Гольф бол орчин цагийн спортын хамгийн өндөр орлоготой төрлийн нэг. Тиймдээ ч энэ талбарын одод нь өндөр цалин хөлсийг хүртэж, их урамжлалыг авдаг. Тийм оддын нэг бол Серхио Гарсия. Тэрбээр мэргэжлийн гольфчны замналаа өндөр түвшинд хамгийн урт хугацаанд авч яваа цөөн тамирчдын нэг. Үүний баталгаа бол дэлхийн чансааны эхний аравт анх 2000 онд багтаад тэр байраа 2009 оныг хүртэл хадгалсан явдал юм.
Испани залуугийн аав нь мэргэжлийн гольфчин учир хүүгээ гурван настай байхаас нь энэ спортоор хичээллүүлжээ. Үүний дүнд бага Гарсия амжилтад эрт хүрэв. Өсвөрийн том тэмцээнүүдэд олон удаа түрүүлсэн тул насныхан дундаа од болон гялалзаж эхэллээ. Тиймээс 1999 онд мэргэжлийн тамирчны замналаа эхэлж, зургаан сарын дараа анхны тэмцээндээ түрүүлэв. Тэр нь Ирландын нээлттэй тэмцээн байв. Гэхдээ тэр он жилүүдийн оргил үзүүлэлт нь PGA Championships ангиллын тэмцээнд үзүүлсэн амжилт байлаа. Дэлхий нийт түүгээр нь ч Гарсияг мэддэг болсон. Тэгэхэд алдарт Тайгер Вудстэй ширүүн тэмцэл өрнүүлэн нэг бус удаа өмнө нь явсан бөгөөд сүүлийн цохилтуудаа тааруу хийснээс хоёрдугаарт орсон юм. Удалгүй Испани орныг төлөөлөн Райдерын цомд өрсөлдөн тус тэмцээний түүхэн дэх хамгийн залуу оролцогчоор тодорсон билээ. Энэ бол Гарсиягийн авьяас билгийн чансааг харуулсан гол үзүүлэлт байлаа.
Ингээд цаасан дээрх нэр алдрыг амьдрал дээр буулгасан өдөр ирлээ. Гольфын дээд ангилал PGA Tour-т багтдаг Master Card Colonial-ийн 2001 оны тэмцээнд тасархай түрүүлсэн төдийгүй удалгүй тус амжилтаа Buick Classic-т давтсанаар топ зэрэглэлийн тэмцээнүүдэд аваргалсан хамгийн залуу гольфчноор /Вудсын амжилтаас хойш/ шалгарчээ. Дээрх тэмцээнүүдэд дараа жил нь ч тэргүүлсэн. Үүний зэрэгцээ Mercedes Championships, Byron Nelson Championship зэрэг том тэмцээнийг эзэгнэн чансаандаа бөөн оноо нэмэрлэсэн. Ийнхүү олон тэмцээн дамжин одтой наадсаны дүнд нэр хүндээ олон улсад дархалж авав. Райдерын цомд амжилт гараад бүр ч бэхжүүллээ. Уг цом нь Европ тив болон Америк орны шигшмэл гольфчдоос бүрдсэн багийн өрсөлдөөн билээ. Харин Гарсия Буурал тивийг зайлшгүй төлөөлөх ёстой топ тамирчны нэгд зүй ёсоор тооцогдох болсон. Үүний үрээр Райдерын цомд 1999-2008, 2012-2016 онуудад найман удаа оролцож, таван удаа түрүүлээд байна. Энэ баримт түүний тухай ихийг өгүүлнэ.
Түүний тоглолтын онцлог бол алсын цохилт. Гэхдээ энэ нь хол цохидог гэсэн үг биш. Серхиогийн цохилтын хүч бусадтай адилхан ч бөмбөгийг товлосон газарт ойр буулгах онцгой чадвартай нэгэн. Тиймээс дараагийн цохилтоо таатай байрлалаас гүйцэтгэх боломжийг өөртөө олж авдаг. Харин грин дээр үе, үе алдаа гаргадаг дутагдлаасаа болж тоглолтод, цаашлаад тэмцээнд түрүүлэх боломжоо нэг бус удаа алдсан. Алдсаар ч байгаа. Түүний өөр нэг дутагдал бол цохиурыг савах техник. Энэ элементийг бүдүүлэг гүйцэтгэдгээсээ болж цохилтынхоо хүчийг сааруулчихдаг. Мөн бөмбөгөө буруу газар буулгалаа хэмээн мэргэжилтнүүдэд айхтар их шүүмжлүүлдэг. Харин үүнийгээ тэр огт тоодоггүй. Алдаагаа захыг ч боддоггүй. Бүр өөрийнхөө бүдүүлэг техникийг зөв хэмээн өмөөрдөг гэж байгаа. Тэрбээр энэ талаараа...
-Би цохиураа буруу савах уу, үгүй юу гэдэг бусдад падгүй. Буруу барилтай байлаа ч тэр нь надад тус болдог болоод л би энэ олон жилийн турш өндөр амжилт гаргасан биш үү? Тиймээс шал дэмий зүйлийн талаар шүүмжлэгсэд амаа билүүдэхээ боль.
Харин 2009-2012 оны хооронд амжилт нь илт уруудсан байдаг. Тэмцээн уралдаанд түрүүлэх нь ч мэдэгдэхүйц цөөрөв. Европын ганц хоёр тэмцээнд түрүүлсэнээс өөр амжилтгүй учир Райдерын цомд оролцох эрхээ ч алдаж эхэлсэн. Гүрийж байгаад PGA Tour-н тэмцээнүүдэд оролцох эрх олдог ч тэнд очоод 20-р байраас дээш гарахгүй. Тиймээс чансаа нь шалдаа буужээ. 2009 онд 70-аас дээш гараагүй бол 2010 онд дээд тал нь 50-р байрт дэвшсэн. Гэлээ ч ясны гольфчин бол аясных л байдаг ажээ. Гарсия 2012 онд сэргэн мандалтын үеэ эхлүүлсэн. Сэргээсэн карьераа супер түвшинд буцаан аваачив. Залуу насандаа чадаагүй өндөрлөгтөө 37 насандаа хүрсэн нь түүний чанарыг илтгэх бас нэг баримт боллоо. 2017 оны дөрөвдүгээр сард гольфын ноён оргил болох Мастерс ангиллын тэмцээнд анх удаа түрүүлж гольфын спортод хөлбөмбөгөөс дутуугүй дуртай Испани орныг баярлуулав. Үүний дүнд дэлхийн чансаа нь ч огцом дээшилж 10-р байрт дэвшсэн. Мэргэжилтнүүдийн дүгнэж байгаагаар эрэмгий тоглолттой Гарсиягийн жинхэнэ төрх одоо л сэргэж байна гэнэ. Шүүмжлүүлээд байсан бүдүүлэг хэв маягаа ч орхиж, орчин үежсэн барилаар тоглодог болжээ. Мань хүн үзүүлээд өгөх нь дээ.