Цагаан будаа хүн төрөлхтний хүнсний хэрэглээний томоохон хувийг эзэлдэг стратегийн бүтээгдэхүүн. Ялангуяа Азийн ард түмнийг будаагүйгээр төсөөлөх аргагүй. Урд хөршийн будааны хэрэглээ 2017 онд өмнөх оныхоосоо хоёр дахин нэмэгджээ. Манай улсын хувьд ч сүүлийн таван жилд будааны хэрэглээ жил бүр 15-20 хувиар өссөн байна.
Түүнчлэн 2015-2017 онд 90 орчим мянган тонн будаа импортлоход 50 гаруй сая ам.доллар зарцуулсан гэсэн Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаа бий. Дээрх дүнг багасгах, хүн амаа эх орны хөрсөнд ургасан, эрүүл бүтээгдэхүүнээр хангах зорилгоор цагаан будаа тарих оролдлого манай улсад цөөнгүй гарч байжээ. 1995 оноос хойш хэд хэдэн аймагт, аж ахуйн нэгжүүд туршилтын журмаар будаа тариалсан ч энэ ажил тэгсхийгээд зогсчихсон байна. Одоогоор манайд цагаан будаа тариалж буй ганц аж ахуй нэгж бий бөгөөд тэдний ажил хэр ахицтай байгааг сонирхлоо.
GIMEX компани анх тутарга боловсруулж, будаа үйлдвэрлэх иж бүрэн тоног төхөөрөмжийг 2011 онд Өвөрмонголоос оруулж иржээ. Түүхий будаа буюу тутаргыг боловсруулан цагаан будаа болгох нь эдийн засгийн үр ашигтай төдийгүй дотооддоо хадгалан, савлаж, түгээх тул эрүүл мэндийн шаардлага хангана хэмээн тэд тооцсон аж. Үйлдвэр хоногт 60 орчим тонн будаа үйлдвэрлэх хүчин чадалтай ч үйл ажиллагаа нь зогссон байна. Учир нь урд хөрш будааны экспортын хэмжээгээ хязгаарлан, тутарга ч нийлүүлэх боломжгүй болсон аж.
Тиймээс Мьянмар, Тайландаас тутарга импортлон, боловсруулж эхэлжээ. Тутаргыг хальслан будаа болгоход анхны хэмжээнээс нь 30-35 хувь нь хаягдал болдог тул төдийлөн ашигтай байгаагүй аж. Мөн тутарга болон будаа тээвэрлэхэд адилхан зардал гарчээ. Тиймээс Монгол орны хөрсөнд цагаан будаа тарих боломжийг хайсан гэв. Будаа нь агаарын хэм, чийгшил, хөрсний бүтцийг нэлээд голдог, дасан зохицох чадвар муутай “ярвагар” ургамал тул хаана тарих талаар нэлээд судалсан гэнэ.
Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дорнод аймагт тарих боломжтой ч хамгийн тохиромжтой нь Баянхонгор аймгийн Баянлиг сум гэж судалгааны багийнхан үзжээ. Тус суманд GIMEX-ийнхэн 200 га газрыг будаа тарих зориулалтаар ашиглан, жил бүр 50 хүртэлх га талбайд туршилтын тариалалт хийж байна. Үүнд шаггүй хөдөлмөр зарцуулж буй бөгөөд хамгийн чухал нь будааны үр гэдгийг хэлж байв. Аль ч улс үрээ их хэмжээгээр экспортлохыг хоригложээ. Тиймээс амт чанар сайтай, дээд сортын будааны үр олох нь чамгүй асуудал дагуулдаг гэнэ лээ. Үрээ энд, тэндээс бага хэмжээгээр, гадаад дахь танил талаасаа олж авдгаа хэлсэн. 100 кг үрийг нэг га талбайд суулган, 4-5 тонн ургац авдаг байна.
Ургасан тутаргын 60-65 хувь нь будаа болдог тул хаягдал ихтэй аж. Мөн цагаан будааны тариалан манай хөрсөнд буугаагүй тул нутагшиж, ургацаа өгтөл нэлээд хугацаа орох гэнэ. Нэг жил сайн ургасан ч дараа жил нь ургац тааруу байх нь бий гэсэн. Тиймээс олон сортыг туршин тариалсаар тохирсон үр гарган, будааны тариаланг тогтвортой хөгжүүлэхээр өдийг хүртэл ажиллаж буй аж. Одоогоор тэд Хятадын Хармөрөн муж болон Японоос оруулж ирсэн үрээр голчлон тарьж байна.
Ялангуяа Хармөрөн мужийн цаг агаар манай орны байгаль цаг уурын нөхцөлтэй төстэй тул тэдний үрээр тарьсан будааны тариалалт амжилттай байх боломжтой гэлээ. Ирэх жил 150 га талбайд тариалалт хийхээр бэлтгэл ажилдаа орсон бөгөөд 2021 он буюу компанийнхаа 10 жилийн ойгоор өөрсдийн тарьсан будааг хэрэглэгчдэд хүргэх зорилготой. Будаа тариалах төсөл боловсруулж, туршилтаар тариалж эхэлснээс өдийг хүртэл өөрсдийн хөрөнгөөр ажлаа явуулж, хэдэн тэрбумаар тоологдох мөнгө зарснаа ч дуулгасан юм.
Манай улс 30-35 мянган га талбайд будаа тариалж чадвал хэрэгцээгээ бүрэн хангах тооцоо бий. Япон, Хятадын жишгээс харахад 50 орчим га талбайд тариалалт хийдэг аж ахуйн нэгжид 10 гаруй хүн ажилладаг байна. Будааны тариалан тогтвортой хөгжсөнөөр ажлын байр нэмэгдэх болон тутаргаас гарсан хаягдал хальсыг мал, амьтны тэжээлд ашиглах зэрэг эерэг үр дүнтэй аж.
Сонирхуулахад, 2013-2014 онд Монгол Улс болон Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр манайх тус улсад 10 000 хүртэл га талбайд цагаан будаа тариалахаар болсон юм. Ажил гүйцэтгэх сонгон шалгаруулалтад GIMEX компани шалгарч байв. 2014 онд Лаос руу явж тутаргын талбайгаа товлон ажлаа эхэлнэ хэмээн очсон ч амжилт олсонгүй.
Учир нь зааж өгсөн газрын нэг га тутмын судалгааг хийж, тариаланд бэлтгэхэд өндөр өртөг шаардагдах болсонтой энэ нь холбоотой. Гэсэн ч цагаан будаа тариалах зорилгоо орхилгүй Лаосын газар тариалангийн “Павина” компанийн газрыг түрээслэх зарчмаар будаа тарих зөвшилцөлд хүрчээ. Улмаар 200 га талбайд будаа тариалж буй бөгөөд хамгийн гол нь туршлага судлах, чадварлаг ажилчид бэлтгэх зорилготой аж. Хэдий тарьж байгаа газар нь Лаос улс ч монголчууд гар бие оролцон, сайн чанарын будаа импортолж буй гэлээ.
GIMEX компанийн захирал Ж.Ганхуяг “Манай улсын хувьд нэг хүн сард 1.8 кг будаа иддэг гэсэн тооцоо бий. Улам бүр хэрэглээ нь өсөн нэмэгдэж байгаа бүтээгдэхүүнийг Монголынхоо хөрсөнд тарьж ургуулах, хараат байдлаас гарах, цаашилбал экспортлох том зорилготой. Ургац хураахад төлөвлөснөөс нэлээд цаг хугацаа зарцуулж байна.
Нэг үгээр хэлбэл хэдэн зуун жилийн уламжлал, нарийн арга техник, олон хүний хүчээр тарьж ургуулдаг технологи, туршлагыг бид 10 жилд нутагшуулахаар зорьж буй юм. Энэ ажилд манай компанийн хамт олноос гадна ХААИС-ийн эрдэмтэн багш нар ч оролцож байгаа. Нэлээд олон хүний хөдөлмөр, багагүй цаг хугацаа зарцуулж буйг онцолмоор байна. Гурван жил орчмын дараа буюу 2021 онд Монголчууд дотооддоо тарьсан цагаан будаагаар “тогоогоо тослоно” гэдгийг баттай хэлье” гэсэн юм.
С.Цэрэндулам