Тэмдэглэсэн Г.БАЯРЦЭЦЭГ, Ж.УРАНМАНДАЛ
Хүүхэд, залуус мансууруулах бодист донтож, хар тамхи үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрээд буй. “Цагаан тахал” гэж нэрлэсэн энэ аюулын эсрэг ямар ажил, хэрхэн хийж иргэдээ аврах вэ гэдэг хууль сахиулах байгууллагын толгойн өвчин болов.
“Өнөөдөр” сонин энэ удаагийн “Редакцын уулзалт”-аараа хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээний өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар ярилцлаа. Уулзалтад УИХ-ын гишүүн Н.Оюундарь, ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын Эрүүгийн хэлтсийн дарга, хошууч Д.Алтанзул, СЭМҮТ-ийн ерөнхий захирал, доктор Л.Насанцэнгэл, Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Ш.Лхагвасүрэн нар оролцсон юм.
-Монгол Улс хар тамхи дамжуулагч байсан бол хэрэглэгч орон болоод 10 гаруй жил өнгөрлөө.
Сүүлийн үед илэрч буй хэргүүдийг харахад байдал улам дордож, хар тамхи, мансууруулах бодис үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрлээ. Яг өнөөдрийн нөхцөл ямар байна гэж Та бүхэн үзэж байна вэ?
П.С: -Ялын бодлого зөөлөрснөөс болоод энэ төрлийн гэмт хэрэг өсөөд байгаа юм биш үү гэдэг хардлага олон нийт дунд байх шиг. Үүнийг ярихаасаа урьтаад ихсэж буй шалтгаан, нөхцөлийг судлах нь зүйтэй болов уу. Уг нь Эрүүгийн шинэ хуульд мансууруулах бодис хадгалсан, тээвэрлэсэн, борлуулсан хүнд оноох ял айхтар хөнгөрөөгүй.
Урд хөрш БНХАУ ийм хэрэгт холбогдсон хүнийг цаазаар авдаг гэдэгтэй харьцуулж огт болохгүй. Тус улс ялын хатуу бодлого баримтлаад уг хэрэг гарах нь багассан уу гэвэл үгүй. Харин ч эсрэгээрээ тэлсэн дүр зураг харагдаж байгаа юм. Сайн анзаарвал хар тамхитай тэмцэх ялын хатуу, чанга бодлого нь 1970-1980 оны АНУ-ын гашуун түүхийг давтаж буй мэт байдал ажиглагдана.
Ийм хэргийн талаарх тоо баримтыг дурдъя л даа. 2006-2016 оны хооронд манай улсад 388 гэмт хэрэгт 1112 хүн холбогдсон байдаг юм. Хэрэгт холбогдож буй хүмүүсийн тоо жилээс жилд өсөж буй гэдэг нь үнэн. 2013 онд энэ төрлийн гэмт хэрэгт 37 гарч, 99 хүн холбогдож байсан уржнан илэрсэн гэмт хэргийн тоо 38 хувиар өсөж 109 болсон.
Харин холбогдогч нь 32 хувиар өсөж 229-т хүрсэн байх жишээтэй. Гэхдээ өнгөрсөн онд гарч буй хэрэг буурсан. Харамсалтай нь, холбогдсон хүний тоо олширсон үзүүлэлт бий. Үүнээс юу хэлэх гээд байна вэ гэхээр, ялын бодлого хүнд, хөнгөнөөс хамааран гэмт хэргийн гаралт өсөж, буурдаггүй юм. Шалтгаан нөхцөлийг нь сайтар судалж, түүндээ тохирсон зөв арга хэмжээ л авах нь оновчтой шийдэл байдаг.
Бодит мэдээлэлд тулгуурлан, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахгүй бол олон нийтийг цочирдуулах, эсвэл мансууруулах бодисын хэрэглээ хэвийн үзэгдэл болсон мэт ойлголт нийгэмд өгөх сөрөг талтай.
Ш.Л: -Манай улс 1999 онд хар тамхины талаарх анхны судалгаагаа хийсэн байдаг. Тэр судалгааг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтэс манай байгууллагатай хамтарч гаргасан юм. Тухайн үед 45 хэрэглэгч илэрч байв. Тэдэнтэй тулж ажиллан, зөвлөгөө өгсний үндсэн дээр 25 нь хорт зуршлаа хаясан. Тэр үеэс хойш мансууруулах бодис, ялангуяа хар тамхитай холбоотой хэрэг улам ихэслээ.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ЭЦГ, Сурагчдын холбоо болон манай нийгэмлэг хамтран 1000 гаруй хүүхдээс судалгаа авсан. Гэтэл 26 хувь нь “Хэрэглэдэг” гэж хариулсан. Цочирдмоор байгаа биз. Тэд цөм шинэ хэрэглэгч байсан юм. Мансууруулах бодис хэрэглэх нь хууль бус учир тэдний цаана хэчнээн хүүхэд байгааг даанч хэлж мэдэхгүй нь. Нарийн судалвал том тоо гарах байх. ХЗДХЯ-ны төлөөлөгч сүүлийн 10 жилд 388 гэмт хэрэгт 1112 хүн холбогдсон гэж хэллээ. Хүн ам цөөнтэй манайх шиг улсад энэ аюул.
Н.О: -2002 оны хууль дахь ялын бодлого харьцангуй өндөр байсан. Ялын бодлогоо улам чангатгаснаар гэмт хэргийн тоо улам ихсээд байна уу гэхээс биш багасахгүй гэж бодож байна. Манай улс хүн ам цөөнтэй, гурван сая гаруй иргэний 80-аад хувь нь 35-аас доош насныхан. Тиймээс энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг түлхүү хийх нь зөв. Бүх аймаг, сумдыг хамруулах боломжгүй ч гэлээ хил орчмын хэд хэдэн газарт судалгаа хийж, иргэдтэй нь мансууруулах бодистой хэрхэн тэмцэх хэрэгтэй вэ гэдгийг ярилцах нь чухал байх.
-Цагдаагийн байгууллагын тоон мэдээлэл ямар байгааг хэлэхгүй юү?
Д.А: -Хууль, хяналтын байгууллага үүнтэй өдөр, шөнөгүй л тэмцэж байна. Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгчдийн тоон судалгаа хамрах хүрээнээс нь шалтгаалаад өөр гардаг юм. ЦЕГ хар тамхины хэрэгтэй холбоотой мэдээллийг 2016 оноос санд нэгтгэдэг болсон. 21 аймаг, нийслэл, есөн дүүрэг гээд улсын хэмжээнд хар тамхины хэрэгт холбогдсон хүмүүсийн мэдээлэл тэнд бий. Одоогоор энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон 1500 орчим хүнийг мэдээллийн санд бүртгэсэн.
Ер нь бид статистик ярихаас илүүтэй хэргийн мөн чанарыг ойлгох нь чухал. Аливаа гэмт хэрэг далд, эсвэл ил үйлдэгддэг. Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой, татвараас зайлсхийсэн, авлигын шинжтэй гэмт хэрэг далд байдгийг хүн бүр л мэдэх байх. Тиймээс гэмт этгээд, холбогдогч нарыг нь яв цав тооцоолох боломжгүй. Цагдаагийн алба хаагчдын ажлын үр дүнд хэрэг илрүүлэлт нэмэгдэж буйг бас дурдах нь зүйтэй. Үүнийг хүмүүс гаралт нь ихэслээ гэж ташаа ойлгох нь бий.
-Тэгвэл энэ хэргийн талаарх шалтгаан нөхцөлийг тодруулахгүй юу. Нэг нь нөгөөгөө уруу татах, сонирхох зэрэг нь хэвээр байна уу, эсвэл өөр шалтгаан нөхцөл бас бий юү?
П.С: -Янз бүрийн шалтгаан бий. Та бүхний хэлж байгаа шиг нэгнийгээ даган дуурайж, эсвэл сонирхоод донтох нь элбэг. Нөгөөтэйгүүр богино хугацаанд их хэмжээний орлого олохоор завдаж, гэмт хэрэгтэн болох нь ч бий. Хэрэг үйлдэж буй хүмүүсийн олонх нь ямар ял оноох бол гэдгийг урьдчилан тооцдоггүй.
Ялангуяа сүүлийн жилүүдэд мөнгө олох сэдлээр мансууруулах бодис хадгалж, тээвэрлэж, худалдах нь ихэссэн. Тийм зорилготой хүмүүст хэдэн жил хоригдох нь огт сонин биш байгаа юм. Тэгэхээр энэ асуудлыг төрийн нэгдсэн бодлогоор л зохицуулах шаардлага тулгарч байна.
Л.Н: -Манай эмнэлэгт жилд 20 гаруй хүн эмчлүүлдэг байсан юм. Гэтэл энэ тоо бага багаар нэмэгдэж, өнгөрсөн жил 60 хүн эмчлүүлсэн байна. Архидалт хавтгайрч, архинд донтсон хүмүүс олширлоо гэдэг ч эмчлүүлж буй хүн нь нэмэгдээгүй. Гэтэл мансууруулах бодистой холбоотой хүн олшроод байгааг анхаарахгүй өнгөрч болохгүй.
Манай эмнэлэг сэтгэц мэдрэлийн эксперт хийдэг юм. Хэдэн тоо дурдъя. Дээрх тандалтыг 2015 онд хийхэд 90 гаруй хүн хар тамхины хэрэгт холбогдсон байв. Гэтэл энэ тоо 2016 онд 174, өнгөрсөн жил 239 болж өссөн.
-Сүүлийн жилүүдэд манай улсад түр оршин сууж буй гадаадын иргэд хар тамхи худалдах, хэрэглэх нь ихсээд байна уу гэж ажиглагдах боллоо. Шуудан илгээмжээр хар тамхи авчирлаа, гадаадын иргэний амьдарч байсан гэрээс “мөс” оллоо гээд л. Энэ үнэн үү?
Д.А: -Ийм хэд хэдэн тохиолдол бий. Голландын иргэн сэтгэцэд нөлөөлөх бодис оруулж ирсэн гээд. Албан ёсоор шалгагдаж ил гараагүй ч “Playtime” зэрэг амьд хөгжмийн тоглолтын үеэр гадаадынхан мансууруулах бодис хэрэглэдэг гэх мэдээлэл ч байдаг. Саяхан гэхэд Европын холбооны улсын нэг иргэний гэрээс мансууруулах бодис хураалаа.
-Нөхцөл байдал ийм байхад ялын бодлогоо зөөллөж, гэмт хэрэгтнүүдэд үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх боломж олгож байна гэж хэлэх хүн цөөнгүй байна. Ямар учраас мансууруулах бодис хэрэглэсэн, худалдсан хүнд оноох ялыг зөөлрүүлэв?
П.С: -Эрүүгийн хуучин хуульд мансууруулах бодис, хар тамхийг борлуулах зорилгогүй буюу ашиг олох сэдэлгүй бэлтгэсэн, олж авсан, хадгалсан үйлдэлд 1-2 жил хорих ялногдуулдаг байсан. Үүнийг шинэ хуульд 1-5 жил болгож нэмсэн. Шинэ хуулийн ял өмнөхөөс буурсан мэт боловч зарим заалтын шийтгэл нэмэгдсэн. Мөн ялын заалт давхацсан байгаа мэт боловч гинжин хэлбэрт орсныг харж болно.
Тухайлбал, өмнө нь хар тамхины ургамлыг тарьсан бол 960 мянган төгрөгөөр торгох заалттай байсныг өөрчилсөн. Тэгэхээр шийтгэл буураагүй гэж болно. Тэгээд ч ногдуулах ял чанга байснаар ийм хэрэг буурахгүй гэдгийг давтаад хэлье. Нотлох хэдэн тоо баримт дурдъя л даа.
2015 онд 37 хүнийг баривчлах, 42 хүнд хорих ял оноож байснаас 15 нь оноосон ялыг биеэр эдэлж, 24 нь тэнссэн байдаг. 2016 онд 58 хүнд хорих ял оноосноос 22 нь биеэр эдэлсэн баримт бий. Өнгөрсөн жил хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэгт 57 хүний хэргийг шүүх шийдвэрлэж, 21-ийг нь тэнсчээ. Торгоод өнгөрөх, тэнсэх боломжууд хаагдаж байгааг үүнээс мэдэж болохоор байгаа биз. Өөрөөр хэлбэл, ялын бодлого чангарсан гэсэн үг. Түүнчлэн төрөөс уг хэрэгт тавих анхаарлаа нэмэгдүүлж, тавхан хүний бүрэлдэхүүнтэй хэлтсийг 33 алба хаагчтай газар болголоо.
Н.О: -Хууль чанга, сулдаа биш, хэрэглэхэд бас асуудал бий. Холбогдогч нарыг харж байхад мансууруулах бодисыг баян, ядуу гэлтгүй бүх давхаргын хүн хэрэглэж буй. Гэвч амьжиргааны байдлаас нь хамаараад өөр өөр ял ногдуулах гээд байдаг талтай.
Төрийн зүгээс ялын бодлогыг гинжилж, авах арга хэмжээгээ ч сайжруулж байгаа. Тухайлбал, олсны төрлийн ургамал ургадаг газар нутгийг хязгаарлаж, устгаж байна. Харамсалтай нь, хилээр орж ирж буй бодист хяналт тавих байдал учир дутагдалтай. Замын-Үүд боомтоор орж ирж буй ямар ч машин хараа хяналтгүй байгаа шүү дээ. БНХАУ-ын хилийн шалган нэвтрүүлэх хяналт маш сайн. ОХУ-ын хил, гаалийн хяналт ч чанга. Гэтэл манай хяналт ямар байгаа билээ. Ядаж гааль дээр мөрч ноход байлгаж, рентген аппарат ажиллуулах зайлшгүй шаардлага бий.
-Шинэ, хуучин гэлтгүй хоёр хуульд хэрэглэгчийг шийтгэх заалт байгаагүй. Цагдаагийн байгууллага ч иргэдийн мэдээллийн мөрөөр энэ төрлийн хэргийг илрүүлдэг. Зарж, борлуулж буй зохион байгуулалттай бүлгийг илрүүлэх гэсэн санаа шүү дээ, энэ.
Гэвч одоо мөрдөж буй хуульд зохион байгуулалттай бүлэгт ногдуулах ялын дээд хэмжээ 12 жил байгаа. Өмнөх хуульд 15 жил байсан. Үүнийг л асуугаад байна л даа.
П.С: -2002 оны хууль хэрэглэгчдэд ял ногдуулах заалтгүй байсан ч практик дээр худалдаж авсан гэдэг үндэслэлээр өгдөг байсан. Энэ нь зарж, борлуулж буй хүмүүсийг илрүүлэх бус, хэрэглэсэн хүмүүст ял үүрүүлдэг тогтолцоо. Үр дагаварт нь донтсон хүн мансууруулах бодис авахын тулд дараа дараагийн гэмт хэргээ үйлддэг сөрөг талтай.
Тэгэхээр оруулж ирдэг, зохион байгуулалттай бүлэг ил гарч ирдэггүй, нуугдмал байсан юм. Донтсон хүмүүс эмчлүүлье гээд очихоор ял авчих гээд байсан учраас далд хэлбэрт шилжсэн гэж болно. Тиймээс шинэ хуульд үүнийг өөрчилсөн. Үүнээс гадна зохион байгуулалттай гэмт бүлгийг илрүүлэхэд туславал ялаас чөлөөлөх заалт бий. Тэгэхээр үүнийхээ цаад эх үүсвэртэй тэмцье гэж байгаа юм.
Тухайн гэмт хэрэг үйлдсэн хүний нөхцөл байдалд нь тохирсон ял ногдуулах үүднээс гинжилсэн ялын бодлого барьж байгаа тухай дээр хэлсэн. Ялын интервалд ингэж таарсан учраас дээд хэмжээ нь буурсан. Харин доод хэмжээ буураагүй. Өмнөх чанга хууль мөрдөгдөж байх үед буюу 2002 оноос хойшхи 15 жилийн хугацаанд нэг л хүн ялын дээд хэмжээгээр шийтгүүлсэн байна. Хамгийн хүнд ял авсан гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бид илрүүлэхийн тулд уян хатан бодлого барьж байгаа юм.
Тэгээд ч дэлхий нийт бүхэлдээ хар тамхи, мансууруулах бодистой тэмцэж, түүнээс татгалзаж, хэрэглэж байгаа хүмүүсийг хорихгүйгээр эмчилдэг болж байна.
-Хууль хэрэгжиж эхэлснээс хойш мэдээлсэн хүн байна уу?
Д.А: -Үгүй.
Н.О: -Нэг хэрэглэгч нөгөөгөө элсүүлдэг. Эцэст нь анхны хэрэглэгч мансууруулах бодист донтчихоод салахын түүс болдог. Бие, эрүүл мэнд, сэтгэл санаа, эдийн засгаараа хохирдог учраас тэр. Тэгэхээр уруу татсан хүнээ үзэн ядаж эхэлнэ биз дээ. Улмаар хүссэн, хүсээгүй цагдаагийн байгууллагад хандаж, уруу татсан хүн болон мансууруулах бодис худалддаг этгээдийг илчлэхийг хүснэ. Энэ байдлыг ашиглан өнөөх нуугдмал хүмүүсийг илрүүлэх ёстой юм.
Тэгээд ч хэрэглэгч ямар ч ялгүй гарах ёстой. Харин манайд бүгд ялтай болчихсон байдаг юм. Тийм учраас л энэ гэмт хэрэг далд үйлдэгдэж байна уу гэж бодогдмоор. Ер нь ийм байх магадлал ч өндөр. Гадаадын улсад энэ төрлийн хэрэгтэнд 5-8 жил хорих ял оноодог юм. Ялын хамгийн өндөр бодлого баримтлах нь хэргийн гаралтыг бууруулж чадахгүй. Харин эсрэгээрээ гэмт хэргийг улам далд хэлбэрт шилжүүлэх аюултай.
Ш.Л: -Хууль бас их зөөлөн байж болохгүй. Орос, Хятадын хууль чанга учир Монгол руу очоод бага ял авна гэх сэдэл гэмт этгээдэд төрж болно. Энэ эрсдэл шүү. Тэгэхээр хоёр хөршийнхөө хуульд бас нийцүүлэх хэрэгтэй. Ялангуяа мансууруулах бодис хэрэглэхийг хуулиараа зөвшөөрсөн оронтой өөрсдийгөө харьцуулж огт болохгүй. Бид 2010 онд судалгаа хийхдээ есөн орны хуулийг харьцуулж харсан. Нэлээд сайн хууль боловсруулж байтал таг болчихсон.
П.С: -Мансууруулах бодистой холбоотой хэрэг өсөхөд хэт төвлөрөл бас нөлөөлж байгаа. Ял хүндэрснээр шорон дүүрэхээс биш дорвитой үр дүн гарахгүй. АНУ-аас авахуулаад олон орон чанга ял ногдуулж үзсэн байдаг. Гэтэл байдал улам даамжирч, үндэстнийг нь хуваасан гашуун түүх бий.
Түүнчлэн хар тамхийг шоронд ч оруулж чадах хүмүүс байгаа. Мансууруулах бодисыг судсаараа ганц тариур дамжуулан шахсаны уршгаар шоронд ДОХ-оос авахуулаад элдэв халдварт өвчин дэгдсэн баримт ч бий. Тэгэхээр энэ хэрэгт төрийн хатуу гараар хандаж болохгүй.
-Урьдчилан сэргийлэх нь нэн чухал гэдэгтэй хүн бүр санал нэгдэнэ. Гэвч манайхан урьдчилан сэргийлэх ажлыг гарын авлага, календар тараах мэтээр ойлгодог. Хэрхэн хийх төлөвлөгөө гарсан уу?
П.С: -Боловсролын системд мансууруулах бодисын хор хөнөөлийн талаар мэдээлэл олгодог хөтөлбөр оруулах хэрэгтэй. Мөн эцэг, эхчүүд хүүхдүүддээ анхаарал хандуулж, ямар хүмүүстэй, хаана юу хийж байгааг нь хянаж байх нь чухал.
Ш.Л: -Хязгаарлах, эрэлт хэрэгцээг багасгах, сургалт, сурталчилгааны ажил хийх, хор хөнөөлийг бууруулах гэсэн гурван хэсгээр урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах нь зүйтэй. Энэ гурвыг хамт хэрэгжүүлж байж үр дүнд хүрнэ. Харамсалтай нь, манайхан сүүлийн хоёрыг нь хийхгүй, орхигдуулаад байгаа юм. Манай байгууллагад 690 гаруй хүн бүртгэлтэй байдаг.
Тэдний 404 нь ирж үйлчлүүлсэн, 107 нь байнга зөвлөгөө авдаг. Зан үйлийг нь өөрчлөх сургалт явуулж, сэтгэл заслын эмчилгээ хийсний үр дүнд 14 хүн хорт зуршлаасаа татгалзсан юм. Нэг нь гэр бүл зохиосон, есөн хүн нь ажилд орсон гээд амжилт бий. Тэгэхээр тэдэнд илүү ойртож, ойлгоход илүү анхаараасай гэж бодож байна. Манай байгууллага 19 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж, ийм үр дүнд хүрсэн нь өндөр үзүүлэлт шүү.
Л.Н: -Нийслэлд шаардлага хангахуйц оношлогоо, эмчилгээний сэргээн засах тусламж үзүүлдэг төв байгуулна. Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодистой тэмцэх, эргэлтэд нь хяналт тавих тухай хууль байгаа. Үүнийг дагаад Үндэсний хөтөлбөр баталсан. Анхан шатны төлөвлөгөөний хүрээнд 43 ажил хэрэгжүүлэх юм. Харин төрийн зүгээс үүний санхүүжилтийг нэмэгдүүлэх шаардлагатай байна.
Н.О: -21 аймгийн холбогдох албан тушуултнуудыг сургалтад хамруулах гээд сургалт, сурталчилгааны олон арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа.
-Гадаад ажиллаж, сурсан хүмүүс мансууруулах бодис хэрэглэх нь түгээмэл байдаг гэдэг. Мөн түр хугацаагаар зорчиж буй хүмүүс энэ хэрэгт холбогдох тохиолдол ч бий. Тэдэнд өгөх анхааруулга, сэрэмжлүүлэг тааруу юм уу гэж ажиглагддаг юм.
Н.О: -ГХЯ-ны Консулын газраас иргэдэд хангалттай мэдээлэл өгдөг гэж би ойлгодог.
Л.Н: -Манайд ирж байгаа хүмүүсийг харахад ихэвчлэн гадаадад сурч байхдаа донтсон байдаг юм.
Ш.Л: -Олон нийтийн сүлжээгээр цацагдаж байгаа ташаа мэдээллийг яах ёстой вэ?
Л.Н: -Харилцаа холбооны зохицуулах хороо хянах чиглэлтэй юм билээ. Хэд хоногийн өмнө нэгэн телевизийн сэтгүүлч залуу маш буруу мэдээлэл өгсөн. Хэвлэл, мэдээллийн байгууллага хар тамхи, мансууруулах бодисыг сурталчилж болохгүй шүү дээ. Иргэдэд мэдээлэхдээ сөрөг үр дагаврыг нь ойлгуулвал олон нийт хэрэглэхээс татгалзана биз дээ.
П.С: -Энэ чиглэлийн зарим нэг асуудлыг манайх шийдэхээр ажиллаж байгаа. Нэрийг нь хэлээд яахав, бас нэгэн телевизийн нэвтрүүлэгч залуу сагсан бөмбөгийн тоглолтыг тайлбарлаж байхдаа “Тамирчид хар тамхийг эмчилгээний зориулалтаар хэрэглэдэг” гэж ярьсан. Тэр нэвтрүүлгийг хүүхэд, залуус шимтэн үздэг болохоор аюул дагуулах нь дамжиггүй. Сонирхоод хэрэглэж үзвэл хариуцлагыг хэн хүлээх вэ. Тэгэхээр мэдээллийг дамжуулахдаа болгоомжтой хандах хэрэгтэй байна.
Н.О: -Өсвөр насны хүүхэд, залуус нэгнээ дуурайж, дагадаг. Тэгэхээр мансууруулах бодисын талаар хэт их мэдээлэх нь тэдний сонирхлыг татах сөрөг талтай. Зөвхөн Монголд биш, дэлхий даяар хийсэн бүх судалгаагаар аливаа зүйлийг хэтэрхий их сурталчлах буруу гэдэг нь батлагдсан юм.
-Аливаа хүн шууд хар тамхи хэрэглэнэ гэж байдаггүйг олон судалгаа нотолдог. Хүүхдүүд ахуйн хий, цавуу үнэртэхээс авахуулаад мансууруулах бодист биеэ дасгаж байна.
Согтууруулах ундааны хэрэглээ ямар ч хяналтгүй, хавтгайрсан нь мансууруулах бодис сонирхох суурь болоод байна гэж үзэж болно. Энэ талаар та бүхэн ямар байр суурьтай байна вэ?
Н.О: -Цэнгээний газраар үйлчлүүлж байсан хүний аяганд нь мансууруулах бодис хийсэн тохиолдол ч гарсан гэдэг юм билээ. Үнэн, эсэхийг нь мэдэхгүй юм.
П.С: -Согтууруулах ундааны хэрэглээг хумих нь зүйтэй. Гадаадын орны гэмт бүлэглэл хэрэглэгчээ олшруулахын тулд зохион байгуулалтад орж, цэнгээний газраар үйлчлүүлж буй хүмүүсийн аяганд мансууруулах бодис хийдэг тухай уншиж байсан.
Тиймээс архийг бага граммаар худалдах зэрэг арга хэмжээ авдаг юм билээ. Ер нь архины зохисгүй хэрэглээ аливаа гэмт хэргийн эхлэл болдог. Архи болон мансууруулах бодист донтсон хүмүүсийг албадан эмчлэх хуулийн төсөл боловсруулж байгаа. Үүнд цавуу, ахуйн хийнд мансуурч байгаа хүмүүс ч орно.
Л.Н: -Энэ үнэн. Хүн эхлээд тамхи татна, дараа нь архи ууж үзнэ. Эцэст нь мансууруулах бодис хэрэглэдэг үзэгдэл бий. Сэтгэцийн эмч нар хүүхдийн эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөрт нэг чухал асуудал оруулъя гэж төлөвлөж байгаа. Юу вэ гэхээр, хүүхдүүдээс судалгаа авч хэвийн болон хэвийн бус зан үйлтэйг нь ангилах юм.
Тэгэхээр нийт хүүхдийн 8.6-9.4 хувь нь анхаарах шаардлагатай бүлэгт орно. 40 хүүхэдтэй анги байлаа гэхэд дөрөв нь зан үйлийн эмгэгтэй байх жишээтэй. Тэгээд багш нар тухайн хүүхдүүдийн эцэг, эхтэй тулж ажиллавал мансууруулах бодист донтох, амиа хорлохоос урьдчилан сэргийлэх боломж бүрдэх юм.
Д.А: -Урьдчилан сэргийлэх ажлын бодлого улс орон бүрт өөр өөр байдаг юм билээ. Зарим улс орон мансууруулах бодис хэрэглэж үзээгүй иргэдээ тасалж аваад, тэдэн рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр ЕБС-ийн ахлах ангийн сурагчид руу шууд чиглэхээс өөр аргагүй болдог. Энэ нь хэрэглэж буй хүмүүсээ хаяж байна гэсэн үг биш.
Манайд суурь нөхцөл байдал, хэрэглэгч тасралтгүй шинээр бий болж байгаа нь сэтгэл зовоож байгаа юм. Жишээ нь, IV-VIII ангийн хүүхдүүд ахуйн хэрэглээний хий, цавуу үнэрлэн мансуурч байна. Өнгөрсөн оны долдугаар сарын 1-ний судалгаагаар улсын хэмжээнд 149 хүүхэд ахуйн хэрэглээний хий, цавуу байнга хэрэглэдэг гэж гарсан.
IX-XII анги буюу их, дээд сургууль төгссөн оюутнууд олсны ургамал түүж, бэлтгээд борлуулж байна. Үнэ нь хямд учраас хүүхдүүд авч байгаа юм. Харин эрхэлсэн ажилтай хүмүүс нь өөр бодис хэрэглэж байх жишээтэй. Дээрээс нь “Анданте” хилээр хяналтгүй орж ирж байна шүү дээ.
-ЭМЯ-ныхан тус эмийг Монголд борлуулахыг хориглосон ч далд борлуулж байгаа гэсэн. Үнэн байх нь ээ?
Д.А: -Зарахыг хориглосон боловч хууль бусаар орж ирээд л байна. Мөс хэрэглэсэн хүн унтдахгүй 2-3 хоног явдаг. Тэр үедээ хоол иддэггүй. Ингэснээр булчин нь чангардаг. Мансууруулах бодис хэрэглэсэн хүн булчингаа суллахын тулд “Анданте” хэрэглэж байна. “Анданте” болон ахуйн хий, цавуу хэрэглэсэн гэдгийг нь тогтоох техникийн боломж манайд байхгүй.
-Ер нь цагдаагийн байгууллагын тоног төхөөрөмж дутмаг шүү дээ. Бодлогоор сайжруулж болдоггүй юм уу?
Д.А: -Өнгөрсөн оны сүүлчээр төсвийн тодотгол хийж гурван тэрбум төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж ШШҮХ болон Хар тамхитай тэмцэх газрын албан хэрэгцээнд авч өгсөн. Бид хоёр сарын өмнөөс үйл ажиллагаандаа хэрэглэж эхэлсэн. Удахгүй 21 аймагт тодорхой тооны тоног төхөөрөмж хуваарилна.
Улсын баяр наадмын өмнө уг ажил дуусах болов уу. Үүнтэй холбоотой НПГ, ГЕГ, ХХЕГ болон шуудан илгээмжийн газруудтай хамтран шалгалт хийж эхэллээ. Мөн хорих ангиудад хяналт, шалгалт явуулж байна. Үр дүнд нь илрүүлэлт сайжирч байгаа.
П.С: -Зарим нутагт ургадаг хар тамхины төрлийн ургамлыг химийн бодисоор устгахад төсөв санхүү дутмаг, зохион байгуулалтын уялдаагүйгээс санасанд хүрэхгүй байна гэх шүүмжлэл бий. Нөгөөтэйгүүр лаборатори, химийн аргаар гаргаж авсан мансууруулах төрлийн бодис нь өндөр шатанд хөгжлөө. Тэгэхээр түүнийг илрүүлэхийн тулд хил, гаалийн байгууллагуудын ажлын уялдааг сайжруулах ёстой. Гадаадаас хар тамхи оруулан ирж худалдаж буйгаас үзвэл хил, гаалийн шалгалт сул байна гэсэн үг.
-Тэгэхээр боловсролын системд өөрчлөлт оруулж, яг мэргэжлийн багшаар хар тамхи, мансууруулах бодисын хор хөнөөлийг тайлбарлуулбал хүүхэд, залуус хэрэглэх нь багасна гэдэг ойлголцолд бид хүрч байх шиг байна. Үүнийг хэрэгжүүлэх боломж бий юү?
Н.О: -Байгаа. Хор уршгийг нь тайлбарлаж, зөв мэдээлэл хүргэвэл хэрэгтэй гэсэн үг шүү дээ.
П.С: -Бид яг одоо үүнд анхаарч ажиллах юм. Хүүхэд, залуусыг багаас нь зөв дадалтай болгох нь чухал.
Л.Н: -Өнөөдөр бидний ярилцлагад хууль руу чиглэсэн агуулга давамгайлчих шиг боллоо. Үүнээс болоод хүмүүс айдаст автаж мэдэх вий. Гэхдээ бодит байдлыг нуух нь зохисгүй.
-Мансууруулах бодис хүний залуу нас, эрүүл мэнд, гоо сайхан, эд хөрөнгийг “хулгайлдаг”. Нэг донтсон хүн эдгэрдэггүй гэдэг. Манай улс ямар эмчилгээ үзүүлдэг юм бэ?
Л.Н: -Манайх бол энэ төрлийн эмчилгээ хийдэг төв эмнэлэг. Бидэнд хандаж, учир байдлаа хэлээд үнэ төлбөргүй эмчлүүлэх боломж хүн бүрт бий. Хэвтэн эмчлүүлж ч болно. Өдгөө дэлхий нийт мансууралтай тэмцэж байна. Ингэхдээ урьдчилан сэргийлэх аргыг гол болгож буй. Бидний хувьд хүүхдүүдийн боловсролд анхаарах нь нэн тэргүүний ажил гэж боддог. Тэдэнд бодит мэдээлэл өгснөөр мансууруулах бодис хэрэглэж, эрүүл мэндээрээ дэнчин тавихгүй.
Мансууруулах бодист донтсон хүнд хэчнээн эмчилгээ хийсэн ч эдгэрэх магадлал маш бага. Би дэлхий нийтийн туршлагыг хэлж байгаа юм шүү. Тэгэхээр донтсон хүнд эдгэрнэ гэж амлаж болохгүй. 100 хүнд эмчилгээ сайн хийхэд тав нь л эдгэрдэг статистик бий.
560 гаруй мансууруулах бодисоос нэгэнд нь л орлуулах эмчилгээ байдаг. Тэр хорыг ерөндөгжүүлдэг гэсэн үг. Түүндээ эргээд донтдог гэхээр үр дүн багатай байх нь аргагүй. Ганц төгс эмчилгээ нь олон жилийн турш тусламж үйлчилгээ үзүүлэх явдал. Донтох эмгэг сэтгэл заслаар л эмчлэгддэг өвчин шүү дээ.