Миний ширээн дээр “В.И.Лениний нэрэмжит “Пионерын ордон” гэсэн тамга мэт хашсан хаягийн доор гурван дөл бадарсан соёмбо тэмдгийн сууринд “Хэзээд бэлхэн” гэж хоёр үелүүлэн бичсэн тэр үеийн пионерын тэмдэгтэй гэрчилгээ байна. 1962 оны зургадугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод олгосноо нийслэлийнхээ нэрээр баталгаажуулсан 000301 дугаартай энэхүү гэрчилгээг дэлгэн үзвэл “МАХН-ын үйл хэргийн төлөө хэзээд бэлхэн байхтун!” гэсэн лоозон дээр нь залсан байна.
“Нэгдүгээр сургуулийн 9а ангийн сурагч ... овогтой Саалуут нь Пионерын ордны жүжгийн дугуйланд хоёр жилийн хугацаагаар суралцаж төгссөн учир жүжгийн анхны мэдэгдэхүүнтэй болсон тул гэрчилгээ олгов.
Ордны захирал Авирмэд
Багш Чүлтэмжамц” гэжээ.
Миний гэрчилгээний дугаар 000301 гэхээр хэчнээн олон хүүхэд Пионерын ордны олон дугуйланг дүүргээ бол?
Аргагүй ээ. Манай жүжгийн дугуйлан гэхэд л долоо хоногийн зургаан өдөрт өглөө, оройн ээлжээр хоёр, хоёр цагаар 3-4 групп хичээллэдэг байсан юм чинь. Жүжгийн дугуйланг “Цогт тайж” киноны хаанд тоглосон ахмад жүжигчин Чүлтэмжамц багш удирддаг байлаа. Дугуйландаа бид шүлэг зохиолыг уран сайхан уншиж, үг хэллэгээ тод гаргацтай дуудах, утга санааг нь бусдад зөв тодорхой ойлгуулах дасгал ажлаас эхлээд жүжигчин гэж ямар хүнийг хэлдэг болох, ямар үүрэг хариуцлагатай байх ёстойг хүртэл заалгасан билээ.
Тэр бүү хэл, роль буюу дүр гэж юуг хэлэх вэ, судалгааг яаж хийх вэ зэрэг сэдвээр ч бидэнд хичээл ордог байлаа. Энэ бүхний үрээр аравдугаар ангиа төгсөөд, Улсын төв театрт жүжигчин болохоор шалгалт өгсөн залуусаас манай дугуйланд суралцсан хэн нь ч болов “этюд” гэдэг айхавтар шалгуурын оноог нь хангалттай даваад гардаг байжээ. Тухайн үед надтай хамт жүжгийн дугуйланд суралцаж, дараа нь жүжигчний мэргэжлээрээ олонд танигдаж, хүндлэгдсэн олон арван хүн байдгийн заримыг энд цухас дурдъя.
Д.Цээнямбуу. Улсын драмын театрын нэр хүндтэй жүжигчин байсан төдийгүй олон сайхан кинонд гол болон туслах дүр бүтээж, хожим Гавьяат жүжигчин хэмээх эрхэм цол хүртсэн билээ. Тухайлбал, “Давааны цаана даваа” кинонд нэгдлийн даргын эхнэр, “Өглөө” киноны “сэлэм” Тогмидын сэтгэлт бүсгүй, “Хөдөөгийн баясгалан”-гийн агрономич эмэгтэй гэх мэтчилэн ард түмний сэтгэлд хоногшсон олон сайхан дүр бий дээ.
Д.Гомбожав. “Сэтгэлийн дуудлага” киноны Ишхүүгийн дүрээр нь монголчууд түүнийг сайн мэднэ. Түүнээс гадна “Ацаг шүдний зөрүү”, “Агуйн нууц”, “Сахиус уу, сахиул уу?” зэрэг дэлгэцийн олон бүтээлд тоглосны зэрэгцээ орчуулгын кинонуудад дуу оруулсан гайхалтай авьяастай жүжигчин байсныг кино үйлдвэрийн ахмад жүжигчид бахархан ярьдаг юм.
Ш.Дэлгэржаргал. Гавьяат жүжигчин Ш.Дэлгэржаргалыг Монголын ард түмэн “Тунгалаг тамир” киноны Дулмаагийн дүрээр нь хайрлан хүндэтгэсээр ирсэн. Тэгвэл энэ киноны Дулмаа, Хонгор нар хоёулаа хүүхэд ахуйдаа Пионерын ордны жүжгийн анхны дугуйланд Чүлтэмжамц багшийн удирдлагад суралцаж төгссөн шавь нь гэдгийг одоогийн хүмүүс тэр бүр мэдэхгүй болов уу.
Н.Нямдаваа маань (Хонгор) дэлгэцийн цөөнгүй бүтээлд дүрээ мөнхөлснөөс гадна сүүлд кино найруулагч болж, “Хайрхан өндөр хаа байна”, “Дэгдээхэй нас”, “Хоньчин Найдан”, “Сүхболдын яриа”, “Цэрэг эрсийн жирийн өдрүүд”, “Ховор хүмүүс” зэрэг олон бүтээл туурвисныг үзэгч түмэн андахгүй биз ээ.
Д.Мягмарсүрэн. Жүжгийн дугуйлангийн нөхдөө цааш үргэлжлүүлэн дурсвал сэтгүүлч Мааяа, Мягмарсүрэн, телевизийн “сахал” Содном, Баттөгс гээд хөвөрч гарна аа. Тэр дундаа сэтгүүлч, зохиолч Д.Мягмарсүрэн маань С.Зориг агсны тухай маш сайн кино зохиол бичсэн дээ. Өөр ч хэд хэдэн кинотой хүн. Тэр үеийн дурсамжаасаа тодруулбал, Содномдорж гуайн “Аз жаргалын эрэлчин” хүүхдийн дуулалт жүжгийн өвгөнд Мягмарсүрэн маань тоглож, сүрхий дуулж байсныг өнөө үеийнхэнд радиогийн алтан фонд батлах байх. Одоо ч тэрийгээ дуулбал дуулчихаж дөнгөнө дөө.
Л.Лхасүрэн. “Гарын таван хуруу” киноны Шагдарын дүрийг монголчуудын зүрх сэтгэлд хадтал мөнхөлсөн Л.Лхасүрэн маань бидний үеийн дугуйлангийнхны нэгэн бахархал билээ. “Тус биш ус” киноны гол баатрын залуу насыг чадварлаг бүтээснээр уран бүтээлийн гараагаа эхэлснээс нь хойш хэчнээн олон кинонд тоглосныг монголчууд андахгүй дээ. Түүгээр ч барахгүй өөрийгөө залгамжлах олон шавь төрүүлсэн гавьяатай багш байсныг нь бид мартахгүй.
Мартахгүйн учир гэвэл миний хувьд наймдугаар ангиасаа энэ л дугуйланд сурч байх үедээ “Учраа ололцсон нь” гэдэг кино зохиол бичин, түүнээ Чүлтэмжамц багшдаа уншиж өгснөөр Э.Оюун гуай руу явуулж билээ. Тэнд зохиол минь эрдэмтэн зохиолчдын шүүлтээр орж, намайг кино үйлдвэрт дагуулж аваачсанаар Доржпалам гуай өнөөхөөр кино хийх болж, Соёлын яамны зөвшөөрлөөр кино групп хүртэл томилогдсон түүхтэй.
Тухайн үед шуурхай сэтгүүлч ирж, сонин хэвлэлээр бичин зар нэгэнт тарсан хэдий ч дуутай тэнгэр хургүй гэгчээр сургуулийн хүүхдүүдийн зуны амралт болж найруулагчийн маань диплом хамгаалах хугацаанд шахагдан хойшлогдлоо. Тиймээс дараа нь би дахиад л өөр кино зохиол бичсэн юм даг. Үүнийг сайн мэдэх дугуйлангийн хоёр гуравхан хүүхдийн нэг нь манай арын хашааны Л.Лхасүрэн байсан юм.
Хоёр дахь кино маань томчуудаас сайхан дэмжлэг сонссон боловч бас л бүтээгүй. Харин бүр хожим Наваан миний өөр нэгэн зохиолоор “Нүглийн золиос” нэртэй кино хийсэн билээ. Бас “Савдагтай ууланд” хүүхдийн дуулалт жүжиг бичсэнийг минь Б.Мөнхболд хөгжмийг нь зохиож, Л.Лхасүрэн оюутнуудаараа тоглуулж, Улсын дуурь, бүжгийн академик театрт тавьсан нь телевизийн алтан фондод хадгалагдан үлджээ.
Ш.Цэвэлмаа. Чүлтэмжамц багш маань нэгэн өдөр нүүр будгийн онцлогийн тухай хичээл заасныхаа дараа Ленин багш жижиг цагаан алчуур гартаа барьсан ээжийнхээ мөрөн дээр гараа тавиад “Тэгвэл бид өөр замаар явна” гэсэн зургийг бодитоор амилуулсан мэт адилхан дүр төрхийг бидэнд харуулсан юм. Тэгсэн тэрхүү бүтээлийн “ээж” нь манай дугуйлангийн Ш.Цэвэлмаа байсан бөгөөд хожмоо тэр минь Монгол Улсын Ерөнхийлөгчийн эхнэр, тэргүүн хатагтай болсон билээ.
Ахыгаа алдсан Лениний залуу үеийн төрхийг уг зурагтай нь ямар адилхан үзүүлснийг одоо хэр нь бодохоор нүднээ дурайн харагдах шиг болдог. Харин Ш.Цэвэлмаатай хамт дүр бүтээсэн тэр хүү манай группэд байгаагүй юм болов уу, нэрийг нь санадаггүй ээ, уучлаарай.
Гэвч пионерын ордны 60 жилийн ой удахгүй болох хойно уулзацгааж тэр үеэ дурсан хуучилцгаах биз ээ. Цагийн эрхээр манайхны цөөнгүй нь бурхны оронд одсон ч үйл хэрэг маань өнө хожид үргэлжлэх нь дамжиггүй. Дугуйлангийнхнаа дурсан, бага залуу насны дүр төрхийг нь үзье гэхнээ бидэнд хамтдаа авхуулсан ганц гэрэл зураг ч үгүй аж. Сүүлд Л.Лхасүрэнгийнхээ Гавьяатын цайллагад уригдан, гэрт нь бужигнахдаа хүртэл зургаа татуулах “ухаан” ороогүйдээ өнөө хэр бид харамсан халагладаг юм.
Одоо Монголын пионерын ордон улам өргөжин тэлж, бидний сурч байсан байр өдгөө урлан бүтээх цогцолбор болж, манай дугуйлангийн залгамж халааныхан шинэ ордондоо бүтээн туурвиж, тэдний дундаас олон олон уран бүтээлч Гавьяатын алдарт хүрч байгаад баярлан бахдана. Энэ үйл хэрэгт мэдлэг мэргэжлээ зориулж гар, бие оролцсон Даваахүү багшийн хөдөлмөр зүтгэлийг төр, засгаас үнэлж, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасанд давхар баяр хүргэе.
Дараачийн багш нар нь түүний орыг залгамжлан, жүжгийн дугуйлан маань залуу уран бүтээлчдэд мэдрэмж, мэдлэгийн суурийг тавьж авьяасыг нь тодруулан хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаар байгаа тул энд суралцагчдын тоо ч улам бүр нэмэгдэж буйг дуулгахад сэтгэлд нэн таатай байнам.
Бэлтгэсэн: Н.Саалуут