Ядарсан иргэд нь аав, ээж, ах, дүүсээсээ хоолны мах, цайны сүү аваад явахаар малын гарал, үүслийн гэрчилгээ, бичиг баримт шаардан, “Торгоно, хураана” гэж айлгадаг ямбатнууд хүний малыг хэдэн арваар нь туугаад, нядлаад яваа малын хулгайчдыг аль сиймхийгээрээ алдчихаад байна вэ. Саяхан Говь-Алтай аймгийн нэг малчин 10 гаруй адуугаа алдаад Улаанбаатарт нядлах гэж байхад нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дахь айлын хашаанаас олж авсан юм.
Тус аймгаас нийслэл хүртэл 1000 гаруй км-ийн зайтай, хэдэн аймаг, сум дамнан, эргүүл, хяналтын цэгийн ажилтан, байцаагчдыг аргалаад хотод авчирчихсан байх юм. Тухайлбал, хулгайн малаа “Малчин Б-гээс авсан” гэж ам таглахад үнэхээр Б-гийн мал мөн үү гэдгийг хяналт тавигчид нягталдаггүй бөгөөд мэргэжлийн хяналтын байцаагчдын хийх ёстой ажил гэнэ. Тэгвэл хянаж, шалгах ёстой тэд юу хийж суув.
Манай улсад мал хулгайлах гэмт хэрэг 10 жилийн өмнөхтэй харьцуулахад харьцангуй буурч байгаа ч хулгайчдын үйлдэл улам нарийсаж буйг цагдаагийнхан хэлж байна. Улсын хэмжээнд энэ төрлийн гэмт хэрэг 2007 онд 1863, 2010 онд 1067, 2016 онд 804, 2017 онд 901 тохиолдол гарсныг цагдаагийн байгууллага бүртгэжээ. Энэ нь тооны хувьд 10 жилийн өмнөх үетэй харьцуулахад хоёр дахин буурсан үзүүлэлт хэдий ч малчид хот айлаараа нэгдэн малын хулгайгаас сэргийлэх, тэмцэх явдал назгай хэвээр. 2004 онд баталсан Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг энэ чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрдөг.
Малчдад хамгийн ойр, өдөр тутмын амьдрал ахуйтай нь салшгүй холбоотой уг хуулийг ч тэд мэддэггүй гэхэд хилсдэхгүй. Хуулийг 2008, 2015, 2017 онд нэмж өөрчлөн мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр төрийн байгууллагууд, малчдын хүлээх үүрэг, хариуцлагыг зохицуулсан ч өнөөгийн хэрэгцээ шаардлагыг хангахгүй байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, хуульд малаа байнгын хариулга, манаатай байлгах, хулгайд алдахгүй байх бусад арга хэмжээг орон нутгийн болон улирлын онцлог, боломжид тохируулан авах гэсэн заалт хэрэгждэггүйг энэ чиглэлээр ажилладаг хуульч хэлнэ лээ.
Малчид жилийн дөрвөн улиралд, ялангуяа малын хулгай эрс нэмэгддэг буюу махны ханш өссөн, мал сүрэг тарга тэвээрэг авах үед хараа хяналтаа сайжруулах хэрэгтэйг сануулсан. Мөн энэ хуульд алдуул малын талаар иргэд төрийн захиргааны байгууллагад мэдээлэх үүрэгтэй бөгөөд урамшууллын асуудал яригддаг ч энэ нь зохицуулалт муутай хэвээр байгаа юм билээ. Ер нь орчин үеийн дэвшилт технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийг шинэчлэн найруулах шаардлагатайг энэ чиглэлээр ажилладаг мэргэжлийн хүмүүс нь хэлж буй. Малын хулгайн мэдээллийг цахимаар авч шуурхай мэдээлэл солилцох боломж ч бий.
ЭЦА-ны Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөгч, дэд хурандаа Г.Бөхчулуун “Энэ оны эхний найман сарын байдлаар мал хулгайлсан гэмт хэрэгтэй холбоотой дуудлага, мэдээлэл, гомдол цагдаагийн байгууллагад 636 ирсэн. Үүний 84.9 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэсэн. Малчид хэн нэгний оролцоотойгоор мал нь алга болсныг мэдэхгүй олон хоног, сараар эрэн хайж, мэргэч төлөгчид хандан хугацаа алдсан хойноо цагдаад мэдээлдэг. Ингэж гэмт хэргийн ул мөр арилсан, олох магадлал буурсан үед хандах нь хулгайчийг илрүүлэхэд саад учруулж байна.
Хэрэв малчид өдөр бүр малаа бүртгэн, тодорхой мэдээлэл өгвөл гэмт хэрэгтнийг олоход тустай. Тухайлбал, “Өчигдөр тийм газар бэлчиж байсан тэдэн тооны адуунаас хоёр нь алга болчихлоо” гэх зэргээр тодорхой мэдээлэл өгвөл хулгайчийг богино хугацаанд олно. Өнгөрсөн долдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн Эрүүгийн хуульд мал хулгайлах хэргийг бие даасан зүйл болгон тусгасан. Бусдын малыг хулгайлсан бол нийтэд тустай ажил хийлгэх, баривчлах, 1-3 жил хүртэлх хугацаагаар хорих зохицуулалт бий. Мөн олон тооны малыг зохион байгуулалттай бүлэг этгээд хулгайлсан бол хуулийн дагуу арга хэмжээ авна. Өмнөх хуульд хохирлын хэмжээ зааж, тэр нь хүрэхгүй бол хэрэг үүсгэдэггүй байлаа.
Харин одоо өнчин ишиг хулгайлсан этгээдэд ч ял ногдуулна. Гэхдээ олон тооны мал (24 бог, найман бодоос дээш) хулгайлсан гэдэг зүйлд хамруулж буй малын тоог цөөрүүлэх, тээврийн хэрэгсэл ашигласан бол яах вэ гэдгийг тодорхой болгох хэрэгтэй байна. Жишээ нь, цоожтой ТҮЦ-ээс амттан хулгайлсан хүүхдүүдэд Эрүүгийн хуулиар 2-8 жилийн ял ногдуулдаг. Яагаад гэвэл тусгайлан бэлтгэсэн эд зүйл ашигласан, иргэдийн байнга амьдрах зориулалттай агуулах, орон байранд нэвтрэн орсон гэдэг үндэслэлээр ийм ял ногдуулж буй. Гэтэл малын хулгайч буу, автомашин ашигласан тохиолдолд яах вэ гэдгийг илүү нарийвчлан тусгах нь зүйтэй.
Ийм үндэслэл өмнө нь байсан ч одоогийн хуульд тусгаагүй” гэв. Үнэхээр түүний хэлснээр хүйтэн зэвсэг ашиглан, хүний эд хөрөнгөд халдсан этгээдэд оноох ялыг илүү чангалах хэрэгтэй санагдана. Хулгайн гэмт хэргийг давтан үйлдсэн бол ялын хэмжээг бодолцох нь зүйтэйг цагдаагийнхан хэлдэг. Мал хулгайлах гэмт хэрэгт холбогдогсдын 60 гаруй хувь нь энэ төрлийн хэрэгт өмнө нь ял шийтгүүлсэн, шалгуулсан хүмүүс байдаг гэнэ. Одоогийн мөрдөж буй Эрүүгийн хуульд ял шийтгэлээ эдэлж дууссан хүн дахин гэмт хэрэг үйлдсэн бол түүнийг давтан гэж үзэхгүй гэсэн нь урт гартнуудыг улам өөгшүүлж буй мэт.
Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж буй этгээдүүдийн 90-ээс дээш хувь нь тухайн малыг нядалж, борлуулан богино хугацаанд бэлэн мөнгө болгох зорилготой. Мах борлуулдаг аж ахуйн нэгжийн эзэд, ченжүүд тэдэнтэй үгсэн хуйвалдаж, гарал үүслийн гэрчилгээг нь хуурамчаар үйлдсэн тохиолдол ч цөөнгүй. Хулгайн мал гэдгийг нь мэдэхгүй авдаг нэг хэсэг байхад урт гартнуудтай хамтран ажиллагсад ч бий. Нэг бус удаагийн ийм тохиолдлыг цагдаагийн байгууллагаас шалгаж буй. Уг нь энэ оны зургадугаар сараас хэрэгжиж эхэлсэн Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг сайтар дагаж мөрдөж чадвал гарал үүслийн гэрчилгээг хуурамчаар үйлдэх асуудал цэгцрэх юм гэнэ лээ.
Улаанбаатар хоттой ойролцоо оршдог аймгуудад малын хулгай их гардаг. Энэ оны эхний найман сарын байдлаар Төв, Архангай аймагт 44, Хэнтий, Дорнодод 61, Хөвсгөлд 62 хэрэг гарчээ. Дорноговьд долоо, Говьсүмбэрт гурван хэрэг гарсан нь малын хулгай хамгийн цөөн бүртгэгдсэн аймаг болж буй. Тиймээс нийслэлтэй ойрхон аймаг, сумын малчид илүү анхаарал сэрэмжтэй байж, нэгдэж ажиллахыг цагдаагийн байгууллагаас анхааруулсан. Айл хүний амь нэг, саахалт айлын санаа нэг гэдэг шиг малчид бүлэг болж, өөрийнхөөс гадна өрөөлийнхөд санаа тавьж, малаа ээлжлэн хариулах нь хулгайчаас сэргийлэх хамгийн зөв арга юм.
Орчин цагийн малчид саахалтынх нь малыг ачаад явсан ч “надад падгүй” гэсэн янзтай суудаг нь харамсалтай. Гэтэл энэ төрлийн гэмт хэрэгт холбогдогсдын олонх нь малчин, эсвэл ажилгүй иргэд байдаг бөгөөд 18-35 насныхан голдуу үйлддэг байна. Хэдэн малынхаа хойноос халуунд халж, хүйтэнд хөрч, амиа ч хайрлахгүй зүтгэдэг гэдгийг нь хамгийн сайн мэддэг хэрнээ хаяагаа хадардаг зарим нэг увайгүй малчдад хууль, эрх зүйн талаар ойлгуулж ухуулах цаг болжээ. Айлаас атга чихэр хулгайлсан хүүхэд ял шийтгүүлж байхад бусдын эд хөрөнгөөс хумсалж, халуун хошуут малыг нь буудан хороож, хээр хөдөө арьсыг нь өвчин, толгой, гэдсийг нь цувуулж хаян, ашиг хонжоо хайгсдад оноох ялыг дахин чангалъя.