Н.Энхтүвшин
Хүн төрөлхтний түүхэнд анхны зочид буудлын загвар хэлбэр өнө эрт манай эринээс 2 мянган жилийн өмнө Дорно зүгт бий болсон гэж судлаачид үздэг. Энэ нь аян замын хүмүүст хоноглох боломж олгодог байр байжээ. Улс гүрнүүдийн хооронд худалдаа наймаа аялал жуулчлал, улс төр эдийн засгийн харилцаа өргөжихийн хэрээр тэдгээрийг холбох зам дагуу байрлах хооллож ундлан, унтаж амраад явдаг байсан газрууд хувьсан өөрчлөгдсөөр өнөөгийн бидний ойлгож ирсэн зочид буудал хэмээх нийгэм эдийн засгийн асар том салбар болон хөгжиж иржээ. Зочид буудлыг латинаар Хостэл \hostel\ гэдэг. Энэ нь зочломтгой гэсэн утгатай үг аж. Ийм нэгэн зочломтгой айлын тухай бид өнөөдөр өгүүлэх гэж байна.
1911 оны 12 дугаар сарын 4-нд Хүрээнд байсан Манжийн Саньдоо амбан захирагч Монголд өрнөсөн эрх чөлөөний хөдөлгөөнөөс айн орос цэргээр хамгаалуулан Хиагтаар дамжин Монгол нутгаас зугтан гарчээ. Харин яг 50 жилийн дараа манжийн сүүлчийн амбангийн амьдарч байсан хоёр давхар модон байшингийн суурин дээр гадаад дотоодын олон зуун зочид гийчид төлөөлөгчдийг зочломтгой зангаар хүлээн авч үйлчилсэн Улаанбаатар зочид буудал сүндэрлэн боссон юм.
1921 оны хувьсгалаас хойш мэргэжлийн урлагийн газрууд бий болтол өргөн олныг хамарсан соёлын төвүүд байсангүй. Харин тэр үеийн Ленин клубд төрөл бүрийн лекц дугуйлан, тоглолт, кино, нийтийн бүжиг гээд төрөл бүрийн соёлын арга хэмжээ явагддаг байсан нь монголчуудын өрнийн соёлтой танилцах эхлэл байсан гэж манай ахмад үеийнхэн одоо ч сэтгэл хөдлөн ярьдаг.
Харин Улаанбаатар зочид буудал баригдсанаар манай нийслэлчүүд дахин нэг соёлын шоконд орсон удаатай. “Улаанбаатар” зочид буудал нь тухайн үеийн Сайд нарын зөвлөлийн тогтоолоор баригдсан бөгөөд тухайн тогтоолын үндсэн зорилго нь Ази тивдээ дээгүүрт орох үйлчилгээний цогцолбортой болоход оршиж байжээ. Зочид буудал зоогийн газрын цогцолборын зураг төслийг уран барималч Б.Чимэд, Буджан, Галягийн хамт хийж, БНХАУ-ын барилгачид барьсан бөгөөд дотоод монтаж тоног төхөөрөмж, тавилга сэлтийг Чехословак улсын өндөр зэрэглэлийн техникийн ажилтнууд гүйцэтгэсэн байдаг.
1961 оны 6 сарын 22-нд болсон нээлтэд Цэдэнбал дарга, тэр үеийн улс төрийн товчооны гишүүд, засгийн газрын гишүүд, дипломат байгууллагууд, урлаг соёлын томчуул ирсэн үнэхээр тансаг хээнцэр нээлт болжээ. Чехэд сургууль төгссөн тогооч нар жинхэнэ өрнийн цэсийг гаргаж тусгайлан бэлтгэгдсэн зөөгч нар зочидод үйлчилж байсан байна.
Амны зөөлөн цаас гэж юу байдгийг бараг мэддэгүй байсан монголчууд ярайтал эгнүүлэн тавьсан олон янзын шилэн жүнз, амны цагаан алчуур, хутга сэрээг хараад яаж хэрэглэхээ мэдэхгүй сандардаг байсан гэлцдэг. Анхны том зоогийн танхим, анхны баар, анхны цахилгаан шат, анхны халуун устай барилга, давхар болгондоо түшлэгтэй зөөлөн сандал, буйдан гээд ер нь булан тохой бүрт амьтан хүний нүд хужирласан зүйлүүд байжээ. Тэр байтугай 1980 он хүртэл жааз, үлээвэр, хөнгөн хөгжмийн хамтлагтай байсан бөгөөд тэдгээрийн дундаас ”Соёл-Эрдэнэ”-ийн хоёр ч гишүүн төрөн гарсан билээ.
Гэрч өгүүлж байна
Ардын жүжигчин Хөдөлмөрийн баатар А.Хайдав
- Би нээлтэнд гэргийтэйгээ оролцсон. Олон хүн соёлыг гайхаж байсан ч их сайхан хүлээн авалт болсон юм даг. Хожим 1969 онд гэр бүлийн маань хүн өөд болж, “Улаанбаатар” зоогийн газар миний гал тогоо болсон доо. Гурван жил өглөө өдөр оройгүй тогтмол хооллодог байлаа. Лав нэг машины мөнгөөр идсэн байх. Үйлчилгээ сайтай, гэртээ яваад орж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлдэгт нь татагддаг байсан биз.
Төрийн соёрхолт Ардын жүжигчин Б.Жамъяндагва
-“Улаанбаатар”-т нээсэн цагаас нь эхлэн тэр үеийн сэхээтнүүд цуглардаг байсан. Ялангуяа урлагийн бид болзсон юм шиг уулзалддаг байлаа. Мөн нийслэлчүүд хүндэлж хайрладаг хүмүүсээ харж нүд хужирлах гэж “Улаанбаатарыг” зорьдог байсан юм. “Улаанбаатар” биднийг том соёлд сургасан даа.
Соёлын Гавьяат зүтгэлтэн Д.Ухнаа
- Ашиглалтад орсноос хойш “Улаанбаатараар” үйлчлүүлж ирлээ. Үйлчлүүлэхээс гадна тэнд зохиогдсон маш олон арга хэмжээнд оролцон тоглож байлаа. Хуйцаа зургаан төгрөгний үнэтэй санагдана, уйдна гэж байхгүй дандаа захиалдаг хоолны маань нэг. Мөн гадаадын жүжигчдийг “Улаанбаатарт” байрлуулж байлаа. Миний тооцоогоор орон орны 1000 орчим уран бүтээлчид “Улаанбаатараар” үйлчлүүлсэн байх. Зочид маань сэтгэл өндөртэй буцдаг байсан. Хамгийн сүүлд уран бүтээлийнхээ 40 жилийн ойн дайллагыг энд хийсэн. Зочдод маань сайхан сэтгэгдэл төрүүлсэн гэдэгт итгэлтэй байна.
Үнэхээр “Улаанбаатарт” зохиогддог хүндэтгэлийн баяр ёслолын цэнгүүнд оролцоогүй, ”Улаанбаатар” зоогийн газрын нэрийн хоолоор дайлуулж үзээгүй хүн бараг байхгүй болов уу. Эдний хоол амт чанар сайтай. Тиймдээ ч Улсын баяр наадмын төрийн хүлээн авалтад өөрсдийн нэрийн зоогоороо урилгаар оролцдог болов уу. Анх арав гаруй нэр төрлийн хоолоор үйлчилдэг байсан бол эдүүгээ хагас мянган төрлийн идээ зоог барин үйлчлүүлэгчдийнхээ ая тухтай хооллох тал дээр санаачлага гарган ажиллаж байна.
Өнөөдөр "Улаанбаатар“ зочид буудалд гурван том зоогийн танхимтай. Их танхим буюу УБ ресторан нь суугаа 500 хүнд, зогсоо 700 хүний хүлээн авалт хийх хүчин чадалтай. Зөөлөн ногоон өнгийн гантиган шал, өндөр тааз, олон зуун жилийн настай царс мод шиг том баганууд 250 гаруй болор дусалтай гайхамшигтай том алтмал люструуд нь энэ танхимд тансаг эрхэмсэг байдлыг бүрдүүлдэг. Харин тэдний алдартай нэрийн хоол өндөр зэрэглэлийн үйлчилгээ нь тав тухыг нэмдэг. Энэ утгаараа УБ ресторан нийслэлдээ хамгийн том зоогийн газарт тооцогддог билээ.
Гайхамшигтай амттай хоол хийгээд түүнийгээ пал хийтэл нэг түмпэнд хийгээд өгвөл хайран хөдөлмөр ямар ч үнэлэмжгүй өнгөрнө. Харин ямар ч хоолыг гайхамшигтай чимэглэн таваглаж өгвөл хүмүүс дуу алдан хүртдэг. Хонины гэдэс дотор, чанасан толгой, шарсан хавирга гээд монголчууд бидний идэж заншсан хоол нь “Улаанбаатарын” ДА ХҮРЭЭ танхимд “Бошгыг халах залуучууд”, “Адуун төвөргөө”, “Сүргийн манлай” зэрэг өвөрмөц нэртэй болоод зогсохгүй амт чанарын хувьд цоо шинэ мэдрэмжийг төрүүлэх аж.
Зочид буудлыг үнэлдэг гол хэмжүүрийн нэг нь өглөөний хоол. Хэрэв та Улаанбаатар зочид буудалд буусан бол өглөөний хоолыг УБ БИСТРО-танхимд идэж болно. Таван одтой зочид буудлын өглөөний хоол ямар байх ёстой бүх шинжүүдийг эндээс олж болохоос гадна өөр давуу тал УБ БИСТРО-д бий. Энэ нь өрнө дорнын хослол. Энд герман аргаар хийсэн цусан зайдас, улаан хар түрс, франц аргаар нүдсэн өндөг гээд өрнийн тансаг зуушийг амталж болохоос гадна дорнын нууцлаг өвөрмөц амтыг ч мэдэрч болно.
Холливуудын нэрт жүжигчин Ричард Гийр тус буудалд нэг биш удаа буудалласан бөгөөд УБ БИСТРО-гийн тухай “Би олон газраар явж олон зочид буудалд бууж байсан. Харин өглөөний хоолон дээр өрнө дорно ингэж тансаг огтлолцохыг олон үзээгүй” хэмээжээ.
2010 оны нэгэн өвлийн тэсгэм хүйтэн өдөр “Улаанбаатар” зочид буудлын гол хаалгаар аяны жижиг цүнх барьсан цайвар үстэй нэгэн эмэгтэй орж ирэн үүдний танхимын эргэн тойрныг анхааралтай ажин зогсох аж. “Танд тусалж болохсон болов уу” гэсэн буудлын ажилтны асуултад эмэгтэй эелдгээр инээмсэглэн “Санаа зоволтгүй” гэж хариулаад ресепшин дээр хүрэн очлоо. Тэрбээр өөрийнхөө нэрийг хэлээд өрөө захиалсан тухайгаа дурдан түлхүүрээ авснаа “Картан түлхүүртэй болжээ” хэмээв.
“Тиймээ. Та манайд урд нь бууж байсан уу?” гэж асуухад “Олон жилийн өмнө” гэж хариулаад өрөөндөө орсон аж. Харин оройхон доо өнөөх эмэгтэй нэгэн хүсэлт тавьжээ. “Манай аав Франц Улсаас Монгол улсад суух элчин сайдаар олон жил ажилласан тэгээд түүний монгол дах гэр нь танай буудал байсан юм. Надад амьдарч байсан өрөөг нь харах боломж бий юу?” гэж асуув.
328-р өрөөнд бага насныхаа дурсамжийг эргэн санаж бодож байгаа болов уу гэмээр удтал сууж байгаад “Танигдахын аргагүй өөр болжээ” хэмээн шүүрс алджээ. Сонирхолтой нэг баримтыг дурдвал 1996 он хүртэл ОХУ, БНХАУ-ын элчин сайдаас бусад бүх элчин сайдууд “Улаанбаатар” зочид буудалд амьдарч байсан юм. Хамгийн сүүлд Турк Улсын элчин сайд 1996 онд өрх тусгаарлан гарчээ.
Хагас зуун жилийн түүхтэй ”Улаанбаатар” зочид буудалд олон улс гүрний төр засгийн тэргүүнүүд, ханхүү вангууд, эрдэмтэд, алдар нэртэй жүжигчид олноор буудаллажээ. 530, 431, 331, 228-р бүтэн люкс өрөөнүүдийг буудлын ажилчид холливуд гэж нэрлэдэг байна. Учир нь энд Ричард Гийр, Стивен Сигал, Жүлия Робертс, Софи Марсо, Кристоффер Ламберт гээд нэртэй жүжигчид буудаллаж байсан гэнэ. Жулия Робэртс “Улаанбаатарын” 431-р өрөөнд 20 гаруй хонохдоо буудлын дурсгалын дэвтэрт “Би Монголд дахиж ирнэ. Тэгэхдээ заавал “Улаанбаатар”-т өөрийнхөө өрөөнд бууна гэдэгт итгэлтэй байна” гэж бичиж байсан бол Дэлхийн банкны тэргүүн Тони Виттен “Би сүүлийн 15 жилийн хугацаанд 30 гаруй удаа Монголд айлчлахад гэрээс гэрт ирж буй сэтгэгдэл Улаанбаатар зочид буудал төрүүлдэг бөгөөд энэ хотод байрлах хамгийн сайхан газар гэж боддог. Ажилчид нь үргэлж найрсаг нөхөрсөг ханддаг. Бүх зүйлд талархаж байна” гэж бичиж үлдээжээ.
Уг дурсгалын дэвтэрт Буддын шашны тэргүүн Далай лам, ОХУ-ын засгийн газрын тэргүүн, Туркийн парламентын дарга, Халимагийн ерөнхийлөгч, Энэтхэгийн ерөнхий сайд, загвар зохион бүтээгч Пьер Кардэн гээд олон хүндэт зочдын халуун дулаан талархлын үгс байдаг.
Харин 2000 онд тохижуулсан ерөнхийлөгчийн өрөөнд хамгийн сүүлд Кентийн эрхэмсэг хунтайж Майкл тухалжээ. Өнгөрсөн онд Энэтхэгийн ерөнхийлөгч Монголд айлчлах үеэр түүнийг дагалдаж байсан 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй хэвлэл мэдээллийн хэсэг Улаанбаатар зочид буудалд буужээ. Айл гэрт эрийн нэрээр ороод эмийн нэрээр гардаг гэж үг байдаг. Тэр тусмаа хэвлэлийнхэн тухайн улс орны тухай ойлголтыг хамгийн гярхай зарим тохиолдолд гоочилсон ч маягаар өөрсдийн ард түмэнд хүргэдэг.
24 цагийн мэдээллийн төв, хяналтын өрөө, хамгийн өндөр хурдны 20 гаруй компьютер, 2 хог хэрчигч машин, 24 цагийн турш гадаадтай шууд харилцах interhardline утас 3, 4 хэвлэх машин, 4 факс, ND tv, National телевиз гарч байх 24 цагийн суваг байх ёстой гэсэн маш өндөр шаардлагыг тэд тавьжээ.
Харин дараахан Энэтхэгийн Hindustan Dainic New Delhi, The Times of India зэрэг нэр төртэй сонинуудад Монголын тухай асар их эерэг мэдээллүүд гарсан нь тэдний тавьсан шаардлага хангагдсан төдийгүй сайхан монгол зочломтгой занг мэдэрснийх болов уу.
1992 онд “Улаанбаатар” зочид буудал хувьчлагдан анхны хувьцаат компани болон зохион байгуулагдсан юм. 35,5 сая төгрөгөөр хувьчлагдаж дансанд нь байсан 800,000 ам.долларыг Засгийн Газрын өмч хувьчлалын комисс авчээ. Ингээд үйл ажиллагааныхаа чанарыг бууруулалгүй санхүүгийн хувьд бэхжих нь хамгийн чухал зорилт болжээ. Гэвч шилжилтийн үеийн энэ амаргүй давааг тэд маш амжилттай давсан аж. Чухам 1993-1996 онуудад “Улаанбаатар” зочид буудлын шинэчлэн засварлах ажил явагдаж урьд нь 100 гаруй өрөөний бараг тал хувь нь дотроо ариун цэврийн өрөөгүй, телефон утасгүй бараг нийтийн байрархуу байсан бол бүх өрөөг сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон ариун цэврийн өрөөтэй, гадаадын 100 гаруй оронтой өрөөнөөсөө шууд холбогдох, 76 сувгаар зурагт үзэх боломжтой болгожээ.
Мөн өдөр болгон зочны өрөөнд өөрсдийнхөө хүлэмжид ургуулсан гайхамшигтай үзэсгэлэнтэй сарнай цэцгийг тавьдаг аж. 2000 онд ерөнхийлөгчийн зэрэглэлтэй өрөө тохижуулан ашиглалтад оруулснаар “Улаанбаатар” зочид буудал орчин үеийн стандартад нийцсэн дэлхийн дээд зэрэглэлийн зочид буудал болсон байна. Тус буудал одоо нэг доор 180 хүн хүлээж авах хүчин чадал бүхий 4 зэрэглэлийн 119 өрөөтэй, 50-100 хүний багтаамжтай хурал семинар явуулах 3 хуралын танхимтай, 24 цагийн өрөөний үйлчилгээтэй, саун массажны үйлчилгээ, үнэт зүйлсээ хадгалах сейфний үйлчилгээ, автомашины тээврийн үйлчилгээ, кофе хаус, угаалгын үйлчилгээ, бизнес төв зэрэг 5 одтой буудлын бүх л хэв шинжийг агуулсан билээ.
Тиймдээ ч “Улаанбаатар” зочид буудал 2007 онд Монголын анхны 5 одтой зочид буудал болсон юм. Үүгээр “Улаанбаатар” зочид буудлын анхдагч гэсэн тодотгол хязгаарлагдахгүй билээ. Тэрэлжийн аман дахь 3 одтой УБ-2 зочид буудал нь эдний бас нэг бахархал.
Эко орчинд орчин үеийн тав тухыг мэдрэн амрах боломж манайд тийм ч их биш. Харин “УБ-2”-ын дэргэдэх нүхтэй Гольфийн клуб нь монголдоо анхдагчдын нэг төдийгүй гольфийн спортыг эх орондоо дэлгэрүүлэн хөгжүүлэхэд асар их үүрэг гүйцэтгэсэн гэж тамирчид үздэг.
Энэ бүх тав тухтай тансаг орчин, дээд зэрэглэлийн үйлчилгээ, гайхамшигтай түүхтэй танилцаад явж байхдаа “Танайх яагаад гадна талаа өөрчилдөггүй юм бэ“ гэсэн саваагүй асуултад маань “Манай буудал монголын анхны буудлуудын нэг бөгөөд хагас зуун жил нийслэл хотынхоо нүүр царай болж ирсэн. Бидний түүх бол хотын маань түүх, улсын маань түүх, тиймээс бид гаднах байдлаа өөрчлөхгүй гэж боддог” гэж хариулсан юм.