УНТЭ-т зүрх шилжүүлэн суулгах мэс засал хийх гэсэн нэрийн дор зүрхний хагалгаа хийж хүний амь нас хохирсон тухай өнөөдөр Анагаах ухааны доктор, Хүний гавьяат эмч Л.Жамбалжав мэдээлэл хийлээ. Тэрбээр "Тавдугаар сарын 21-23-ны өдрүүдэд Улсын клиникийн нэгдүгээр төв эмнэлэгт 64 настай өвчтөн Д-д гол судасны хавхлага суулгах мэс засал, 30 настай өвчтөн З-д зүрхний тосгуур хоорондын таславчийн цоорхойг нөхөх мэс заслыг хиймэл цусны аппарат ашиглан хуурай зүрхэн дээр хийсэн. Хагалгааны явцад 64 настай Д-гийн зүрхний тэжээгч титэм судасны гэмтлийн улмаас венийн судсаар зүрхэнд нэмэлт судас залгах мэс заслыг хийсэн бололтой. Өвчний зүрхийг хиймлээр зогсоосны дараа сэргээгүй өвчтөн ширээн дээрээ нас баржээ.
Хоёр дахь өвчтөн З-гийн зүрхний тосгуурын таславчийн цоорхойг нөхөөс хийх хагалгааны дараа өвчтөн хүндэрч зүрх нь зогссон байна. Энэ мэс заслуудыг Улсын гуравдугаар эмнэлгийн зүрхний мэс засалчид миний шавь нар өдөр тутам хийдэг ердийн хагалгаа юм. Хүнд өвчтэй хүн хагалгааны үед ч, дараа нас барах тохиолдол байдаг. Гэхдээ дээрх хоёр тохиолдол эмч, эмнэлгийн үйл ажиллагаатай холбоотой гэж үзэж болохоор байна. Мэс заслын дараа тэр хүний үхлийн шалтгааныг задлан шинжилгээгээр тогтоодог. Гэтэл харамсалтай нь ямар ч задлан шинжилгээний дүгнэлт хийлгүй, ар гэрийнхэн хүсээгүй гэдэг шалтгаанаар явуулсан нь хууль зөрчсөн, алдаа дутагдлаа, гэмт хэргийн нотлох баримтыг санаатай нуун дарагдуулсан гэж үзэж болохоор байна. Хамгийн анхаарал татаж байгаа нь мэс засал хийхийн өмнө Улсын III эмнэлэг болон I эмнэлгийн удирдлагууд болон зарим эмч нарын хамт “Зүрх шилжүүлэн суулгах мэс засал хийнэ” гэсэн мэдээлэл хийж, энэ хагалгааг зүрх шилжүүлэн суулгах мэс засал гэх ойлголтыг ард түмэнд өгсөн байна" гэлээ.