Гурван хүн тутмын нэг нь ядуу гэдэг эмзэглэмээр тоо. Үүнээс ч дутуугүй эмзэглүүштэй үзүүлэлтийн тухай ядуурлын талаар дагнан судалдаг зарим судлаач хэлдэг. Энэ нь одоохондоо хэн нэгэнд дараа болохгүйгээр амьжиргаагаа залгуулж, амиа тээж яваа дундаж давхаргынхны хувь заяа дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа явдал. Гурван монгол хүн тутмын нэг нь ядуу амьдарч байгаа бол дахиад өдий тооны хүн дундаж давхарга гэсэн ангилалд дөнгөн данган багтаж, ядуурал хэмээх хар тогооны ирмэг дээгүүр хамгаалах хэрэгсэлгүй алхаж явна.
Яг одоо, таныг энэ өгүүлбэрийг уншиж суугаа мөчид ажил, амьдралын төлөө өөрийгөө ч умартан зүтгэсэн нэг залуу гэр орон, унаа тэргээ зээлийн барьцаанд алдчих вий хэмээн түгшиж суугаа. Тэр бол Олноо. (Ажил, амьдрал, нэр төртэй нь холбоотой тул тэрбээр өөрийнхөө болон холбогдох албан тушаалтнуудын нэрийг нууцлахыг хүссэн юм. Тиймээс гол баатрын нэрийг өөрчилсөн болно)
Төгсөөд ажил олдохгүйн зовлон эдэлж, хэн нэгнийг царайчлан авлига өгч, засаг солигдохоор ажлаас халагдах зовлон эдлэхгүй, өөртөө ажлын байр бий болгож, ойр зуурын урсгал завсараас эхлээд газар сайгүй өрнөх бүтээн байгуулалтад гар бие оролцон амьдралаа аваад явах боломжтой хэмээн барилгын инженер мэргэжил руу хошуурсан үеийн төлөөлөл нь Олноо. Түүнд энэ мэргэжлийг эзэмшүүлэх гэж цөөхөн малтай аав, ээж нь хэрэндээ л зүтгэсэн.
Хэдэн дүүгээ чирч явах том хүүгээ л их сургуульд сургаж, хэрэгтэй мэргэжил эзэмшүүлээд авбал хамаг хэрэг бүтлээ хэмээн байдгаа барьсан ээж, аавынхаа итгэл найдварыг Олноо алдаагүй. ШУТИС-ийг амжилттай төгсөж, барилгын компанид ажилд оров. Цалингаараа сайхан амьдрах гэж хэдэн жил зүтгэсэн ч авдаг хэд нь өдөр хоногийн хоолноос хэтэрдэггүй, үр хүүхдүүдийн боловсрол, өөрийн хүссэн зүйлдээ мөнгө зарцуулж чадахгүй, мөчиг тачигхан амьдрах залуу хүнд сайхан санагдсангүй. Тэгээд бие даан юм хийж, амьдралын баталгаагаа өөрөө бий болгохоос өөрөөр амьдралын чанараа сайжруулах гарц байхгүй хэмээн үзэж компани байгуулахаар бүх боломжоо шавхан зүтгэжээ.
Барилгын компани байгуулж, тусгай зөвшөөрөлтэй болох гэж багагүй хугацаа зарцуулав. Энэ хугацаанд хийсэн ажлынх нь хөлс тэр чигээрээ л гарын үсэг зурагчдад авлига болон очиж байлаа. Багагүй цаг хугацаа, цөөнгүй “бор юм” зарцуулж байж сая нэг тусгай зөвшөөрөлтэй, тендерт өрсөлдөөд ялбал ажил хийх эрхтэй, цөөхөн ч гэсэн ажлыг гялалзуулдаг, атгасан гар шиг эвсэг ажилчинтай компанитай болов.
Ингээд танил талаараа дамжуулан яриулж байж хотоос зайдуухан аймагт орон нутгийн төсвөөс санхүүжих жижиг ажлын сонгон шалгаруулалтад ялжээ. Ялах ч гэж дээ, угаас иймэрхүү ажлын тендер гэдэг мөнгөөр шийдэгддэг нэр төдий зүйл гэдгийг барилгын салбарынхан андахгүй.
Төсөвт өртгийнх нь тодорхой хувийг аваад тендерт шалгаруулах хүн, авлигыг нь өгөөд ажил хийх компанийнхан хоорондоо тохирч, бүх зүйлээ жин тан болгочихоод, дараа нь тендер зарласан дүр эсгэдэг. Үүнийг дээр дооргүй мэдэж байгаа ч хэн ч яаж чадахгүй өнөө хүрсэн билээ. Шийдвэр гаргагч, гарын үсэг зурагч албан тушаалтнууд үүний төлөө л уг ажлыг хийж буй мэт загнаж, компаниуд тендер олж өгдөг хүнтэй байгаадаа ханцуй дотроо залбиран авлига өгч суудаг болохоор ам дамжин яригддаг энэ шударга бус явдал үргэлжилсээр байгаа юм.
Тэр жишгээр Олноо уг ажлыг авчээ. Тэгэхдээ авлига нь илүү өндөр. Нэг танил нь “Ирэх жил том ажил авч өгнө, харин энэ удаа нийт өртгийнх нь 15 хувийг өг” гэж. Шинэ байгуулсан компанийнхаа түүхийг баяжуулах, хэдэн ажилчнаа цалинтай байлгах, өөрөө бага боловч ашиг олох гэсэн давхар давхар шаардлага байсан тул Олноо уг болзлыг зөвшөөрөв. Тендерээс хувь хүртэгчид дандаа тэгдэг үү, эсвэл Олноог шинэ, залуу хүн болохоор найдваргүй этгээд гэж үзсэн үү, авлигын мөнгөө тендерийн хариу гарахаас өмнө өгөхийг шаардсан гэнэ.
Нийт 100 сая төгрөгийн өртөгтэй ажил байсан тул 15 сая төгрөг тэдэнд өгөх болов. Тусгай зөвшөөрөл гаргуулахад халаасаа гөвчихсэн Олноо бэлэн мөнгөгүй, шаардсан хугацаа нь “маргаашийн дотор” гэсэн байдаг. Орлого нотлох баримтгүй тул банкинд хандах аргагүй, тэгээд ч хугацаа тун давчуу байсан тул хамгийн амар бөгөөд эрсдэлтэй замаар алхахаас өөр арга байсангүй. Өмнө нь хэд хэдэн удаа ийм “хоолой дээр хутга тулгасан” үед хандаж, бага сага мөнгө зээлж, нэг их удаалгүй буцаан төлж байсан мөнгө хүүлэгч рүү очив. Тэндээс 15 сая төгрөг сарын 10 хувийн хүүтэй зээлж авлаа. Ийм алхам хийхэд нэн давчуу цаг хугацаанаас гадна ажлаа хийчихвэл санхүүжилт яг хугацаандаа орно гэсэн амлалт нөлөөлжээ.
Хэд хоногийн дараа сонгон шалгаруулалтын хариу гарав. Олноо анхныхаа тендерт ялжээ. 15 хувийн хахууль авсан хүмүүс ялуулалгүй ч яах вэ. Ийм жижиг ажлыг “томчууд” тоогоогүй учраас “жижигчүүд” зохицуулж, шинэ компаниас ахиухан “юм” салгасан нь энэ.
Ажлынхаа 50 хувийг гүйцэтгэж байж эхний санхүүжилтээ авах ёстой тул юун түрүүнд ажил эхлүүлэх материал, ажиллах хүчний зардал хэрэгтэй. Үүнийг олохын тулд дахиад л мөнгөний эрэлд гарахаас аргагүй. Олноо энэ удаа байр, машинаа банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд тавьж, 35 сая төгрөг “босгов”. Өөрийнх нь тооцсоноор энэ мөнгөөр ажлаа нэлээд дөхүүлэхээр байж.
Бушуухан ажлаа хийж санхүүжилтээ аваад өндөр хүүтэй зээлүүдээ богино хугацаанд дарчихвал хэдэн төгрөг ашиг болж үлдэнэ гэж тооцсон гэдэг. Очоод цахилгаан татуулахаас эхлээд бэлтгэл ажлаа хангах гэтэл хүнийг нэг нэгэн рүүгээ бөмбөг шиг “өшиглөдөг” байгууллагууд, хөл толгой нь олдохгүй, хаана яваа нь мэдэгдэхгүй албан тушаалтнуудын эрэлд гарах болж. Ингэсээр нэг долоо хоног өнгөрч, арайхийн ажлаа эхлүүлэв.
Ажлаа хийх явцад нь орон нутгийн мэргэжлийн хяналтын байцаагчид ээлж дараалан ирж шалгалт хийнэ. Энэ нь тэдний хуулиар хүлээсэн үүрэг боловч үнэн хэрэгтээ шал өөр зорилготой нь ирэх тоолонд нь тодорхой болно. Элдэв өө сэв хайж, торгууль тавина, үйл ажиллагааг чинь зогсооно хэмээн айлгах нь авлига нэхэж буй хэрэг гэдгийг ажил хийж үзсэн хүн бүр мэдэх тул яаж ийгээд аргалж, хувьд нь “торгууль” төлөөд явуулсан нь нэг биш.
Нэг удаа мэргэжлийн хяналтын газрын дарга нь “Манай байгууллага зуны зугаалгадаа явах гэж байна. Ингэж явахдаа орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдээс хандив авдаг юм. Танайх хандив өг” гэсэн гэж байгаа. Иймэрхүү боловсон дээрэмд үгүй гэж хэлэх арга ажил хийж байгаа хүнд даанч байхгүй. Өдөр тутмын ажилд нь энэ хүмүүс хяналт тавьж, цааш явуулах, үгүйг нь шийднэ шүү дээ. Тиймээс ямар нэг ажил, үйлчилгээ эрхэлж буй, том ар талгүй аж ахуйн нэгж, иргэд хэчнээн хууль номын дагуу, стандарт нормоороо ажиллаж байгаа ч мэргэжлийн хяналтынхантай эв эвдрэхгүй байхыг хичээдэг нь нууц биш. Тэд хүсвэл өндөгнөөс ч өө олох улс шүү дээ.
Ингээд мөнгөнийхөө багагүй хэсгийг төлөвлөгөөгүй зардалд зориулж, ажлынхаа гүйцэтгэлээр санхүүжилтээ авах гэтэл “50 хувьдаа хүрээгүй” гээд мөнгө өгсөнгүй. Дахиад л мөнгөний эрэлд гарч, барьцаалах эд хөрөнгө үлдээгүй залуу арван хувийн хүүтэй зээлдэг мөнгө хүүлэгч рүү очив. Энэ удаа таван сая төгрөг авчээ.
Уг мөнгөөр захиалагчийн хүссэнийг биелүүлж, ажлаа арай гэж 50 хувь хэмээн үнэлүүлсэн ч “Орон нутгийн дансанд мөнгө алга. Орж ирэнгүүт нь өгнө. Маргааш..., нөгөөдөр..., ирэх долоо хоногт яг мөнгөтэй болно” гэсэн үгсийг сонссоор сар шахам хугацаа алдав. Энэ хооронд ажилчдын цалин, хоол ундны мөнгө, энд тэндхийн зээлийн хүү гээд үргүй зардал урссаар. Арай гэж санхүүжилтийнхээ хагасыг авсан ч тэр нь үлдсэн 50 хувийн материал, ажилчдын цалинд хагас дутуу хүрэлцсэн тул өмнөх зээлийн хүүгээ ч төлж чадсангүй.
Үлдэгдэл мөнгөө хүлээхээс аргагүй болжээ. Сарын хугацаанд гялалзуулаад, подхийсэн ашигтай ажиллачихна хэмээн тооцож байсан нь талаар болж, тавдугаар сард эхлээд, зургадугаар сард дуусах ёстой ажил энэ мэтчилэн өөрсдөөс нь шалтгаалахгүй аар саар шалтгаанаар сунжирсаар гурван сарын нүүр үзэв. Тэд өнгөрсөн сарын сүүлчээр ажлаа дуусгаж, хүлээлгэн өгчээ. Харин үлдэгдэл санхүүжилт нь өнөө хүртэл ороогүй, өнөө, маргааш гэдэг үгээ хэлсээр байгаа гэнэ. Энэ хооронд Олноогийн авсан зээлд 15 сая төгрөгийн хүү “төрөөд” байгаа бөгөөд сүүлийн хоёр сарын хүүгээ төлж чадаагүй яваа гэнэ.
Одоо тэрбээр энд тэндээс нэхэх өр, цалингаа хүлээсэн ажилчдын горьдлого тээсэн харцнаас далдирч өдөр хоногийг өнгөрөөж байгаа. Залуу “Би энэ ажлаас ашиг олохоосоо өнгөрсөн. Өргүй үлдвэл дээд нь тэр. Санхүүжилтийн мөнгө хурдан орж ирээд, өндөр хүүтэй зээлүүдээ дахин олон хоног алдахгүй төлчихвөл уг нь болох гээд байна. Гэвч мөд орж ирэх янзгүй” хэмээн гал цоггүй дуугарсан.
Мөн “Арыг нь даах том хүнгүй, ажил, бизнесээ дөнгөж эхэлж байгаа компаниуд бүгд л ийм зам туулдаг. Олонх нь замаасаа “алга болдог” нь ийм учиртай. Энэ ажил миний амьдралд нэмэр болоогүй ч компанийн маань түүхийг зузааруулахад хэрэг болж байгаа гэж л сэтгэлээ тайвшруулж байна. Компани маань ажил хийсэн туршлага, дансаараа гүйлгээ хийсэн түүхтэй байх юм бол ирэх жил үүнээс арай дээр ажил олоход хэрэг болно” хэмээсэн.
Үргэлж ундарч байдаг бүтээн байгуулалтын ажлын буян их. Харин энэ буяныг “томчууд” л ахиу хүртэж, Олноо шиг олон хүн иймэрхүү маягаар бусдын мөнгө олох хэрэгсэл төдий болж байгаа нь тиймхэн. Хэн нэгэн эрхтэн дархтны халаасны хүн биш, татаж, дэмжих албан тушаалтангүй хүн Монголд аль ч салбарт бизнес эхлүүлэх, бор зүрхээрээ хөл дээрээ босох улам л хэцүү болж буйн нэгэн жишээ Олноо билээ.
Жишээ 2
Хувийн компанид мэргэжлээрээ ажилладаг, тэндээ чадварлаг боловсон хүчний нэгд тооцогддог найз маань 1.5 сая төгрөгийн цалинтай. Энэ бол Монголд муугүйд тооцогдох хөдөлмөрийн хөлс. Эхнэр нь ойрхон төрсөн хоёр хүүхдээ өсгөж, хүмүүжүүлэх нөр их үйлсэд хүчин зүтгэдэг тул найзын маань цалин тэдний гол орлого. Тэднийх ипотекийн найман хувийн зээлд хамрагдаж, байртай болсон. Сард 600 мянга орчим төгрөг түүндээ төлдөг. Тэгээд үлдсэн мөнгө нь амьдралд нь илүү ч үгүй, дутуу ч үгүй яг хүрэлцэнэ. Харин залуу хос энэ жил хөл дүүжлэх унаатай болохоор зориглож, 20 сая төгрөгийн үнэтэй “Приус 30” машин зээлээр авснаар санхүүгийн асуудал нь хүндэрчээ.
Машины зээлд сар бүр 550 орчим мянган төгрөг төлөх бөгөөд орчин үеийнхний хамгийн энгийн хэрэглээ болох хөл дүүжлэх унаа авсныхаа төлөөсөнд гэр бүлийнхээ хоногийн хоол, хүүхдүүдийнхээ ойр зуурын хэрэглээг танах хэрэгтэй болов. Ийм маягаар гурван жил явах ямар ч боломжгүйгээ ойлгосон найз маань ажлаасаа гурван сарын чөлөө аваад БНСУ-ыг зорьсон. Тэр зээлээ дарахын тулд аяллын визээр хил давж, тус улсын иргэдийн голоод хийдэггүй хар, бор ажлыг царайчлан гудамжинд зогсож байгаа.
Хамгаалалтгүй, дэмжлэггүй дундаж давхарга ингэж л амьдарч байна. Төр, засаг, түмэн олны хэнд ч ачаа дарамт болохгүй өөрсдийгөө аваад явдаг энэ хэсэг бор зүрхээрээ хэчнээн зүтгээд чинээлэг давхарга руу орох боломж улам л хязгаарлагдаж байна. Цаашид хүн амын олонх нь дундаж, ядуу гэсэн хоёр давхаргын хооронд сэлгэн “гулсаж” насыг барахаас өөр сонголтгүй болсон шиг санагдана.
Дарга нар “Ажил хөдөлмөр хийхгүйгээр иргэн сайхан амьдрахгүй, баялаг бүтээхгүйгээр улс орон хөгжихгүй” хэмээн номлодог. Харин ажил хийгээд ч хангалуун амьдрахгүй байхад иргэд яах вэ.