Шороон үхэр жилийн намрын дунд сарын арван долооны билигт сайн өдөр буюу 2009 оны аравдугаар сарын 10-нд “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурж байв. Дөрвөн жил гаруй хугацаанд үргэлжилж, хоёр парламент, гурван Засгийн газар дамжин хэлэлцэж, багагүй саадыг даван туулж байгуулсан уг гэрээг хөрсөн доорх баялгийг хөгжлийн хурдасгуур болгох “шидтэй” хэмээн итгэж найдсан хүн олон.
“Оюутолгой” ч монголчуудыг тэгтэл нь гонсойлгоогүй. Хэдхэн жилийн дотор улсын эдийн засаг хэд дахин томроход уг төслийн үүрэг оролцоо багагүй байсан. Өнгөрсөн хугацаанд “Оюутолгой” компани Монголын хамгийн том татвар төлөгч боллоо. Эдийн засагт шууд болон шууд бусаар оруулж буй хувь нэмэр нь нүдэнд ил байгаа тул уг төсөлгүйгээр цааш явна гэж төсөөлөхөд ч хүндхэн санагдах болжээ. Харин гэрээг нь хийж, Оюутолгойг хөдөлгөсөн хүмүүс шоронд сууж байна.
Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын дарга асан Н.Ариунсан, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нараас мэдүүлэг авна гэж АТГ-т дуудаад, очиход нь сэжигтнээр татан, баривчилсан нь өнгөрсөн сард өрнөсөн үйл явдлуудаас хамгийн дуулиантай нь байв. Уг нь хүнийг хойшлуулшгүй тохиолдолд л прокурорын зөвшөөрөл, шүүхийн шийдвэргүй баривчлах хуультай.
“Сэжигтнээр тооцогдсон этгээдийн бие, хувцас, орон байрнаас гэмт хэргийн эд мөрийн баримт, ул мөр илэрсэн, оргон зугтахыг завдсан, гэрч, хохирогчоос сэжигтэн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн болохыг шууд заасан, хаана оршин суудаг, хэн болох нь тодорхойгүй, бичиг баримт нь эргэлзээтэй, бусдын амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөнд аюул учруулж болохуйц зүйлээр зэвсэглэсэн, бусдын амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөнд аюул учруулах талаар заналхийлэх үйлдэл нь биелэх магадлалтай, сэжигтэн этгээд өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох чадваргүй болтлоо мансуурсан, согтуурсан, урьд нь оргож эрэн сурвалжлагдаж байсан, хорих ял удаа дараа шийтгүүлсэн, онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон бол хойшлуулшгүй тохиолдол гэж үзнэ” хэмээн тайлбарладаг юм билээ.
Гэтэл АТГ-т дуудсан хугацаанд нь мэдүүлэг өгөхөөр очсон тэдэнд хойшлуулшгүй ажиллагаагаа явуулж, баривчилсан бөгөөд яллагдагчаар татаж, “Гэмт хэрэг дахин үйлдэх талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр нэг сарын хугацаагаар хорих шүүхийн шийдвэр маргааш нь гарсан юм.
С.Баярцогт, Б.Бямбасайхан, Б.Ариунсан нарын таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа дууссан тул шүүхээс С.Баярцогт, Б.Бямбасайхан нарын цагдан хорих хугацааг 15 хоногоор сунгаж, Б.Ариунсанг суллан, хилээр гарах эрхийг нь хязгаарлах шийдвэр хоёр хоногийн өмнө гаргав. Удахгүй С.Баяр, Ч.Сайханбилэг нарын 30 хоног дуусах тул хорих хугацааг нь сунгах, эсэхийг шүүхээр хэлэлцэнэ.
ТЭДЭНД ТӨР ҮҮРЭГ ХҮЛЭЭЛГЭСЭН
Тэднийг “Оюутолгой” төсөлтэй холбогдуулж “Гэрээ эрх зүйн ба римт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гарган бусдад давуу байдал олгосон байж болзошгүй” гэсэн үндэслэлээр буруутгаж буй. Өмгөөлөгч Г.Орхон “С.Баярцогт гэдэг хүнийг гэрээг боловсруулж, байгуулах ажлын хэсэгт дэд ахлагчаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон уу, буруу зөрүү зүйл хийсэн үү гэдгийг л шалгаж байгаа.
Гэрээг байгуулахдаа авлига авсан гэж буруутгасан зүйл заалт байхгүй. Өөрөөр хэлбэл, гэрээний зөв, бурууг эрүүгийн шүүхээр хэлэлцэх гээд байгаа юм. Монгол Улс бол Оюутолгойн гэрээний нэг тал. Хэрэв гэрээнд буруу зөрүү зүйл байна гэж үзэж буй бол Арбитрт хандах, эсвэл нөгөө талтай хэлэлцээрийн ширээний ард сууж ярилцах ёстой болохоос энэ ажлыг хий гэж томилж явуулсан хүнээ золиослох замаар асуудлаа шийдэх учиргүй” хэмээгээд үйлчлүүлэгчийг нь хорих үндэслэл байхгүй байхад хорьж, хугацааг нь сунгаж буйн ард өөр зорилго байх вий хэмээн хардаж буйгаа илэрхийлсэн.
Хэдэн жил хоосон улстөржиж, хий орилолдоод, эцэст нь стандарт бус Засгийн газар байгуулан байж баталгаажуулсан гэрээг С.Баяр, С.Баярцогт нар толгой мэдээд хийчихээгүй. Засгийн газар, УИХ, ҮАБЗ гээд тухайн үед төрийн төв аппаратад ажиллаж байсан бүх хүн хуруу, хошуу нэмэрлэсэн. Засгийн газрын хуралдаанаар маш олон удаа хэлэлцсэн, УИХ-аар ч эргэж буцан хэдэнтээ орсон. Асуудал УИХ-аар орно гэдэг нь нам, эвслийн бүлгүүдээс эхлээд байнгын хороод, нэгдсэн чуулганы хэдэн шатны хэлэлцүүлэг дамждаг нүсэр ажил. Гэрээний эцсийн хувилбарыг л гэхэд УИХ-аар гурав хоног ярилцаж, тал талаас нь асууж, тодруулаад, гарын үсэг зурж, баталгаажуулах эрхийг Засгийн газарт олгосон тогтоол баталсан байдаг.
ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах ажлын хэсгийг анх тухайн үеийн Уул уурхайн сайд Д.Зоригт ахалж байсан. Тэд боловсруулсан төслөө оруулж ирэхэд УИХ-аас “Энэ гэрээ болохгүй, сайжруул” гэсэн чиглэл өгч, ажлын хэсгийг С.Баярцогт ахалсан. Ажлын хэсэг байгуулж, ахлагчийг нь сольж, их явдал суудал болж байж хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-аар баталсан шүү дээ.
Ерөнхий сайдаар С.Баяр ажиллаж байхдаа л УИХ-д өргөн барьсан болохоос тал талаас нь шүүж, хэлэлцээд, УИХ-аар баталсан гэрээ. Хэрвээ гэрээ байгуулахад оролцсон сайд нар нь хахууль авчихаагүй л юм бол хийсэн ажилтай нь холбогдуулж, УИХ-аас гаргасан шийдвэрийн төлөө төрд зүтгэж байсан тэднийг барьж, хорих нь буруу. Чин үнэнийг хэлэхэд Засгийн газар танхимаараа хариуцлага хүлээдэг зарчимтай. Тэр Засгийн газрын бүрэлдэхүүнд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга ч байсан, би ч байсан” гэсэн.
Хэдэн жил хоосон улстөржиж, хий орилолдоод, эцэст нь стандарт бус Засгийн газар байгуулан байж баталгаажуулсан гэрээг С.Баяр, С.Баярцогт нар толгой мэдээд хийчихээгүй. Засгийн газар, УИХ, ҮАБЗ гээд тухайн үед төрийн төв аппаратад ажиллаж байсан бүх хүн хуруу, хошуу нэмэрлэсэн. Засгийн газрын хуралдаанаар маш олон удаа хэлэлцсэн, УИХ-аар ч эргэж буцан хэдэнтээ орсон.
Асуудал УИХ-аар орно гэдэг нь нам, эвслийн бүлгүүдээс эхлээд байнгын хороод, нэгдсэн чуулганы хэдэн шатны хэлэлцүүлэг дамждаг нүсэр ажил. Гэрээний эцсийн хувилбарыг л гэхэд УИХ-аар гурав хоног ярилцаж, тал талаас нь асууж, тодруулаад, гарын үсэг зурж, баталгаажуулах эрхийг Засгийн газарт олгосон тогтоол баталсан байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн үед парламентад сууж байсан хүн бүр гар бие оролцож, олонх нь энэ гэрээг байгуулж болно гэсэн зөвшөөрөл өгсөн гэсэн үг.
Стратегийн том ордын гэрээг ҮАБЗ-өөр хэлэлцэхгүй байна гэж үгүй. Тэд ч бас гэрээний төслийг үзэж, үүрэг чиглэл өгсөн бөгөөд ажлын хэсэг түүнийг биелүүлж ажилласан гэдэг. Төр үүрэг өгчихөөд, түүнийг нь биелүүлж ажилласан хүмүүсээ яллаж, хорих нь арай л харгис биш үү.
Гэрээ үнэхээр засаж залруулшгүй алдаатай, үүнээс болж Монгол Улсын эрх ашиг ноцтойгоор зөрчигдсөн бол хэний ч толгойг илж болохгүй нь мэдээж. Гэхдээ хэн нэгнийг замаасаа зайлуулах, өшөө авах, өөр бусад зорилгоор тодорхой хүмүүсийг барьж хорих бус, тухайн үед энэ гэрээний төслийг хэлэлцэхэд оролцож, буруу зөвийг нь хэлэх үүрэг хүлээж, нягталж, шалгаж, чиглэл, даалгавар өгч явсан бүх хүн тохирох хариуцлагаа үүрвэл шударга ёсонд нийцэх биз ээ.
Ялангуяа энэ гэрээг байгуулсан С.Баярын Засгийн газарт багтаж байсан хүмүүс, шийдвэр гаргагч байгууллага УИХ-ын гишүүд, ҮАБЗ-ийнхөн. Учир нь тэдэнд засаж, залруулах, сануулж хэлэх, энэ гэрээг батлахгүй байх боломж ч нээлттэй байсан.
УЛСТӨРЧДӨД ХҮНИЙ ЭРХ ХАМААГҮЙ ЮУ
Тэдний гэм буруутай, үгүйг шүүхээр тогтоогоогүй байгаа. Гэтэл шүүх, прокурорынхон “Дахин гэмт хэрэг хийж болзошгүй” гэсэн үндэслэлээр хорьж, хоног хугацааг нь сунгаж буй нь хэр зохистой вэ. Үүгээрээ тэднийг шүүхийн шийдвэр гарахаас өмнө гэмт хэрэгтэнд тооцоод буй хэрэг биш үү.
Энэ талаар УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл “Хуулийнхны хүний эрхийн мэдлэг ихээхэн дорой байгааг харууллаа” хэмээн жиргэсэн харагдсан. Мөн өмгөөлөгч Г.Орхон үйлчлүүлэгчийг нь бүтэн сар хорихдоо ганцхан удаа байцаалт авсан тухай мэдэгдсэн. Энэ бол эрүүдэн шүүхийн нэг хэлбэр, залхааж, туйлдуулах шалгарсан арга гэдгийг бид мэднэ. Энэ баривчилгааны ард хүний эрхийг зөрчсөн үйлдэл нэг биш явж байх шиг. Эсвэл улстөрчдөд хүний эрх хамаагүй байдаг юм болов уу.
Түүнчлэн онцгой цөөн тохиолдлоос бусад үед хүнийг шүүхийн шийдвэр, прокурорын зөвшөөрөлгүй баривчилж болохгүй, цагдан хорихоос аль болох татгалзаж, өөр бусад арга хэмжээгээр орлуулахыг чухалчлах ёстой гэсэн үзэл баримтлал байсаар атал дээрх хүмүүсийг барьж, хорьж, хугацааг нь сунгаж буй нь өөр зорилготой л биш байгаасай.
Бас нэгнээ улс төрийн бохир тоглоомын золиос болгож, хорьж, цагдан, ажил, амьдралд нь арилшгүй толбо суулгачихаад “Хэргийг хэрэгсэхгүй болголоо, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байжээ” гээд юу ч болоогүй мэт сууж байдаг харамсалтай явдал бүү давтагдаасай.