Үндсэн хуульд тодорхой асуудлаар нэмэлт, өөрчлөлт оруулахаар үе үеийн парламент оролдож ирсэн. Бүр тодорхой хэлбэл, 2000, 2011, 2012, 2015 онд гишүүд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулан УИХ-д өргөн мэдүүлж байв. Эдгээрээс цорын ганц нь буюу 2000 оны оролдлого амжилт олж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт болон туссан ч “дордуулсан долоон өөрчлөлт” хэмээн адлагдаж, өнөөдрийг хүртэл маргаан дагуулсаар байгаа.
“Эцэг хууль”-ийг өөрчлөх бусад оролдлого хана мөргөн замхарсны сүүлчийнх нь өмнөх парламентын бүрэн эрхийн хугацаанд тохиосон. УИХ-ын гишүүн Н.Батбаяраар ахлуулсан, парламентад суудалтай бүх нам, эвсэл болон бие даагчдын төлөөлөл багтсан ажлын хэсэг УИХ-ын гишүүдийн тоог 99 болгох, УИХ, Засгийн газрын бүрэн эрхийн хугацааг таван жил, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг зургаан жил болгох гэх мэт өөрчлөлт тусгасан төсөл боловсруулж, гишүүдийн дийлэнх олонхын гарын үсгийг цуглуулаад, УИХ-ын даргад өргөн барьж байв.
Парламент дахь хүчний харьцаа тэнцвэртэй, олон намын төлөөлөлтэй энэ үед “эцэг хууль”-д гар хүрч, болохгүй байгаа зүйлсийг засаад авах хэрэгтэй гэж тухайн үед олон хүн хэлж байсан ч УИХ төслийг хэлэлцээгүй.
Сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан шинэ парламент Үндсэн хуулийг өөрчлөх ажлыг шинээр эхлүүлж, 2016-2020 онд хэрэгжүүлэх Засгийн газрын мөрийн хөтөлбөрт “Эрх мэдлийн харилцан хяналттай, тогтвортой, хариуцлагатай төрийг бий болгохын төлөө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өнөөгийн хэрэгцээ, шаардлагыг харгалзан ард түмнээсээ асууж шийдвэрлэнэ” хэмээн зааснаас хойш хоёр жил өнгөрч байна.
Тэд ч “эцэг хууль”-ийг өөрчлөх ажилдаа шамдан зүтгэсээр яваа. Өнгөрсөн хугацаанд 1500 гаруй иргэн оролцсон зөвлөлдөх санал асуулга, 327 мянган хүн оролцсон олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулж, иргэд, судлаач эрдэмтэд, улс төрийн намуудаас ирүүлсэн таван сая гаруй саналыг багцлан томьёолж, хэд хэдэн хувилбар гарган, дэд ажлын хэсгийн хуралдаануудаар хэлэлцэж буй.
Одоогийн байдлаар хамгийн сүүлчийн буюу өнгөрсөн сарын 20-нд бэлэн болгосон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд байгаа анхаарал татсан заалтуудыг онцолбол сонин байх болов уу.
ГИШҮҮН ХУРАЛ ТАСАЛБАЛ ЭГҮҮЛЭН ТАТНА
УИХ болон гишүүдтэй холбоотой чих халууцуулдаг асуудлуудыг анхаарч, УИХ-ын гишүүдэд зориулсан олон хамгаалалт, онцгой бүрэн эрх эргээд хариуцлагагүй назгай, ёс зүйгүй танхай байдлыг өөгшүүлж, “шүдний өвчин” болоод буйг Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар залруулахыг ажлын хэсгийнхэн оролджээ.
Тухайлбал, “УИХ-ын гишүүн чуулганы болон байнгын хорооны хуралдаанд биеэр оролцож, санал өгнө. УИХ-ын гишүүн бусад гишүүнийг төлөөлж санал өгөхийг хориглоно”, “УИХ-ын гишүүн чуулганы болон байнгын хорооны хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй цагийн нийлбэр нь тухайн ээлжит чуулганы нийт хугацааны гуравны нэгээс хэтэрсэн бол УИХ түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна” гэсэн заалт байна.
Мөн залуу гишүүдийн болчимгүй үйлдлийн ул мөр Үндсэн хуульд тусгалаа олж мэдэх нь. “УИХ-ын гишүүнээр 35 нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий Монгол Улсын иргэнийг сонгоно” хэмээн зүйлчилсэн нь батлагдвал шүү дээ.
“ДОРДУУЛСАН ДОЛООН ӨӨРЧЛӨЛТ”-ИЙН ГУРВЫГ БУЦААНА
1992 оны нэгдүгээр сарын 13-нд ардчилсан Үндсэн хуулиа баталснаас хойш ганц удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан нь дээр дурдсан “дордуулсан долоон өөрчлөлт”. Үүнийг хийлцсэн хүмүүс “Тухайн үеийн нөхцөл байдал ийм өөрчлөлт хийхээс аргагүйд хүргэсэн” гэдэг. Тэгвэл ад үзэгдсэн долоон өөрчлөлтийн гурвыг буцааж, 1992 оны Үндсэн хуулийн уг эхийг сэргээхээр төсөлд тусгажээ.
Тухайлбал, УИХ хууль тогтоох байнгын ажиллагаатай байгууллага байх нөхцөл шалгуурыг хангах үүднээс “УИХ-ын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа 75-аас доошгүй ажлын өдөр чуулна” гэснийг сэргээх саналтай байна. Уг заалт “дордуулсан долоон өөрчлөлт”-д өртөж, “УИХ-ын ээлжит чуулган хагас жил тутам 50-иас доошгүй ажлын өдөр чуулна” хэмээн өөрчлөгдсөн нь өдгөө хүчин төгөлдөр үйлчилж буй.
Мөн асуудлыг олонхоор шийдэх ардчиллын зарчмыг хангаж, төлөөллийн үүрэг, ач холбогдлыг нэмэгдүүлэхийн тулд “Үндсэн хууль, бусад хуульд өөрөөр заагаагүй бол УИХ-ын нийт гишүүний дийлэнх олонх нь хүрэлцэн ирснээр чуулганыг хүчинтэйд үзэж, чуулганд оролцсон нийт гишүүний олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ” гэсэн заалтыг сэргээхээр төсөлд оруулсан байна.
Энэ заалт батлагдвал 50+1 гишүүн оролцож байж УИХ-ын хуралдааны ирц бүрдэх юм. Өмнө нь ийм зохицуулалт үйлчилж байхад ирц бүрдэхгүй хурал хойшлох тохиолдол олон гарч, ажил гацах шалтгаан болсон учраас ирцийн босгыг намсгаж, гишүүдийн ердийн олонх буюу 39 гишүүнээр ирц бүрдүүлэн хуралдахаар хуульчилсан гэдэг.
Үндсэн хуулийн эх заалтыг сэргээснээр ирц бүрдэхгүйн зовлон бүр ноцтойгоор нүүрлэх нь зайлшгүй тул шалтгаангүйгээр хурал тасалдаг, хуралдаа суудаггүй гишүүдийг эгүүлэн татах боломжийг нээж, эрхийг УИХ-д олгосон хэрэг.
Түүнчлэн “Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол УИХ-ын гишүүн албан үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй” хэмээсэн заалтын уг эхийг сэргээхээр төсөлд тусгажээ. Энэ нь УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллахтай холбоогүй бөгөөд “Ерөнхий сайд болон Засгийн газрын нийт гишүүний гуравны нэг нь УИХ-ын гишүүн байж болно” гэсэн заалт мөн төсөлд бий.
УИХ ЗАРИМ ОНЦГОЙ БҮРЭН ЭРХЭЭСЭЭ ТАТГАЛЗАНА
Эрх мэдлийн хуваарилалт “буруу замаар будаа тээж”, зарим институц өөртөө хэтэрхий олон эрх мэдэл төвлөрүүлэн, юм бүхэн рүү хальж ордог болсон нь засаглалын хямрал үүсгэж байна гэж улс төр судлаачид ярих болсон. Энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлтийн гол зорилго ч үүнийг засаж, залруулахад чиглэж байгаа. Тэгвэл үүний хүрээнд УИХ Засгийн газрын бүрэлдэхүүнийг томилох эрхээсээ татгалзаж, Ерөнхий сайдад шилжүүлэхээр төсөлд тусгасан харагдана.
Ажлын хэсгийн боловсруулсан төсөл батлагдаж гэмээнэ Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх, огцруулах шийдвэрээ өөрөө гаргах бөгөөд Ерөнхийлөгч, УИХ түүний гаргасан шийдвэртэй танилцахаас өөрөөр оролцохгүй болох нь. Мөн Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь нэгэн зэрэг огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцордог жишгийг зогсоож, Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцордог байхаар төсөлд тусгажээ.
Ингэснээр Засгийн газар бие даан танхимаар ажиллах, хариуцлага хүлээх боломж бүрдэнэ гэж үзэж буй аж.
Түүнчлэн, УИХ төсвийн эрх мэдлээсээ ч татгалзахаар “зоригложээ”. Засгийн газраас боловсруулан оруулж ирсэн төсвийн төслийг УИХ-ын гишүүд орвонгоор нь эргүүлж, төсвийн сахилга батыг алдагдуулдаг буруу жишиг тогтоод удаж буй. Үүнийг таслан зогсоохын тулд “УИХ улсын төсвийг хэлэлцэн батлах явцдаа Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр зардлын шинэ төрөл үүсгэх, зарлага нэмэгдүүлэх, улсын төсвийг хоёр хувиас дээш алдагдалтай батлахыг хориглоно” гэсэн байна.
Энэ мэтчилэн сонирхол, анхаарал татах, олон жил яригдсан ужиг асуудлыг “эцэг хууль”-иар зохицуулахыг оролдсон заалт Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд олон байна. Гэвч энэ бол батлагдаж, хууль болох, эсэх нь тодорхойгүй, ажлын хэсгийн түвшинд яригдаж буй төсөл гэдгийг дахин сануулъя. Дээр дурдсан заалтуудад УИХ-ын гишүүд тун ч болгоомжтой хандаж, дахин дахин бодож, нягтлахыг ажлын хэсгийнхэнд сануулж байгаа гэсэн.