Улаанбаатар хотын иргэдэд утаа, цэвэрлэх байгууламжийн үнэр улирлын чанартай ээлжлэн, толгойны өвчин болсоор олон жилийг ардаа үдлээ. Хүйтэн сэрүүний цаг ирж, хотыг бүрхсэн цэвэрлэх байгууламжийн үнэр багасаж буй ч хэдхэн сарын дараа дахиад л хамар цоргисон айхтар үнэрийн “улирал” ирнэ гэдгийг мартаж болохгүй. Эл асуудлыг шийдвэрлэхийн тулд шинэ байгууламж барихаар төлөвлөсөн ч ажил хэзээ эхлэх нь одоог хүртэл тодорхойгүй тул “гавьяа”-г нь хүлээх арга алга. Жил ирэх тусам нэмэгдэж буй уг үнэрийг тэвчээд суух аргагүйг иргэд ч хэлсээр байгаа юм.
Өнгөрсөн сарын 15-нд “ДЦС-4”-т гэмтэл гарч, Улаанбаатар хотын 80 хувь, таван аймгийн цахилгаан доголдсон. Эл хүндрэл Төв цэвэрлэх байгууламжийг ч дайрч, дөрвөн цагийн турш зогссон. 09.00 цагт тасарсан цахилгаан 13.00 цагт ирэхэд байгууламж хальж, нэг станц нь эвдэрсэн аж. Тус байгууламж хоёр станц, хоёр тэжээлээс цахилгааны үүсвэрээ авдаг бөгөөд нэг нь доголдоход нөгөө нь ажиллаж байхаар зохицуулагдсан гэнэ. Гэтэл “ДЦС-4”-т том хэмжээний эвдрэл гарсан учир цахилгааны үүсвэр хоёулаа унтарч, бохир хальжээ.
13.00 цагт цахилгаан холбогдсон ч нэг станцын бохир ус хальснаар зайлшгүй засварлах шаардлага тулгарсан учир “Цахилгаан дамжуулах станц”-д засуулж, 16-ны өглөөнөөс хэвийн ажиллаж эхэлсэн гэдгийг Цэвэрлэх байгууламжийн албаны дарга Ц.Болд хэлэв. Улаанбаатарчуудын мөнхийн сэдэв болсон өмхий үнэртэй хэрхэн тэмцэж буйг сурвалжлахаар тус газрыг зорьсон юм.
2016 онд АСЕМ-ын орнуудын дээд хэмжээний уулзалтын үеэр түр хугацаанд аргалсан үнэр дарах ажлыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-ноос зургадугаар сар хүртэл хийжээ. Ингэхдээ “Хийрэв” компанийн захирал, ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэмтэн Ж.Дугаржавын гарган авсан гумины бэлдмэлийг лаг дээр цацаж, үнэрийг дарж байсан юм. Тус бэлдмэлээс 2016 онд 52, энэ онд 56 тонныг хэрэглэжээ.
Цэвэрлэх байгууламжийн албаны дарга Ц.Болд “Гумины хүчлийг усанд найруулж, хуримтлагдсан лагийг бүрхэх хэлбэрээр цацах арга нь түр зуур үнэрийг нь дарахаас биш, цаашид асуудлыг бүрмөсөн шийдэхгүй. Гэхдээ ямар ч үр дүнгүй гэсэн үг биш. Гумины бэлдмэл болон одоо хэрэглэж байгаа бактерийг лагтай хольсны дараа үнэр эрс багасдаг. Үүнийг тусгай багажаар хэмжсэн. Өөрөөр хэлбэл, лагнаас хүхэрт устөрөгч, метан зэрэг бодис ихээр ялгарч, бидний хэлдгээр өмхий үнэр гаргадаг. Тиймээс тус багажаар дээрх бодисуудыг хийхээс өмнө хэдий хэмжээтэй ялгарсан, хийсний дараа ямар болсон гэд-
гээр нь шалгаж байгаа. Уг хэмжилтэд “Ногоон төгөл” лаборатори хөндлөнгийн хяналт тавьж буй” гэлээ. Засгийн газраас санаачлан, Барилга, хот байгуулалтын яамны захиалгаар “Эко тайхи” компани лагийг бордоо болгох ажлыг гардан гүйцэтгэхээр болсон байна. Гумины бэлдмэлээр үнэр дарах ажил өнгөрсөн зургадугаар сард дуусаж, “Эко тайхи” компани үргэлжлүүлэн хийж буй. Тус компани нь Япон улсын “Эко энержи систем” компанитай хамтран цэвэрлэх байгууламжийн хур лагийг үнэргүйжүүлж, эко бордоо үйлдвэрлэх төслийг хоёр жилийн хугацаанд гүйцэтгэхээр ажлаа эхлүүлжээ.
Азечи Саданори эрдэмтний олон жилийн туршилтаас гарган авсан бактерийг модны үртэс, хаягдалд өсгөж, хуримтлагдсан лагтай хольж багсран, 2-3 сар байлгаснаар бордоо болдог аж. Уг нь Япон улсдаа нэг сарын дотор бордоо болж хувирдаг ч манай улсын цэвэрлэх байгууламжид ахуйн бохироос гадна арьс, ширний үйлдвэрүүдийн химийн бодис холилдсон байдаг. Тиймээс бордоо болох хугацаа удааширдаг гэдгийг “Эко тайхи” компанийн мэргэжилтнүүд хэллээ.
Төв цэвэрлэх байгууламжийн хажууханд амьдардаг Г.Баярболд “Би энд 10 гаруй жил амьдарч байна. Тэтгэвэрт гарсан учраас ойр зуурхан хүн зөөж амьжиргаагаа залгуулдаг тул энэ хавиасаа нэг их холддогүй. Цэвэрлэх байгууламжийн үнэр өнгөрсөн жилүүдэд байж суух аргагүй болсон. Энэ жилээс үнэр дарах ажил хийж байгаа сураг сонсогдсон. Тэгээд ч тэр үү, байнга үнэртдэг нь гайгүй болсон юм шиг санагддаг. Гэхдээ бүрмөсөн арилаагүй, үе, үе айхтар үнэртэж байна” гэлээ.
Мөн Сонгинохайрхан дүүргийн XX хороо буюу Сонсголонд үйлчилгээ эрхэлдэг Ж.Мягмар “Салхины чиг таарсан үед их үнэртдэг. Энэ жил урьдынхаасаа багассан зүйл надад лав мэдрэгдсэнгүй. Шинэ байгууламж барина, үнэргүйжүүлнэ гээд л яриад байдаг. Одоохондоо бидэнд мэдэгдэх юм алга. Сэрүү унаж, аравдугаар сар гарах гэж байхад өнөөдөр ч гэсэн үнэртэж л байгаа биз дээ. Энэ байдлаараа цаашид хэчнээн ч жил хордох юм, бүү мэд” хэмээн уцаартайхан хариулсан юм.
Төв цэвэрлэх байгууламжийн 44 картад хуримтлагдсан 300 мянган гаруй шоо метр, үүнээс гадна 50 гаруй жил хуримтлагдсан 250 мянган шоо метр лаг бий. Дээр нь өдөр бүр ирдэг нийт 190 000 шоо метр бохир уснаас ялгасан 1000 шоо метр гэсэн гурван үндсэн цэгт хур лаг бий. “Эко тайхи” компанийн зүгээс эхний ээлжинд өдөр бүр ялгарч буй бохир болон 44 картад хуримтлагдсан лаг зэргийн үнэрийг дарж, бордоо болгохоор ажиллаж буй аж.
Өнгөрсөн зургадугаар сараас эхэлсэн эл ажил одоогоор 30 хувьтай байгаа бөгөөд эхнээсээ бордоо гарган авч, Япон улс руу шинжилгээнд явуулсан байна. Лагийг 20 гаруй техникээр нэгэн зэрэг ухаж, боловсруулан бордоо болгох талбай руу зөөвөрлөх явцад үнэр их гарч буй гэнэ. Тиймээс нийслэлд үнэртэж буй өмхий үнэр тийм ч хурдан дарагдахгүй.
Өөрөөр хэлбэл, Улаанбаатар өмхий үнэрнээс салахад наад зах нь хоёр жил шаардлагатай аж. Гарган авсан бордоог уул уурхайн нөхөн сэргээлт болон мод тарихад ашиглахад боломжтойг тус компанийнхан хэлсэн. Учир нь ийнхүү гарган авсан бордоо нь чийгээ алддаггүй давуу талтай юм байна.