Нийтлэл 40
Ли Янь-Шоу
Гэрийн ой санамжийг үндсэн ой санамжтай гүрэх нь Сэргэлэн Интернашионал Экспедишионы гол амжилт билээ. 552 онд үүссэн Түрг овогтны төр хэний төр вэ? Өнөөгийн Стамбулын туркуудын дээдсийн төр үү? Өнөөгийн монголчуудын дунд байгаа алтайчуудын дээдсийн төр үү? Гений хувьд Түрг овогтон өнөөгийн Стамбулын туркуудтэй ижил тариаланч перс, араб, грек генүүдийн нийлбэр байв уу? Мал ахуйтан гентэй байв уу? Хэрэв Монгол улс Турк улсын хооронд түүхийн маргаан гарвал яаж шийдвэрлэх үү? Энэ бүх асуултанд хариулт өгөхийн тулд түүхэн эх сурвалжуудыг сайн судлах ёстой.
Ямар эх сурвалжууд байна вэ? Хан үндэстний Тан төрийн эх сурвалжаас “Умард төрийн түүх Түрг Тэлэ” Ли Янь-Шоу VII зуун, Дараагийн“Хуучин Тан төрийн бичиг Түргийн шастир дээд, Түргийн шастир доод, Уйгурын шастир, Баруун Рун-ын шастир, Бэй Ди шастир” Лиу Шү IX-X зуун байна. Хойд Сүн төрийн эх сурвалжаас “Шинэ Тан төрийн бичиг” О Ян Шиу XI зуун (ойролцоогоор) байна. Мал ахуйтан Түрг төрийн сурвалжаас Билгэ хаан, Гол тэгин, Тонуйкук, Тариатын хадны бичээсүүд байна. Уйгур төрийн эх сурвалжаас Тэс, Шинэ могой усны хадны бичээсүүд байна. Уншигч та бүхэнд дахин хэлэхэд Хүннү хэлээр бичигдсэн хадны бичгүүд монголоор зөв сэргээгдсэн учир Хан үндэстний үе үеийн төрийн албан бичгүүдэд буй мал ахуйтантай хамаатай хэсгийг зөв тайлбарлах боломж нээгдэв. Уншигч та анхааралтай уншаарай. Уншигч та бүхний анхааралд! Түрг нэрсийг ханзаар буулгахаар хан үндэстний дөрвөн хөгөөр зүйчлэгддэг учир танигдахгүй, хэцүү уншигдаж болно. Хаданд бичигдсэн түрг уйгур нэрсийг монголчууд бид хялбар таниж байна.
Ингээд “Умард төрийн түүх Түрэг Тэ лэ” - г үргэлжлүүлэн судалцгаая.
“Ай жин аймгийн олон хүчирхэг болгов. Тэгээд элч томилон Жэн Шү зи мэтийг ал сугай гэж гуйв. Жоу Вэн ван зөвшөөрөв. Шү Зи-гээс доош гурван мянган хүнийг барьж илчид өгөв. Чэн мин хаалгын гадна бүгдийг алав. Гурван он (НТ 556 он) болоод Ай жин нь Тү гү хунь-ийг цохиж эвдэв. Жон минь вангийн хоёр он (НТ 558 он). Ай жин элч томилон алба өргөц өргөв.
Бао дин-гийн анхдугаар он (НТ 561 он), ахиад гурван хүнийг элчлүүлэн нутгийнхаа гаралтаас барив. Тэр үед Чи Тэй байлдаж жил үргэлжлэн цэрэг дайн хийж байв. Тиймээс холбоолон тусламж авах болов”.
Тайлбар: Дунд улсын Жоу Төр Дун улсын Чи төртэй байлдаж байсныг хэлж буй.
Холбоолон тулсламж авах гэдэг нь Жоу улс нь Түрэгтэй хамтарсныг хэлж буй.
“Анх Гун ди-гийн үе, Ай жин-гээс Жоу Вэнь ди-д хүүхнээ өгнө гэв. Хугацаа тогтоогүй байтал Жоу Вэнь ван үхэв. Тэгээд Ай Жин өөр хүүхнийг Ү ди-д амлав. Бэлэг тэлэг ёс хийж амжаагүй байтал Чи-гийн хүмүүс бас элчлэн очиж ураг гуйв. Ай жин тэдний их бэлгийг үзээд татгалзах гэв. Түүнээс Ү ди Лянь жоу-гийн Чи ши түшмэл Ян Жин, У Буо Ван Чин зэргийг элчлүүлэв. Чин нар хүрээд итгэл журмыг барьтугай хэмээвээс Ай Жин тэгээд Чи-гийн элчийг буцааж хуримаа тогтсон болой. Бүх улсаа аван зүүншээ байлдъя гэж гуйв. Түүнээс зарлиг болоод Гүн Ян Жун бээр нэг түмэн цэргийг удирдуулан Түрэгтэй хамт Чи-г дайрав. Жун-гийн цэрэг Шин Линь даваагаар давав. Ай жин арван түмэн морьт цэрэг аван ирж нийлэв. Дараа жилийн цагаан сараар Чи-гийн эзэн И Жинь Ян-г дайлав. Эвдэж чадсангүй. Ай жин тэгээд цэргээ дураар нь тавьж ихээр дээрэмдээд буцав. Жун буцав. Ү Ди хаанд “Түрэгийн цэрэг харгис байна. Яллаж шагнах нь хөнгөн, толгойлогч нь олон боловч хууль дүрэм үгүй, номхотгож чадахгүй гэсэн нь худал үг бишүү. Удаа дараа томилсон элчүүд маань Түрэг хүчтэй байна гэдэг. Тэгээд улс гүрнээр Түрэгийн элчид ихээхэн бэлэг бариулдаг. Өөрөө очихдоо ихээхэн бэлэгтэй харьж ирэхийг хүсдэг байна. Засаг төр маань худал үгэнд итгээд цэрэг жанжин маань барааг нь үзээд цочив. Харахад хүчтэй боловч харин буурай байна. Өнөө түшмэл миний бодохоор, урьд өмнө элчилсэн элч бүгдийг нь алваас болно” гэж хэлэв.Ү Ди хүлээн авсангүй. Тэр он Ай-жин элч явуулж юм хум барив. Бас зүүнш дайлахыг гуйв”. Тайлбар:
1. Дунд улс ямар байдалд байв гэдгийг энд хэлэх нь зүйтэй. Дунд улс өмнө умард гээн хоёр хуваагдсан байжээ. Умард дотроо бас хоёр хуваагдсан байжээ. Өмнөд төр: [Лю] Сүн 420-479, Ци479-502, Лянь 502-557, Чэнь 557-589. Умард төр: Зүүн Вэй 534-550, Баруун Вэй 535-556, Хойд Чи 550-577, Хойд Жоу 557-581. Түрг төрийн нөлөө их учир умардын хоёр төр Айжингээс ээлжлэн гүнж гуйдаг байжээ. Сонирхолтой нь нэгдмэл Сүй төрийн үед, нэгдмэл Тан төрийн үед хоёр хуваагдсан түргийн Хойд, Баруун төрүүд ээлжлэн ураг гуйдаг байжээ. Энэ тухай дараа өгүүлэх болно.
2. Жун цэргийн сахилгаар хүч чадлыг хэмжиж байна.
“Ян Жинг зарлигдан цэрэг удирдуулж Ү е-гээс гарав. Жин гүн ху нь Луоян-д хүрч угтах гэв. Хуй-тай дайдаад ашиггүй болов. Ай жин цэргээ татан буцав. Таван он (565 он), Чэн Гун, Да Си тү түшмэл Юй Вэн Гүй, Шэн Ү Гун түшмэл Доу И Нань Ань Гун түшмэл Ян Жянь-ийн зарлигдан түүний хүүхнийг угтуулахаар явуулав. Тянь хэ-гийн хоёр онд (567 он) Ай жин бас элч явуулан бэлэг барив.
Чэн Гун чун нар харив. Ай жин дахиад бас Чи-д татагдана. Аянга дуугарч салхилан хувираад Чун нарт болно гээд хүүхнээ араас нь хүргэн очно гэв. Дөрвөн он (569 он), дахиад элч ирүүлэн өргөц барив.
Тайлбар: “ Ай жин дахиад бас Чи-д татагдана” гэдэг нь Чи улсын бэлэгт татагдаж буйг хэлнэ.
Ай жин үхэв. Хөвгүүд Да Луобянь-ийг нь огоорч дүүг нь кэ хан болгов. Та бэн кэ хан гэдэг. Та бэн кэ хан хөвүүнээ Эр фу кэ хан болгож зүүн зүгийг захируулав. Бас дүү Ру Дан кэ ханыг Бу Ли кэ хан болгож баруун зүгт суулгав. Ай Жин-гаас хойш тэдний улс нь баяжин хүчирхэгжиж Хятадыг дээрэлхэх шинжтэй болов. Төр тэдэнтэй нэгэнт ураг тогтоосан байв. Жилд торгон мяндас химэрлэг нэхмэл арван түмэн хэсэг өгдөг. Нийслэлд байсан Түрэгүүдэд сайн бэлэг барив. Өмссөн хувцас нь химэрлэг торно байлаа. Идсэн хоол нь мах байлаа. Ийм харгалзал хүртсэн нь мянга илүү хүн байлаа. Чи-гийн хүмүүс тэдний дээрэмдэхээс айгаад хадгалж байснаа бүгдийг нь өгөв. Та Буо их оморхож харъяатдаа “Өмнө хойно байх хоёр хөвгүүн маань ачилж л байвал эд агуурсгүй гэж зовох юу байна” гэв. Чи-д Хуй Лин гэгч хуврага бий ажээ. Олзлогдоод Түрэгт хүрчээ. Тэгээп Та Буо-д “Чи улс баян хүчирхэг байгаа нь бурханы сургаалтайгаас болжээ” гэжээ. Тэгээд хойд төрөлийн ёсыг хэлэв. Та Буо итгэв. Нэгэн сүм байгуулан элч явуулж Чи-гээс “Жин Мин”, “Не Пан”, “Хуа Ян”, зэрэг судруудыг залав. “Арван сахил”-ыг бас залуулав. Та Бэн мацаг барин сахил авч, суварга тойрон ёслол үйлдэж дотор газар төрсөнгүйдээ харамсана гэв. Жян Дэ-гийн хоёр он, Та Бэн элч явуулан адуу өргүүлэв. Тэгээд Чи мөхөхөд Ч-гийн Дэн Жоу –гийн Зи ши түшмэл, фан ян ван Гоа Жү И нь Ма и-гээс босон одов. Та Буо Жоу И-г хаан өргөмжилж харъяат олныг цуглуулан тэдний өшөөг авна гэв”.
Тайлбар: Чи улсаас Мани шашин авчээ. Оршуулганы зан үйлийг нэг Шанью, нэг Хаан өөрчилж чадахгүй. Тэгэх нь маш эрсдэлтэй үйл. Оршуулга өөрөө маш чухал бөгөөд утга учиртай үйл. Тухайн нийгэмийн ертөнцийг харах өнцөг өөрчлөгдөж байж оршуулгын зан үйл өөрчлөгддөг. Онож хэлэх юм бол хаашаа талийгаачийг үдэж байгаагаас хамаарна. Мани шашинаар цогцосыг чандрална. Сүнс нь биенээсээ хурдан сална гэж буй. X-XI зуунд Персүүдтэй ураглан лалын шашин авсан Баруун түргүүд чандралахаа болив. Лалын шашингаар уг үйлийг хорино. Профессор Д.Эрдэнэбаатар оршуулагын зан үйлийн талаар сонирхолтой нийтлэл хожим хүргэх болно.
“Шүан жэн-гийн анхдугаар оны дөрвөн сар, Та Бэн Ю жоу газрыг дээрэмдэв. Жү Гуо түшмэл Лиү Шюн тосон байлдаж ялагдан үхэв. Ү Ди хаан биеэрээ зургаан замын цэрэг удирдан хойд зүг дайлна гэж байгаад хаан нас барсантай тохиолдон цэргээ татав. Тэр өвөл Та Бэн дахин хилд халдаж Жиү Чүан-ийг бүслэн ихээр дээрэмдэж одов. Да Сянь-ийн анхдугаар он, Та Буоахиад ураг гуйв. Ди-гээс Жо нийслэлд хүргэн иртүгээ гэв. Та Бэн зөвшөөрсөнгүй, бас л Бэн жоу газрыг дээрэмдэв”.
“Та Бэн өвчлөөд үхэхээсээ өмнө хөвгүүн Ян Луо-даа “Эцэг хөвгүүн хоёр хамгийн дотно гэж сонслоо. Миний ах өөрийн хөвгүүдээ үл дотночлон ороо өгсөн билээ. Намайг үхсэний дараа хөвгүүн минь чи Да Луо Бянь-д найр тавь” гээд нас баржээ. Хүмүүс Да Луо Бянь-аар ор залгамжлуулах гэв. Эх нь доорд хүмүүн байсан гээд бүгдээр голов. Ян Луо үнэнхүү ихэмсэг, Түрэгүүд хүндэлдэг байлаа. Шэ тү хамгийн сүүлээр нь иржээ. Хүмүүст Янь Луо-гаар ор залгамжлуулваас ах дүүгээ дагуулаад ар өвөрт нь зүтгэнэм. Да Луо бянь-аар ор залгамжлуулбаас хил хязгаар дээр харуул харж илдний ир, жадны итгэсэн минь дээр” гэв. Шэ тү өндөр сүрлэг хүн бөгөөд тэдний улс нь угаасаа үгийг нь хүлээн дагадаг. Тэгээд Янь Ло-г залгамжлагч болгов”.
Тайлбар:
1. Дорд гаралтай эхийн хүүг, аав нь хаан байсан ч мал ахуйтангууд дутуу гэж үздэг юм байна.
“Да Луо Бянь ор залгамжилж чадсангүйгээс Ян Ло-д таагүй болов. Удаа дараа элч явуулан доромжилж хараадаг байв. Ян Луо хүч хүрэхгүй болж Шэ Тү-д ороо өгөе гэв. Улсын ноёд нь зөвлөлдөөд “ Дөрвөн кэ ханы хөвгүүдээс Шэ Тү хамгийн мэргэн болно” ор залгамжлуулав. И Ли Жү Лү Ши Мо Хэ Ши Бо Луо кэ хан гэв. Бас Ша Бин Лүэ гэдэг. Дү жинь шань ууланд суудаг. Ян Луо тушаал буурч Дү Луо шүй голд сууна. Гуравдахь кэ хан гэгддэг. Да Луобянь нь Ша бо Лю-д “Чи бид хоёр цугаар кэ ханы хөвгүүд болно. Аавынхаа орыг залгамжлах ёмтой. Одоо чи хүндэтгэгдэж байна. Би харин нэр төргүй байна” гэв. Ша бо Лю сэжиглээд түүнийг А бо кэ хан болгов. Нутагтаа харьж харъяат аймгаа захирав”.
Тайлбар:
1. Ян Луо – г гуравдахь хаан гэх болов. Туул голд суух болов.
2. Да Луо Бянь нь А бо хаан болон барууншаа нутгаа захирах болов.
3. Их хаан Ша бо Лю Өтүгэн ууланд суух болов.
4. Газар усыг ач холбогдолоор нь ангилхаар нэгд Өтүгэн, Хоёрт баруун нутаг, гуравт Туулын шугуй болж байна.
“Ша бо Лю баатар зоригоороо бүгдийн хүндэтгэлийн олов. Хойд И бүгд түүнийг дагав. Суо Вэнь-ди хаан ороо найр тавив. Хүндэтгэл бага болов. Хойд И-нар их уурлав. Ен-жоу газрын Зи-ши түшмэл Го Бо-нин-гийн үймээн гарсантай тохиолдуулан Ша бо Лю тэдэнтэй цэрэг нийлэн Лиэ-ю-жэн-ийг дайран эзлэв. Хилийг дагуулан хамгаалах бэхлэлт барьж урт цагаан хэрэм түшин бэлтгэлтэй бай гэж эзэн зарлигдсан байв. Ша бо Лю-гийн эхнэр нь Жоу-гийн Чиан-жин гүнж билээ. Дээдсийн сүм мөхсөнд харамсан гомдож олныг дагуулан ирж дээрэм хийдэг. Саадаг нум агссан дөчин түмэн цэрэгтэй байлаа гэдэг.
Зарилгаар жү-гуо түшмэл Фэн Ю-г и-фэй-бо нуураар тариалуулан суурьшуулж Лан-жоу-гийн ерөнхий захирагч Чи Ли-жун-г Ен Жоу газарт тариалуулан суурьшуулсан билээ. Да Ши-чан түшмэл Рү нь Жоу Дянь-д суурьшисан байна. Бүгд Ху-д дийлэгдэв. Түүнээс цэрэг аван Му-жиа, Ши-мэн хоёр замаар ирэн дээрэмдэнэ. Ү-вэй, Тянь-шүй, Ан-дин, Жин-чэнь, Шан-жун, Гүн-хуа, Ян-ань газрын зургаан хошуу мал хоослогдов”.
“Тэнгэрийн хөвгүүн уурлан хилэгнэж “Урьд Жоу Чи эсрэгцэлдэн Хятад олон тал болон хуваагдав. Түрэг мэтийн дээрэм хоёр улстай зэрэг харьцав. Жоу-гийн зүүншээ санааширна. Чи-гээс хэтэрхий айна. Чи овогтой барууны мэхлэгч Жоу-гийн үнэн сэтгэлээс эмээнэ. Үнэн санаагаа хэн хэнтэйгээ мэдэж явбал улс гүрэн аяндаа амгалан болно. Хүчтэй дайсны аюул зовлонг бодоход хил хязгаарын хамгаалалтыг хөнгөлье ч гэх юм. Хүн амьтаны хүчийг шавхаж хүрч очхыг нь даана. Эзны сангийн хөрөнгийг шавхаж эзгүй цөлд хаяна. Хятадын газар нутаг хэмжээлшгүй зовж буй. Тэнгэрийн тавиланг хаан би хүлээж түмэн зүгийг тэжээж буй. Хүлээсэн ачаагаа хөнгөлж урьдах алдаагаа засъя гэнэм. Дээрэмдүүлсэн эд хогшлоороо дайчдаа урамшуулж шагная. Аян замд амарч байгаа хүн нь тариалах, нэхэх үйлдээ яаруу. Харгис болхи, мунхаг бядуу, хааны санааг мэддэггүй, их хувь заяаг тогтоох өдөр ихээр байлдах цагт урьдах амгалангаа гаргаж өнөөдрийн өшөөгөө таслая. Ойртож очоод үүрийг нь уудалж сөнөөе. Хойд хязгаарт халдахад холдож цэрэг төөрөх болтугай. Учирвал устгаж дуусгаваас болно. Өмнө зүгтээ хүрээгүй байтал хойшоо тэмцэн одтугай” гэж зарлиг буулгав”.
Тайлбар: Хан үндэстэний Нэгдмэл Сүй төр (581-618) үүсч буй тухай өгүүлж байна.
“Чэ Би, Чү Ши тав байв. Ах дүү хувиа бодно. Авга ач хоорондоо хардана. Орчлонгийн ёс догшин болжээ. Гэрийн сургаал харгис болжээ. Дорно И-гийн олон улс, ханцуй дорхи ашигаа бодно. Баруун Рун-гийн олон ахлагчид бүгд цугаар уур гомдолтой. Түрэгийн хойд биеэр Чи Гү-гийн тэнүүл байна. Шүдээ хавирч шүлсээ залгин түүнээс холдохгүй дагаж байна. Да тоу урьд Жоу чуан-ийг дайрчээ. Ю тянь, Перс, Жи дан гурван улс урваж дүрвэхэд бэлэн байна. Шан бэн Луо Чиү жоу дян-д ойртож буй. Түүний аймаг дахь Бо гү, Дорно Чи Луо нар завшаан хайн хөдлөх гэж буй. Ноднин жил Ли жи Ца дан-г Гаоли, Мо хэ эвдэв. Ша би-г Чи жи кэ хан алав. Тэдэнтэй хаяа дэрлэн амьдарснаас хүйсээ тэмтрүүлж үхсэн нь дээр гэж үздэг аж. Аймаг улсынх нь дотор аюулт алаарчин бий гэв. Зүйлийн улс байх бөгөөд золигт гарган золиослоно. Зүрхнээсээ цус гартал уйлах бөгөөд уцаар гомдол нь уур болно. Дүгрэг толгойтой, урт тавхайтай, цугаар хүмүүн төрлөхтөн больюу. Харин ийм учраас хаан би нэн халамжилна. Тэр нэгэн газар гай болж нэг жил орчим чөтгөр орогносон гэдэг. Тэндэхийн араатан хүний хэлээр ярьдаг. Тэндэхийн хүн нь аршийн хэлээр ярьдаг. Түүний улсыг мөхнө гэж ярьсан гэдэг. Өвөл болгон аянга дуугарч, өвөл газараас шал галдаг гэнэ. Угсаа үндэс өнөржинө гэдэг. Өвс усаар хооллодог гэнэ. Дөрвөн он, дөрвөн улирлыг үдэхэд бороо цас байгаагүй гэнэ. Гол хатаж царцаа дүүрээд ургаа мод харлаж шатан өлсгөлөн тахал нөмөрлөө гэнэ. Хүн малын хагас нь үлдэв гэнэ. Уул нь амьдарч байсан газарт нь улаан шавраас өөр юм алга гэнэ. Тулж нүүсэн цөлийн өмнө ирээд толгой далдлан хэдэн хором болжээ. Дээд тэнгэрийн алдаанаас болоод үлдэж хөөн сүхээр цавчилцана. Харанхуй гэгээнийг ялгадаг цаг хаяа тулан өнөө ирэв”.
Тайлбар: Мал ахуйтаны төр хуваагдаж буй тухай өгүүлжээ.
“Тэгээд жанжин сонгон цэрэг цуглуулж, амуу хураан, хуяг цуглуулж, эрэмгий дайчид ихэд баярлаж, хүчит эр хөөрөн догширч, заналт вангийнх нь тэргүүнийг цавчин шаньюй-гийн загатнасан нурууг маажина гэв”.
“Үүнийг ван Хуй хэлж билээ. Хувь заяагаа хүлээсэн лугаа адил болой. Ямар дайсныг тосч чадаагүй байсан бэ? Ямар газар хөлөө тавьж байсангүй бэ? гэтэл хаан эзний хуучин мөр Ю дү хүрээд зогсдог. Болхи балар газар, боловсноос гологдсонорон газрыг нь эзлээд амьдарч үл болох. Хүнийг нь олоод алж үл болох. Зүгээр цэрэг морио зовооно, зовлонгийн далайд унаж живнэ. Гадаад дотоодод мэдүүлж байна. Ганцхан хаан минь санааг мэдвээс болов”.
“Түүнээс Хэ жян ван Ян Хун, шан жү го түшмэл Доу ли жэ ли, Доу Рүн дин, зүүн пү шэ түшмэл, Го Жун, баруун пү-шэ түшмэл Юй Чин зэ бүгдээр юань шуай болж хилээс шарч цохив. Ша бо Люнь А бо, Тан кэ хан хоёр хааныг аван ирж байлдаад бүгд ялагдаж зугатан явцгаав. Тэр цагт хулгай нар өлсөөд ихэд хоолгүй байв. Ясыг нунтаглан хүнс хийв. Бас өвчин эмгэг их болж маш ихээр үрэгджээ”.
“Түүнээс Ша бо Лю нь А Бо-гийн омголон баатарлагийг үзээд атаархав. Түүний урьдаар буцсаныг үзээд айтгийг нь дайрч ихээр ялан А Бо-гийн эхийг алав. А Бо хариуд орогнох газаргүй баруунш давхин Да Тоу кэ ханд очив. Да тоу-гийн нэр нь Дян жоу гэдэг. Ша бо Лю-гийн их авга нь болно. Урьд баруун зүгт кэ хан болж байлаа”.
“Түүнээс их хэлэгнэв. А бо-гоор цэрэг удирдуулан зүүнш оров. Бууж дагасан нь арван түм илүү морьт цэрэг байв. Ша бэн ло-тай байлдав. Бас Тан кэ хан байв. Ерийн үе А бо-той дотно байжээ. Ша бэн ло түүний ардыг дээрэмдэн түүний кэ хан цолыг үгүй болгов. Тан кэ хан нь Да тоу-д зугтан хүрэв. Ша бэн ло-гийн ач хөвгүүн Ди чин ца өөрийн харъяат аймагтай болжээ. Ша бэн ло-тай эв муутай байжээ. Тэгээд олноо дагуулан урваж А бо-г дагав. Олон жил дайн байлдаан болов. Бүгд нийслэлд элч явуулан туслахыг хүсэв. Хаан зөвшөөрсөнгүй”.
Тайлбар: Түрг төр их задралтай, нэгийгээ устгахын тулд Нэгдмэл Сүй төрөөс туслахыг хүсдэг байжээ.
“Чян жин гүнж бичиг өргөж хөвүүнтэйгээ адил үзэх болов уу гэв. Вэнь-ди (581-604) хаанаас Ка-фэн-гийн Шу Пин-хэ-г Ша бо Лю-д элчлүүлэв. Жин ван Гуйн Ши нь Бин-жоу-г сахин хамгаалж байжээ. Завшааныг нь ашиглан дайрая гэв. Хаан зөвшөөрсөнгүй. Ша бо Лю элч томилон бичиг барьж мэдүүлсэн нь “Луу жилийн есөн сарыг аравны өдөр. Тэнгэрээс заяат их дэлхийн мэргэн, тэнгэрийн хөвүүн И-ли-жү-лү-шэ-бо-кэц Хан-аас их Сүй улсын хуандид бичиг барив. Элч Кай-фэн-гийн Шу Пэн-хэ ирэв. Олон үг хэлэв. Үлдээлгүй сонсов. Хуанди хүүхний (тань-Орч.) нөхөр билээ би. Бас хүргэн бөгөөд хөвүүн нь болой би. Өнөө уг гарвалаа мэдэлцэхийн учир үрийн үрд, үеийн үед тасрахгүй гэсэн санаа билээ. Дээд тэнгэрт гэрч болтугай. Тангарга үл тасрах болтугай. Энэ улсын хонь адуу бүгд хуанди эзний мал агуурс билээ. Таны торго дурдан цугаар миний хөрөнгө гэсэн үг. Хоорондоо ялгалгүй болъё” гэв. Вэнь-ди хариу бичиг барин өгүүлсэн нь “Их Сүй улсын тэнгэрийн хөвүүнээс Их И-ли-жү-шэ-мо-хэ-ши-бо-кэ-Хан-д бичиг хүргүүлэв. Бичиг олвой. Бидний төлөө сайныг сэтгэж байсныг мэдэв. Ша бо Лю-гийн эхнэрийн эцэг боловч хөвүүнтэйгээ адил санаж явдаг. Төрөл садны сайхан сэтгэл гэдэг боловч төөрч бас санаснаас гадна болох цаг буй. Өнөө онцлон их түшмэл Юй Чин-зэ-г таны нутагт элчлүүлэн охинии үзье. Бас Ша бо Лю-г үзье гэж бодсон” гэв. Ша бо Лю цэргээ жагсаан эрдэнсээ өрж Чин зэ лүгээ суугаагаар уулзав. Өвчлөөд босч чадахгүй байна гээд бас “Авга эцгээсээ өөр хүнд мөргөдөггүй” гэв. Чин зэ зэмлэн ёс хэлэв. Чиан жин гүнж далдуур Чин зэ-д “Ша бо Лю гэж цөөвөр чоно адил. Хэтрүүлж маргавал хэмлэж хазаж мэднэ” гэв. Ууган ач Шэн ятган хэлснээр Шэ тү тэгээд хүлээв. Тосч мөргөн бичгийг аваад толгой дээрээ талбив. Тэгээд их ичив. Түшмэд нь нэг дор цуглаад урхиран уйлцгаав. Чин зэ түүнийг түшмэл болон дага гэвээс Ша бо Лю харъяатаасаа “Түшмэл гэж юу вэ?” гэж асуув. “Сүй улсын түшмэл гэж эндхийн боол гэсэн үг” гэв. Ша бо Лю” Их Сүй улсын тэнгэрийн хөвүүний боол болдог нь бүгд Юй Фү Шэ-гийн хүч билээ” гээд Чин зэ-д мянган адуу бэлэглэн, ач охин дүүгээ өгч гэрлүүлэв”.
“Энэ үед Ша бо Лю-г Да тоу хашиж зовоов. Зүүнээсээ хидаанаас эмээдэг байв. Элч явуулан яаравчлан тусламж гуйв. Аймаг улсаа дагуулан элсний өмнө хүрч Бай доу чуйн-д хоргодон суухыг гуйчлав. Зарлиг буулган зөвшөөрөв. Жин ван Гуан нь цэрэг саатуулах арга гардан хувцас хүнс өгөн ёслолын хувцас, үлээдэг хөгжмийн зэмсэг соёрхов. Түүнээм Ша бо Лю барууншаа А Бо-г дайран цохиж ялан амьдаар барив. Харин А Бо-гийн улс аймаг эзгүйг далимдуулан эхнэр хүүхдүүдийг нь уулгалав. Сүй-гийн цэрэг А Бо-г дайран цохиж ялав. Олз бүгдийг Ша Бин Ло-д өгөв”.
Тайлбар: Янь овогтоны Сүй төрийг үүсгэн байгуулагч Вэньдигийн (өөрийн нэр нь Янь Жянь) элч Шу пин хэ Түрг хаан Ша бо Лютай найр тавихдаа А бо болон бусад баруун түргүүд Ша бо Люг дархын тулд Сүй төрөөс тус хүссэнийг хэлэхгүй байна гэж үгүй. Үүнийг өгүүлэх нь элчийн гол үүрэг байжээ гэж дүгнэгдэж байна. Хэрэв А бо д Сүй төр цэрэг нийлүүлсэн бол Ша бо Лю цохигдох нь дамжиггүй. Сүй төрийн Вэньдигийн уг бодлого шинэ биш. Харийг хариар нь цохиулах бодлого Хан төрийн үед хийгдэж байжээ. Үүнийг Вэньди мэдэхийн дээдээр мэдэж байв. Учир нь энэ тухай бичигдсэн судрыг Вэньдигээс хойш 50 жилийн дараа ор суух Тан төрийн Тайзун судлан ул санааг хэрэгжүүлэх болно. Ша бо Лю Сүй улсын түшмэл “боол” болхоос эс татгалзав. Үр дүн нь Сүйгийн цэрэгтэй А богийн улс аймгийг эзлэв.
“Ша бо Лю их баярлав. Гэрээ байгуулан цөлөөр хил болгов. Дээшээ мэдүүлсэн нь “Их Түрэгийн И ли жү лү шэ мо хэ ши бо кэ Хан түшмэл Шэ тү-гийн үг. Элч Шан Шү, баруун фү шэ түшмэл Юй Чин зэ ирэв. Зарлиг бичгийг мэхийн тосов. Ариун зарлигийг уншин дуудсан нь итггэл ачийн учир үндэс гэж удах тусам тод болно. Хааны захиаг хичээнгүйлэн тосоод хариу талархаж чадахгүй байна. Тэнгэр тохиосноос нааш Түрэг тавь илүү он элсэн цөлөөр, эсвэл эзгүй газар хаан төр хэмээн явлаа. Санашгүй их газар нутагтай сая живаа хүрсэн баатар дайчидтай, хүчээр бүхнийг даран Хятадтаы ёс хэлэлцэр болов. Манайханд авч мундашгүй том н бид болно. Яг өмнөхөн цас агаар цэлмэг сайхан, салхи цас сэмрүүн зөөлөн байсан. Хятад газрын их богд алдаршин дуурсах буй заа хэмээн бодсон юм. Их Сүй улсын хуанди бол сая үнэн хуанди байсан байна. Юу гээд цэргийн сүрээр шахаж нэр хүндэд дурлах билээ. Шударга занг бахархах бүр сэтгэлийг ёсоор баръя гэнэм. Өмнөш Вэй-гийн нийслэлийг дахиад бараадвал уул ус эрэлзэн баралзана. Хойд газрын түшмэдийн ёсоо огоорохгүй гэнэм.
Өнөө хөвгүүнээ барьцаанд өгөв. Жил болгон шидэт адуугаар жилийн алба барив. Өглөө оройгүй хичээнгүйлэн хүндэлж захиж хэлснийг заавал биелүүлнэ. Долдугаар хөвүүн Кү Хэ жэнь нарыг хичээнгүйлэн явуулав. Бичиг өргөн мэдүүлэв” гэв.
“Вэнь ди зарлиг буулгаруун: “Ша бо Людэнтэй эвссэн боловч туурга тусгай хоёр улс болно. Харъяат түшмэл болсноор өнөөдөр харин нэг болов. Түшмэл ноёдод зарлигдан тушаав. Тахилгахт сүмд хичээнгүйлэн захив. Даяар улсад тунхаглан зарлатугай. Түмэн амьтанд сонсгон мэдэгдтүгэй” гэв.
“Долоон оны (НТ585) цагаан сар, Ша бо Лю хөвүүнээ явуулан орон нутгийн эд юм өргөв. Хун Дай-гийн хооронд ав хийхийг гуйчлав. Зарлиг гарган зөвшөөрөв. Элч явуулан архи, хүнс соёрхов. Ша бо Лю аймаг улсаа дагуулан мөргөн ёсолж ахиад соёрхол хүртэв. Ша бо Лю өөрөө нэгэн өдөрт арван найман бугыг намнав. Сүүл хэлийг нь аван өргөв. Буцаж Зи хэ жинд хүрээд майхан нь галд шатав. Ша бо Лю бие муужраад сар илүү болоод нас барав. Хаанаас гурван өдөр төр чуулсангүй. Дай Чан-г элчлүүлэн гашуудан тахив. Таван мянган хэсэг бараа бэлэглэв”.
Тайлбар: Ша бо Лю (өөрийн нэр нь Шэ тү) хаан Түрг төрийн тавдахь хаан байжээ. Ашна овогтны Түрг төрийг үндэслэгч Түмэн хаан буюу Ил хаан. Түүний хөвүүн Кэ Луо хаан хоёрдахь хаан болно. Гуравдахь хаан нь Кэ Луогийн дүү Ай жин болно. Ай жин нь Түмэн хааны хөвүүн болно. Дөрөвдэхь хаан нь Та бэн хаан Ай жингийн дүү. Та бэн нь Түмэн хааны хүү болно. Тавдахь хаан нь Ша бо Лю буюу Кэ Луо хааны хүү, Түмэн хааны ач болно. Төр гэдэг нь дангаар захирах тогтолцоонд (хаан төртэй тогтолцоонд) орыг угш залгамжлахыг хэлнэ. Угш залгамжлана гэдэг нь ах хааны орыг дүү нь авах, аав хааны орыг хүү нь авахыг хэлнэ. Мал ахуйтанууд хоорондоо дайтхаараа өмнө хөршөөсөө тусламж авдаг, хаан нь тэдний түшмэл болон Хан үндэстэний үе үеийн тэргүүнд мэхийн ёсолдог нь Ша бо Люгаас эхлээгүй, Өмнөд Хүннүгээс эхэлсэн баримт бий. Мөн дараа дараагийн нийтлэлүүдэд ийм шинэ баримтууд гарч ирнэ.
“Анх Шэ тү нас барахаас өмнө хөвүүн Вэй юй лү нь дорой номхоноос түүний дүү Е ху цү Луохоу-г залгамжилтугай гэсэн байжээ. Вэй юй лү элч явуулан Чү Луохоу-тосч кэ хан ор суулгах гэв.”Манай Түрэг Му гань ханы үеэс нааш ахыгаа дүү нь орлон хөвгүүнийхэн орыг эзэлсээр ирэв. Анх урьд дээдсийн ёсыг алдваас хүндэтгэл үгүй болно. Кэ ханы орыг чи залгамжлах хэрэгтэй. Чамд ёслохоос би эмээхгүй” гэв. Вэй ю ош ахийд элч явуулан Чү Луохоу-д “Авга болон аав хоёулаа адилхан үндэстэнээс ургасан болно. Салаа намаа нь би болно. Надаар кэ Хан болговоос үндэс адилыг ургаа навч болгосон биш үү. Авга ахлах нь таарна” гэв. Хоорондоо тав зургаан удаа найр тавив. Тэгээд Чү Луохоу кэ Хан болов. Е ху гэдэг билээ. Элч томилон дээшээ бичиг өргөн мэдүүлэв. Хаан эзнээс дэлдэх үлээх хөгжим, далбай соёрхов. Чү Луохоу нь царай урт, нуруу бөгтгөр, нүд хөмсөг цэвэр тунгалаг, цөстэй бөгөөд ухаалаг хүн байв. Сүй-гээс соёрхосон далбай хөгжмийг барин баруунш А бо-г дайлав. Сүй улсын тусламжтай байна гэж дайсан нугууд нь сэтгэж олонх нь дагаж ирэв. Тэгээд А бо-г амьдаар барив. Даруй бичиг өргөн А бо-г алах, эсвэл амьд байлгахыг асуув. Бүгд зөвлөв. Зүүн дү ши түшмэл Го Жүн-ээс “Ах дүү нар алацан хядалдах нь ёс ном алдарснаас болжээ. Амьд байлгаж уучлангуй байх нь зөв” гэв. Хаан тийм гэв. Тэгээд худага өргөж Жун бас “Шуан Юанаас нааш Шүн Жоу байнга хил хязгаарын гай болж байлаа. Өнөө хол гэх хойд далагаас нааш сайд түшмэд болон хүлээн дагав. Иймэрхүү өв тэгш үйл гэж ерөөс байгаагүй. Хааныг урт насалтугай хэмээн түшмэл би хүндэтгэл дэвшүүлнэ” гэв.
Дүгнэлт: “Умарт төрийн түүх Түрэг Тэлэ” дэлхийн дахинд таниж буй түүхэн эх сурвалж. Тийм учир уг номноос ганц ч өгүүлбэр гээхгүйгээр уншигч таньд хүргэж байна. Түүхийн үл ойлголцол Монголчууд Стамбулын туркуудын хооронд өнөөг хүртэл оршисоор байна. Үүнд түүхэн эх сурвалж цэг тавих үүрэгтэй. Түүхэн эх сурвалжаар зүс царианы хувьд, гарал үүслийн хувьд, шашин шүтлэгийн хувьд, хэл ярианы хувьд эдгээр түрг овогтонгууд өнөөгийн баруун монголчууд буюу Алтайн хүннүчүүд байжээ гэдэг нь маш тодорхой байна. Аливаа түүхийн маргаан газар усны маргаан болж хувирдаг аюултай. Үүнийг түүхэн баримтуудаар таслах үүрэг монгол судлаачдад ноогдож байна.
Үргэлжлэл бий.