Өнөөгийн залуус тайз, дэлгэцийн од, Ардын жүжигчин Г.Гомбосүрэн гуайг өвлийн өвөө юм уу, магадгүй “Энэ хүүхнүүд үү” киноны нэгдлийн дарга Жамцын дүрээр илүү мэдэх байх. Харин түрүү, түрүүчийн үеийнхэн уран бүтээлчийг Отелло, Гамлет, Лир вангаар нь дурсаж, шүтэн биширдэг.
Ардын жүжигчин түүний мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож буй. Өдгөө ная гарсан хүү Г.Амарсайхан нь болон зулай зулайгаа гишгэж төрсөн долоон сайхан охин, тэдний үр хүүхдүүд аавынхаа, өвөөгийнхөө хамтран зүтгэгчидтэй нэгдэж ойг нь ёслол төгөлдөр, өргөн дэлгэр тэмдэглэхээр ажлаа эхлээд буй.
СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн нэг ангийг Ардын жүжигчний нэрэмжит танхим болгохоор тохижуулж буй бөгөөд ирэх сарын эхээр нээх ажээ. Том охин, балетчин Г.Мандах болон хүргэн, удирдаач Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Баатаржав нарын ач хүү хийлч Э.Мөнх-Эрдэнэ Москвагаас сонгодог цөөхүүл хөгжмийн хамтлагтайгаа ирж, тавдугаар сарын 7-нд Улсын филармонид “Viva chamber” тоглолт хийх юм.
“Ардын” Г.Гомбосүрэнгийн ажил үйлс, уран бүтээлийн түүхэн замнал, ач холбогдлын тухай өгүүлэх дурсамж кино болон ном бүтээх ажил ч ид өрнөж байгаа юм билээ. Эдгээрийг ирэх намар уран бүтээлчийн үе үеийн үзэгчдийн хүртээл болгох цагаар УДЭТ уран бүтээлийн тоглолт, цэнгүүн зохион байгуулах ажээ.
Монголчуудын дурсан санаж, өнөө хэр бишрэн хүндэтгэсээр буй Гомбожавын Гомбосүрэн 1918 онд одоогийн Төв аймгийн Бүрэн суманд төржээ. Багаасаа адуунд дуртай байсан жаалхүү бараг 20 нас хүртлээ морин дэл дээр хийсч явахад нь хэн хүнгүй тэгш сайхан нуруу, дуу хоолойных нь өнгийг шагшин хайрладаг байжээ. Уурга, уургын морь хоёроос холдож, хот газар ирээд хийсэн анхны ажил нь Галын аюулаас хамгаалах хэлтэст жолооч.
Залуу жолооч кабин дотроо залуураа мушгиж явахдаа ямар гээчийн ерөөлөөр юм, тухайн үеийн алдартай жүжигчин Ө.Рэнцэнноровыг нэг тийш нь хүргэж өгч л дээ. Зам зууртаа амандаа дуу аялахад нь адтай жүжигчин бүсгүй “Энэ чиний хийх ажил биш байна, чи театрт, тайзан дээр жүжиглэж байхаар хүн юм. Очоод шалгуул, лав авах байх” гэж ятгаснаар Г.Гомбосүрэн 23 настайдаа Үндэсний жүжгийн театрын босгоор алхан оржээ.
Хайж байсан хүн нь өөрөө ороод ирсэнд Ц.Цэгмэд, Ичинхорлоо нарын алтан үеийнхэн олзуурхан хүлээж аваад, театр, урлагийн орчинтой танилцуулангаа жил хэртэй ойр зуурын ажил хийлгэжээ. Тэр хугацаанд Г.Гомбосүрэн цалин авсангүй. Харин оронд нь тайзан дээр тоглосон бараг бүхий л жүжгийн эрэгтэй дүр болгоны харилцан ярианы үгийг цээжилсэн байв. Ингээд хөдөө төрж өссөн, морь малаас хэтрэхгүй мэдлэгтэй, гал командын жолоочоос өөр ажлын туршлагагүй идэр эр орчин цагийн Монголд соёлын үр тарих театр хэмээх байгууллагын ажилтан, жүжигчин болжээ.
Тухайн үед театрын жүжигчид бүгд л төрөлхийн авьяастнууд байсан бөгөөд Зөвлөлтийн цөөн хэдэн мэргэжилтэн чиглүүлж байсныг эс тооцвол өөрсдөө их урлагт суралцаж, судалж, бүтээн туурвиж, дэлхийн сонгодог болон үндэсний жүжгүүдийг ар араас нь тоглож байлаа.
Г.Гомбосүрэнгийн бүтээсэн анхны дүр нь “Хатанбаатар Магсаржав” жүжгийн цагаантны офицер. Үүнээс хойш К.Симоновын “Орос хүн”-ий Смирнов, “Оросын асуудал”-ын Макферсон, Д.Нацагдорж, Б.Дамдинсүрэн нарын “Учиртай гурван толгой”-н Юндэн, Ч.Чимидийн “Яндангийн дуу”-ны Жарантай, Л.Ванганы “Арвайхээрийн талд”-ын халзан Тавхай, У.Шекспирийн “Гамлет”-ын Клавдий, Э.Войничийн “Овод”-ын Монтанилло, М.Горькийн “Егор Булычев”-ын Булычев, М.Шолоховын “Сэтгэлийг шинэтгэсэн нь” жүжгийн Нагульнов зэрэг дүр бүтээжээ.
Театрт жүжигт тоглохын зэрэгцээ “Цогт тайж” киноны эвэрт баатар, “Нүгэл буян”-ы Шагдар, “Энэ хүүхнүүд үү”-гийн нэгдлийн дарга зэрэг дэлгэцийн дүрүүдийг ч амжилттай бүтээв. У.Шекспирийн “Отелло” жүжгийн Отелло, “Лир ван”-ы Лир ваны дүрээр төрийн шагнал хүртэв. ЗХУ-ын М.Горькийн нэрэмжит кино студийн урилгаар “Буцаж ирсэн нь” хэмээх түүхэн кинонд доголон Төмөр хааны дүр бүтээлээ.
Тэрээр 1993 он хүртэл театртаа жүжигт тоглосон бөгөөд 1942 оноос хойш тайз, дэлгэцнээ бүтээсэн дүр нь даруй 220 болжээ. Нийгмийн шилжилтийн эхний он жилүүдэд тэрбээр тэтгэвэрт гарсан гэж зүгээр суулгүй, “Есөн эрдэнэ” хэмээн нэрийдсэн ардын бага театр байгуулж, өөрөө 20 гаруй жүжиг найруулан тавьсан байна.
Хүүхдийн төлөөх сэтгэлтэн тэрбээр Харшийн сүлд модны наадамд 60 гаруй жил өвлийн өвгөний дүр бүтээж тэргүүний хүүхэд багачуудын баяр дээр баяр нэмж ирсэн билээ. Г.Гомбосүрэн өвлийн өвгөн болох ажлаа жүжигт дүр бүтээхтэй утга нэг хэмээн үзэж, өндөр ач холбогдол өгдөг байв. Зарим жил Харшийн сүлд модны наадамд гэрээсээ шууд явах нь хүүхдүүдийнх нь болон ойр хавийнхны нь хувьд шинэ жилийн баяраас илүү хөөр цэнгэл болдог байжээ. Цагаан дээл, гутал, нөмрөг, сахал, таягтай өвлийн өвгөнийг ажилд нь үдэн гаргаж өгсөн хүүхдүүдийн сэтгэл хэдэн өдөртөө хөвсөлзөнө.
Г.Гомбосүрэн ажилсаг, аливаад хариуцлагатай нь жүжгийн бэлтгэл сургуулилалтын үеэр ч харагддаг байсан тухай түүнтэй хамгийн олон удаа хамтран дүр бүтээсэн жүжигчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн Лха.Долгор ярьсан байдаг. Г.Гомбосүрэн театрынхаа уран сайхны зөвлөлөөс хэний дүрд хувирах даалгавар авна, түүнийгээ яв цав бүтээхээс нааш санаа нь амардаггүй байжээ.
Ажилдаа хамгийн түрүүн ирээд уран бүтээлтэй холбогдолтой ном, үлгэр, заримдаа шүлэг уншаад сууж байх. Бусад уран бүтээлч ар араасаа орж ирэхэд театрын уран сайхны удирдагч, эрдэмтэн Э.Оюун “Та нар Гомбосүрэн шиг эрт ирж болохгүй байна уу” гэж зэмлэдэг байж гэнэ.
Г.Гомбосүрэнгийн хүүхдүүд театр шинэ уран бүтээл хийх гэж байгаа, аав нь гол дүрд нь тоглох гэж байгааг тэр дор нь мэднэ. Гэртээ байхдаа жүжгийн зохиол унших, өөрийнхөө дүрийн хэсгийг цээжлэх, өөрийн болгох зэрэг ажлаа хийж л байдаг байжээ. Ажлаа өдөр өдрөөр төлөвлөөд, хэрвээ өдрийн ажлыг ямар нэг шалтгаанаар хойш тавьсан бол тэр шөнөдөө унталгүй цээжилдэг байсан аж.
Хэдий нойргүй хоносон ч дадсан зуршлаараа өглөөний зургаагаас найман цаг хүртэл гимнастик хийж, усанд ордог. Тэр хооронд гэргий Ц.Сэржханд нь өглөөний цай бэлдээд, өөрөө уулгүй хүлээж байдаг байжээ. Хүүхдүүд нь цайгаа уугаад, албандаа явахад аав ээж хоёр нь тухалсаар үлддэг байсан тухай өнөөдөр багын дээдэх охин, Консерваторийн ерөнхий төгөлдөр хуурын багш Г.Энхжавхлан ярьж байна. Мөн театрт очимтгой байснаа дурслаа. Тав орчим настайдаа “Лир ван” жүжгийн сургуулилалтыг харжээ.
Аав нь шатнаас унаж, хэд өнхрөөд босож ирэхэд нүд нь улаан болсон байхад охин айсандаа эхэр татан уйлчихаж. Жүжигт Лир ван ингэж унаад сохордог тухай гардгийг жаал охин мэдэхгүй байж л дээ. Сургуулилалт дууссаны дараа аав нь нүүр гараа угаахад охины санаа сая амарч гэнэ. Түүнээс хоёр, гурван жилийн дараа аав нь хөвөнтэй дотуур хантааз нэвт хөлөртөл тоглосон байхыг мэдээд “Аав ажил дээрээ гэртээ үг цээжилж, толиныхоо өмнө эргэлддэг шигээ байдаггүй юм байна. Аавын маань ажил хүнд хэцүү юм” гэж бодож байсан тухайгаа ч ярьсан.
СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн багш, Ардын жүжигчин Д.Лхамхүү “Намайг 1959 онд УБДС-ийн кино драмын ангид элсэхээр шалгалт өгөхөд коммисын бүрэлдэхүүнд багш минь байсан юм. Г.Гомбосүрэн, Ц.Цэгмэд, Э.Оюун, Л.Ванган, Н.Цэгмэд нар зэрэгцээд суучихсан, бид хараад чичирч байж билээ. Г.Гомбосүрэн багш өөрөө “Алтан үе”-ийн жүжигчдийн эгнээний уран бүтээлч байж, Ц.Цэгмэд, Д.Ичинхорлоо нарын алдартнууд буюу багш нараа “Алтан үеийнхэн” гэж хүндэлдэг, өөрийгөө огтхон ч дөвийлгөдөггүй, өөрийнхөө үеийн залууст ч хүндэтгэлтэй ханддаг уран бүтээлч байсан.
Миний багш дуу хоолойн өнгө, дотоод сэтгэлийн хүч, бие бялдрын төгс зохицолдолгоо бүхий цаанаасаа төрчихсөн жүжигчин. “Гоо зүй бол эрхэм сайхан юм, үүнийг сурталчлах гэдэг нь эрдэм юм” гэж багш минь хэлж байсан нь одоо бодоход их ухаан байжээ” хэмээн ярьж байна.
Амьдралынхаа 60 гаруй жилийг монгол түмнээ гэгээрүүлэх, соёлжуулах их үйлсэд зориулан үлгэр жишээ хөдөлмөрлөж, бүтээж ирсэн эгэл эрхэм хүмүүн дэлхийн сонгодог болон Монголын утга зохиолчдын шилдэг олон бүтээлийн гол дүрүүдийг тайзнаа амилуулсан жүжигчний нөр их хөдөлмөрийг төр, засаг үнэлэн 1956 онд Гавьяат жүжигчин цолоор шагнасан. 1964 онд Отелло, Лир вангийн дүрээр нь Төрийн шагнал хүртээжээ. 1968 онд Ардын жүжигчин, 2001 онд Хөдөлмөрийн баатар болсон байна.
Г.Гомбосүрэн “Отелло” жүжигт хамтран тоглож, үзэгчдийг хуйлруулж байх үедээ “Дездемон”-оо гэргийгээ болгосон түүхтэй. Хань Ц.Сэржханд нь ойрхон төрсөн хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлэх гээд театрынхаа ажлаас хөндийрөн гэрийн эзэгтэй болсон юм билээ. Тэднийхээр зочлох жүжигчдийн цуваа тасрахгүй. Уран бүтээлчид ажлынхаа тухай яриа хөөрөө өрнүүлж, хүүхдүүдийг нь эрхлүүлж, инээж хөхөрч байдаг байжээ.
Хүүхдүүд дундаас нь жүжигчин болсон нь үгүй. Том охин Г.Мандах нь балетчин. Багын дээд талын охин төгөлдөр хуурч, багш болсон бол бусад нь өөр өөр салбарт ажилладаг. Гэхдээ тэд нэг зүйл дээр бүгд санаа нийлдэг юм байна. Аавынх нь бүтээсэн, амилуулсан 200 гаруй дүрээс тэдний сэтгэлд хамгийн тод байдаг нь У.Шекспирийн “Лир ван” жүжгийн Лир ваны дүр ажээ. Хүүхдүүдийнх нь аавыгаа гэсэн хайрын илэрхийлэл ч биз ээ.
Жүжигчин Г.Гомбосүрэн долоон охинтой. Зохиолын гол дүр Лир ван гурван охинтой. Өөрт нь аминаасаа илүү хайртай бага охиноо ойлгохгүй, эцгийнхээ оронд эрх мэдлийн сэнтийд суух гэсэн муу санаат нөгөө хоёр охиндоо хорлуулдаг аавын тухай өгүүлдэг уг жүжигт аав нь унаж тусан, цус нөжид холилдон тоглоход нь өмөөрөхдөө бус, Лир хэмээх вангийн дүрийг үнэхээр л тийм нэгэн хөөрхийлөлтэй хувь заяатай хэргэм зэрэгтэн байж дээ гэж бодон сүүрс алдтал амилуулж чаддагт гол учир байгаа буй за.
Дэлхийн Шекспирийг монголчуудад голд нь ортол ойлгуулж чадсан жолооч жүжигчний тухай эргэн өнгөцхөн дурсахад ийм байна.