АТГ-ын дарга болон дэд даргад нэр дэвшигчийг тодруулахаар Ерөнхийлөгчийн санаачилгаар өнгөрсөн сарын 25-наас энэ сарын 1-ний хооронд иргэдээс санал авсан билээ. Тус газрын даргад 6382 иргэний саналаар 179 хүнийг, дэд даргад 5657 иргэний саналаар 317 хүнийг нэр дэвшүүлсэн байна.
Иргэдээс ирүүлсэн саналыг нэгтгэн хамгийн олон хүний дэмжлэг авсан 10 иргэнийг жагсаахад өдгөө ҮАБЗ-ийн Ажлын албаны даргаар ажиллаж буй, өмнө нь ШШГЕГ-ын дэд дарга байсан, хурандаа Д.Даваа-Очир тэргүүлжээ. ШШГЕГ-ын дэд дарга асан, түүнээс өмнө АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан, хурандаа Ж.Батсайхан хоёрдугаарт жагссан байна. ЦЕГ, ШШГЕГ-ын даргаар ажиллаж байсан, бригадын генерал Б.Билэгт гуравдугаарт бичигдсэн бол түүний дараа ЭЦА-ны дарга асан, хурандаа Н.Ууганбаяр, ТӨХ-ны дарга байсан Д.Цогтбаатар, ЦЕГ-ын дарга болохынхоо өмнө АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн даргаар ажиллаж, өдгөө ХСИС-ийн захирал болсон хурандаа Ө.Энхтөр, АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан, ЕТГ-ын дарга З.Энхболд, “Буян” компанийн захирал, БНН-ын дарга Б.Жаргалсайхан, Ерөнхийлөгчийн өмгөөлөгчөөр нь ажиллаж байсан, АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн гишүүн Д.Пүрэвбаатар нар оржээ.
“АТГ-ын даргад нэр дэвшигч нь төрийн албанд 15-аас доошгүй жил ажилласан, 45 нас хүрсэн, эрхзүйч мэргэжилтэй, удирдах болон мэргэжлийн ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн таван жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй, дэд даргад нэр дэвшигч нь төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан, эрхзүйч мэргэжилтэй, гүйцэтгэх болон мөрдөн байцаах ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн таван жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй” зэрэг шаардлага хангасан байх ёстой ч олонхын санал авч, эхний 10-т орсон иргэдийн зарим нь төрийн албанд 15-аас доошгүй жил ажилласан туршлагатай, эрхзүйч мэргэжилтэй, сүүлийн таван жил улс төрийн албан тушаал эрхлээгүй байх зэрэг шаардлагыг хангаагүйг Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албаны мэдээнд онцолжээ. Шаардлага хангасан хоёр хүний нэрийг Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-д өргөн барих гэнэ.
АТГ-ын даргыг санал асуулгаар тодруулах хуулийн заалт үгүй бөгөөд энэ санал асуулга хүчин төгөлдөр болох, эсэх нь эргэлзээтэйг хэлэх хуульч олон байна. Мөн Авлигын эсрэг хуулийн 21.5-д “АТГ-ын дарга, дэд дарга нөхөн томилогдвол түүний бүрэн эрх нь томилогдсон өдрөөс эхлэн энэ хуулийн 21.1-д заасан бүрэн эрхийн хугацаа (зургаан жил) дуустал үргэлжилнэ” гэж заасантай зөрчилдөж буй тул эрх зүйн чадамжгүй. УИХ-д өргөн мэдүүллээ ч хаврын чуулганаар үүнийг хэлэлцэхгүй, намрын чуулганд оруулах болов уу гэх хүн ч цөөнгүй байна.