Жор мэдэхгүй эмчээс зовлон үзсэн чавганц дээр гэж хэлэлцэн олны ам дамжсан яриа, дом шившлэгт итгэн өөрөө өөрсдийгөө эмчлэх хүн цөөнгүй. Ялангуяа мал, амьтны эд эрхтэнээр биеэ “эмчлэх” хүн олширчээ. Хавар болж амьтад ичээнээсээ гарах үеэр ганц нэг буун дуу “гаргаж” хорхойгоо дарах гэсэн ан сонирхогчид амьтны янз бүрийн эд эрхтэний уртаас урт жагсаалттай замд гардаг аж.
Хүмүүс тэдэнд чонын тархи, уушги, гөрөөсний цус, үнэгний уушги, тарваганы бөөр, хүн мах гээд зүсэн зүйлийн юм захидаг гэнэ. Эл явдал нэг талаасаа амьтны тоо толгойд сөргөөр нөлөөлж буйг мэргэжлийн байгууллагынхан байнга анхааруулсаар ирсэн ч иргэд тоолгүй, өдий хүртэл идсээр, итгэсээр л байна. Таслан зогсоох байтугай улам даамжирсаар олон өвчний эх үндэс болгоход хүрээд буйг эмч мэргэжилтнүүд хэлэв.
Тухайлбал, сүүлийн хоёр жилд мал, амьтнаас хүнд халдварладаг зооноз өвчний тохиолдол эрчимтэй нэмэгджээ. Судалгаанаас харахад 2012 онд энэ төрлийн өвчний 238 тохиолдол бүртгэгдэж байсан бол 2016 онд 876 болж даруй гурав дахин өссөн аж. Уг тоо өнгөрсөн онд бүр ч нэмэгдэн 1474 болж аюулын харанга дэлдэх хэмжээнд хүрээд байна.
Дэлхийн эрдэмтдийн нээн илрүүлсэн 200 гаруй төрлийн зооноз өвчин байдгаас манай оронд 30 гаруй нь дэгдэх эрсдэлтэй аж. Үүнээс хамгийн их тохиолдож буй нь хачигт халдвар, тарваган тахал, галзуу, боом, бэтэг зэрэг юм. Зоонозын өвчлөлүүд манай улсад ихэвчлэн арьс, амьсгалын замаар, мөн залгиур, ходоодоор дамжин халддаг аж.
Жишээлбэл, тарваган тахал, боом гэх мэт өвчлөл хүнд арьс болон амьсгалын замаар халддаг гэнэ. Учир нь хүмүүс мал, амьтныг төхөөрөх үед гарын арьсаар дамжин халдварладаг бол тахалтай тарваганы нүх орчмоос амьсгалын замаар халдварладаг аж. Тиймээс хүүхдээ тарваганы нүх орчмоор тоглуулахгүй байхыг Зооноз өвчин судлалын үндэсний төв (ЗӨСҮТ)-ийнхөн иргэдэд анхааруулж байна.
Боом өвчин манайд зөвхөн арьсаар халдварласан тохиолдол илэрдэг аж. Боомын вирус газрын хөрс, өтөг, бууцанд удаан хадгалагддаг бөгөөд хүн нүх ухах, өтөг бууц цэвэрлэх үед гар болон бусад хэсгийн арьс гэмтэж, шархалсан тохиолдолд халдвар авах эрсдэлтэй. Үүнээс гадна дээр дурдсанчлан мал, амьтны эд эрхтэнийг түүхийгээр нь хэрэглэснээс гэдэс болон залгиур хоолой өвчилж, улмаар нас барах эрсдэлтэй. Жишээлбэл, гурван жилийн өмнө Хөвсгөл аймагт тарваган тахлаар нэг хүн нас барсан. Тухайн хүн тарваганы цөсийг түүхийгээр нь залгиснаар залгиур хоолой өвчилж амиа алдсаныг тогтоожээ.
Зуны дэлгэр цагт иргэд амралт, зугаалгаар хөдөө явах нь ихэсдэг. Замдаа хаа таарсан газраасаа тарваганы мах, тулам худалдан авч иддэг. Ямар нэгэн өвчин тусчих вий гэж төдийлөн ойшоодоггүй нь гол асуудал гэж ЗӨСҮТ-ийн эмч нар онцолсон. Өнгөрсөн жил Баян-Өлгий аймагт тарваган тахлын голомт идэвхжиж байх үед тус төвийн мэргэжилтнүүд нутгийн иргэдэд заавар зөвлөгөө өгч, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авчээ.
Гэтэл иргэд зөвлөгөөг ойшоолгүй, голомтот нутгаас тарвага агнан Ховд аймаг руу худалдсанаас нэг хүн өвчилжээ. Худалдан авагч хөлдүү тулмыг хөргөгчинд нэлээд хэд хонуулаад, боодог хийж идтэл тахал туссан гэнэ. “Жилдээ ганц нэг гарч байгаа нь бага тоо мэт санагдаж болох ч уг өвчин танаас хол хэмээн бодож болохгүй нь. Зэрлэг амьтны мах худалдан авч л байгаа бол та эрсдэлд ороход ойрхон гэдгийг ойлгох хэрэгтэй” гэж мэргэжилтнүүд санууллаа.
Энэ мэт хамгийн ихээр хэрэглэдэг тарваганаас эхлээд, үнэг, чоно, бор гөрөөс, зэрлэг гахай зэрэг амьтан бүгд нян, бактер тээж байдаг гэнэ. Хүний элгэнд сайн хэмээн зэрлэг гахайн элэг нэлээд үнэд орсон, олдох нь ч мөн хэцүү гэнэ. Гэхдээ энэ нь элэгний эм болох бус, харин ч бруцеллёз, шүлхий зэрэг өвчний эх үүсвэр болдог гэдгийг санахад илүүдэхгүй биз ээ.
Мөн хүний биед сайн гэж гайхагддаг чоно, нохойн уушги галзуугийн вирус тээгч болдог. Олны дунд үнэгний уушги ч бас эрэлттэй гэнэ. Гэтэл эрүүл саруул, ажлаа хийж явсан нэгэн үнэгний уушги идэж, биеэ улам сайжруулах гээд долоо хоног ухаангүй хэвтсэн тохиолдол гарч байж.
Түүнчлэн яргуй идсэн бор гөрөөсний цус уух нь эрүүл мэндэд тустай гэж итгэсэн иргэд хавар болж, яргуй нүдлэхтэй зэрэгцэн ан авд хошуурдаг уламжлал тогтоод буй. Гэтэл гөрөөсний цус уух нь эрүүл мэндэд нэмэр болох бус, харин ч аюулт халдварт өвчин тусах эрсдэл дагуулдаг гэнэ. Учир нь бор гөрөөсний цусанд аюулт халдвар үүсгэдэг babesia venatorum гэх нэг эст шимэгч амьдардаг. Энэ нь хачгаар дамжин гөрөөсний цусанд орж халдварладаг нь тогтоогджээ.
Хачгаар дамжин халдварлах энэ мэт өвчин манайд зоонозын нийт өвчлөлийн 80 гаруй хувийг эзэлдэг. Энэ төрлийн өвчин 2016 онд 702 бүртгэгдсэн бол өнгөрсөн онд 1273 болж өссөн байх жишээтэй. Манай эрдэмтэд япончуудтай хамтран судалгаа хийж, Монгол оронд тархсан хачигнаас дээр дурдсан цусанд халдварладаг babesia venatorum гэх шимэгч илрүүлсэн аж. Гөрөөсний цус ууж нэг эст уг шимэгчээр халдварласан тохиолдолд цус багадах эмгэг үүсдэг бөгөөд дэлүү, чөмгөнд бүрэлдэх улаан эсийн тоо буурдаг гэнэ. Мөн цусан дахь халдварт өвчин эсэргүүцэх дархлаа муудах эрсдэлтэй юм байна.
Манай улсад түгээмэл “оршдог” бруцеллёз өвчин нь шууд үхэлд хүргэхгүй ч залуудаа үе мөчний өвчтэй, цаашилбал тахир дутуу болох ч эрсдэлтэй. Энэ төрлийн өвчлөл нь бэтэг өвчинд тооцогддог. Бэтгийн төрлийн өвчлөл манайд урьд нь илэрдэггүй байснаа 2017 онд 17 тохиолдол бүртгэгджээ. Хүмүүс цус багадалтад сайн хэмээн иддэг малын шүүрхий элгээр энэ төрлийн өвчин дамжих нь түгээмэл гэнэ.
Гадаадынхан нохой, муур тэжээхдээ ариун цэврийг дээд зэргээр хангадаг аж. Туулга, тарилга зэргийг тогтмол хийлгээд хэвшчихсэн. Гэр бүлийн гишүүн хэмээн үзэж, өөрсдийн адил анхаардаг. Гэтэл манайхан ямар өвчин, нян, бактер тээдгийг төдийлөн анзаардаггүйгээс өөрсдөө өвчлөх эрсдэлтэй аж. Түүнчлэн хөдөөгийн иргэд өргөн хэрэглэдэг түүхий сүүний бяслаг, ааруул, тараг зэрэгт бруцеллёз “тэнэж” явахыг үгүйсгэхгүй.
Зооноз өвчин ихсэж байгаа бас нэг шалтгаан нь иргэд гадаадад ажиллаж амьдрах, аялах нь ихэссэнтэй холбоотой гэнэ. Гадаадаас “зөөж” буй зоонозын өвчнүүдийн дунд хумхаа хамгийн өндөр хувь эзэлдэг аж. Жишээлбэл, хоёр жилийн өмнө БНСУ-д ажиллаж байсан нэгэн залуу Монголдоо ирж, шинжилгээ өгтөл хумхаа өвчний халдвар авснаа мэджээ.
Зөвхөн манайхан ч бус, гадаадаас жуулчилж яваа иргэд ч хумхаа өвчин тээж яваад хүндэрч, манайд эмчлүүлэх тохиолдол байдаг гэнэ. Тиймээс мухар сүсэгт итгэн, тааралдсан амьтныхаа эд эрхтнийг түүхийгээр идэх, тэжээвэр амьтнаа үзлэгт хамруулж, туулга, тарилгыг цагт нь хийлгэж байх нь тустай. Тэгээгүйгээс зооноз өвчин тусах өндөр эрсдэлтэй гэдгийг бодох цаг ирээд байна.