Үнэнийг хэлэхэд хэн нэгэн нөгөөдөө баярламаар байгаа юм уу, баярламааргүй байгаа юм уу гэдгийг таах аргагүй шүү дээ. Бурхны оронд очиж мөргөөд ирье гэх ч юм уу, дэлхийн дэвжээнд барилдаад ирье гэхчлэн зардал мөнгөний дэм хүссэн хүнд нэг талын зардлыг гаргаад өгсөн захирал өөртөө баярлаж байгаа, гомдож яваагийн алийг тааж чадахгүй. Нэгэнт бололцоондоо түшиглээд тусалж чадахаа хийсэн. Хүмүүст ямар нэг хэмжээгээр дэм болсон хүн нөгөө харилцагчаасаа чи надад баярласан уу, үгүй юү хэмээн асуудаггүй биз дээ. Бас чамд тэгж тусалсан, чи одоо надад гэх нь юу л бол...
Хүмүүс ээ, бие биедээ баярлалаа хэмээн хэлмээр байгаа бол цаг алдалгүй хэлээд хэвшихийг бодооч.
Оройтохоос биш эртдэхийн аюулгүй гэсэн мэргэн үгийг бодолцон үүнийг өгүүлэв.
Р.Чулуун