Мал аж ахуй, газар тариалангийн органик үйлдвэрлэлийн, цэвэр байгалийн гаралтай Монгол Улсын болон олон улсын шаардлага хангасан түүхий эд, бүтээгдэхүүнийг органик хүнс гэнэ. Хүнсний тухай хуулийн 3.1.5-д ийм заалт байдаг ч яг үнэндээ органик хүнс гэж юуг хэлэх талаар манайхан нэгдмэл ойлголтгүй өдий хүрсэн.
“Байгалийн цэвэр”, “Байгалийн гаралтай цэвэр”, “Органик хүнс” гэх мэт ногоон шошготой бүтээгдэхүүн дэлгүүрийн лангуун дээр харагдахаар аминдаа л эрүүл хүнс хэрэглэчих санаатай тэр лүү ухасхийдэг. “Хөдөөнөөс аав ээж, ахан дүүсийнхээ явуулсан цэвэр байгалийн гаралтай мах, сүүг хэрэглэж байгаа юм чинь алзахгүй” гэж найддаг минь угтаа бидний хүссэн органик хүнс мөн үү гэдэгт хэн ч тодорхой хариулт өгч байгаагүй.
Харин 2016 оны дөрөвдүгээр сард Монгол Улс Органик хүнсний тухай хуультай болсон. Ингэснээр хөдөө аж ахуйн органик бүтээгдэхүүн үйлдвэрлэл буюу газар тариалан, мал аж ахуй, зөгий үржүүлгийн салбар дахь боловсруулах, баталгаажуулах, худалдах, импортлох, органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээ хэрэглэх, сурталчлахтай холбогдсон харилцааг зохицуулах эрх зүйн орчин бүрдсэн хэрэг.
Энгийнээр хэлбэл, тухайн бүтээгдэхүүний орцын 90-ээс дээш хувь нь байгалийн гаралтай найрлагатай хүнс, тэжээл, бордоог органик гэж тооцох юм билээ. Албан ёсны баталгаажуулалтын байгууллагад хүсэлт гаргаад, үүнийгээ тогтоолгоно гэсэн үг.
Гэхдээ үйлдвэрлэл эрхлэгч бүрийг “Та нар заавал органик бүтээгдэхүүн үйлдвэрлэ” гэж хуулиар албадан тулгаагүйг хэлэх нь зүйтэй. Аж ахуйн нэгж болон малчид, тариаланчид органик үйлдвэрлэлд шилжих, эсэх нь тэдний сайн дурын хэрэг. Та “Органик хүнс” гэсэн шошготой бүтээгдэхүүн үйлдвэрлэж, худалдаж байгаа бол түүнийгээ батал, чадахгүй бол хэрэглэгчдийг төөрөгдүүлж, хуурах шаардлагагүй гэдэг энгийн логик эндээс харагдаж байгаа юм. Энэ нь малчид, тариаланчдад ч хамаатай.
Байгаль цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалан зөвхөн Монголд ч гэлтгүй, дэлхий дахинд хөрсний үржил шим муудан, га-гаас авах ургацын хэмжээ багасаж, гадаргын болон гүний ус улам бүр хомсдох болсон тул олон улс орны 2030 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөөнд органик үйлдвэрлэл ихээхэн чухал байр суурь эзэлж буй.
2017 оны эхний байдлаар дэлхийн 87 улс органик хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг зохицуулсан хууль эрх зүйн орчинтой болсны нэг нь Монгол. Манай улсын хөдөө аж ахуйн салбарын нэг том зорилго нь 2030 он гэхэд хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн таван хувь нь “органик” гэсэн баталгаажуулалттай болсон байх.
Органик хүнсний тухай хууль 2017 оны нэгдүгээр сараас хэрэгжих ёстой байсан ч шинэ тутам эрх зүйн орчин учраас дагаж мөрдөх журмуудаа батлахаас эхлээд бэлтгэл хангах хугацаа хэрэгтэй гээд нэг жилээр хойшлуулжээ. Гэвч жил гаруй бэлтгэл хангасан хуулийн хэрэгжилт үйлдвэрлэгчдийн түвшинд өдгөө төдийлөн сайн биш байгааг салбарын яамныхан нуугаагүй.
“Журмуудаа л баталчихвал бид сав, баглаа боодол, хаяг шошгоо цэгцлээд, жинхэнэ органик хүнс үйлдвэрлэхэд бэлэн” гээд байсан хүмүүсийн дуу одоо цаашаа орсон гэнэ. Мэдээж энэ бол санасны зоргоор хялбар бүтчих зүйл биш байх л даа. Үйлдвэрлэл эрхлэгчид нийгмийн хариуцлагаа ухамсарлаад, байгаль орчинд ээлтэй, органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүсэлтээ баталгаажуулалтын байгууллагад тавилаа гэхэд шилжилтийн үйл явц нь ойролцоогоор хоёр жил шаарддаг аж.
Тариаланчид ахиу ургац авахын тулд нэмэлт бордоо, элдэв технологи ашиглаж хөрсөө бохирдуулсан бол, малчид малаа илүү тарга тэвээрэг авахуулах гээд өндөр тунгаар янз бүрийн эм тариа хийсэн тохиолдолд тэр нь хоёр жилийн дараагаас эрүүлжиж, органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөхцөл бүрддэг байна.
“Органик хүнс гэдэг нь бүтээгдэхүүний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагуудыг хангасан байхаас гадна химийн ямар нэгэн нэмэлт бодис ашиглаагүй, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг хэлээд байгаа юм. Тиймээс бид хөдөө аж ахуйн органик үйлдвэрлэлд хэрэглэхийг зөвшөөрсөн 218 нэр, төрлийн бодисын жагсаалт баталж өгсөн.
Жишээ нь, зөвшөөрөгдсөн эм, тарилгыг малын эмчийн хяналтад хэрэглээд таны мал эрүүлжээгүй бол нийлүүлсэн мах, сүүг тань органик бүтээгдэхүүн гэж үзэхгүй гэсэн үг. Газар тариалан эрхлэгчдийн тухайд ч мөн ялгаагүй. Наад зах нь, авто замын хажууд тоосон дунд тарьсан төмс, ногоог органик гэхгүй. Хэрэв та органик талх үйлдвэрлэе гэж байгаа бол гурил, өндөг зэрэг дийлэнх түүхий эд нь байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл байх ёстой гээд сүлжээний бүх шат дамжлагаар нь авч үздэг” хэмээн ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын органик хүнсний асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Тунгалаг ярилаа.
Хэн нэг тариаланч “Бид газар ээжийн буян хишгийг бишгүй хүртлээ. Одоо органик улаанбуудай тариалж үзнэ ээ” гээд хөрсөө өөрөөр нь эрүүлжүүлж, үржил шимийг нь сайжруулах хүртэл хүлээхэд эхний хоёр жил ургацын хэмжээ нь буурдаг байна. Тиймээс энэ зэргийн эрсдэлийг үүрээд, ханцуй шамлан орох хувь хүн ховор гэдэг ортой биз. Гагцхүү АПУ, “Талх чихэр” зэрэг томоохон аж ахуйн нэгж санаачилгаараа органик сүү, гурил үйлдвэрлэе гээд анхан шатны нийлүүлэгчдээ сургаж, дадал хандлагыг нь өөрчилбөл олон зүйлийг түүчээлэх боломжтой аж.
Нэг үеэ бодоход монгол айлын хөргөгчин дэх, ширээн дээр нь өрөөстэй байгаа хүнсний зүйлсийн 60 орчим хувь нь эх орны үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн байх болсон. Одоо монголчууд бидний өмнө хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийхээ эрүүл, аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг яаж хөгжүүлэх вэ гэдэг дараагийн чухал асуудал тавигдах болов. Органик хүнс үйлдвэрлэхийн ач тусыг товчхондоо бол “Байгаль орчинд ээлтэй хандлагыг дэмждэг хэрэглэгчдэд илүү сонголт өгч байгаа хэлбэр” гэж тодорхойлдог.
Гэвч үүний цаана хүн төрөлхтний ирээдүйд хамаатай, эх байгалийн нөөцтэй холбогдох хэчнээн чухал асуудлууд, ямар өргөн агуулга оршиж буйг мэдсээр байж “Бид органик хүнс үйлдвэрлэдэг” хэмээн бусдыг хуурах муухай. Тиймээс тухайн бүтээгдэхүүн үнэхээр органик хүнс мөн, эсэхийг баталгаажуулах нь чухал.
Органик хүнсний тухай хуульд гурван төрлийн байгууллага Монгол Улсын нутаг дэвсгэрт баталгаажуулалт хийнэ гэж тусгажээ. Эхнийх нь, олон улсад итгэмжлэгдсэн гадаадын байгууллага манайд орж ирэн бүртгүүлээд, органик хүнсний баталгаажуулалт хийх юм. Хоёр дахь нь, Стандартчилал, хэмжил зүйн газраас эрх авсан дотоодын баталгаажуулалтын байгууллага байх гэнэ.
Энэ хоёр байгууллага органик хүнс үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааг хөндлөнгөөс хянаад, шилжилтийн боломжит хугацааг тогтоон, баталгаажуулалт хийж гэрчилгээ олгох аж. Экспортод гаргах органик хүнсний бүтээгдэхүүний тухайд тэдний баталгаажуулалтыг хүлээн зөвшөөрөх нь мэдээжийн хэрэг.
Гурав дахь нь, хамтын оролцооны баталгаажуулалтын байгууллага буюу манайх шиг хөдөө аж ахуйн анхан шатны үйлдвэрлэгчдийнх нь хяналт сул, талын нэг тарсан улсад илүү тохирсон хувилбар гэлтэй. Тухайлбал, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын хэсэг малчин нэгдээд, бие биенийхээ үйл ажиллагаанд хяналт тавих зарчим юм. Хамтын оролцооны баталгаажуулалтын байгууллагыг хэн байгуулж болох, хаана бүртгүүлэх, ямар дүрэмтэй байх, хэрхэн ажиллах гэх мэт асуудлыг журмаар зохицуулж өгчээ. Онцлог нь энэ байгууллагын бүтцэд хэрэглэгчийн төлөөлөл зайлшгүй орох ёстой аж.
Ингээд “Энэ бол органик хүнс мөн” гэдэг баталгаажуулалтын гэрчилгээ авсан бүтээгдэхүүнийг нийтийн хэрэгцээнд гарахаас өмнө ХХААХҮЯ бүртгэж аваад, давхар захиргааны хяналт тавих гэнэ. Одоохондоо энэ бүхэн ирээдүй цаг дээр бичигдэж буйг та анзаарсан болов уу. Гэвч төр, засгийн бодлого тогтвортой байвал мөдхөн олон ажил одоо цаг дээр яригдах биз.