“Өнөөдөр” сонин “Спэйшл майнз” компаниас 60 сая төгрөг авч, “амаа хамхиулжээ” гэсэн яриа Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд хаврын салхинд туугдсан хуурай өвсний түймэр шиг тарж гэнэ. Учрыг нь гүйцэд олоогүй уншигчид бидэн рүү хатуу үг чулуудаж байна.
Монголын өдөр тутмын анхны чөлөөт сонин болсноосоо хойших 22 жилийн хугацаанд сэтгүүл зүйд өөрийн гэсэн өнгө аяс, орон зайг дархалж, мэргэжлийн ёс зүй, зарчмаасаа гажихгүй явсаар ирсэн, хадгалах байр суурь, хамгаалах нэр хүндтэй сонины хувьд ийм увайгүй зүйл хийгээгүйгээ уншигчдадаа тайлбарлах нь бидний үүрэг болов.
Тус аймгийн Баян-Овоо сумын нутаг, Цагаан цахирын алтны үндсэн ордод үйл ажиллагаа явуулдаг “Спэйшл майнз” компанийн баяжуулах үйлдвэрт гуравдугаар сарын 5-нд цианидын уусмал асгарсан талаар бид анхлан мэдээлж, үүнийхээ мөрөөр газар дээр нь ажиллан, есөн цуврал сурвалжилга бэлтгэж, уншигчдадаа хүргээд байна. “Спэйшл майнз” компанийн баяжуулах үйлдвэрийн шахуургын товчлуур тодорхойгүй шалтгаанаар дарагдаж, хорт бодис ямар ч хяналтгүйгээр шахан, цианидын уусмал 30 минутын турш асгарсан, үүний улмаас ажилчид нь “химийн хорт бодисын хордлого” гэсэн оноштойгоор бүтэн сар эмчлүүлснийг бид сурвалжилгаараа гаргаж тавьсан.
Тус компанийнхан цианид алдсан тухайгаа холбогдох мэргэжлийн байгууллагуудад мэдэгдээгүй, ажилчдаа ч эмнэлэгт хүргээгүйгээс цагдаа, мэргэжлийн хяналт, онцгой байдлын газрынхан үүссэн нөхцөл байдалтай цаг тухайд нь танилцаж чадаагүй, ажилчид нь ч цианидад хордсоноо шинжилгээгээр тогтоолгох боломжгүй болсныг дурдсан.
Цуврал сурвалжилга маань холбогдох хүмүүсийн анхааралд хүрч, аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр тэргүүтэй ажлын хэсэг өнгөрсөн сарын 2-нд “Спэйшл майнз” компанийн уурхайд шалгалт хийж, баяжуулах үйлдвэрийнх нь тоног төхөөрөмжийг лацдан, үйл ажиллагааг нь зогсоогоод буй.
Хэрэг явдлаас хойш бүтэн сар өнгөрсөн ч холбогдох мэргэжлийн байгууллагын дүгнэлт, хордсон, эсэхийг тогтоох шинжилгээний хариу гараагүй нь төрийн байгууллагууд энэ хэрэгт дэндүү хойрго хандаж буйн илрэл. Харин тус компанийнхан энэ хооронд хэвлэл мэдээллийн байгууллагуудыг дуугүй байлгахад ихээхэн хүч хаяж, Сайтуудын холбоотой гэрээ хийн, их хэмжээний мөнгө төлсөн, нэгэн яамны химийн хорт бодис хариуцсан мэргэжилтэн Хордлого судлалын үндэсний төвийнхнийг “Тус компанийн ажилчид цианидад хордоогүй гэсэн дүгнэлт гаргаад өгөөч” гээд явж байсан гэх мэтийн мэдээлэл бидэнд ирснийг ч мэдээлсэн билээ.
Манай сонины удирдлага руу “Гэрээ хийе, тохиролцъё” хэмээн хэдэнтээ хандсан ч бид мэргэжлийн ёс зүй, зарчмаа баримтлан ажиллахаа мэдэгдэж, цуврал сурвалжилгаа үргэлжлүүлсээр байгаа. Цаашид ч энэ асуудлыг орхихгүй, үйл явдал хэрхэн өрнөхийг цаг тухайд нь мэдээлэх болно.
Химийн хорт, аюултай бодисын жагсаалтад багтсан цианидыг ашиглах зөвшөөрөлтэй гуравхан компанийн нэг нь “Спэйшл майнз”. Тэр ч утгаараа бүх эрсдэлийг тооцон, аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж, техник, технологийн хамгийн найдвартай, сайн шийдлийг үйл ажиллагаандаа ашиглах үүрэгтэй. Гэтэл хорт бодис шахдаг шахуурга нь “өөрөө” ажиллаж, цианидын уусмал 30 минут асгарсан, үүнийгээ нууж өнгөрөөхөөр оролдсон нь “толгойг нь илээд орхих” хэрэг яавч биш.
Том, жижиг аливаа асуудлыг хуулиас гадуур шийдэхийг оролдох нь гэмт үйлдэл. Хууль дээдлэх, хуулийн хүрээнд амьдрах нь эрүүл нийгмийг цогцлоох эх үндэс. Нийгмийг ийш нь чиглүүлэх нь хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг гэж үздэг учраас бид мөнгө хөрөнгө, эрх мэдэлтэй хүмүүс хуулийн дээр гишгэдэг явдлыг өөгшүүлэлгүй, мэргэжлийн ёс зүй, зарчмаа баримтлан ажиллаж байна.
Сэтгүүл зүйн салбарыг бохир аргаар мөнгө олох талбар болгосон, мэргэжлийн нэр хүндийг нь унагахад гол үүрэг гүйцэтгэдэг хэсэг бүлгийг ёс зүйтэй ажиллахыг шаардаж, салбараа цэвэр тунгалаг байлгахад анхаарал хандуулахыг МСНЭ, Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс хүсье. Зориуд ч байж болзошгүйгээр манай сонины нэрийг холбож, 60 сая төгрөг авсан гэх эздийг үнэн мөнөөр нь тогтооход шаардлагатай арга хэмжээ авч ажиллана хэмээн найдаж байна.
“Өнөөдөр” сонины зөвлөл