БНТУ-ын Ерөнхий сайд Бинали Йылдырым энэ сарын эхээр манай улсад албан ёсны айлчлал хийх үеэрээ ам нээх бүртээ “Туркиш эйрлайнс” компанийн нэрийг дурдлаа. Айлчлалынхаа хүрээнд амжуулах түүний нэг гол ажил нь “Туркиш эйрлайнс” компанийн олон жилийн хүсэлтийг биелүүлэхэд улс төрийн дэмжлэг үзүүлэх байсан нь илэрхий байв. Дэлхийд эхний 10-т эрэмбэлэгддэг энэ компани манай улс руу долоо хоног тутамд тээвэрлэх зорчигчдынхоо тоог хоёр дахин нэмэх саналыг хэдэн жилийн өмнөөс тавьсаар ирсэн.
Тэднийх одоогоор долоо хоногт 500 зорчигч тээвэрлэдэг бол үүнийгээ 1000 болгох саналтай байгаа. “Туркиш эйрлайнс”-ынхан Истанбулаас Улаанбаатар чиглэлд долоо хоногт 1000 зорчигч тээвэрлэвэл тийзний үнэ хямдарна, аялал жуулчлал хөгжинө гэж манайхныг ятгаж буй. М.Зоригт гэх мэт Зам, тээврийн сайдаар ажиллаж байсан хүмүүс туркчүүдийн хүсэлтийг бодлогын хувьд дэмжиж явсан удаатай. Гэвч үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компанийн зах зээлээс хумсална гэсэн болгоомжлол туркчүүдийн хүсэлтийг няцаасаар ирсэн юм. Болгоомжлол нь ч ор үндэслэлгүй зүйл биш.
МИАТ компани 2011 онд Монголоос Европыг чиглэсэн нислэгийн зах зээлийн 37 хувийг эзэлж байжээ. Тэгвэл 2012 оноос “Туркиш эйрлайнс” компани Улаанбаатар-Истанбулын чиглэлд нисэж эхэлснээр зах зээлийнхээ долоон хувийг алдсан байна. Энэ чиглэлийг нээснээр Монголыг зорих турк хүмүүсийн тоо нэмэгдсэн ч МИАТ компанийн Берлин, Франкфурт, Бээжин чиглэлийн зоригчид 20 орчим мянгаар буурчээ.
Өөрөөр хэлбэл, “Туркиш эйрлайнс” нь шинээр зах зээл бий болгоогүй байснаас нь хуваалцсан гэсэн үг. Туркийн авиа компани долоо хоногт тээвэрлэх зорчигчийнхоо тоог нэмж, олон суудалтай, том оврын онгоцоор манай улс руу шууд нислэг хийвэл Москва, Берлин, Франкфурт чиглэлийн нислэгээ зогсооход хүрнэ гэж МИАТ компанийнхан үзэж байна. Цаашлаад Сөүл, Бээжингээр дамжиж, АНУ руу нисдэг зорчигчдыг бууруулна гэж тэд мөн болгоомжилдог.
...“Туркиш эйрлайнс” компани 2023 он гэхэд 450 агаарын хөлөгтэй болохоор төлөвлөж, шинээр 212 онгоц авахаар захиалга өгсөн нь ямаршуухан том амбийц, алсын хараатай ажиллаж буйг нь илэрхийлнэ. Тус компани сүүлийн жилүүдэд жижиг эдийн засагтай, техник, технологийн чадамж сул боловч байгалийн нөөц ихтэй, ирээдүйд хөгжих боломжтой Ази, Африкийн зах зээлд эзлэх бодлого хэрэгжүүлж байна. “Туркиш эйрлайнс”-ын Азийн зах зээлд хүрээгээ тэлэх зорилгын бай нь манай улс болжээ. Улсынхаа тугийг мандуулдаг, үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компаниа хүч тэнцвэргүй өрсөлдөөнд оруулж, зах зээлийг нь хумих уу, төрийн бодлогоор хамгаалах уу гэдгийг УИХ-ын гишүүд шийднэ...
МИАТ компани Европ руу нисэх шинэ чиглэл нээхээр төлөвлөсөн гэнэ. Туркчүүдэд долоо хоногт 1000 хүн тээвэрлэх эрх олговол шинэ чиглэл нээх боломж хязгаарлагдаж, тэднийх “шавар хаах” гэнэ. МИАТ Европ руу нисгэх зорилгоор “Боинг-767-300” загварын агаарын хөлөг худалдан авсан байдаг. Эл чиглэлийн зорчигчдоо бусдад алдвал шинэ онгоцны ашиглалт буурч, зээлийн төлбөрөө хийхэд хүндрэл учрах нь дамжиггүй. МИАТ компанийг өрсөлдөх чадвартай болохоос өмнө манай зах зээлд Европ, цаашлаад Америк тивийг холбосон гол тоглогч болох санаархал “Туркиш эйрлайнс”-ынханд байгаа нь эндээс харагдана.
Тэднийд олон зорчигч тээвэрлэх эрх олгочихвол МИАТ хүч тэнцвэргүй өрсөлдөөнд орох нь ойлгомжтой. “Туркиш эйрлайнс” өдгөө манай улс руу долоо хоногт гурван удаа нислэг хийж, 500 хүн тээвэрлэж байна. Ингэхдээ жижиг онгоц ашиглахаас өөр аргагүй байгаа. Цөөн суудалтай жижиг онгоц нь Кыргызстаны нийслэл Бишкект заавал бууж шатахуунаа дүүргэдэг. Улаанбаатар, Истанбулын хооронд олон суудалтай том агаарын хөлөг шууд нисвэл тийзний үнэ хямдрах нь тодорхой гэсэн. Гэхдээ хэдэн ам.доллароор буурахыг Туркийн талаас дуулгаагүй байгаа.
Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогыг “задалж” чөлөөт өрсөлдөөнд оруулах санаачилга гаргасан. Тэрбээр иргэдэд хямд үнээр зорчих боломж олгох, аялал жуулчлал хөгжүүлэхээр ийм шийдвэр гаргасан гэж тайлбарлаж буй. Улмаар агаарын тээврийг либералчлах бодлогыг УИХ-аар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна.
Тэдний хүсэлтийг биелүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэхээр шийдсэн гэсэн үг. Тэгвэл “Туркиш эйрлайнс” компани МИАТ-ийг зах зээлээс шахаж гаргасныхаа дараа тийзний үнээ өсгөчихвөл яах вэ гэсэн асуултад хэн ч хариулж чадахгүй байгаа. МИАТ хүчтэй өрсөлдөгч болж байж тийзний үнийг тогтвортой барих боломжийг хадгалах нь гарцаагүй. Үндэсний агаарын тээвэрлэгчээ хөсөр хаяад хаалга үүдээ цэлийтэл нээтэл нислэгийн тийз эргээд үнэд орчихвол яах вэ.
МИАТ компани “Боинг”-оос ирэх жил хоёр шинэ онгоц түрээсэлнэ. Ингээд нийт долоон агаарын хөлөгтэй болох юм. Олон улсад “нойтон түрээс”, агаарын хөлгийн засвар үйлчилгээ хийх гэх мэтээр МИАТ-ийн бизнесийн хүрээ тэлж, аажмаар тамир тэнхээ сууж байгаа. Залуу компанийг бяр суухаас нь өмнө зах зээлийг эзэлж авахаар туркууд яарах нь дамжиггүй. Тиймээс л тэд төрийн бодлогоор авиа компаниа дэмжиж, Ерөнхий сайд нь манайхнаас агаарын тээврээ либералчлахыг ятгаж явна.
Турк улсын газар нутаг Ази, Европыг холбодог. Газар зүйн энэ давуу талаа ашиглан агаарын тээврийн салбарт “акул” болох бодлогыг тус улсын Засгийн газар олон жил хэрэгжүүлж байгаа. Одоогоор 300 чиглэлд ийм тооны онгоцоор нисэж буй “Туркиш эйрлайнс” компани 2023 он гэхэд 450 агаарын хөлөгтэй болохоор төлөвлөж, шинээр 212 онгоц авахаар захиалга өгсөн нь ямаршуухан том амбийц, алсын хараатай ажиллаж буйг нь илэрхийлнэ.
Тус компани сүүлийн жилүүдэд жижиг эдийн засагтай, техник, технологийн чадамж сул боловч байгалийн нөөц ихтэй, ирээдүйд хөгжих боломжтой Ази, Африкийн зах зээлд эзлэх бодлого хэрэгжүүлж байна. “Туркиш эйрлайнс”-ын Азийн зах зээлд хүрээгээ тэлэх зорилгын бай нь манай улс болжээ. Улсынхаа тугийг мандуулдаг, үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компаниа хүч тэнцвэргүй өрсөлдөөнд оруулж, зах зээлийг нь хумих уу, төрийн бодлогоор хамгаалах уу гэдгийг УИХ-ын гишүүд шийднэ. МИАТ-ийг тамир тэнхээ сууж, олон чиглэлд нисдэг болсны дараа “Туркиш эйрлайнс”-тай өрсөлдүүлбэл ямар вэ.
Турк 10 жилийн өмнө Африк тивийн 12 улсад Элчин сайдын яамтай байсан бол өдгөө 45 хүртэл нэмэгдүүлжээ. Төрийн бодлогоор авиа компаниа дэмжсэнээр “Туркиш эйрлайнс” 25 шинэ чиглэл нээж, Африкийн 30 улсын 45 цэгт нислэг үйлдэх болсон аж. Ингэснээр энэ зах зээлд тэргүүлж байсан “Эйр франс”, “Эмират” зэрэг авиа компанийн байр суурийг сулруулан, зах зээлээс түрэх болсон байна. “Туркиш эйрлайнс” компанийн түрэмгийлэлд өртөж, агаарын тээврийн зах зээлээс шахагдаж буй жишээ олон бий. Гүрж улсын жишээ хамгийн сургамжтайд тооцогддог.
М.Саакашвили тус улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон даруйдаа үндэсний тээвэрлэгчдийг тийзний үнээ бууруулахгүй байна гэдэг үндэслэлээр Гүрж рүү нислэг үйлдэх бүх хязгаарлалтыг чөлөөлж, гадаадын тээвэрлэгчдэд, ялангуяа “Туркиш эйрлайнс”-д нэн таатай боломж олгосон байдаг. “Туркиш” нислэгийн хүрээгээ эрс нэмэгдүүлснээр Гүржийн 17 авиа компаниас гурав нь л тэсэж үлджээ. Эмгэнэлтэй нь туркчүүд тийзний үнээ эргүүлээд нэмчихсэн гэнэ лээ.
Мөн ХБНГУ-ын “Люфтханза” компани нь 20 жил тасралтгүй нислэг үйлдсэн Франкфурт-Екатеринбург, Франкфурт-Новосибирск чиглэлээ “Туркиш эйрлайнс”-д дээрэмдүүлжээ. ОХУ-ын Екатеринбург хотын үндсэн тээвэрлэгч “Урал эйрлайнс” нь Истанбул чиглэлд томилгоо авч нислэг үйлдсэн боловч үнэ, тариф болон нислэгийн сүлжээгээр “Туркиш эйрлайнс”-тай өрсөлдөх боломжгүй тул зах зээлээс гарсан байна.
1933 онд таван онгоцтойгоор байгуулсан, зуу шахам жил нисэж буй, төрийнхөө дэмжлэгтэй зах зээлээ тэлж буй “Туркиш эйрлайнс”-ын түрэмгийлэлд сөхөрсөн өөр нэгэн жишээ МИАТ болох юм биш биз. Засгийн газар ямар хөгжил, дэвшилд хүргэхээр агаарын тээврийг либералчлахаар яаравчилж буйг таашгүй. Манайхан БНТУ-ын Ерөнхий сайд Бинали Йылдырымд агаарын тээврийн салбараа либералчилж, танай “Туркиш эйрлайнс”-т хаалгаа дэлгэнэ гээд хэлчихсэн юм болов уу.