ХБНГУ-д хоёр жилийн хугацаанд тоглосон хамт олон. Явуулын циркийн манежнаа
Ж.Уранмандал
Манай улсад Ардчилсан хувьсгал ялж, зах зээлд шилжээд удаагүй 1990-ээд оны эхэн үед соёл урлагийн салбарт ч задралын үе тохиож байсан юм. Дэлхийд гайхагдаж, бишрүүлж явсан циркийнхнийг ч энэ сүүдэр тойроогүй. Тэд аж ахуйн тооцоонд орсноор хөл дээрээ тогтох бүхий л арга замыг хайсан. Удалгүй гадаад орнуудад тоглож эхэлжээ. Монголын урлагийн 70 гаруй уран бүтээлчийн хамтарсан тоглолт тухайн үед Европыг байлдан дагуулж, тэр дундаа ХБНГУ-ын 20 гаруй хотоор хоёр жил гаруй хугацаанд тойрон, аялж байсан түүхийг эргэн дурсъя.
1992 онд Монголын циркийн ерөнхий найруулагч, уран сайхны удирдагчаар ажиллаж байсан Д.Зоригт, Гавьяат жүжигчин, алиалагч Д.Батсүхтэй хамтран 20 гаруй уран бүтээлчийг цуглуулж “Шандас” циркээ байгуулсан түүхтэй. Шинэхэн цирк байгуулсан залуу уран бүтээлчид Монгол, ОХУ-ын Буриад улсад аялан тоглох үеэр Германы “Салтарино” циркийн Ронни Феенстра гэх голланд захирал Монголын циркчдийг тоглуулах хүсэлт тавьжээ. Уг урилгыг “Монгол урлаг” компанийн захирал Л.Угтаабаярт танилцуулан, хамтарч ажиллах болсон нь Европын улсуудыг хоёр жилийн хугацаанд тойрох аялан тоглолтын эхлэл болжээ. Тус багт зөвхөн циркчид байсангүй. Монголын язгуур урлаг, орчин үеийн хөгжим гэх мэт урлагийн бүх төрлийг хамруулсан томоохон баг бүрдүүлж “Монгол гайхамшиг” нэртэй хөтөлбөр боловсруулсан аж.
1993 оны аравдугаар сар. ХБНГУ-руу нисэхийн өмнө. Баруун гар талаас алиалагч Д.Батсүх, “Монгол урлаг” компанийн дарга Л.Угтаабаяр, “Шинэ цирк”-ийн захирал Д.Зоригт
Уг бүрэлдэхүүнийг ахалж явсан Д.Зоригт найруулагч АНУ-д ажиллаж байсан циркийн жүжигчдэд хамтрах санал тавьсны дагуу Амаржаргалын “Хүнд жин”, Энхбаярын “Шидэх банз” зэрэг үзүүлбэрийн уран бүтээлчид АНУ-аас ХБНГУ-д ирж, нэгджээ. Мөн Гавьяат жүжигчин Ж.Жанчивдоржийн шидэлттэй акробатын үзүүлбэр, түүний хоёр нугараач охин Германд тоглолттой явж таараад тэдэнтэй хамтарсан юм билээ. Монголоос Гавьяат жүжигчин, алиалагч Д.Батсүх, хүнд жингийн үзүүлбэрээр Н.Болдбаатар, илбэчин Ц.Баярсайхан, олсон дээрх гимнастикийн Д.Отгонцэцэг, Л.Энхбаатар нарын найман багийнхан байлаа. Үүн дээр бүжиг, үндэсний хөгжмийн үзүүлбэр хэрэгтэй байсан тул Улсын ардын дуу бүжгийн чуулгаас морин хуурч Ч.Батсайхан (өдгөө Ардын жүжигчин), ятгачин Солонго, Отгонжаргал, Гавьяат жүжигчин, бүжигчин Ш.Одонтуяа, “Хар сарнай” хамтлагийн С.Амараа (тухайн үед чуулгын бүжигчин байсан) тэргүүтэй найман бүжигчин багтсан уг багийг Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров (тухайн үед Улсын Бага Хурлын гишүүнээсээ буугаад удаагүй байв) ахалжээ. Тэд циркийн үзүүлбэрүүдийн дунд тоглохоос гадна, эхлэл төгсгөлд үндэснийхээ урлагийг сурталчилж, таниулах чухал үүрэг гүйцэтгэж байв. Мөн “Соёл-Эрдэнэ” хамтлагийн бөмбөрчин Цолмон, дуучин Дамдинсүрэн, даралтат хөгжимчин Батболд, “Өргөө” хамтлагийн дуучин Тамир нар поп урлагийг төлөөлж явжээ. Улсын циркийн жүжигчдийг Төрийн шагналт, Ардын жүжигчин, уран нугараач Т.Цэнд-Аюуш багш тэргүүлж явсан бөгөөд 70 гаруй хүнтэй баг ХБНГУ-ыг зорьжээ.
Уг хөтөлбөрт У.Энхбаяр ахлагчтай жүжигчид шидэх банзнаас үсрэгчид, Ж.Жанчивдоржийн тулах тэнцвэр, шидэлттэй акробатын үзүүлбэр, хос нугаралт, Д.Отгонцэцэгийн олсон дээрх гимнастик, Энхбаатарын дамнуурган дээр үсрэгчид, Ц.Баярсайханы илбийн үзүүлбэр, Я.Амаржаргал ахлагчтай хүч тамирын гайхамшиг, “Соёл-Эрдэнэ” хамтлагийн тоглолт, УАДБЧ-ын “Ээрүүлт”, “Адуучин”, “Хүүхэлдэй” бүжиг гээд 10-аад үзүүлбэр багтаж байсан юм.
1993 оны арваннэгдүгээр сар. “Монгол гайхамшиг” тоглолтын нээлтийн үеэр. ХБНГУ, Хаген хот
1993 оны арваннэгдүгээр сард ХБНГУ-ын Хаген хотод нээлтээ хийхэд тухайн үед Соёлын яамны гадаад харилцааны ажилтан Сувд, Монголын циркийн дарга Н.Батмөнх, “Монгол урлаг” компанийн захирал Угтаабаяр нар Монголоос очиж, оролцсон гэдэг. Тус улсын 19 хот, Люксембургийн вант улсаар нийт хоёр жил аялан тоглохдоо нэг газартаа нэг сар болоод л нүүдэллэдэг байж. Нүүдлийн циркийн хэрэглэл, байрлаж байсан сууцаа өөрсдөө ачаалладаг байсан нь тэдэнд нэг насны дурсамж болж үлдсэн гэдэг. Өдрийн гурван хоолоор жүжигчид, уран бүтээлчдээ дайлахын тулд тусдаа гал тогоо гаргаж, түүнд уран бүтээлчдийн эхнэрүүд ажиллаж байсан юм билээ. Бүжигчид, хөгжимчдөө хариуцаж явсан Н.Жанцанноров, Д.Зоригт, Д.Батсүх, Ч.Жанчивдорж, Я.Амаржаргал, У.Энхбаяр, Нямсүрэн гээд гэр бүлээрээ явсан хүн олон. Ж.Жанчивдорж гэхэд нугараач хоёр охинтойгоо, мөн циркчийн оёдолчин, гэргийн хамт явсан аж. Мөн Н.Жанцанноровын эхнэр, ятгачин Отгонжаргал ч явжээ.
Уг тоглолтын талаар найруулагч Д.Зоригт “Тэр бол миний амьдралын алтан үе. Тухайн үед нийгэм солигдож, улс орны байдал ороо бусгаа байсан хэдий ч бид Монголын урлагийг, бүр цаашлаад улс эх орноо Европт сурталчилж явсан гэж бахархан дурсдаг. Энэ дундаас Л.Угтаабаяр гэж хүнийг онцлон дурсмаар байна. 1990-ээд оны хүнд хэцүү үед 30 гаруйхан настай Батсүх бид хоёрыг дэмжиж, циркчдэдээ итгэсэнд хамгийн ихээр баярладаг. Биднийг Германд тоглож байхад хаяа ирж заавар, зөвлөгөө өгдөг байсан. Тэр үед би жүжигчдийнхээ цалинг өгч, улс руугаа бас тодорхой хувийг явуулдаг байлаа. Гэтэл нэг удаа би мөнгө явуулчихаад байж байтал Л.Угтаабаяр ах утасдаад “Чи мөнгө явуулахдаа зөрүү гаргасан байна” гэхээр нь би “Дутааж дээ” гээд маш их айлаа. Гэтэл “Чи залуу хүн. Цаашид олон хүнтэй хамтарч ажиллана. Мөнгөө маш нарийн тооцохгүй бол зөрчил гардаг. Над руу 5000 гаруй марк илүү явуулсан байна. Энэ мөнгөө дараагийн цалин дээрээсээ суутгаж ав. Ийм зүйл дээр хэрхэвч алдаж болохгүй” гэсэн юм. Л.Угтаабаяр гэж хүн надад маш их түшиг тулгуур болсон” хэмээн дурссан юм. Мөн тэр том тоглолтын багийг авч явахдаа юунаас ч айж эмээгээгүй, бүрэн итгэж байснаа онцолсон. Тэрбээр “Манай циркчид хаана ч очсон нүүр улайхгүй гэдэг итгэлийг ОХУ-ын Буриад улсад тоглож байхдаа мэдэрсэн. Агын тойргийн цэнгэлдэх хүрээлэнд “Гэсэрада”-гийн 700 жилийн ойгоор Буриадын нэртэй жүжигчидтэй хамт тоглосон. Тэр үед Буриадын жүжигчид тоглолтоо үзүүлэх хооронд бид ард нь бэлтгэлээ хийж байсан юм. Гэтэл хөтлөгч нь гүйж ирээд “Та нар бэлтгэлээ хийхээ боль” гэлээ. Яасан юм бол доо гэж бодтол үзэгчид бидний бэлтгэлийг тойрч ирээд үзээд суучихсан юм билээ. Тэндээс л би Монголын циркчдийнхээ авьяас чадварыг хаана ч гайхуулахад болох юм байна гэж бодсон” хэмээв.
Олон сараар тоглож, нүүдэллэж явах үед илбэчин Баярсайхан, Жанцанноров хоёроос Мартин гэх герман залуу ер салдаггүй байж. Хаана ч очсон дагаад л явна. Бүр тэдний байрлаж байсан вагонд хамт хононо. “Яагаад биднийг дагадаг юм бэ” гэж асуухаар “Танай тоглолт их гоё” л гэж хариулдаг гэнэ. Тэгж явсаар илбэчин Баярсайхантай үй зайгүй найз болжээ. Тэр ч бүү хэл тоглолт дуусаад Монголдоо ирэхэд нь ч дагасан бөгөөд дараа нь Баярсайханыхаа гэргийн дүүг эхнэрээ болгосон гэдэг. Тоглолтын үед энэ мэтээр дагаж аялж, үздэг хүн нэгээр тогтохгүй байсан гэдэг.
Хоёр жилийн хугацаанд тэд Монголынхоо баяруудыг алгасахгүй тэмдэглэжээ. Цагаан сар, Наадмаар тоглолт хийж яваа хотынхоо фермээс хонь худалдан авч, тэрүүхэндээ бөх барилдан наадсан гээд тэр үеийн дурсамж барагдахгүй аж. 70 гаруй хүнээс хоёрхон нь л жолоо мушгидаг атал бараг хүн бүр машин худалдаж авчээ. Гэтэл хотоос хотын хооронд нүүж явсан тэд худалдаж авсан унаагаа “зөөнө” гэдэг том асуудалтай тулгарчээ. Замд нь цагдаа таарахад циркийн үнэмлэхээ жолооных хэмээн үзүүлж “аврагдсан” удаа ч бий гэсэн. Жанцанноров хүнд жингийн үзүүлбэр үзүүлдэг Энхбаярыг одоо ч багшаа гэж дууддаг юм билээ. Учир нь шинэхэн хөлөг авсан тэрбээр жолооны сургуулилалт хийхдээ Энхбаяраар заалгаж л дээ. Ганц Жанцанноров гуайг ч биш овоо хэдэн хүнийг жолоо бариулж сургасан талаараа Энхбаяр ярьсан юм. Тэрбээр “Надад хамгийн тод үлдсэн дурсамж бол айхтар их шуурга болж нүүдлийн циркийг минь нураасан явдал. Надад үнэхээр хэцүү санагдаж, санаа зовж, одоо яах вэ гээд Ронни Феенстраас асуухад “Санаа зоволтгүй. Та нар хийх ёстойгоо л хий. Бүгд даатгалтай учир бид энэ асуудлыг шийднэ” гэсэн. Монголд байсан бол доод тал нь л хоёр сар тоглолт саатахаар байна гэж бодож байтал маргааш нь л нүүдлийн циркийг минь дахиад босгочихсон. Тэр л надад үнэхээр сайхан санагдаж, өндөр хөгжилтэй орон ямар сайхан байдгийг анх удаа л мэдэрсэн” хэмээн ярив.
Энд Гавьяат жүжигчин Батсүхийг дурсахгүй байхын аргагүй. Залуухан хэдий ч багийнхаа хамгийн үнэтэй нэгэн, үзэгчдийн хамгийн хайртай жүжигчин байсан тэрбээр тоглолтын туршид эрчээ алдаагүй. Аль ч улсад тэр л хэлээр нь хэдхэн өгүүлбэр хэлж үзэгчдийг баясгадаг байжээ. Төрмөл авьяастай гэдгийнх нь баталгаа гэж тэр багийнхан дурсан ярьцгаав. Тоглолтын дараах хүлээн авалтад харин түүнийг хэн нэгэн заавал “хянах” үүрэгтэй. Бор дарснаас холдуулах гэж тэр шүү дээ. Гэтэл нэрт алиалагч маань хоолоо ч идэлгүй “өрөөндөө орж унтлаа” гээд явдаг байж. Хамт олон нь “Овоо шүү” хэмээн олзуурхан баярлаж байтал хэд хоногийн дараа түүний нууцыг мэдсэн гэнэ. Хаана ч явсан олны хайр хүндэтгэлийг хүлээж явсан тэрбээр “Унтлаа” хэмээн гарч явахдаа тогооч нартай хэдийнэ танил болж, хоол, ундаар ганцаараа дайлуулж, яаж зүгээр байх вэ бас бор дарс хүртчихдэг байсныг тэд дараа нь мэдсэн гэдэг.
1993 оны арваннэгдүгээр сард Монголын уран бүтээлчид Герман улсыг зорьсон. Хоёр Герман нэгдээд удаагүй байсан үе. Хоёр улсын хөгжлийн ялгаа маш их харагдаж байсан нь манайханд сонирхолтой санагджээ. Иргэдийнх нь харилцаанаас л ялгардаг байсан гэдэг. Ганц жишээ дурдвал, шинэхэн зам тавьж байхтай тэд таарчээ. Социалист гэгддэг Герман улсад бараг метр гаруй зузаан хучилттай зам тавьж байжээ. “Зүссэн торт шиг” хэмээн тэд дурсахдаа “1990-ээд оны эхэнд л тэд тийм зам тавьдаг байсан гээд бод доо” хэмээн уулга алдсан юм.
1970-1990 онд Монголын циркийн ид мандаж явсан үеийн бахархам, хайрлам түүх олон. Тэр дундаа улс орны хүнд хэцүү, ороо бусгаа үед эх орноо сурталчилж явсан эдгээр уран бүтээлчдээс Гавьяат, Ардын жүжигчин, Төрийн шагналт гээд 20 гаруй төрийн цолтон, нэртэй уран бүтээлч төржээ.