Энэ сарын 21-22-ны өдрүүдэд Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөн болж олон чухал сэдвийг, тэр дундаа төрийн албан хаагчийн сахилга хариуцлагын асуудлыг хөндөх юм байна. Өөрийн орны төрийн албаны хариуцлагын тогтолцоог бусад улсынхтай харьцуулах боломж олгох үүднээс энэхүү нийтлэлийг Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар уншигч олонд хүргэж байна.
Хууль зүйн ухааны доктор Юлиан Филипп Зайберт, ХБНГУ-ын Бонны их сургууль, Нийтийн эрх зүйн хүрээлэн
ХБНГУ нь олон тооны хууль, журам бүхий нэлээд сонгомол төрийн албаны тогтолцоотой улс юм. Төрийн албан хаагчид тооцох сахилга, хариуцлагын арга хэмжээ нь үндсэндээ эрүүгийн, хохирол нөхөн төлүүлэх болон сахилгын эрх зүйн гэсэн гурван бүлэгт хуваагддаг.
ХБНГУ нь 16 муж улс бүхий холбооны улс. Төрийн захиргааны бүхий л түвшинд, өөрөөр хэлбэл холбооны, муж улсын болон анхан шатны аль ч түвшинд төрийн албан хаагчид ажил үүргээ хэрэгжүүлдэг. Холбооны болон муж улсын түвшний төрийн албаны хууль тогтоомж нь харилцан адилгүй. Холбооны улсын хувьд төрийн албаны бие даасан эрх зүйг тогтоосны зэрэгцээ муж улсуудын төрийн албаны суурь зарчмыг тодорхойлсон Төрийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан байдаг. Үүний зэрэгцээ 16 муж улс бүр өөр өөрийн бие даасан төрийн албаны тухай хуулийг батлан гаргадаг. Хэдий тийм боловч хооронд нь харьцуулбал ижил төсөөтэй зохицуулалт олон буй нь анзаарагдана. Тэдгээр нь үндсэндээ холбооны төрөөс баталсан хууль, тогтоомжуудад тулгуурласан байдаг.
НИЙТИЙН АЛБАН ДАХЬ ТӨРИЙН АЛБАН ХААГЧ БА АЖИЛТАН
Нийтийн албан дахь төрийн албан хаагч болон ажилтан нь хоорондоо ихээхэн ялгаатай. Төрийн албан хаагч нь төрийн захиргаатай нийтийн эрх зүйн шинжтэй онцгой харилцаанд оршдог. Тэрээр цалин хангамжийн хувьд тусгай эрх эдэлдгийн зэрэгцээ Үндсэн хуульд захирагдах үүрэг хүлээнэ. Харин нийтийн албанд ажиллаж буй ердийн ажилтнууд нь төрийн захиргаатай ердийн хөдөлмөрийн харилцаанд оршдог ба үүнд иргэний эрх зүй, тэр дундаа хөдөлмөрийн эрх зүй мөрдөгддөг. Иймд эдгээр ажилтанд тооцдог хариуцлага нь хувийн эрх зүй дэх ажил олгогч ба ажилтан хоорондын хариуцлагын тогтолцоотой ижил.
Харин төрийн албан хаагчийн хувьд хариуцлагын тогтолцоо нь ялгаатай бөгөөд энэхүү нийтлэлд уг сэдвийг голлон хөндөх юм. Германы төрийн албаны хариуцлагын тогтолцоо нь ерөнхийдөө тулгуур гурван баганад суурилдаг хэмээн бүдүүвчлэн ойлгож болно. Нэгдүгээрт, эрүүгийн эрх зүйн хариуцлага. Эрүүгийн эрх зүйд төрийн захиргааны албан тушаалтантай холбоотой олон тооны зохицуулалт байдаг ба албан тушаалаа урвуулан ашиглах гэх мэт эрүүгийн шинжтэй хүнд ноцтой үйлдлийг багтаадаг. Хоёрдугаарт, хохирол нөхөн төлүүлэх эрх зүй.
Холбооны түвшний төрийн албан хаагчийн хувьд төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбоотой тусгай журам мөрдөгддөг. Гуравдугаарт, төрийн албаны хариуцлагын эрх зүйн үндсэн салбар болох сахилгын эрх зүй. Холбооны түвшний төрийн албан хаагчийн сахилгын эрх зүйг Холбооны сахилгын тухай хуулиар зохицуулсан. Дээрх хууль тогтоомж нь төрийн албан хаагчийн хууль бус үйл ажиллагаа, албан үүргээ зөрчих тохиолдолд хариуцлага хүлээлгэх зорилгоор тусгайлан боловсруулагдсан.
Дээр өгүүлсэн гурван төрлийн хариуцлагын аль нэгийг хэрэглэх нь бусдыг нь хэрэглэхгүй байх үндэслэл болдоггүй. Өөрөөр хэлбэл дээр дурдсан гурван төрлийн хариуцлагыг зөвхөн дангаар нь хэрэглэх шаардлага тавигддаггүй, харин ч хэд хэдэн хариуцлагын төрлийг хослуулан ногдуулах боломж өндөр.
ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙ
Германы эрүүгийн хууль тогтоомжид хоёр төрлийн албан тушаалын гэмт хэрэг тусгагдсан. Эдгээр нь "жинхэнэ бус"болон "жинхэнэ" албан тушаалын гэмт хэрэг хэмээн нэрлэгддэг. "Жинхэнэ бус" албан тушаалын гэмт хэргийг ямар ч этгээд үйлдэх боломжтой бөгөөд төрийн албан хаагч албаны чиг үүргээ хэрэгжүүлж байхдаа үйлдсэн тохиолдолд илүү хүнд хариуцлага ногдуулахаар заасан гэмт хэрэг юм.
Энэ төрлийн гэмт хэрэг нь тухайлбал албан тушаалын байдлаа ашиглан ял завших, албан тушаалын байдлаа ашиглан тулган шаардах, төрийн алба хашиж байхдаа хүний биед гэмтэл учруулах гэх мэт хэлбэрээр илэрдэг. "Жинхэнэ" албан тушаалын гэмт хэрэг гэдэгт зөвхөн төрийн албан хаагч үйлдэх боломжтой гэмт хэрэг хамаарна. Үүнд жишээ нь, авлига авах, хууль буруугаар тайлбарлаж хэрэглэх, мэдүүлэг авахдаа хүч хэрэглэх, дарамтлах, гэм буруугүй хүнийг мөрдөн шалгах, хуурамч баталгаа олгох гэх мэт гэмт хэргүүд хамаарна.
Албан тушаалын гэмт хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа нь энгийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэгэн адил ердийн шүүхэд явагдана. Тусгайлсан шүүх байдаггүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримталбал зохих бүхий л зарчмыг мөрдлөг болгоно. Ингэснээр гэм буруутай албан тушаалтан үйлдсэн гэмт хэргийнхээ хариуцлагыг хүлээхээс гадна эрх нь зөрчигдөхөөс давхар хамгаалагддаг бөгөөд эрх зүйт төрийн зарчмууд хангагдана.
ХОХИРОЛ НӨХӨН ТӨЛҮҮЛЭХ ЭРХ ЗҮЙ
ХБНГУ-ын Төрийн албаны тухай хуулийн 75-р зүйлд Холбооны төрийн захиргааны албан хаагч төрд учруулсан хохирлоо нөхөн төлөх харилцааг тусгайлан зохицуулсан. Германы хохирол нөхөн төлүүлэхтэй холбогдох хууль тогтоомж нь ерөнхийдөө аливаа хохирлыг хариуцсан этгээдээр төлүүлэх зорилготой боловч нөгөө талаар эдийн засгийн аргаар зан төлөвийг удирдан чиглүүлэх үр нөлөөтэй байдаг. Тэрээр албан тушаалтныг төрд хохиролтой үйлдлээс зайлсхийхэд хүргэдэг бөгөөд эс бөгөөс санхүүгийн хариуцлага хүлээх үр дагаврыг хуульчилсан. Ийнхүү төрийн албан хаагчийн үйлдлийг зөв чиглүүлэх үр нөлөөтэй.
Төрийн албан хаагч санаатайгаар эсхүл хайнга байдлаар албаны үүргээ зөрчиж төрд хохирол учруулсан тохиолдолд тухайн хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй. Мөн түүнчлэн төрийн албан хаагч хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас төрөөс иргэнд нөхөн төлбөр олгосон тохиолдолд төр өөрт учирсан санхүүгийн хохирлыг буруутай албан хаагчаар нөхөн төлүүлэх явдал ч үүнд хамаарна.
САХИЛГЫН ЭРХ ЗҮЙ
Холбооны сахилгын тухай хуулиар холбооны түвшний төрийн албан хаагчийн хариуцлагын хэм хэмжээг тогтоосон. Уг хуульд төрийн албан хаагч албаны үүргээ зөрчсөн тохиолдолд авах арга хэмжээ болон түүний шатлалыг нарийвчлан тусгасан.
Юуны өмнө мэдээллийн чанартай заавар зөвлөгөө, сануулах, донгодох гэх мэт арга хэмжээ авна. Гэвч хуульд эдгээр арга хэмжээг сахилгын шийтгэлд хамааруулдаггүй. Харин сахилгын шийтгэлд: сануулга өгөх, мөнгөн торгууль ногдуулах, цалин хасах, тушаал бууруулах, эцэст нь төрийн албанаас халах арга хэмжээ орно. Хэрэв төрийн албан хаагч нэгэнт тэтгэвэрт гарсан бол тэтгэврийн хэмжээг хасах, эсхүл бүр тэтгэвэр авах эрхийг нь хасах хүртэл арга хэмжээ авч болно.
Сахилгын шийтгэл ногдуулах шийдвэрийг тухайн байгууллагын удирдлага сонгох эрхийн хүрээнд гаргадаг. Гэвч шийтгэлийн төрлийг сонгохдоо гаргасан зөрчлийн хүнд, хөнгөн, тухайн албан хаагчийн хувийн зан байдал, олон нийтээс төрд итгэх итгэлийг хэр зэрэг ноцтойгоор зөрчсөн зэргийг харгалзан үзэх шаардлагатай. Төрийн албан хаагч гаргасан зөрчлийн улмаас шүүхийн шийдвэрээр эрүүгийн хариуцлага хүлээсэн байлаа ч сахилгын шийтгэл давхар ногдуулах боломжтой. Энэ нь ял давхардуулан оноохыг хориглох зарчимтай (латинаар: ne bis in idem) зөрчилддөггүй.
Сахилгын шийтгэл ногдуулах шийдвэр гаргах ажиллагаа эхлээд тухайн байгууллагын дотоодод явагддаг. Төрийн албан хаагчид хүнд хэлбэрийн (тушаал бууруулах, төрийн албанаас халах, тэтгэвэр авах эрх хасах) шийтгэл ногдуулсан тохиолдолд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлдэг. Ийнхүү төрийн албан хаагчийн эрх шүүхээр баталгааждаг. Сахилгын арга хэмжээ авах ажиллагааг зохицуулсан маш олон зохицуулалт байдаг нь эрх зүйт төрт ёсыг хангаж бэхжүүлэх зорилготой юм.
ЭРХ ЗҮЙТ ТӨРИЙН БАТАЛГАА
Төрийн албан хаагчид албаны үүргээ зөрчсөн гэх үндэслэлээр ямар ч төрлийн арга хэмжээ авсан эрх зүйт төрийн үндсэн зарчмууд хангагдаж буй эсэхэд онцгойлон анхаарах нь чухал. Хуульд заасан сахилгын шийтгэл болон тэдгээрийг шүүхээр хянан шийдвэрлүүлэх замаар энэ баталгаа хангагдана.
Эрх зүйт төрийг бэхжүүлж төрийн албан хаагчийн зүй бус үйлдэлтэй тэмцэхэд хоёр төрлийн баталгаа шаардлагатай: Нэгд, төрийн албан хаагч дур зоргоор авирлахгүй байх. Хоёрт, төрийн албан хаагчид дур зоргоор хандахгүй байх. Өөрөөр хэлбэл нэг талаас төр үүргээ зөрчсөн албан хаагчид үйлдэлд нь тохирсон шийтгэл ногдуулах, ингэснээр олон нийтийн төрд итгэх итгэлийг хамгаалдаг, сэргээдэг байх, нөгөө талаас албаны үүргээ зөрчсөн хэмээн буруутгагдаж буй төрийн албан хаагч өөрт нь шударга хандаж буйд болон эрх нь хамгаалагдсан гэдэгт бүрэн итгэлтэй байх баталгаа шаардлагатай.
Орчуулгыг Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар үйлдэв.