-ШУА-ийн ерөнхийлөгч шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэж байна-
Ямар ч төр, улс эрдэмтэдгүйгээр урагшлах боломжгүй тийм цаг үед та бид амьдарч байна. Эрдэмтэд нийгмээсээ түрүүлж алхах ёстой. Гэтэл бид ШУА-д өгснөөсөө илүүг авч чадахгүй байна. ШУА-ийнхан нийгэм болон төрөөсөө тусгаарлан салж, цаг үеэсээ ихэд хоцорч, бодит амьдралаас тасарчээ. Та нөхөд бодит амьдрал руу, ард түмэн рүүгээ нүүрээ харуул, тэдний татвараар өдий хүртэл оршин байснаа санаж ажлынхаа үр дүнг иргэн бүртээ ил тод тайлагна.
Төсвөөс хөрөнгө бага өгдөг гэж байнга гомдоллодог, гэтэл та нарын шинэ санааг хэрэгжүүлэхэд саад байхгүй, бид аль болохоор дэмждэг, тэгэхээр яагаад түүнийгээ үйлдвэрлэлд нэвтрүүлж баяжихгүй, ядуу байгаа юм бэ. Энэ шүүмжлэлийг Беларусийн Ерөнхийлөгч А.Лукашенко эрдэмтдэдээ хандан 2013 онд хэлж байсан билээ.
Тэрбээр үүн дээрээ нэмж “Нийгэм, хүмүүнлэгийн эрдмийн зөвлөлүүд завхарч, ялзарчээ. Эрдмийн зөвлөлүүдийг бүлгэрхдэг, нутгархдаг байдлаас салгая. Та нарын зарим нь ард түмнийхээ хөрөнгийг суурь судалгааны нэрээр авчихаад гадаадын эрх ашгийн төлөө үйлчилж, тэдний захиалгат судалгаа хийж, харь орон руу хэсэж, тэнд олон өгүүлэл хэвлүүлдэг сүрхий эрдэмтэн болж жүжиглэж байгаа шүү” хэмээсэн байдаг.
Манай ШУА-ийнхан ч А.Лукашенкогийн хэлсэнчлэн бүлгэрхдэг, танил талаа ажилд авдаг, хамт олондоо хүлээн зөвшөөрөгдсөн оюунлаг толгойг гудамжинд гаргаж, эрдэмтдийнхээ нөөцийг харьд алдах үйлдэл гаргаж буй гэхэд хилсдэхгүй. Тиймдээ ч зарим эрдэмтний төлөөлөл Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар ажиллаж байхад ШУА-ийг хэрхэн хөгжүүлэх талаар санал бодлоо илэрхийлж байв.
Үүндээ “Нийгэмд биеийн хар хүч, болхи үйлдэл, муйхар сэтгэлгээ, феодал ёс суртахууныг хөөрөгдөж, тэр нь олон түмний гэнэн сэтгэхүйг дарангуйлан, доройтуулж, бузарлаж гүйцлээ. Монголчуудыг соён гэгээрүүлэх үйл орхигдож, нийгмийн оюуны уур амьсгал булингартаж, шинжлэх ухаанч бус номлолууд идэвхжин, хүмүүс саруул ухаанд итгэх итгэлээ гээж байна. Олон түмэн барьц алдан тэнүүчилсээр эцэстээ ёс суртахууны уналтад оров.
Эдүгээ дэлхий дээр ШУА-ийг үндэсний хэлбэртэй, тунгалаг, ардчилсан, шинжлэх ухааны төлөөх суралцдаг нийгэмлэг байна гэж үзэж буй. Гэтэл манай ШУА хэдэн хүрээлэнг өмчлөн явцуурч, булингартаж, дарангуйлалд дулдуйдсан, бараг юу ч сурдаггүй хачин гаж араншинтай, төрийнх ч юм шиг, төрийн бус байгууллага ч юм шиг хурлийз газар болжээ. Үүний уршгаар, их сургуулиуд, хувийн сектор, ТББ-уудад буй шинжлэх ухааны ажил, эрдэмтэд ШУА-ийн гадна орхигдож, улсын хэмжээний шинжлэх ухаан технологийн бодлого нэг мөр цэгцрэхгүй байна” хэмээж байсан билээ.
Ерөнхийлөгч Х.Баттулга ч “2017 онд 32.8 тэрбум төгрөг шинжлэх ухаан, технологийн салбарын төсөвт суусан. Үүний зарлага 2017 онд яаж гарсан бэ, ямар үр дүн гарсан бэ гэсэн дүгнэлт хиймээр байна. 32.8 тэрбум төгрөг гэдэг бол шинжлэх ухаан, технологийн салбарын төсөвт суусан нь эрдэмтдийнхээ тоотой харьцуулахад бага биш мөнгө. Харин энэ мөнгө хаашаа гараад явав. ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл гуай тэргүүтэй хүмүүс зохион байгуулалтаа өөрчлөөч. Зохион байгуулалтад ороод, удирдлагатайгаа ярьж байгаад салбар салбараа аваад явах хүмүүсийг сонгооч” хэмээж байсан нь саяхан.
ШУА хэдхэн академичийн төлөө бус, эрдэмтдийн төлөө үйлчилдэг байгууллага байх ёстой. Харамсалтай нь, аль нэг салбарт ажиллаж байгаагүй гэхэд хилсдэхгүй, тэс өөр салбарын хүнийг хүрээлэнгийн захирлаар ШУА-ийн удирдлага томилсон нь эрдэмтдийн дотоодын зөрчлийг хурцатгаж эхлэв. Үүнийг доорх баримтад тулгуурлан хүргэе.
АЖИЛД БУЦААН ТОМИЛОХ ТУШААЛ ГАРГААД ХЭДХЭН ХОНОГИЙН ДАРАА ХАЛАВ
2014 оны сүүлч, 2015 оны эхээр эрдэмтэд Засгийн газрын шийдвэрийг эрчимтэй эсэргүүцэж, эрх баригчид буулт хийснээр хэдэн хүрээлэнгийн байрыг төрийн мэдэлд шилжүүлэн авч, зарим хүрээлэнг нэгтгэснээр үйл явдал намжсан. Гэвч зарим нь төсөв хэмнэх бус, илүү зарлага гарган ажиллаж байгаагийн тод жишээ нь Газар зүй, геоэкологийн хүрээлэн.
Тус тусдаа үйл ажиллаагаа явуулж байсан хоёр хүрээлэнг нэгтгэж төсвийн зарлагыг хэмнэж буй гэх ч Газар зүй нь ч, Геоэкологи нь ч өөрсдийнхөө өмнө нь байрлаж байсан байрандаа ажилласаар. Нэгэн захиргаанд орсон хүрээлэнгийн захирал нь хоёр газарт өрөөнд заларч байна гэсэн үг. Хөрс, ус, агаарын бохирдлын эсрэг янз бүрийн судалгаа шинжилгээ явуулдаг Геоэкологийн хүрээлэн өнөөдөр Монголд хамгийн чухал байгууллага баймаар.
Тиймдээ ч өмнөх захирал нь үйл ажиллагаагаа чадлынхаа хэрээр явуулж, ШУА-ийн хүрээлэнгүүд дундаасаа ажил үйлсээрээ тэргүүлж байж. Газар зүйн мэргэжилтэй Б.Батбуян гэдэг эрдэмтэн ШУА-ийн 2015 оны наймдугаар сарын 10-ны Б/41 тоот тушаалаар уг хүрээлэнгийн захирлаар томилогдож, тухайн үеийн ШУА-ийн ерөнхийлөгч Б.Энхтүвшинтэй дөрвөн жилийн хугацаатай гэрээ байгуулж байжээ.
Гэвч энэ гэрээний хугацаа дуусаагүй, эрх зүйн харилцаа үргэлжилж байхад өнөөгийн ерөнхийлөгч Д.Рэгдэл тушаал гарган шинэ журам баталж, захирлын сонгон шалгаруулалт 2017 оны хоёрдугаар сард зарласан аж. Хамт олны саналаар ч, шинээр баталсан журмаар ч Б.Батбуян олонхын санал авч, эхний байрт жагссан байгаа юм. Гэтэл ШУА-ийн ерөнхийлөгч “унасан бөхөд” түрүү бөхийн бай шагнал олгочихов. Ингэснээр Газар зүй, геоэкологийн хүрээлэн Д.Баттогтох гэх захиралтай болж, хамт олондоо үнэлэгдсэн Б.Батбуян бараг л “лааз өшиглөнө” гэгч болжээ. ШУА-ийн ерөнхийлөгч түүнийг ямар ч ажилд томилоогүй нь эрдэмтдээ гудамжинд хөөж гаргаж буйн тод жишээ гэлтэй.
Өмнөх захирал мэдээж ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн талаараа шүүхэд гомдол гаргаж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны тавдугаар сарын 31-нд хэлэлцэн Д.Рэгдэлийн шийдвэр ШУА-ийн ерөнхийлөгч, Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн захирлын хооронд байгуулсан гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой зааж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг баримталсан шийдвэр гаргаагүй, дээрх тушаал хуульд нийцээгүй байна” гэж дүгнэн Б.Батбуянг ажилд эгүүлэн тогтоосугай хэмээжээ.
Шүүхийн эл шийдвэрийг хариуцагч тал эсэргүүцэн давж заалдах болон Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимд гомдол гаргасан бөгөөд Дээд шүүхийн тогтоолд “Сул орон тоо бий болоогүй байхад сонгон шалгаруулалт явуулсан, хамгийн өндөр оноо авсан хүнийг яагаад үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй гэж үзсэн нь нотлогдохгүй байна. Тиймээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай” гэж дурджээ.
Ийнхүү маргасаар бүтэн жил тойрч, 2018 оны нэгдүгээр сарын 18-наас хойш шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудас ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэлд гурван удаа өгсний эцэст арайхийж, гуравдугаар сарын 12-нд ажилд эгүүлэн авах тухай тогтоол гаргав.
ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ ЕРДӨӨ ГУРАВ ХОНОГИЙН НАСТАЙ ЮМ УУ
Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн захирлын албан тушаалдаа буцаан томилогдсон Б.Батбуянтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, гарын үсгийн баталгаа гаргуулаагүй, Д.Баттогтохтой ажлыг нь хүлээлцүүлээгүй атлаа ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Авид 2018 оны ажилд буцаан томилох тухай тушаал гаргаснаасаа хойш 3-4 хоногийн дараа “Анхааруулга хүргүүлэх тухай” гэсэн албан тоот илгээж түүндээ “Хүрээлэнгийн захирлын аливаа чиг үүргийн явуулахгүй байх” гэж сануулжээ.
Харин тус хүрээлэнгийн эрдэмтэд нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх газарт “Захирал Б.Батбуянг ажилд томилох үед нягтлан бодогч нь 14 хоног ажилдаа ирээгүй, архивын ажилтан нь мөн өвчтэй гээд алга болж, түүнийг ажил хийх боломжгүй болгосон. “ШУА-тай гэрээ байгуулсны дараа захирал гарын үсгээ баталгаажуул” хэмээн хүлээлгэх хугацаандаа Б.Батбуянг ажлаас халах тушаал дөрөвдүгээр сарын 3-нд гаргаж, 4-нд нь Д.Баттогтохыг ажилд томилсон.
ШУА-ийн ерөнхийлөгч, эрдэмтэн нарийн бичгийн даргын тушаал шүүхийн шийдвэрийг хүчингүй болгочихдог юм уу. Дээд шүүхийн тогтоол ердөө гурав хоногийн настай байдаг уу, академийн захиргаа Дээд шүүхийн тогтоолыг зургаан сараар сунгах эрхтэй юү” хэмээн асуулга тавьж албан тоот илгээжээ. Тус хүрээлэнгийн эрдэмтэд “Б.Батбуян нь хамгийн наад зах нь таван хэлээр чөлөөтэй ярьж, ямар ч орчуулагчгүй үйл ажиллагаагаа явуулдаг.
Гэтэл Д.Баттогтохын хувьд гадаадын нэг л хэл мэддэг агаад хүрээлэнгийн захирлаар ажиллах хугацаандаа санхүүгийн хүнээ авчирсан. Түүнээс гадна номын санч, архивчийн ажлыг нэг л хүн эрхэлж, эдийн засгийн хэмнэлттэй ажиллаж байхад тус тусад нь хүнд хариуцуулсан. Гэтэл тэр архивч нь ажил хүлээлцүүлэх болоход өвчтэй гээд алга болсон нь цаанаа л нэг учиртай. Эдгээрээс гадна манай хүрээлэн орчуулагч, гадаад харилцаа хариуцсан хүнгүйгээр гадаадтай харилцаад болоод байсан.
Эдийн засгийн хэмнэлтийн горим хэрэгжиж буй энэ үед үр дүнтэй л байлаа. Гэтэл Захиргааны албанд гадаад харилцааны ажилтны орон тоо бий болгож, үргүй зардал гаргав” хэмээн ярьсан юм. Ганц Газар зүй, геоэкологийн хүрээлэнгээр тогтохгүй өөр бусад хүрээлэнд ч иймэрхүү халаа сэлгээ, томилгоо хийж, тэр болгон нь шүүх дээр хэрэг, маргаан үүсгэх болжээ. Магадгүй халагдсан хүмүүсийг ажилд нь буцааж томилох шийдвэрийг шүүх гаргана. ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл харин шүүхийн шийдвэрийг хэрхэн биелүүлэх бол.
Шинжлэх ухаанаа хөгжүүлж, хамгийн тулгамдсан асуудал болсон утаа, хөрсний бохирдлоос салгахад чиглэсэн үйл ажиллагаа явуулах ёстой атал ширээ сандал булаалдаж суух нь ичгэвтэр биш гэж үү, ШУА-ийн удирдлагууд аа.