Өнгөрсөн жилийн өдийд Москвад оросын алдартай өмгөөлөгчдийн нэг Татьяна Акимцева алуулсан билээ. Тэрбээр Москвагийн хамгийн харгис зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүдийн (ЗБГБ) нэг болох Ореховын бүлгийн эсрэг зарга мэдүүлсэн хүний өмгөөлөгчөөр ажиллаж байжээ. Оросуудын өөрсдийнх нь тодорхойлсон “Эрдүү” ерээд оны үед бий болсон олон тооны гэмт бүлэглэлүүд өдийд “чангахан” ерөнхийлөгчийн гараар орон үгүй болоо биз гэсэн нь эндүүрэл байжээ.
ЗБГБ-ийн үйл ажиллагааны хамгийн эх үндэс нь “рекэт” буюу хууль бус албан татвар.Энэ нь ямар нэгэн бизнэс эрхэлж буй хувь хүн болон байгууллагыг айлган сурдүүлж мөнгө авахыг хэлнэ. Үүнийг ерээд оны манай ганзагачид мэднэ дээ. “Рекэт”-ууд буюу ЗБГБ-ийн тухай ойлголттой болъё,түүхийг нь сонирхъё гэвэл ердөө доор өгүүлэх гэж буй Тольятти хотод болсон гэмт бүлэглэлүүдийн хоорондох дайныг мэдэхэд л хангалттай. Арав гайруй жил үргэлжилж 500 гаруй хүний амь авч одсон эл дайн нь Орос улсын эрүүгийн шинэ түүхэнд хамгийн цуст болон хамгийн томд тооцогддог бөгөөд “Жигулёвын тулаан” гэж нэрлэгдсэн аж.
1960-аад онд тухайн үеийн ЗХУ-ын Ставрополь хотод автомашины асар том үйлдвэр болох “ВАЗ” баригдаж эхэлжээ. Хэдхэн жилийн дотор эл хот өргөжин томорсоор 700 мянган хүн амтай болж Тольятти гэж нэрлэгдэх болсон байна. 1970 онд “ВАЗ” үйлдвэрийн хамгийн анхны бүтээгдэхүүн болох “Жигули” маркийн автомашин худалдаанд гарч эхэлсэн бол 1973 он гэхэд эл үйлвэр сая дахь машиныхаа баярыг тэмдэглэж байжээ.
Хаана их мөнгө эргэлдэнэ тэнд гэмт хэрэг цэцэглэж байдаг гэсэн үг байдаг. Жилдээ хэдэн зуун мянган машин үйлдвэрлэдэг “ВАЗ” үйлдвэр ч гэсэн гэмт этгээдүүдийн нүдэнд өртсөн нь мэдээж. 1980-аад онд хуулийн байгууллагынхан эл үйлдвэрийн сэлбэгийн цехийн мастер Филатовын хулгайн хэргийг илрүүлж байжээ. Чанга сахилга бат, хараа хяналт сайтай тэр үед гэхэд л энэ нөхөр сэлбэгийг хэдэн арван “Камаз” машинаар үйлдвэрээсээ хулгайгаар гаргаж чадаж байсан гэдэг. Түүний учруулсан хохирол тухайн үеийн ханшаар гурван сая рубль болжээ. Энэ хэргийнхөө төлөө Филатов 12 жилийн хорих ял авсан байдаг.
1990-ээд онд ЗХУ нуран унаж, зах зээлийн нийгэмд шилжих үед Орос оронд ЗБГБ-үүд борооны дараах мөөг шиг олшров. Тэдгээр бүлгүүдийг тамирчид, ажилгүй болсон Афганы дайчид, өчигдрийн байрны атаман банди нар бүрдүүлж байлаа. Жишээ нь дээр дурьдагдсан Ореховын бүлгийг Москва хотын Орехово дүүргийн нэгэн байрны дөрвөн пацаан зохион байгуулан бүрдүүлсэн байдаг.
1992 он гэхэд Тольяттид хэд хэдэн ЗБГБ-үүд бий болж хотыг өөрсдийн хяналтандаа хуваан авсан байлаа. Хамгийн хүчирхэг хоёр бүлгиийн нэг болох “Волга”-ын бүлгийг А.Маслов гэгч удирдаж байв. Гэмт этгээдүүд бүлгээ өөрсдийнхөө цуглардаг байсан “Волга” зочид буудлын нэрээр нэрлэжээ. Маслов бүлгийнхээ эгнээнд ихэвчлэн боксын тамирчдыг элсүүлсэн байв. Харин хоёр дахь хүчтэй бүлгийг “Хамтрагч” хочтой В.Вдовин гэгч удирддаг аж.
Бүлэглэлүүдийн мэдэлд хотын бүх худалдаа үйлчилгээний байгууллагууд байдаг байв. Гэхдээ хамгийн их орлоготой салбар нь автомашинтай холбоотой бизнес байсан нь ойлгомжтой. Эхэндээ гэмт этгээдүүд тэдгээр бизнес эрхлэгчдийг дарамтлан татвар авдаг байсан бол сүүлрүүгээ “ВАЗ” үйлдвэрээс хулгай хийж буй урсгалыг хяналтандаа аван өөрсдийн гэсэн худалдааны цэгүүдийг байгуулжээ. Энэ болтол бүлгүүд хоорондоо ямар нэгэн зөрчил, тэмцэлгүй оршиж байв. Гэхдээ тэдэнд өөрсдийнх нь хууль бус аргаар олж буй мөнгө “ВАЗ” дотор эргэлдэх мөнгөтэй харьцуулахад чамлалттай санагдах аж. Даанч “ВАЗ” руу нэвтрэх боломж тэдэнд хараахан гарч ирэхгүй байлаа.
Харамсалтай нь энэ боломжийг үйлдвэрийн удирдлага өөрсдөө олгожээ. Тэд өөрсдийн хувийн зуучлалын компани байгуулан, хөнгөлөлттэй үйлдвэрлэсэн машинуудыг тус компаниудаараа дамнан ердийн үнээр борлуулах болов. Улсын хуулийн гадуур хийсэн зүйл нь “Хулгай хийсэн бол, бидэнтэй хуваалц” гэсэн дээрэмчдийн хуулинд захирагдах нь гарцаагүй. Энэ хулгайн дамжлагаас ЗБГБ-д жилдээ 30 мянган машин ноогддог байв. Мөнгө ихсэх тусам бүлгүүд хоорондоо зөрчилдөж эхлэн, тулаан болох нь гарцаагүй болов.
Том хүчирхэг бүлгүүд жижиг бүлгүүдээ шахан зайлуулан, орлогын эх үүсвэр болох цэгүүдийг нь өөрсдийн хяналтандаа булаан авч эхлэхэд тэдгээр жижиг гарууд юу гэж зүгээр суух вэ. Агий, Воронецк болон А.Хорошевын бүлэглэлүүд нэгдэн том бүлэглэлүүдийн толгойлогчдыг устгахаар шийджээ. Үүний тулд тэд буудлагын спортын мастерыг эгнээндээ элсүүлэн гурван гишүүнээ түүнийг дагалдуулан сургаж эхлэв.
Ингээд 2 сарын дараа тэд хамгийн хүчирхэг бүлэглэлийн нэгний толгойлогч болох “Хамтрагч” хочтой В.Вдовиноос эхлэхээр болжээ. Гэвч хашир бурхи Вдовины дээд зэргийн хамгаалалтыг тэд нэвтэлж чадсангүй. Түүний гэрийн болон оффисын дээвэр дээр үргэлж мэргэн буучид хамгаалах аж. Тиймээс алуурчид өөр нэг бүлгийн толгойлогч “Хохол” хочтой В.Биличенког онилсон байна. 1992 оны есдүгээр сарын 16-нд Биличенко болон түүний бүлгийн дөрвөн гишүүн бусдад буудуулан нас баржээ.
Энэ аллага Тольятти хотын гэмт хэргийн ертөнцийг цочирдуулсан аж. Толгойлогчид өөрсдийнх нь хойноос ангуучилж эхэлснийг ойлгов. Тун удалгүй аравдугаар сарын 7-нд “Волга” зочид буудлын ойролцоо дэлбэрэлт болох нь тэр. Эл зочид буудалд Тольятти хотын хамгийн том бүлэглэлийн нэг “Волга”-гийхан цуглардаг аж. Дэлбэрэлтэнд азаар хүн өртсөнгүй. Сарын дараа Сергей Купеев буюу “Купеевыхан” бүлгийн ахлагч гэрийнхээ үүдэнд буудуулсан бол арваннэгдүгээр сарын 13-нд “Волга” бүлэглэлийн толгойлогч Маслов мөн л гэрийнхээ гадаа хоёр удаа буудуулан нас баржээ.
Гурав дахь сум бие хамгаалагчийг нь шархдуулсан байна. Баталгаат буудлагаа алуурчин хийж амжсангүй. Учир нь түүний буу гацаж орхижээ. Бие хамгаалагч алуурчинг таньсан аж. Масловын оршуулган дээр Тольятти хотын албаны янз бүрийн шатны 150 орчим хүмүүс ирсэний дотор цагдаагийн удирдлагууд хүртэл байсан гэдэг.
Масловыг устгасан нь Агий, Воронец болон Хорошевын нарын том алдаа байлаа. Ердөө сарын дараа гэхэд Агий баригдаж, бүлэг нь тарж бутарсан байна. Воронецыг Масловын бүлгийхэн эд бадыг нь хөтөлсөн бол Хорошев зугтаж амжсан ч хоёр жилийн дараа Масловын бүлэглэлийхэн түүнийг мөшигсөөр Ростов хотод бүгэж байхад нь алсан байдаг.
1993 оны гуравдугаар сарын 13-нд “Жигули” зочид буудлын хажууд В.Вдовин болон И.Сиротиненко нарын бүлэглэлүүдийн хооронд 70 гаруй хүн оролцсон зэвсэгт мөргөлдөөн болов. Энэ тулаанд харин цагдаагийхан ялжээ. ЗБГБ-ийг мөшгөж байсан Тольятти хотын цагдаагийн төлөөлөгч Д.Огородников хамтрагчидтайгаа цуг дундуур нь орон эл цуст мөргөлдөөнийг зогсоож чадсан байна.
Хоёр бүлэглэл аль аль нь маш их хохирол амссан бөгөөд мөргөлдөөнөөс амьд үлдсэн дээрэмчид бүгд баривчлагдсан аж. Хууль бусаар орж ирдэг асар их мөнгө өөрийнхөө үүргийг гүйцэтгэж чадсан байдаг. Гэмт этгээдүүдийг буруутгаж байсан галт зэвсэг хууль бусаар авч явсан, цагдаагийн ажилтан руу зэвсэгт халдлага үйлдсэн зүйл анги яваандаа зэвсэгт халдлага бус зүгээр эсэргүүцэл, сүүлдээ танхай зүйл анги болж, бүр галт зэвсгээ өөрсдөө сайн дураараа хураалгасан болж хувирсаар эцэст нь дээрэмчид тэнсэн ялтайгаар шүүхийн танхимаас гарав.
ЗБГБ-үүд энэ дайнаас ганцхан зүйлийг санаж авсан байдаг. Тэд цагдаагийн ахлах төлөөлөгч Дмитрий Огородниковыг шүдэндээ зүүж авчээ. Д.Огородников нь жирийн эргүүлийн цагдаагаас ахлах төлөөлөгч болтлоо дэвшиж, үнэнч шударга, зоригтой, шийдэмгийгээрээ нэрд гарсан ажилтан байлаа. Төрөлх хот Тольяттигаа дээрэмчдээс цэвэрлэх явдалыг нэр төрийн хэрэг гэж үздэг байв.
Ингээд гэмт хэрэгтнүүдийн хоорондох дайн хэсэг хугацаанд намжжээ. Гэмт хэргийн ертөнцөд энэ үеийг “Агуу рекэтийн нэгдүгээр дайн” гэж нэрлэдэг аж. Энэ нам жим байдлыг “”Хамтрагч” хочтой В.Вдовины бүлэглэл маш үр дүнтэй ашиглаж байв. Вдовин Тольятти хотын гэмт хэргийн ертөнцөд бараг ганцаараа ноёрхоод зогсохгүй улс төрд хүртэл нөлөөтэй хүний нэг болжээ.
Ерээд оны дунд гэхэд Тольятти хотын худалдаа үйлдвэрлэл тэр чигтээ ЗБГБ-ийн мэдэлд оров. “ВАЗ” нь хэдий төрийн өмчит компани хэвэрээ ч ЗБГБ-үүд үйлдвэрийн ачилт, борлуулалт, санхүүг хүртэл хянадаг болсон байлаа. Тэр үеийн ханшаар ЗБГБ-ийн жилийн орлого 700 тэрбум рубль хүрч байсан гэдэг.
Энэ нам жим байдлыг 1994 оны тавдугаар сард болсон аллага эвдэж орхив. “Купеевынхан” бүлэглэлийн толгойлогчдын нэг хүү Купеев алуулжээ. Жилийн дараа эцэг Купеев нь алуулсан байна. Алуурчдыг цагдаагийхан ч, ЗБГБ-үүд өөрсдөө ч тогтоож чадсангүй. Харин хэдэн жилийн өмнө толгойлогчоо алдсан “Волга” бүлэглэлийхэн шинэ удирдагчтай болон асар хурдтай хүчирхэгжин урьдын өшөөгөө авч байгаа нь энэ байжээ.
Тавдугаар сард “ВАЗ” үйлдвэрийн шалган өнгөрүүлэх пост дээр Вдовины бүлэглэлийн гурван гишүүд алуулав. Тэднийг “Волга” бүлгийхэн алсан нь тодорхой болсон аж. Ингээд “Агуу рекэтийн хоёр дугаар дайн” эхэлжээ. Вдовины болон “Волга” бүлгийнхны цуст тулааныг зогсоохын тулд Тольятти хотын прокурор Радиз Ягутян “Хамтрагч” хочит Вдовиныг хууль бусаар зэвсэг хадгалсан хэргээр баривчилжээ. Үүнийхээ төлөө прокурор ажлынхаа гадаа автомат буугаар шүршүүлэн нас барсан юм.
Тольятти хот Вдовины талынхан болон “Волга” бүлэглэлийнхны тал гэсэн хоёр фронтод үндсэндээ хуваагдаад байлаа. Байдал улам шүрүүсж, бүлэглэлүүдийн толгойлогч нар нууц байдалд орохоос аргагүйд хүрсэн байна. Энэ үед өдөрт 3-4 захиалгат аллага үйлдэгддэг байсан гэдэг. “Волга” бүлэглэл хэд хэдэн удирдах гишүүдээ алдсан бол Вдовины бүлэглэл жирийн дайчдын хэмжээнд хохирол амсжээ. Гэсэн хэдий ч “ВАЗ”-ын эргэн тойронд үзүүлэх Вдовины нөлөө хурдтайгаар буурч эхэлсэн байна.
“Волга” бүлэглэлийн толгойлогч Д.Рузляев ОЛАН-д (Оросын Либерал Ардчилсан Нам) элссэнээр Москвагаас дэмжлэг авах болсон нь бүлгийг улам хүчирхэг болгох аж. “Волга” бүлэглэлийхэн Вдовины холбоотон болох “Татар” бүлэглэлийн хяналтанд байдаг “ВАЗ” үйлдвэрийн “Сэлбэгийн төв”-ийг сонирхож эхлэв. “Татар”-чуудыг шахан зайлуулахын тулд “Волга” бүлэглэлийн толгойлогч Д.Рузляев “ВАЗ”-д өөрийн хүмүүсээ шургуулсан бөгөөд тэд нар нь “Татар”-чуудын нуусан сэлбэгүүдийг цагдаагийханд мэдэгддэг болжээ.
“Татар”-чууд мэдээж мэдээлэгчдийг устгаж эхэлсэн. Хариуд нь Рухляев “ВАЗ”-ын тээвэрлэлтийн хэлтсийн даргыг өөрийн талд оруулснаар “Татар”-чуудын нууж гарах гэж байсан сэлбэгүүд илрэн хураагдах болжээ. “Татар”-чуудын хариу удаан хүлээлгэсэнгүй. Тээврэлтийн хэлтсийн даргын цогцос автобусны буудал дээр буудуулсан байдалтай олдсон байна. Аллага бүлэглэлүүдийн хоорондох хүрээнээс халин гарсан явдал Тольятти хотыг цочирдуулжээ.
Хуулийн байгууллагынхны шахалтанд орсон “Татар”-чууд нууц байдалд орохоос өөр аргагүйд хүрсэн аж. “ВАЗ”-ын “Сэлбэгийн төв” “Волга” бүлэглэлийн хяналтанд шилжив. Гэвч ердөө хоёр сарын дараа Рузляевын төлөөний хүн “Татар” бүлэглэлийхэнд алуулжээ. Хэргийг цагдаагийн ахлах төлөөлөгч Д.Огородников мөрдсөнөөр “Татар” бүлгийн алуурчид баригдан 15 жилийн ял аван шоронд оржээ. Энэ бол цагдгаагийн байгууллагын хоёр дахь том ялалт байлаа. Үүгээр “Агуу рекэтийн хоёр дугаар дайн” төгсгөл болсон байна.
1996 он хүртэл Тольятти хотод харьцангүй тайван байв. Энэ хугацаанд цагдаагийхан “Волга” бүлэглэлийн толгойлогч Д.Рузляевыг хэд хэдэн аллага захиалсныг тогтоон баривчилсан ч мужийн шүүх Рузляевыг гадагшаа гарч болохгүй нөхцөлтэйгээр шоронгоос сулласан байдаг. Гэмт хэрэгтэн тэр дороо зугтан алга болох нь мэдээж. Жилийн дараа түүнийг аанай л нөгөө Огородников мөшгөсөөр баривчилсан аж. Гэтэл шүүх түүнд 2 жил тэнсэн харгалзах ял өгсөн байна. Харин гардан үйлдсэн алуурчдад эрх биш 10-15 жилийн хорих ял оноожээ.
Огородниковыг Тольятти хотын гэмт ертөнц тэр чигээрээ үзэн ядах болов. Түүнийг алах гэж хоёр ч удаа оролдсон боловч хоюуланд нь бүтэлгүйтээд зогсохгүй алуурчид өөрсдөө Огородниковын гарт баригдсан аж. Харин гурав дах удагаа цагдаагийн ажилтан хүндээр шархадсан байна. Удалгүй цагдаагийн газарт Огородниковыг “Шар” хочтой Кофтун гэгч алахыг завдсан гэсэн эзэнгүй мэдээлэл иржээ. Кофтун баривчлагдах үедээ алуулсан байдаг. Эзэн нь тогдоогдоогүй учир Огородниковын эсрэг халдсан хэрэг төд удалгүй хаагдсан аж. Гэвч Огородников өөрийг нь “Волга” бүлэглэлийн толгойлогч Рузляев захиалсан гэдэгт эргэлзэхгүй байв.
1997 оны гуравдугаар сард гурав дахь дайн эхэлжээ. Энэ удаа ЗБГБ-үүд хоорондоо буудалцаж алалцахын зэрэгцээ тэдний хяналт, хамгаалалтанд байдаг худалдаа, үйлчилгээ болон том компаниудын эзэд алагдах болов. Бараг өдөр болгон шахуу буудалцаан дэлбэрэлт гарах аж. Таван сарын дотор 60 гаруй хүн алагджээ. Тэр үед Тольяттид Чечений мафи хүчээ авч эхлэв. Толгойлогчоор нь Ичкерийн Парламентын гишүүн, Тольятти хотын дүүргийн цагдаагийн ажилтан байсан Шамад Бисултанов гэгч тодорчээ. Тэрбээр Чечений тэр үеийн ерөнхийлөгч байсан Аслан Масхадовын хүрээний хүн бөгөөд депутатын халдашгүй эрхээрээ түрий барин бохир хэргээ эрээ цээргүй хийж байлаа. Хэрэв тэрбээр машины осолд орж нас бараагүй бол Чеченийн ЗБГБ дийлдэхгүй болох байсан гэдэг. Харин гэнэтийн осол уу, зохион байгуулалттай аллага уу гэдэг нь тогтоогдоогүй аж.
1998 онд Тольятти хотын цагдаагийхан “Шуурга” нэртэй ажиллагаа явуулсны үр дүнд “ВАЗ” үйлдвэрийг ЗБГБ-ээс тусгаарлаж чадсан байна. Ихэнх ЗБГБ-үүд үйлдвэр рүү нэвтрэх боломжгүй болжээ. “Ажилгүй” болсон дээрэмчид гудамжинд гарснаар дээрэм, тонуул, хулгайн хэрэг газар авах болов. Харин энхүү ажиллагаа “Хамтрагч” хочтой Вдовиныг баривчилж чадаагүй бол “Волга” бүлгийхэн өрөвдөлтэй байдалд хүрсэн байлаа.
Рузляевын бүлгийн гишүүд ихэнх нь алуулж, зарим нь өргөст торны цаана орж, үлдсэн нэг нь оргон зайлжээ.1998 оны дөрөвдүгээр сарын 25-нд Рузляевыг машиндаа явж байхад нь гаднаас нь автомат буугаар шүршин алсан байна. Ингэж Тольятти хотын төдийгүй Оросын хамгийн том хүчтэй ЗБГБ-ийн нэг болох “Волга” бүлэглэлийн мөхөл эхэлсэн аж.
2000 онд Огородников “ВАЗ” үйлдвэрт үлдээд байсан “Хамтрагч” хочтой Вдовины бүлэглэлийг шахаанд оруулан толгойлогчдыг нь баривчлахад тун ойрхон байлаа. Тавдугаар сарын 22-ны өдөр Огородников үдийн цайгаа уухаар заншсанаараа гэр рүүгээ явжээ. Хотын төв гудамжны замын уулзвар түгжрэлтэй байв. Огородников зүүн эгнээнд зогсож байтал нэг “Жигули” маркийн машин эсрэг урсгалыг сөрөн зүүн талаар нь зэрэгцэн зогсов. Огородников байдал бишдсэнийг ойлгосон ч оройтсон байлаа. “Жигули” машины дотроос цонхоо ч буулгалгүйгээр автомат буугаар шүршиж гарчээ. Хоёр талаасаа хавчигдсан Огородниковт амьд гарах ямар ч боломж байсангүй. Түүний биенээс 32 сум гарсан гэдэг. Тэгсэн хэрнээ цагдаагийн ажилтан гар бууныхаа сумыг дуустал өөдөөс нь эсэргүүцсэн байжээ.
Огородниковын үхэл Тольятти хотын төдийгүй Самар мужийн хүчний байгууллагуудыг хөл дээр нь босгосон байна. Хотын болон мужийн цагдаагийхан “Омон” тусгай ангийхантай хамтран ЗБГБ-ийн эсрэг ямар ч өршөөлгүй, ямар ч наймаагүй дайн зарласан юм. Энэ дайн Тольятти хотыг харгис, хэрцгий, ямар ч хууль үйлчилдэггүй ЗБГБ-ийн ноёрхлоос ангижруулсан аж.
Тольятти хотод одоогоор тайван байна. Гэхдээ гэмт хэрэг үндсээрээ устсан гэж болохгүй ажээ. Урьдын адил улаан цайн “рекэт” ажиглагдахгүй байгаа нь гэмт хэрэг өөр хэлбэрт орсны шинж гэнэ. Өчигдрийн ЗБГБ-үүд өнөөдөр Хязгаарлагдмал Хариуцлагатай Компани, Хувьцаат Компани, Холдингууд болон хувирч толгойлогчид бизнесмэнүүд гэгдэх болжээ. Тийм бизнесмэнүүдын тоонд “Хамтрагч” хочит В.Вдовин цохиж явдаг аж. Тэдгээр байгууллагын орлогын эх үүсвэр одоо “АвтоВаз” нэртэй болсон үйдвэрийн бүтээгдэхүүний борлуулалт хэвэрээ л аж. Гэхдээ өнөөдрийн бизнесмэнүүдыг өчигдрийн толгойлогчид гэж таних хүн Тольяттид олон гэнэ. Тэдний нэг болох Д.Огородниковын хамтрагч, найз, цагдаагийн дэслэгч К.Кондратьев “Хэрэв өчигдрийн толгойлогчид өнөөдөр бохир үйл хэргээ тайван хийх цаг үе ирлээ гэж бодож байгаа бол том эндүүрэл” гэж нэгэн ярилцлагандаа хэлсэн байдаг. Тэрбээр 2002 онд Огородниковыг алсан алуурчдыг илрүүлэн өөрийн гараар баривчилсан аж. Гэхдээ энэ огт өөр түүх билээ.