Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутаг, Цагаан цахирын алтны үндсэн ордод үйл ажиллагаа явуулдаг “Спэйшл майнз” компанийн баяжуулах үйлдвэрт гуравдугаар сарын 5-нд цианидын уусмал асгарсны улмаас ажилчид нь химийн бодист хордсон гэсэн оноштойгоор бүтэн сар, үүний дотор Хордлого судлалын үндэсний төвд 20 шахам хоног эмчлүүлсэн.
Компанийн зүгээс ажилчдаа химийн хорт бодист хордоогүй гэж итгүүлэхийг оролдож буй ч тухайн үед оношилж, эмчилсэн мэргэжлийн эмч нар “химийн бодисын хордлого” гэсэн онош тавьсан нь цаасан дээр баримт болж үлдсэн юм.
Бид эл хэргийн мөрөөр “Спэйшл майнз” компанийн баяжуулах үйлдвэрийн цианидын уусмал шахдаг шахуургын товчлуур тодорхойгүй шалтгаанаар дарагдаж, хорт бодисоо хяналтгүйгээр шахан, цианидын уусмал 30 минутын турш асгарсан, тус компанийнхан цианид алдсан тухайгаа холбогдох мэргэжлийн байгууллагуудад мэдэгдээгүйгээс Цагдаа, Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын газрынхан үүссэн нөхцөл байдалтай цаг тухайд нь танилцаж, хяналт, шалгалт хийх боломжгүй болсон хойно буюу 3-4 хоногийн дараа хэргийн газарт ажилласан, ажилчдаа эмнэлэгт хүргэлгүй хугацаа алдсанаас цианидад хордсон нь тогтоогдох боломж бараг үгүй болсон, хэрэг явдлаас хойш бүтэн сар өнгөрсөн ч холбогдох мэргэжлийн байгууллагын дүгнэлт, хордсон, эсэхийг тогтоох шинжилгээний хариу гараагүй нь хэргийг замхруулах тал руу нь явуулж буй юм биш биз гэсэн хардлага төрүүлэх болсон талаар сурвалжилга бэлтгэсэн.
Харин “Спэйшл майнз”-ын зүгээс химийн хорт, аюултай бодис ашиглах зөвшөөрөлтэй, аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж ажиллах үүрэгтэй компани гэхэд дэндүү хариуцлагагүй, хүний эрүүл мэнд, байгаль орчинд хохирол учруулахуйц үйлдлийг нь гаргаж тавьсан сурвалжилгыг маань няцаахаар аудио бичлэг илгээжээ.
“Спэйшл майнз”-ын төлөөлөгч:-Хагас, бүтэн сайнд бэлдэж байгаад, нэг дэх өдрөөс хэвлэлийн удирдлагуудтай уулзах гэж байгаа. Гурван хүнтэйгээ би сая уулзчихлаа. Ерөнхийдөө ойл... мэдээлэл авчихлаа. Эмчлэгч эмчийн хувьд энэ гурвын биеийн байдал, онош ямар байгааг хэлээд өгөөч?
Эмч: -Гурван өвчтөн ирэхдээ ямар нэг хордлогын шинж тэмдэг байгаагүй. Гурвуулаа суурь, архаг хууч өвчтэй нь тодорхой байсан. Багажийн болон лабораторийн шинжилгээгээр тэр нь батлагдсан. Жишээ нь, Эрболд цөсний архаг болон бөөрний үрэвсэлтэй. Лхам элэг, цөсний архаг үрэвсэлтэй,
Амгалан архаг хатгалгаатай, бөөрний архаг үрэвсэлтэй байсан. Тэдэнд тухайн өвчнийх нь чиглэлээр эмийн болон уламжлалт, нөхөн сэргээх эмчилгээ хийснээр биеийн байдал нь сайжирсан. Одоо энэ хүүхдүүдэд онцгойлсон зовиургүй, зүрх, цус, амьсгалд өөрчлөлтгүй. Эхний хоёр нь өнөөдөр эмнэлгээс гарсан. Амгалан архаг хатгалгаатай учраас эмчилгээг 2-3 хоног үргэлжлүүлнэ. Эдэнд өөр ямар нэг өвчний шинж тэмдэг байхгүй, зөвхөн суурь, үндсэн, өөрсдөд нь байсан өвчнийг эмчилж өгсөн.
“Спэйшл майнз”-ын төлөөлөгч: -Нэг нь тэсэлгээний угаарт хордсон, хоёр нь химийн бодисын нөлөөтэй гээд байгаа шүү дээ.
Эмч: -Манайд ирэхдээ угаарын болон бусад ямар нэг хордлогын шинж тэмдэг байгаагүй. Өмнөх эмнэлэгт очихдоо угаартсан шинж тэмдэг байгаад, тэр нь эмчилгээндээ арилаад эдгэрчихсэн байсан. Манайд суурь өвчнөө л эмчлүүлсэн.
“Спэйшл майнз”-ын төлөөлөгч: -Эмнэлгийн холбогдох төлбөрийг компани нь хариуцаж байгаа юу?
Эмч: -Эмнэлгийн төлбөр болон гадуур хооллох мөнгийг компани нь хариуцаж байгаа юм билээ. Энэ хүүхдүүд нэг төгрөгийн ч зардал гаргаагүй. Мөн Эрболд, Лхам нарын ээж нь хүүхдээ асрангаа хамт сайхан эмчлүүлсэн.
“Спэйшл майнз”-ын төлөөлөгч:-Цианид натрийн хордлого цаашдаа яаж нөлөөлөх вэ. Энэ хүүхдүүдтэй уулзахад цаашдаа яах бол гэдэгт л санаа зовж байна л даа. Ер нь цианидын хордлого хожуу шинж тэмдэг, сөрөг нөлөө илэрнэ гэж байх уу?
Эмч: -Байхгүй. Энэ хүүхдүүдэд цусанд болон эмнэл зүйн лабораторийн шинжилгээгээр цианид натрийн хордлого илрээгүй. Тэгэхээр тодорхой хугацааны дараа илэрнэ гэсэн ойлголт байхгүй.
“Спэйшл майнз”-ын төлөөлөгч: -Тэр дүгнэлт нь байгаа юу?
Эмч: -Байгаа, бүгдийг нь карт дээр нь бичсэн. Энэ хүүхдүүд Хордлого судлалын үндэсний төвд очихдоо угаартсан байжээ гэсэн бодол надад төрж байгаа. Түүнээс цианидаас болоод энэ хүүхдүүдэд эмгэг өөрчлөлт орчихсон юм байхгүй.
Спэйшл майнзыг төлөөлөгч: -Цаашдаа эмчилгээ хийлгэх үү?
Эмч: -Өөрсдийнхөө суурь өвчлөлийг зургаан сар болоод ирж хянуулаарай гэж хэлсэн. Түүнээс цианидаа хянуул гэж байгаа юм биш. Эхнээсээ цианид натри бараг байгаагүй юм чинь тийм хордлого үүсээгүй байх гэж бодож байна. Газрын гүнд ажилладаг болохоор угаартсан байхыг үгүйсгэхгүй л дээ. Тэр бол байж болох асуудал. Гэхдээ их хүнд очоогүй.
Би картнаас нь өмнөх эмнэлэгт хийсэн эмчилгээний явцыг уншсан. Тийм цианидаар хордсон шинж тэмдэг гараагүй л юм билээ. Зүгээр харин нэг нь угаартсан байж магадгүй байсан. Нөгөө хоёр нь гайгүй л юм билээ. Би энэ эмнэлгийн зөвлөх эмч учраас байгаа зүйлийг байгаагаар нь хэлж байна. Юм бодитой байх ёстой. Ямар нэг хүн заавал буруутах ёсгүй.
Түрүү булчирхай, бөөр, үе мөчний үрэвсэл, толгой нь байнга өвддөг, багадаа шарлаж байсан, хоолны буруу дэглэмээс болоод цөс нь өвдсөн онош л байсан. Харин энэ хүүхдүүд үүнийхээ хүчинд их сайхан эмчлүүлж авсан. Амгалан бол архаг хатгалгаатай. Түүнээсээ болоод амьсгааддаг, цээжээр нь хөндүүрлэдэг байсан. Түүнээс энэ хүүхдэд цианидын, ямар нэг угаарын хордлого байхгүй.
“Спэйшл майнз”-ын төлөөлөгч: -Хэвлэл мэдээллээр бичээд байгаа нь буруу гэдгийг та мэргэжлийн хүний хувьд баталлаа. Би ч сая нүдээрээ хараад ойлгочихлоо. Ташаа мэдээлэл яваад байгаа юм байна.
Эмч: -Сэтгүүлчид ч бай, эмч ч бай аливаа зүйлд бодитой хандаж байх ёстой. Байгаа юмыг байгаагаар нь байгаа газар нь тавьж өгч байх ёстой. Энэ хүүхдүүд энд ирэхдээ ямар нэг хордлого байгаагүй. Өөрсдийнхөө архаг хуучийг эмчлүүлье гэсэн учраас түүнийг нь эмчилж өгсөн.
“Спэйшл майнз”-ын төлөөлөгч: -Анхны илэрсэн реакц нь бол тухайн үед химийн бодис бага зэрэг нөлөөлсөн байх магадлалтай, тийм ээ.
Эмч: -Угаартсан гэсэн бичлэгтэй юм билээ. Ахуйн нөхцөлд ч хүн угаартаж л байдаг. 70 метрийн гүнд ажиллахад хүн угаартах тохиолдол байлгүй яах вэ дээ. (Хожим гарах үр дагавараас сэргийлж, найруулгын алдаатай ярианы хэллэгийг засаагүй болно).
Энэ бол “Спэйшл майнз”-ын ажилчид Хордлого судлалын үндэсний төвд эмчлүүлээд гарсны дараа аваачиж хэвтүүлсэн хувийн эмнэлгийн зөвлөх эмч, компанийг төлөөлсөн бүсгүй хоёрын яриа. Хэрэг явдал болсноос 20 шахам хоногийн хойно, хордлого тайлах олон хоногийн эмчилгээний дараа үзсэн эмчээр ингэж яриулаад, түүнээ бидний бичсэн зүйлсийг үгүйсгэх баримт болгож байгаа аж.
Цианид гэдэг нь маш түргэн үйлчилгээтэй, хүний биед нэвтэрсэн даруйдаа хордуулж, эрхтэн системд нөлөөлөөд, цагийн дараа гэхэд шээсээр ялгараад гарчихдаг, хамгийн удаандаа 72 цагийн дотор цусны шинжилгээнд илрэх магадлалтай, үүнээс хойш бол илрүүлэх боломжгүй бодис гэдгийг тэд мэдэхгүй байв уу. Эсвэл биднийг мэдэхгүй гэж бодсон уу. Маш болчимгүй, ёс зүйгүй гэж болохоор яриагаа баримт хэмээн илгээжээ.
Мөн энэ бичлэгтэйгээ хамт “Прокурор болон мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт гараагүй байхад хэвлэл мэдээллийн хэрэгслээр бодит бус мэдээлэл олон нийтэд хүргэх, хувь хүн болон байгууллагын нэр хүндэд халдах, үйл ажиллагааг зогсоох захирамж гаргах зэрэг үйлдэл нь холбогдох хууль тогтоомжууд болон Зөрчлийн тухай хуулийг зөрчсөн хууль бус үйлдэл” хэмээн биднийг сүрдүүлэхийг оролдсон өгүүлбэр дайжээ.
Болсон явдлын талаар бид газар дээрээс нь сурвалжилж, бүх үг, өгүүлбэрээ баримтад тулгуурлан бичсэн. Прокурор болон мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт гарахыг хүлээсэн бол өнөө хүртэл энэ хэргийн талаар хэн ч мэдэхгүй өнгөрөх байв.
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
Д.ДАВААЛХАМ: Цианидын эрүүл мэндэд учруулах хор уршиг нь хордсон тун болон хугацаанаас шалтгаална
Цианид хэмээх бодисын шинж чанар, үйлчлэл, нөлөөллийн талаар олон нийтэд үнэн бодит, шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээлэл өгөх, сэрэмжлүүлэх зорилго өвөртлөн АШУҮИС-ийн хаалгыг татлаа.
Монголын эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэдэг үндэсний хэмжээний их сургууль, мэдлэг, мэдээлэлд хамгийн ойр эрдэмтэн багш нарыг хамгийн итгэж болох эх сурвалж хэмээн сонгосон юм.
Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн захирал, анагаах ухааны доктор, профессор Д.Даваалхам асуултад минь хариуллаа.
-Цианидын талаар ерөнхий мэдээлэл өгөөч. Хүний эрүүл мэнд болон байгаль орчинд ямар хор нөлөө учруулдаг вэ?
-Цианид гэдэг нь хурдан үйлчилгээтэй хортой химийн бодис бөгөөд өнгөгүй хий байдлаар буюу циант устөрөгч (HCN), циант-хлорид (CNCl), эсвэл цианид натри (NaCN) мөн цианид кали гэсэн хэлбэрээр оршдог. Циант устөрөгч (HCN) нь өнгөгүй, сулхан гашуун, бүйлсний үнэртэй хий юм. Цианидын аюултай байдал нь түүний хурдан хордуулах үйлчилгээтэй холбоотой.
Цианид нь эсүүдэд хүчилтөрөгч хүргэдэг төмөр агуулсан гол ферментүүдтэй холбогдож, үр дүнд нь эд эсүүд цуснаас хүчилтөрөгч авч чадахаа байдаг. Циант устөрөгчийг Дэлхийн II дайны үед германчууд иргэдийг үй олноор нь хөнөөх зорилгоор ашиглаж байсан. Мөн 1980-аад оны Иракийн дайнд циант устөрөгчийг химийн бусад хорт бодистой хамт ашигласан байх магадлалтай гэж үздэг.
Цианид нь агаар, хөрс, ус, хоол хүнсийг бохирдуулдаг. Цианидаар бохирдсон агаараар амьсгалах, хоол хүнс хэрэглэх, эсвэл бохирдсон хөрсөөр дамжин хүмүүс өртөх боломжтой. Эрүүл мэндэд учруулах хор нөлөө нь хордсон тун, хугацаа, ямар замаар хордсон зэргээс шалтгаална. Хамгийн аюултай нь амьсгалын замаар хордох, гэхдээ залгих буюу хоол боловсруулах замаар өртөх нь мөн аюултай.
-Уул уурхайн үйлдвэрлэлд ашиглахаар бэлтгэсэн цианидын уусмал битүү нөхцөлд (байшин дотор) асгарсан тохиолдолд амьсгалын замаар хүнийг хордуулах боломжтой юу?
-Асгарах үед амьсгалын замаар, мөн арьсанд шууд хүрэлцэж өртөх боломжтой. Ялангуяа агааржуулалт муутай газарт цианидын хийгээр амьсгалах нь өндөр эрсдэл дагуулна. Агааржуулалтыг сайжруулснаар эрсдэлийг бууруулах боломжтой. Учир нь цианидын хий нь агаараас хөнгөн байдаг болохоор агаарт ууршдаг.
-Цианид асгарсан үед нэн тэргүүнд ямар арга хэмжээ авч, хэрхэн ажиллах хэрэгтэй вэ?
-Үйлдвэр дотор цианидын уусмал асгарсан тохиолдолд эх үүсвэрээс яаралтай холдон, цэвэр агаар амьсгалах шаардлагатай. Хэрэв тухайн газраас гарах боломжгүй тохиолдолд аль болох доор буюу газартай ойр амьсгалах хэрэгтэй. Хэрэв өөрийгөө цианидад өртсөн байж болзошгүй гэж бодож байвал хувцсаа тайлан, биеэ савангаар сайтар угааж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах хэрэгтэй.
Хувцсаа тайлахдаа толгой давуулахаас зайлсхийнэ. Толгойгоор тайлагдах ямар ч хувцсыг хайчилж, тасдан тайлах ёстой. Арьсан дээрх цианидыг савантай усаар аль болох хурдан угаах шаардлагатай. Нүд бүрэлзэж байвал цэвэр усаар нүдээ 10-15 минутын турш зайлна. Хэрэв та линз зүүдэг бол нүднээсээ аваад, дахин хэрэглэж болохгүй. Угаах боломжтой гоёл чимэглэлийг савантай усаар угаагаад буцаан зүүж болно. Хэрэв угаах боломжгүй бол бохирдсон хувцастай хамт устгана.
-Амьсгалын замаар хордсон тохиолдолд хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж, ямар шинж тэмдэг илрэх вэ?
-Цианидын өндөр тунгаар ямар ч замаар өртөхөд татах, ухаан алдах, цусны даралт унах, уушги гэмтэх, зүрхний цохилт удаашрах гэх мэтийн шинж тэмдэг илэрдэг. Амьсгалын дутагдалд орж нас барах ч эрсдэлтэй. Богино хугацаанд өндөр тунгаар цианидаар амьсгалснаар төв мэдрэлийн систем болон зүрхийг түргэн хугацаанд гэмтээнэ. Харин өндөр бус тунд өртсөн хүмүүст амьсгалахад хүнд болох, толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих, цээжээр өвдөх, хурдан амьсгалах, зүрхний цохилт хурдсах, тайван бус байх, сульдах зэрэг шинж тэмдэг илэрнэ.
Цианидын хордлогын үед эмчилгээг аль болох цаг алдалгүй, шуурхай хийвэл үр дүнтэй бөгөөд эрүүл мэндийн байгууллагад тусгай хордлого тайлах эмчилгээ, бусад шаардлагатай тусламж үйлчилгээг яаралтай үзүүлнэ.
-Цианидад хордсон, эсэхийг ямар хугацаанд шинжилгээгээр тогтоох боломжтой вэ. Богино хугацаанд бие, эрхтэнг хордуулж, гэмтээгээд, амархан гадагшилдаг гэдэг нь үнэн үү?
-Цианидын хордлогыг оношлоход хүндрэлтэй. Үүссэн нөхцөл байдалд үнэлгээ хийх шаардлагатай. Үүний тулд тухайн хүний ажлын байр, осол гарсан газар, өвчний түүхийг харна. Цианид хурдан хугацаанд үйлчилдэг, мөн биеэс гадагшлах хугацаа нь хурдан гэдэг нь үнэн. Цианидыг хүний цусанд шинжилгээ хийж, тодорхойлох боломжтой, энэ нь саяхан өртсөн байдлыг илэрхийлнэ.
Цусан дахь цианидын хагас задралын хугацаа нь ойролцоогоор нэг цаг ба тиоцианид (цианидаас бага хоруу чанартай) болон хувирч шээсээр ялгардаг. Тиоцианидын цуснаас ялгарах хагас задралын хугацаа нь өвчтний бөөрний үйл ажиллагаанаас хамааран хэлбэлздэг. Бөөрний үйл ажиллагаа хэвийн хүний тиоцианитын ялгарах хагас задралын хугацаа нь дөрвөн цаг орчим, харин бөөрний эмгэгтэй хүмүүсийн хувьд илүү удаан байдаг учир хордох эрсдэл илүү өндөр.
-Биеэс гадагшилж, шинжилгээгээр илрэхгүй болсон нь аюулгүй болсон гэсэн үг мөн үү?
-Цианид нь биед хуримтлагддаггүй, шинжилгээгээр хэвийн түвшинд хүрсэн байвал аюулгүй гэж үзэж болно. Гэхдээ цианидын хурц хордлогыг даван туулсан хүний хувьд зүрх, тархи, мэдрэлийн эмгэгтэй болох эрсдэлтэй. Мөн элэг, бөөрөнд сөрөг нөлөө үзүүлдгийг мэдэж байх нь зөв болов уу.
-Байгаль орчинд асгарсныг нь саармагжуулсан тохиолдолд хор нөлөө нь бүрэн арилах уу. Цианидаар угаасан үйлдвэрийн хаягдал нунтаг шороо хийссэнээр өвс ургамал, түүгээр дамжиж мал амьтан хордох боломжтой юу?
-Саармагжуулсан аргаас хамаараад ялгаатай байж болно. Үйлдвэрлэлийн хог хаягдалтай хамт ялгарсан цианидын хувьд агаартай болон агааргүй нөхцөлд байгалийн задралд ордог, мөн ууршиж агаарт тархдаг. Цианидын агаар дахь хагас задралын хугацаа 1-5 жил байдаг. Иймээс мал, амьтан хордох боломжтой. Ихэвчлэн шувууд хорддог боловч гэрийн болон зэрлэг амьтад хордсон тухай баримт олон улсад бий.