Хүүхэд тань хүйтэн бороонд нүцгэн, бээрч зогсвол яах вэ?
Мэдээж, гэртээ оруулаад, халуун хоол, унд өгч, чадлаараа л бөөцийлж, ханиад хүрчих вий гэж санаа зовно. Халуурч бүлээрэх вий гэж хажууд нь суугаад ажиглана. Энэ бол үр хүүхдээ гэсэн хэний ч хийх эхний алхам.
Тэгвэл эх сайхан хэл минь ширүүн бороонд цохиулж, бээрч, осгож, дагжтал чичирч байхад бид зүгээр л “Шалба норох нь дээ” гэж үглэж “санаа зовсон” болоод, эргэж хараад л мартаж орхидог. Хэдийгээр мах, цуснаас тасарч, төрдөггүй ч эх хэл нь тухайн улс, үндэстний удам залгагч нэгэн хүүхэд, хэн болохыг нь дэлхийд таниулан, тунхагладаг том тамга. Тийм байтал бид өвөг дээсийнхээ оюун уургаас ургасан нандин “хүүхдийг” дааруулж, цангааж, зовоож байгаа нь үүх түүхээ уландаа гишгэснээс ялгаагүй, ирээдүйдээ зэрэмдэг хэл өвлүүлэх том нүгэл билээ.
Тиймээс эх хэлийг минь хэн зовоогоод байгааг нухацтай хэлэлцэж, алдаагаа засаж залруулахад анхаарахгүй бол горьгүй нь. Өдөр бүр ярьсаар байгаад эл сэдвийг ул болгож байгаагаа ч хүлээн зөвшөөрөх ёстой.
Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд “Үндэсний түүх, хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа хадгалж, хамгаалж хөгжүүлэх нь монгол үндэстний оршин тогтнохын үндэс, амин чухал дархлаа” хэмээн тодотгосон байдаг.
Эх хэлээ хазгай хэлтгий болгож байгаа буруутан нь монголчууд бид. Үүнд жирийн иргэдээс эхлээд багш, хэлний мэргэжилтнүүд, хууль журам боловсруулж, баталж, тогтоодог хүмүүс ч буруутай. Яагаад гэж үү.
Өнөөдөр төрийн баримт бичиг, хууль, журамд хоёрдмол утгатай, дүрэм болон найруулгын алдаатай, буруу, зөрүү үг олон бий. Албаны бичиг баримт бэлтгэдэг, түгээдэг хүмүүсийн алдаа, анзааргагүй байдлаас болж түмэн олонд ташаа ойлголт төрүүлдэг. Энэ л хамгийн хортой гэдгийг мэргэжлийнхэн тайлбарладаг.
...Сүүлийн үед монголчуудыг хойморт нь уях болсон нэгэн шоуны шүүгч Ука “Алцгар” гэдэг үгийг магтаал болгон мандуулав. Монгол хэл сурч байгаа гадаадын оюутнуудын дунд эл үг ихэд тархсан байна лээ...
Хүмүүс өдөр тутмын харилцаанд хэрэглэдэг ярианы хэл танигдахаа байлаа гэж шүүмжилдэг. Гэхдээ энэ нь дээрхийг бодвол тийм ч аюултай биш аж. Яагаад гэвэл, харилцааны хэрэглүүр болсон хэл нь байнга бохирдож байдаг бөгөөд тэр хэрээр цэвэршдэг амьтай зүйл гэж шинжлэх ухааны доктор Д.Төмөртогоо гуай тайлбарлаж байсан. Салбарынх нь эрдэмтэн, мэргэжилтнүүд ч түүнтэй санал нийлдэг юм билээ. Харин элдэв ормол үг олширч, түүнийг өдөр тутамд өргөн хэрэглэх нь тухайн хэлийг эрлийзжүүлэх сөрөг талтайг анхаарах учиртай.
Яг ийм жишээ Монголд олон. Жишээ нь, шоудах, шопингдох, оочерлох зэрэг үгийг манай хүүхэд багачуудаас эхлээд хөгшид хүртэл андахгүй. Түвэггүй, яг л монгол юм шиг ойлгогдох ийм үгийг хэн, хэзээ зохиосныг бүү мэд. Ямартай ч, амьдралын явцад бий болсон энэ мэт үгийн үндэс нь харийн хэлнийх. Түүн дээр үйл үг үүсгэх дагавар залгаад л эх хэлэндээ нутагшуулчихсан, бид.
Үүнтэй адил “дивандах, пиардах, коротоглох, басейндах, бойкотлох” гэсэн хачин үг олон. Зарим нь үнэндээ ямар утгатай, хаанахыг үг болохыг мэдэхгүй. Харийн хэлний үгийг монгол болгон “хувиргаж” байгаа биднийг тухайн улс, үндэстэн “Монголчууд эх хэлийг минь алж байна” гээд шүүхдэхэд унаж мэднэ шүү.
Үүнээс гадна тухайн мэргэжлийнхний “төрүүлсэн” сонин үг цөөнгүй. Тухайлбал, “Дулааны шугам сүлжээ компенсацлах чадвараа алдах...” гэсэн “хэвшмэл хэллэг” энэ салбарын инженер техникийн ажилтнуудын өдөр тутмын хэрэглээ шахуу болсон. Хөдөө аж ахуйн салбарынхан “үүлдэрлэг байдал” гэхээр андахгүй. Энэ мэтээр дураараа үйл үг үүсгэхээс гадна эсрэгээрээ үйл үгийг нэр үг болгон “хувиргах” амархан болжээ. Дугаарлахыг дугаарлалт, бодохыг бодолт, шошголохыг шошгололт зэргээр бичих нь түгээмэл. Буруу “замын” ийм үг Монгол Улсын хууль, журамд, сурах бичигт байгаа нь тун харамсалтай. Анхнаасаа л ийм андуу, эндүү үг, үсэгтэй танилцсан багачууд том болоод яах вэ. Алдааг нь хэлж өгөөд нэмэргүй, харин ч гайхах биз.
Эх хэлээ дэлгэрүүлэх, түгээн таниулах гэсэн том асуудал бий. Тэгтэл энэ мэтээр зүсийг нь хувиргасан танихгүй хэлийг бид “Монголынх” гэж гадаадынханд хэлж, заах уу. Солонгосчууд соёл, урлагаа хэл соёлоо түгээх сургууль болгож чадсан нь гайхалтай. Жүжигчид нь үгээ зориуд тод, удаан хэлдэг нь ийм учиртай. Харин монгол кинонуудад “лалар, хөгшин банди, шаах” гэхчилэн муухай үг олонтаа таардаг.
Угтаа бол иймэрхүү хараалын үгийг хязгаарлагдмал хүрээнийхэн, бүр тодруулбал, хоригдлууд гаргасан гэдэг. Соён гэгээрүүлэх үүрэгтэй урлагийнхан бүдүүлэг үгсийг дэлгэцээр дураараа цацаж байгаа нь эх хэлний ариун байдалд, цаашлаад монгол хэлийг сонсголонгүй болгоход хувь нэмэр болж байгаа нь үнэн. Сүүлийн үед монголчуудыг хойморт нь уях болсон нэгэн шоуны шүүгч Ука “Алцгар” гэдэг үгийг магтаал болгон мандуулав.
Монгол хэл сурч байгаа гадаадын оюутнуудын дунд эл үг ихэд тархсан байна лээ. Энэ дашрамд дуулгахад, тэрхүү нэвтрүүлэгт оролцогчид “шүүгч” гэдэг үгийг заавал англиар хэлдэг нь ямар учиртай юм бол гэж монгол судлаачаар сурч буй франц залуу асуусан.
Эх хэлний дархлаанд санаа зовж, түүгээр бахархдаггүй юм гэхэд бохирдуулахгүй байх тал дээр хэн хэн нь анхаарах учиртай болов уу. Энэ хүрээнд асуудал дэвшүүлдэг хүн цөөнгүй байдаг юм билээ. Жишээлбэл, хүүхдэдээ гадаад нэр өгөх нь уршигтай гэсэн байр суурьтай хүмүүс “Монголчууд төвд нэрээс татгалзах цаг болсон” гэж хэлснийг тунгаахад илүүдэхгүй.
Монгол хэл зүсээ хувиргаж байгаад сэтгүүлчдийн “хандив” их бий. Зурагтаар гарч од л болох хүсэлтэй, эрмэлзэлтэй зарим нэг нь хэлээ орооцолдуулж, гадаад аялгатай ярих “моод” дэлгэрүүлж байна. Дүрэм, үсгийн алдааны талаар энд ярих юм биш. 10 гаруй жилийн өмнө “Францын улстөрчид эх хэлээ мэддэггүй, өнгөрсөн, өдгөө, ирээдүй цагийг хольж ярьдаг” гэж тус улсын хэвлэл мэдээллийнхэн, сэтгүүлчид нь шүүмжилж, эх хэлээ бузарлаж буй хүмүүстэй “дайн” зарласны хүчээр Сенатын гишүүд нь номын дуу сонссон гэдэг. Энэ бол дөрөв дэх засаглалынхны бахархам жишээ.
Өөр нэг асуудал бол шинжлэх ухаан, техник технологийн салбарт монгол хэл үл мэдэгчийнх болсон гэдэгтэй санал нийлэх үү. Олон улсад хэвшсэн, харийн үг хэллэг, томьёо, гаргалгааны талаар энд дурдах нь илүүц биз. Хамгийн чухал нь зөв орчуулж, хэрэглээнд хэвшүүлэхэд мэргэжилтнүүдийн оролцоо чухал.
Нөгөөтэйгүүр хүний сэтгэхүй нь хэл яриатай шууд холбоотой гэдгийг санах учиртай. УИХ гишүүн асан М.Батчимэг “Үндэсний хэл соёлоо хамгаалах нь аюулгүй байдлаа сахиж буйтай утга нэг. Монгол хүүхдүүд уламжлалт ахуйгаа дүрсэлсэн хэллэгийг мэдэхгүй болж байна. Ийм байдлаар явбал 30-40 жилийн дараа манай хэл соёл ихээхэн өөрчлөгдөхийн зэрэгцээ монгол хэлээр аливаа боловсрол эзэмших боломжгүй болох эрсдэлтэй. Хэл бол сэтгэхүйг дамжуулагч код” гэж нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг.
Эцэст нь өгүүлэхэд, Монголд боловсролын системийн гажуудал үүссэний нэг илэрхийлэл нь “хазгай” монгол хэлтэн олширч буй явдал. Багш нар, хүүхэд сургадаг хүмүүс өөрсдөө буруу ярьж, үлгэрлэж байна. Оюунтай иргэн бэлтгэнэ л гэнэ. Оюунлаг байна гэдэг нь эх хэлээ мэддэг, монголоор сэтгэдэг байхыг хэлэх болов уу. Бусад нь дараагийн асуудал.