Бэлтгэсэн: Т.Энхбат, Г.Баярцэцэг, Ц.Ундрал
Зээлийн хүү буураасай гэсэн хүлээлт нийгэм даяар бий. Зээл авч бизнес хийж, амьдрал ахуйгаа өөд нь татаж буй хэн бүхний нууцхан хүсэл ийм. “Японд бизнесийн зээл жилийн хоёр хувийн хүүтэй байна. Тэгвэл манайд 20 гаруй хувийн хүүтэй зээл авдаг” гэж бусдад атаархана. Монгол бол эдийн засгийн өрөөсгөл бүтэцтэй орон. Манай улсын эдийн засаг дан ганц түүхий эдийн үнээс хамааралтай. Дэлхийн зах зээлд нүүрс, алт, зэс, төмрийн хүдрийн үнэ өсвөл орлого нэмэгдэж, тэр хэрээр эдийн засгийн суурь хүчин зүйлүүд тогтворждог.
Түүхий эдийн үнэ хямдарвал эдийн засаг хүндэрдэг гажигтай. Өөрөөр хэлбэл, маш тогтворгүй, өндөр эрсдэлтэй эдийн засагтай орон. Дэлхийн зах зээлд 2012 оноос хойш түүхий эдийн үнэ хэдэн жил дараалан хямдрахад эдийн засаг учир тоймгүй тогтворгүйжсэн нь үүнийг бэлхнээ харуулна. Тэгэхээр хөгжингүй, эдийн засаг нь тогтворжсон оронтой харьцуулах нь эндүүрэл юм.
Ам.долларын ханш эдийн засаг хүндэрсэн өнгөрсөн жилүүдэд бараг хоёр дахин өссөн. Ханшийн өсөлтийг тогтоон барихын тулд Монголбанк бодлогын хүүгээ 15 хувь хүртэл нэмлээ. Одоо буцаагаад аажмаар бууруулж байна. Валютын ханшийн савлагаа, улс орны орлогын өсөлт, бууралтаас хамаараад эдийн засгийн хамгийн чухал суурь үзүүлэлт болдог инфляц хэлбэлздэг. Эдийн засаг хүндэрсэн үед инфляц нэг хувиар өсөх тохиолдол байхад орлого ихсэхээр хоёр оронтой тооноос давж талийх жишээтэй.
Эдийн засагчид инфляц зээлийн хүү хоёр шууд хамааралтай гэж үздэг. Зээлийн хүүг бууруулах анхдагч нөхцөл нь инфляцыг нам түвшинд тогтвортой байлгах гэдэгтэй аль ч эдийн засагч санал нийлнэ. Инфляц бага байвал хадгаламжийн хүү бууруулах нөхцөл бүрддэг. Хадгаламжийнх багасахаар зээлийн хүү хямдарна. Хадгаламжийн хүү буурахаар банкны зардал танагдана гэсэн үг. Ингэхээр орлогоо бууруулах боломж бүрдэх нь дамжиггүй. Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал “Зээлийн хүүг бууруулахын тулд нийт эдийн засгийн, бизнесийн эрсдэл буурах учиртай. Нийт бизнесийн эрсдэлийн түвшин хараахан буурч амжаагүй байна.
Гэхдээ эдийн засаг дахь уул уурхайн хамаарал багасаад, эдийн засгийн бүтэц төрөлжөөд, дундаж давхарга нь бэхжээд л байвал бизнесийн эрсдэл буурна. Бизнесийн загвар дундаж давхаргыг чиглэж, түүнийг онилох тусам бизнесийн эрсдэл буурна. Энэ нь цаг хугацааны л асуудал бөгөөд алгуур хийгддэг зүйл” гэж ярьсан удаатай. Зээлийн төрлөөсөө хамаараад хүү нь янз бүр. Найдвартай зээлдэгчдээ банкууд харьцангуй хямд хүүтэй зээл олгох тохиолдол ч бий.
Банкуудын зээлийн хүү аажмаар буурсаар дунджаар 19 хувьд хүрээд байна. Мэдээж ийм түвшинд хүрэхэд хадгаламжийн хүү буурсан нь нөлөөлсөн байж таарна. Хадгаламжийн хүү дунджаар 13 хувь болж багассан статистикийг Монголбанкныхан танилцуулсан. Зээлийн хүүгийн дундаж 2004 онд 34 хувь байжээ. Уг нь зээлийн хүү арав гаруй жилийн хугацаанд бараг хоёр дахин “унасан” байгаа биз.
“Голомт” банкны эдийн засагчид, гадаад, дотоодын эрдэмтэн, судлаачидтай хамтран Зээлийн хүүг бууруулах үндэсний стратеги боловсруулсан. Зээлийн хүүг 2024 он гэхэд нэг оронтой тоонд оруулахын тулд ам.долларын ханшийг тогтворжуулах нь хамгийн чухал гэж тэд дүгнэсэн юм. Үүнээс гадна эдийн засгийн 10 орчим суурь хүчин зүйлийг тогтворжуулах шаардлагатай гэж үзэж буй.
Монголбанкныхан ч зээлийн хүүг бууруулах стратеги боловсруулж байгаа. Тэд мөн л зээлийн хүүг өндөр тогтооход нөлөөлж буй эдийн засгийн хүчин зүйлүүдийг тогтворжуулах шаардлагатай гэсэн өнцгөөс шийдлийг харж байгаагаа дуулгасан. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн эрсдэлийг бууруулахаар зээлийн хүү аяндаа хямдарна гэж үзэж буй хэрэг. Тэгэхээр эдийн засгийн өндөр эрсдэл зээлийн хүүг бууруулахад саад болж байгаа гэсэн нэгдсэн дүгнэлтэд санхүү, эдийн засгийн салбарынхан хүрчээ.
Мэргэжилтнүүд суурь хүчин зүйлүүдийг нь сайжруулах замаар зээлийн хүүг хямдруулах учиртай гэсэн байр суурьтай байгаа бол АН-ын дарга С.Эрдэнэ дээд хязгаарыг нь хуулиар тогтоож бууруулах ёстой гэж үзэж буй. Иймээс ч тэрбээр зээлийн хүүгийн дээд хязгаарыг 18 хувиар тогтоох хуулийн төсөл санаачлан, УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлээд байна.
Зээлийн хүүг хуулиар далайлган хүчээр бууруулах нь зөв гэж үзэх эдийн засагч ховор. Ийм арга хэмжээ авлаа гэхэд асар олон сөрөг үр дагавар гарах гэнэ. Жижиг, дунд, бичил бизнес эрхлэгчид санхүүжилт авч чадахаа болих нь хамгийн том гажуудал аж. Хүүг хүчээр доошлуулангуут эрэлт нэмэгдэх нь мэдээж. Ингэсэн тохиолдолд банкууд найдвартай, эрсдэл багатай томоохон компаниудад их хэмжээний зээл олгоод, “жижиг”-үүдийг тоохгүй орхих аюултай юм байна.
Зээлийн хүүг бууруулах амьдралын бодит шаардлага тулгарсан ч хуулиар далайлган хүчээр бууруулахыг улс төрийн популизм гэж хэлэх эдийн засагчтай ч таарлаа. Санхүү, эдийн засгийн оновчтой бодлого хэрэгжүүлж, зээлийн хүүг бууруулах дардан замыг засах уу, эсвэл захиргаадалтын аргаар доошлуулах уу гэдгийг УИХ-ын гишүүд шийднэ.
ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА
Их хэмжээний хадгаламжтай хүмүүс үл ойшоож, үлдсэн нь сандарч байна
Арилжааны банкуудын зээлийн хүүгийн дээд хязгаарыг жилийн 18 хувь байхаар хуульчлах төсөл УИХ-д өргөн барьсантай холбогдуулан арван хүнээс байр суурийг нь асуув. Тэд эрхэлж буй бизнесээ өргөжүүлэхээр санхүүгийн дэмжлэг, мөн хэрэглээний зээл авахаар банкинд дугаарлаж байсныг тодотгоё. Чингэлтэй дүүргийн иргэн Мөнхбаяр “Банкуудыг мөнгө хүүлж байна гээд УИХ дахь АН-ынхан тийм төсөл боловсруулсан гэж дуулсан. Энэ талаар дорвитой мэдээлэл алга.
Гэхдээ хүү буурвал над шиг бичил бизнес эрхэлдэг хүмүүст тустай нь мэдээж. Монголын банкуудын зээлийн хүү хэтэрхий өндөр байгаа нь үнэн. Миний хувьд эрхэлж буй бизнесээ өргөжүүлэхээр Хасбанкаас таван сая төгрөгийн зээл авахаар материалаа бүрдүүлж өглөө. Хашаа, байшингаа барьцаалж байгаа. Энэ мөнгийг хоёр жилийн хугацаатай зээлж аваад, 6.4 сая болгож төлөх юм билээ” гэж ярив.
Харин ХААН банкаар үйлчлүүлж байсан, Сүхбаатар дүүргийн иргэн н.Цэрэндолгор “Зээлийн хүүг бүр 10 хувь болгох хэрэгтэй. Тийм боломж байж л таарна. Банкууд угаасаа мөнгө хүүлдэг. Гүйлгээний шимтгэл, хураамжаа байнга нэмнэ. Үүнийг зохицуулах цаг болсон” хэмээн байр сууриа илэрхийлэв. Дээрх арван хүний тал нь зээлийн хүүг бууруулахыг дэмжсэн юм. Харин арилжааны банкууд үүнд нэг их анхаарал хандуулахгүй байгаа бололтой, зээлийн хүүгийн дээд хэмжээг хуулиар хязгаарлахыг зөв, буруу гэж туйлшруулж болохгүй гэдэг байр суурьтай байна. Мөн хууль батлагдвал мөрдөнө, эсэргүүцэхгүй гэдгээ ч хэлэв.
Хөдөлгөөнд оролцож байсан, улсын дугаартай автомашиныг урьдчилгаа төлөлгүй, зээлээр авах боломжийг Худалдаа хөгжлийн болон Хасбанкныхан иргэдэд олгоод жил гаруй болжээ. Тэгвэл ХААН банк бизнесийн зээлийг барьцаа хөрөнгө шаардахгүй өгч байгаа гэнэ. Энэ мэтээр сүүлийн жилүүдэд банкууд зээлийн үйлчилгээний төрлөө олшруулахын зэрэгцээ байнгын харилцагчдадаа бага хүүтэй мөнгө зээлдүүлдэг болжээ. Тиймээс арилжааны банкуудын төлөөлөл одоогийн хүүг өндөр гэж үзэхгүй байгаа аж.
Өндөр хүүтэй зээл өгч, иргэд, байгууллагуудад дарамт учруулж, их хэмжээний ашигтай ажилладаг гэдэг нь ташаа эргэлтэд оруулсан хөрөнгөөсөө маш бага хувийн ашиг олдог тухай зээлийн эдийн засагч нар тайлбарласан юм. Зээлийн хүүг хүчээр бууруулснаар гарах үр дагаврыг зарим банкны төлөөллөөс лавлалаа. Хасбанкны “Ард кинотеатр” дахь салбарын ажилтан “Банкуудын шалгуур өндөрсөж, зээлээ хумихаас аргагүйд хүрч мэднэ. Чанаргүй зээлийн хэмжээ дорвитой буурахгүй байгаа ч банкууд зээл олгосоор буй. Үүний нөлөөгөөр хувиараа бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа доголдож болзошгүй” гэсэн юм.
Худалдааны төвд лангуу түрээсэлдэг иргэнээс эхлээд барилгын томоохон компани гээд цөм банкнаас зээл авч, үйл ажиллагаагаа тасралтгүй үргэлжлүүлж буй. Хэрэв зээлийн хүүг хүчээр буулгаж, банкуудыг “дарна” гэж оролдоод бүтэлгүйтвэл горыг нь “жижиг гар”-ууд амсана гэх байр суурьтай хүн бий. Саналыг нь асуусан арван хүний хоёр нь тэдний төлөөлөл байв.
Чингэлтэй дүүргийн иргэн Ч.Батсайхан “Манай гэр бүл “Бөмбөгөр” худалдааны төвд лангуу түрээсэлж, түүнийхээ орлогоор амьжиргаагаа залгуулдаг. Таван жилийн өмнө банкууд лангуу барьцаалж зээл олгодоггүй байсан. Харин одоо өгч байна. Авсан зээлээ хугацаанаас нь өмнө төлөхөд хүүнд их мөнгө зарцуулдаггүй. Гэтэл банкууд шалгуураа өндөрсгөөд бидэнд зээл өгөхөө больчихвол хэн хариуцлага хүлээх вэ” хэмээн ярьсан юм. Мөн тэрбээр “Жинхэнэ мөнгө хүүлж буй нь их хэмжээний хадгаламжтай хүмүүс” гэв.
Түүний хэлснийг зарим хүн үгүйсгээгүй. Зээлийн хүүг бууруулах нь зөв, эсэх талаар саналаа хэлсэн иргэн Гантулга банкинд нэлээд их хэмжээний хадгаламжтай гэнэ. Тэрбээр “Эрсдэл бий ч нөгөө талдаа зөв. Үүнийг дагаад хадгаламжийн хүү буурна. Хүмүүс банкнаас мөнгөө татаж, бэрхшээл үүсгэнэ гэх таамаг бий. Гэхдээ би үүний эсрэг байр суурьтай байдаг.
Хадгаламжийн хүү ямар байх нь их хэмжээний мөнгөтэй хүмүүст л чухал. Түүнээс биш цөөн хэдэн төгрөгтэй хүнд ямар байх нь огт сонин биш. Мөнгө аваад хоол, хүнсэнд зарцуулчих тэнэг хүн хаа ч байхгүй. Тэгэхээр олон нийт мөнгөө үл хөдлөх хөрөнгө, эсвэл хөрөнгийн зах зээлд оруулах болов уу. Миний хувьд хөрөнгийн зах зээлийг сонирхож байгаа. Энэ бол уналтад ороод буй зах зээлийг сэргээх боломж” гэж ярьсан юм.
ИНФОГРАФИК
БАЙР СУУРЬ
Арилжааны банкуудын зээлийн хүүгийн дээд хязгаарыг хуулиар тогтоох тухай санаачилга гарсантай холбогдуулан мэргэжилтнүүдийн байр суурийг сонирхлоо.
“Захиргааны аргаар үнэ тогтоож болох ч үр дүнгүй”
Ц.БАТСҮХ (СЭЗИС-ийн Экономиксийн тэнхимийн багш):
-Хүү бол санхүүгийн бүтээгдэхүүний үнэ. Эдийн засагт үнийг зохицуулах хэд хэдэн арга бий. Захиргааны аргаар үнийн дээд болон доод хязгаарыг зохицуулж, зээлийн хүүг тогтоох боломжтой. Гэвч энэ нь богино хугацаанд үр дүнгээ өгч болох ч урт хугацаанд эдийн засагт сөргөөр нөлөөлдөг нь батлагдсан. Санхүүгийн зах зээлд банкуудын татан оруулж буй эх үүсвэр өндөр өртөгтэй, үүн дээр үйл ажиллагааны зардал болон ашгаа нэмж хүүгийн хэмжээг тогтоодог.
Хэрэв төрөөс хүүгийн дээд хэмжээг хуульчлан тогтоовол банкуудын үйл ажиллагааны зардал нэмэгдэж, ашиг нь багасна. Үүний улмаас санхүүгийн зуучлал хийх боломж нь буурна. Мэдээж зах зээлд эрэлт хэвээр байгаад нийлүүлэлт хомсодвол ямар нэгэн эх үүсвэрээс эрэлтийг хангах шаардлага, орон зай бий болдог. Энэ нь далд эдийн засаг үүсгэж хяналт тавихад хүндрэлтэй болно. Банкуудын хүү их буйн шалтгаан хадгаламжийн хүү өндөр байдагтай холбоотой.
Хадгаламжийг инфляцаас хамгаалж өндөр хүүтэй байршуулахаас өөр зам одоогоор үгүй. Манай улсын хувьд эдийн засаг тогтворжоогүй, байнга инфляц үүсэж, зах зээл савлагаатай байдаг. Аажмаар эдийн засаг тогтворжин инфляц буурахад хадгаламжийн болон бусад хүү багасах нөхцөл бүрдэнэ. Энэ бол зах зээлийн жамаар явагдах үйл явц. Одоогоор зээлийн хүүгийн дээд хязгаарыг төрөөс тогтоох нь буруу.
“Зээл авснаар өрийн дарамтад орох учиргүй”
Д.АНГАР (Санхүүч):
-Зээлийн хүүгийн дээд хязгаарыг хуулиар тогтоох цаг нь болсон. Монголын банк, санхүүгийн салбарт энэ төрлийн зохицуулалт байхгүйгээс зээлийн хүү маш өндөр буюу жилийн 30-аас дээш хувь байдаг. Аж ахуйн нэгж, иргэд зээл авснаар санхүүгийн нөхцөл байдлаа сайжруулж үйл ажиллагаагаа өргөжүүлэх байтал өрөнд орж зээлээ төлж чадахгүйд хүрч байна.
Зээлдэгчид банкны зээлээ төлөхийн тулд банк бус санхүүгийн байгууллага болон барьцаалан зээлдүүлэх газарт ханддаг нь өрийн дарамтад улам гүн оруулж буй. “ТОП-100” аж ахуйн нэгж дотоодын нийт бүтээгдэхүүний 94 хувийг бүрдүүлсэн дүн гарсан. Энэ нь нэг талаас сайн үзүүлэлт боловч нөгөө талаас маш харамсалтай дүр зураг.
Монголын эдийн засаг 100 орчим аж ахуйн нэгж дээр тогтож байгаа бөгөөд бусад компани, жижиг, дунд үйлдвэрлэгчид орж ирэх бололцоогүй, хөгжихгүй, бүтээмж нь муу байна гэсэн үг. Жижиг, дунд бизнесийг өргөжүүлэн, дунд давхаргын иргэдийн санхүүгийн чадамжийг дээшлүүлэхийн тулд бага хүүтэй зээл олгож, дэмжих учиртай. Хүүгийн дээд хязгаарыг 18 болгох тухай санаачилга зөв зүйтэй. Ингэснээр хадгаламжийн хүү 10 орчим хувь болно. Энэ нь хадгаламж эзэмшигчдийн хувьд чамлахаар дүн биш.
“Бизнес эрхлэхэд санхүүжилт зайлшгүй шаардлагатай”
Ц.УРАНЧИМЭГ (Хувиараа бизнес эрхлэгч):
-Бизнесээ тасралтгүй явуулах, үйл ажиллагааг нь өргөжүүлэх үүднээс зээл авах зайлшгүй шаардлагатай. Зээл авахад бичиг цаасны ажил, барьцаа хөрөнгө гэх мэт олон асуудал тулгарахаас гадна хүү өндөр. Өндөр хүүтэй ч зээл авахаас өөр аргагүй. Би банкнаас 20 сая төгрөгийг сарын 2.2, жилийн 27 орчим хувийн хүүтэй гурван жилийн хугацаатай зээлсэн.
Сар бүр 810 орчим мянган төгрөг төлдөг. Бизнесийн үйл ажиллагаагаа явуулахад зээл тус дэм болж буй нь үнэн. Төрөөс зохицуулалт хийснээр иргэд бага хүүтэй зээл авна гэж ойлгосон. Хэн ч хүү бага зээл авахаас татгалзахгүй.
“Хууль батлаад хүү буурна гэдэг төөрөгдөл”
С.БОЛД (Эдийн засагч):
-Зээлийн хүүг хуульчлах гэдэг нь зах зээл дэх бараа, үйлчилгээний үнийг төрөөс захиргаадаж тогтоохтой агаар нэг юм. Хүүг хуулиар хязгаарлах оролдлого дэлхийн улс орнуудад хэзээ ч амжилт олоогүй. Хууль батлаад хүү буурна гэх төөрөгдөл эцсийн эцэст зах зээлийн хүртээмжийг байгаагаас нь дордуулах, санхүүгийн зуучлалыг хумих сөрөг үр дагаварт хүргэдэг.
Үүний оронд санхүүгийн зах зээлд оролцогчдын эрх ашгийг хамгаалах, нээлттэй байдлыг хангах тухай хууль боловсруулах нь илүү үндэслэлтэй. Зээлийн хүүгийн хэдэн хувь нь эх үүсвэрийн өртөгт буюу хадгаламжийн хүүгийн төлбөр, эрсдэлийн болон үйл ажиллагааны зардалд ногдох, хэдэн хувь нь цэвэр ашиг болдог зэргийг банк, банк бус санхүүгийн байгууллага бүрээр ил тод мэдээлдэг болох хэрэгтэй.
Энэ нь олон зангилаа асуудал, буруу ойлголт, ноцтой төөрөгдлийн хариулт болно. Эцсийн дүнд хүүг бууруулъя гэвэл төрөөс зээлийн нийлүүлэлт тогтвортой нэмэгдэх, санхүүгийн эх үүсвэрийн хэмжээ өсөж байх таатай орчин бүрдүүлж, эдийн засагт ховор бөгөөд ихээхэн үнэтэй байдаг мөнгөний өөрийн өртгийг бууруулах шаардлагатай. Мөн инфляцыг нам, тогтвортой түвшинд байлгах зорилгоо умартаж болохгүй. Ийм суурь асуудлаа шийдсэний дараа зээлийн хүү буурна.
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
Б.ХҮСЛЭН: Хүүгийн дээд хязгаар тогтоолоо гэхэд хэдхэн жил үргэлжилнэ
Зээлийн хүүг бууруулах стратегийн баримт бичиг боловсруулах ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Б.Хүслэнгээс зарим зүйл тодрууллаа.
-Банкны зээлийн хүүгийн хувь хэмжээнд хуулиар дээд хязгаар тогтоох талаар ярьж байгаа. Зээлийн хүүг захиргаадах аргаар тогтоох нь зөв үү?
-Юуны түрүүнд зээлийн хүү яаж тогтдог талаар дурдах нь зүйтэй болов уу. Сүүлийн найман жилийн дунджийг авч үзвэл зээлийн жигнэсэн хүү 14 хувь байсан. Түүний 10 хувийг хадгаламжийн хүү тодорхойлдог. 3.9 хувийг нь зээл, хадгаламжийн хүүгийн зөрүү тодорхойлж буй. Зээлийн хүү өндөр байгаад хадгаламжийнх их буй нь голлон нөлөөлж байгаа. Зээлийн хүүг бууруулах стратегийн баримт бичиг боловсруулах ажлын хүрээнд арилжааны банкуудаас албан бус тооцоо ирүүлсэн.
Үүнээс харахад зээлийн хүү 18.3 хувь байхад 12.6-ыг нь хадгаламжийн хүү бүрдүүлж байгаа. Инфляц сүүлийн жилүүдэд дунджаар 8.9 хувь байсан нь хадгаламжийн хүү өндөр байх бас нэг шалтгаан юм. Мөн ханшийн тогтворгүй байдал нөлөөлж ирсэн. Үүн дээр нэмээд банкны заавал байлгах нөөц зээлийн 18 хувийн хүүгийн 1.58 хувийг бүрдүүлж байгаа.
Бас хадгаламжийн хүүгийн орлогын татвар тодорхой хувийг эзэлдэг. Хадгаламжийн даатгалын хураамж 0.5, банкны ашгийн татварын зардал 0.41, үйл ажиллагааных 1.03, эрсдэлийн сангийн зардлууд 0.63 хувийг эзэлж байгаа. Ингээд харахаар банкны ашиг нэг гаруй хувийг л бүрдүүлж буй.
Эдгээр нь хадгаламж болон зээлийн хүү өндөр байхад нөлөөлж буй хэрэг. Хадгаламжийн хүү өндөр байхад мөн банкуудын эх үүсвэрийн төлөөх өрсөлдөөн, санхүүгийн салбар дахь их хэмжээний долларжилт, төгрөгийн ханш сулрах, мөнгөний нийлүүлэлтийн тогтвортой бус байдал зэрэг хүчин зүйл нөлөөлж байна. Ер нь Монголын эдийн засаг гадаад шоконд хэт өртөмтгий, нийлүүлэлтийн хүчин зүйлээс хамаарч инфляц тогтворгүй, өндөр байж ирсэн.
Макро эдийн засгийн бодлого сахилга батгүй, мөчлөг дагаж, санхүүгийн тогтвортой байдал хэврэг явсаар ирсэн, гадаад валютын нөөц бага, санхүүгийн зах зээл дэх Төвбанкны оролцоо хэт өндөр байсан зэрэг суурь шалтгаан бий. Эдгээр нь эдийн засгийн, банкны салбарын бүтэцтэй холбоотой.
Тиймээс бүтцийн томоохон өөрчлөлт хэрэгтэй. Ийм үед, суурь шалтгаануудаа шийдвэрлээгүй атлаа банкуудын зээлийн хүүнд дээд хязгаар тогтоон, үнэ хөлдөөх буюу захиргаадалтын аргаар нөлөөлөх нь банкны салбарыг эрсдэлд оруулах аюултай.
-Хууль баталчихлаа гэхэд зээлийн хүү буурах боломж бий юү?
-Банкны салбар санхүүгийн системийн 95 хувийг бүрдүүлдэг. Иймээс ч цаашилбал санхүүгийн системээ эрсдэлд оруулах магадлалтай. Манай улсын хүү ижил буюу дундаас доогуур орлоготой орнуудынхаас тав, Зүүн Ази, Номхон далайн улсуудынхаас 10 хувиар өндөр. Гэхдээ суурь шалтгаанаа шийдвэрлээгүй тохиолдолд зээлийн хүүнд дээд хязгаар тогтоох нь тодорхой хугацаанд л үргэлжилнэ.
Зөвхөн тухайн хугацаанд л цөөн хүн бага хүүтэй зээл авах боломжтой. Зах зээлийн бус аргаар зохицуулах учраас зээлийн хүү бүр 30 хувиас эхлэх эрсдэлтэйг ч үгүйсгэхгүй. Зээлдэгчид өөр өөрийн, ялгаатай эрсдэлтэй. Хүмүүсийн эрсдэл даах чадвар нь өөр байхад ижил хүүтэй олгох нь зах зээлд үр ашиггүй байдал бий болгоно.
Монгол Улсад зээлийн жигнэсэн дундаж хүү энэ жил 18.9 хувьтай байна л даа. 18 хувь гээд дээд хязгаарыг нь тогтоочихлоо гэж бодъё. Энэ нь 1-4 жил ч юм уу, тодорхой хугацаанд хэрэгжлээ ч суурь шалтгаануудаа өөрчлөхгүй бол удаан хугацаанд үргэлжлэх боломжгүй. Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоосон 103 улсын талаарх судалгаа бий. Ийм шийдвэр Япон зэрэг цөөн оронд хэрэгжсэн тухай уг судалгаанд тэмдэглэсэн байдаг. Эдийн засаг нь тогтворжсон, инфляц нь гэхэд хамгийн ихдээ нэг хувьтай орнуудад амжилттай хэрэгжсэн гэдэг.
-Хүүгийн хэмжээг бууруулахын тулд Засгийн газар, Монголбанк ямар арга хэмжээ авах ёстой вэ?
-Ерөнхийлөгчийн тушаалаар Монголбанкнаас зээлийн хүүг бууруулах ажлын хэсэг байгуулсан. Үүнд Монголбанк, судалгаа, шинжилгээний байгууллагууд, эрдэмтэд, их, дээд сургуулиуд, арилжааны банкны удирдлагын төлөөлөл багтсан юм. Ажлын хэсгийн зүгээс зээлийн хүүг зах зээлийн зарчмаар бууруулах стратегийн зорилтууд боловсруулсан.
Зээлийн хүү өндөр байгаа шалтгаануудыг гурав ангилсан. Макро эдийн засгийн орчин тогтворгүй, банкуудын эрсдэл удирдах чадвар, үр ашиг болон засаглалыг сайжруулах шаардлагатай нь ажиглагдсан л даа. Иймээс ч стратегийн 11 зорилтын хүрээнд макро эдийн засгийн тогтвортой орчин бүрдүүлэхийн тулд инфляцыг тогтвортой, нам түвшинд байлгах, гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэх, төсвийн сахилга батыг хангах, мөчлөг сөрсөн бодлого хэрэгжүүлэх, эдийн засгаа төрөлжүүлэх, дотоод хуримтлалыг нэмэгдүүлэх зэрэг зорилт дэвшүүлж байгаа.
Хүчтэй банкны салбартай болох, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх зэргийг мөн тусгасан. Эдгээрийн хэрэгжилтэд манлайлан оролцох байгууллагуудыг тодорхой зааж өгсөн. Алийг нь урт, богино хугацаанд хэрэгжүүлэхийг тусгаж, төлөвлөгөө боловсруулсан.