Э.Эрдэнэцэцэг
Монголынхоо түүхийн талаар гүнзгий биш юм аа гэхэд эхнээс нь эдүгээг хүртэл энгийн байдлаар хүнд тайлбарлачих дайны мэдлэггүйдээ би үргэлж ичдэг. Хятад улсад сурах болсноосоо хойш энэ байдлаасаа бүр ч их ичих болсон юм. Энд зөвхөн Чингис хааны байлдан дагуулалтын үеийг яриагүй гэдгийг та бүхэн ойлгож буй байх.
Бидний хэд нь “Их Чингис хаан, би монгол хүн” гэж цээжээ дэлдэхээсээ урьтан түүхээ бусдад ойлгуулж, тайлбарлаж чадах бол. Нэг талаасаа энэ нь түүхийн хичээлийг сонирхолгүй заадаг дунд сургуулийн багш нарын буруу байж болох ч монгол хүнийхээ хувьд түүхээ судлаагүй таны, миний ч буруу юм. Харин Бээжин хотын Төвийн үндэстний их сургуулийн докторант монгол оюутнууд тус хотод суралцагч залуустаа зориулан Монголын түүхтэй холбогдох дурсгалт газруудыг танилцуулах “Би явж байна, Бээжин сууж байна” хэлцээр нэрлэгдсэн цуврал аялал зохион байгуулахаар болжээ.
Бээжин хотыг тэмээн жингээр зорих наймаачдаас улбаалан, явж л байвал зорьсон газартаа заавал хүрнэ гэдэг санаанаас тус аяллын нэршил урган гарсан байна. Үүнээс үүдэн Бээжин хотод буй Монголынхоо түүх, соёлтой холбогдох дурсгалт газрууд, соёлын өвүүдийн талаар эрхэм уншигч танд хүргэх санаа төрсөн юм. Цаашдаа зөвхөн Бээжин гэлтгүй дэлхийн өнцөг булан бүрт буй Монголын түүхийн дурсгалт газар, соёлын өвүүдтэй таныг танилцуулна гэдэгт итгэлтэй байна.
Их Юань гүрний нийслэл байсан Дайду бол одоогийн Бээжин хот. Нэгэн цагт Монголын төдийгүй дэлхийн нийслэл байсан газар. Хэдий тэр цагаас хойш 700 гаруй жил өнгөрсөн ч бидний түүх соёлын дурсгал одоо ч энд хадгалагдан буй. “Би явж байна, Бээжин сууж байна” аяллын салхийг тус хотод байх Хубилай хааны Цагаан суваргаар эхлүүллээ. Энэ нь Хятадын нутаг дахь хамгийн эртний, хамгийн том суварга аж. Аялалд Бээжин хотын өнцөг булан бүрт суралцагч залуус төдийгүй Шанхай хотоос ажлаар ирж таарсан гээд нийт 20 гаруй оюутан оролцлоо. Бээжингийн Төвийн үндэстний их сургуулийн докторант Н.Саруул бидэнд хөтөч хийсэн юм. Тэрбээр хятад хэлээрх түүхэн сурвалж болон эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлэгдсэн судалгааны өгүүллээс уншиж, танилцсанаа бидэнтэй хуваалцлаа.
Дайдуг нийслэлээр зарласны дараахан буюу 1271 онд Ляо улсын хуучин бууринаас тэнгэрт тулсан улаан гэрэл (Түүхэн сурвалжид гэрлийн талаар тэмдэглэсэн зүйл үгүй бөгөөд шашны зохиолд гардаг) цацарсанд Хубилай хаан сүсэглэж, Балба (Непал)-ын уран барилгачин Анигэг урьж, эл Цагаан суваргыг бариулжээ.
Суварга нь сүмбэр суудал, их бие, шүхэр, орой гэсэн дөрвөн хэсгээс бүрдэх бөгөөд нийт талбайн хэмжээ 810 ам метр, өндөр нь 50.9 метр, дотор тал нь хөндий байгууламж. Оройдоо тэнгэрт хүрэх 13 өдрийг бэлгэдсэн 13 шаттай. Эргэн тойронд нь гуулин давтмал бурхдын дүр бүхий тарнийн үсэг (самгарди хэлээрх) сийлээстэй, 36 хүрэл хонх зүүлгээстэй аж.
Түүнчлэн тус суваргыг сүүдэргүй хэмээдэг. Энэ нь суваргын амин сүнсийг Төвдийн Лхаст байдаг гэж үздэгтэй холбоотой гэнэ. Тухайн үед Дайду хотын хамгийн өндөр барилга төдийгүй дөрвөн зүг найман зовхисоос бараа нь харагддаг, түүгээр нь баримжаа авч хүмүүс одоогийн Бээжин хотод хөл тавьдаг байжээ. Төвдөд очиж чадахгүй хүмүүс энэ суваргыг хараад нэг насны хүсэл биеллээ хэмээдэг байсан гэнэ. Энэ нь дэлхийн хамгийн том найман суваргын нэг бөгөөд Бээжинд ийм суварга хоёр байдгийн нөгөөг нь 1651 онд бүтээжээ.
Балбын уран барилгачин Анигэ загварыг нь гаргаж, суваргыг 80 хүнээр найман жилийн турш бариулсан аж. Тийм ч учраас Анигэгийн хөрөг, баримлыг тус газарт хүндэтгэн залсан байдаг юм билээ. Анигэ нь Монголын хаадын зургийг анхлан буулгаж, Хубилай хаан болон түүний ярьснаар Чингис хааныг хүртэл уран зургаар дүрсэлсэн эрхэм хүмүүн аж. Мөн уран зургийг нэхмэлтэй хослуулсан анхны уран бүтээлч гэнэ.
Хэдийгээр тус суварга нь Монголын түүхтэй салшгүй холбоотой ч өдгөө Хятад, Балбын урлаг, соёлын олон арга хэмжээ зохион байгуулдаг газар болон хувирчээ. Анигэ нь Хубилай хааны зарлигаар бурхны шашныг дэлгэрүүлж байсан бөгөөд нийт гурван суварга, тахилын хоёр сүм, нэг ордон барьсан аж. Тухайн үедээ Цагаан суварга нь “Алтан хотын хас суварга” хэмээгдэж, шашин номыг тэтгэн дэлгэрүүлэх гол төв байсан бөгөөд лам хуврагын тоо 70 мянгад хүрч байсан гэх баримт ч бий. Түүнчлэн алтан ургийн мөргөлийн үйл, ном судар орчуулах, дархны үйл хийх, бар хэвлэх онцгой эрхтэй газар байжээ.
Цагаан суваргыг босгосны дараа 1279 онд түүгээр загвар болгон Тэнгэрийн бошигт түмэн амгалан хийдийг байгуулсан аж. Үүний дараа 1294 онд Хубилай хааныг нас барахад суваргын баруун талд түүний тахилын сүмийг бүтээсэн ч 1368 онд Түмэн амгалан хийдэд гал гарахад хийд болон тахилын сүм бүхэлдээ шатаж, зүүн, баруун хоёр дуган нь үлдсэн байна. Суварга ч мөн тодорхой хэмжээгээр галд өртжээ. Харин Тогоонтөмөр хаан Дайду хотыг орхин гарсны дараагаар Цагаан суваргаас тэнгэр тулам цагаан гэрэл цацрахыг Мин улсын хаан хараад Түмэн амгалан хийдийг 1457 онд дахин сэргээж, одоогийн Миао Ин Си хийдийг байгуулан, суваргыг ч засварласан байна.
Түүхэнд тус суварга хоёр удаа буюу сүүлд 1744 онд галд өртсөнийг 1753 онд засварлажээ. Суварга нь хэд хэдэн удаа хүнд хэцүү нөхцөл байдалтай тулгарч байсан ч үндсэн хийцээ алдалгүй өнөөг хүрсэн аж. 1961 онд Хятад улсын түүх, соёлын дурсгалт өвөөр бүртгэн, 1978 онд засвар хийснээс хойш 1997 онд галд өртөхөөс сэргийлэн эргэн тойронд нь суваг шуудуу татсан байна.
Эртнээс эдүгээ хүртэл Хубилай хааны их бүтээн байгуулалтаар нэрлэгдсэн Цагаан суварга өдгөө ч Бээжин хотноо өмнөх шигээ бүхний дээр биш ч эгэл даруухан оршсоор буй.