Улаанбаатар хотод өдгөө 1.4 сая иргэн оршин суудгийн 40 хувь нь орон сууцанд, 60 хувь нь гэр хороололд амьдардаг гэх судалгаа бий. Гэр хорооллын өрхүүдийг орон сууцанд оруулж, Улаанбаатарын агаар, хөрсний бохирдлыг бууруулах зорилго Засгийн газарт байгаагийн зэрэгцээ иргэдэд ч амьдрах орчноо сайжруулах хүсэлтэй байдаг.
Иргэдийн хүсэл, Засгийн газрын хэтийн зорилго хоёр талаасаа нийлж, ипотекийн зээлийг бий болгосон. Гэвч уг зээл хөлд орох хараахан болоогүй, мөлхсөн хэвээр байгаагийн уршгаар санхүүжилт нь жилээс жилд хумигдаж, эрэлттэй бүтээгдэхүүний зах зээлээс шахагдаж эхэллээ. “Хувь лизинг” гэх бүтээгдэхүүн түүнийг орлох болов. Харамсалтай нь, “хувь лизинг”-ийн сүүдэр иргэдийг хохироож мэдэх аюул нүүрлээд байна.
Нийслэлийн 252 мянган иргэн орон сууцны ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй байгаагаа уламжилжээ. Гэвч урьдчилгаа төлбөрөө төлж, зээлээр орон сууц авах бэл бэнчинтэй хүн ховор тул арилжааны банкуудын түм буман шалгуурыг давж, ипотект хамрагдах нь тэнгэрээс од шүүрэхтэй адил болоод буй.
Өнгөрсөн онд ипотекийн зээлд 400 гаруй тэрбум төгрөг төсөвлөсөн бол өнөө жил 300 орчим болгон бууруулж, хүсэлт гаргасан 252 мянган иргэний 13 хувьд нь зээл олгох боломжтой гэх. Тэгэхээр үлдээд буй 200 мянган иргэн орон сууцтай болохын тулд газар, автомашинаа урьдчилгаа төлбөрт өгөөд ч болтугай зүтгэж буй юм.
Урьдчилгаагаа төлөх боломжтой ч банкны шалгуурт тэнцээгүй хүмүүст “хувь лизинг” тун боломжийн бүтээгдэхүүн. Орон сууцны үнэ өсөж буй өнөө үед урьдчилгаанд заавал 30 хувь бус, өөрт байгаагаа өгөөд барилгын компаниудтай тохиролцож, байртай болох учир хамгийн таатай нөхцөлтэй аж.
Тус зээлийн талаар хэд хэдэн барилгын компаниас лавлахад “Банкны шалгуур хэт өндөр учир барилгын компаниудын ажил зогсонги байдалд шилжээд буй. Хэдийгээр зээлээр авч буй ч гэсэн худалдан авсан орон сууцандаа хүн тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулсан учир зээлээ төлж, барагдуулахыг л хичээнэ. Оруулсан хөрөнгөө үгүй хийж, байраа хураалгахыг хүсэхгүй шүү дээ. Компаниуд банк зээл өгөхийг хүлээж, эргэлтийн хөрөнгөө боомилохгүй байх үүднээс “хувь лизинг” гэдэг бүтээгдэхүүн санаачилсан. Иргэд ч үүнийг хүсэж байсан. Ялангуяа гадаадад ажилладаг, эсвэл худалдаа эрхэлж буй хүмүүс уг үйлчилгээг дэмжиж байгаа” гэж ярьсан юм.
Мөн орон сууцаа борлуулж буй компаниуд урьдчилгаа мөнгө нь дутсан иргэдэд 1-2 жилийн хугацаатай зээлэх үйлчилгээ ч үзүүлэхийн зэрэгцээ туслан гүйцэтгэгч байгууллагууд ч ажлынхаа хөлсөнд орон сууц авч, түүнийгээ “хувь лизинг”-ээр худалдах нь түгээмэл аж.
Гэвч үүний цаана орон сууцтай болох гэсэн иргэдийн мөрөөдөлд тулгуурлан луйвар хийх нэг арга нь “хувь лизинг” байж болзошгүй гэх хардлага байна. Энэ төрлийн “үйлчилгээ” эрхлэгчид олон нийтийн сүлжээг ашиглан, байртай болгох хөдөлгөөн ч эхлүүлж амжжээ, өнгөрсөн хугацаанд. Ингэхдээ орон сууцны үнийн өсөлтийг овжноор ашиглаж, “1000 төгрөгөөр байртай болъё” зэргээр иргэдийг мэхлэх ажилдаа ханцуй шамлан орсон аж.
Орон сууцтай болох хүслийг өгөөш болгогчид “Та хэдэн ч төгрөг хувь нийлүүлж болно. Хэдий хугацаанд байртай болох нь доороо хэр олон хүн элсүүлэхээс шалтгаална. Хуримтлуулах дүн чинь байрны үнийн өсөлтөөс хамаарна шүү” хэмээн иргэдийг сэнхрүүлж буй. Фэйсбүүк хуудас дахь энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг нууцалсан группүүдэд ороод үзээрэй.
Хохирогчид нь мэдээллээс хол байдаг, голдуу орон нутгийн иргэд. “Тэнхлэг зууч” компанийн гаргасан судалгаанаас үзвэл энэ оны эхний гуравдугаар сарын байдлаар орон сууцны үнэ өнгөрсөн оны мөн үеэс 1.49 хувиар өсчээ. Тэгэхээр ипотекийн зээлд хамрагдахын тулд дунджаар 20-40 сая төгрөгтэй байх шаардлагатай аж. Гэтэл “Гэр бүлийн чинь хүн гадаадад ажилладаг эсвэл хувиараа бизнес эрхэлдэг бол “хувь лизинг”-ээр 10 сая төгрөг төлөөд байр авах боломжтой, таван сая төгрөг өгөөд доороо хүн элсүүлээд шууд байрандаа ор” гээд мөнгө авдаг хүн цөөнгүй байна.
Иргэдээс мөнгө татан төвлөрүүлж, санхүүгийн пирамид үүсгэдэг залилан манайд шинэ зүйл биш. Уг үйл ажиллагааны улмаас хохирсон иргэн ч цөөнгүй. Гэвч үүнээсээ сургамж авах бус, өдгөө “Цөөн тооны хүн нэгдэж, ээлжлэн орон сууцтай болгох боломж бий” хэмээн 1-5 сая төгрөг хуримтлуулдаг бүлэг хүнд иргэд залилуулсаар буй аж. Ялангуяа орон нутгийн иргэд хохирогч болох нь элбэг гэнэ.
“Ипотекийн зээлийн санхүүжилт тасарч, банкны шалгуур нэмэгдсэн. Орон сууцанд орох боломж улам л хумигдаж байна. Харин 100 хүн нэгдэж, тус бүр нь таван сая төгрөг нийлүүлбэл цөмөөрөө орон сууцанд орж болно” хэмээх амлалтад итгэж залилуулсан Булган аймгийн иргэн Н “Хүү минь оюутан болоод би нийслэлд төвхнөхөөр шийдсэн юм. Гэвч орон сууц авах мөнгө байгаагүй.
Гэтэл М гэдэг хүн “Барилгын компаниуд барьж буй орон сууцаа зээлээр өгдөг. Таван сая төгрөг байвал түүгээрээ хөрөнгө оруулж, байртай болох боломжтой. Гэрээ байгуулж, үлдэгдэл мөнгөө тухайн компанид төлөөрэй. Бас өөр хүн олж өгвөл 2.5 сая төгрөгийг чамд өгнө” гэж хэлсэн. Ингээд намайг Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлгийн ард барьж байсан барилгад дагуулан очиж үзүүлсэн.
Гэтэл мөнгө авснаас хойш зургаан сарын дараа холбоо барьж чадахаа больсон. Нөгөө барилгын компаниас нь асуухад “Манай компани орон сууцаа өөрсдийн зээлээр өгч байгаа нь үнэн. Гэхдээ хэн нэгнээс санхүүжилт хүссэн удаагүй” гэсэн. Тэгээд л би залилуулснаа мэдсэн” гэж ярьсан юм.
Энэ мэт залилангийн хэрэг гарсаар байгааг цагдаагийн байгууллагынхан үгүйсгээгүй. Өнгөрсөн онд л гэхэд энэ төрлийн луйвар хийсэн дөрвөн бүлгийг шалгасан аж. Цагдаагийн байгууллагын эх сурвалж “Өнгөрсөн онд Иргэдийг орон сууцжуулах үндэсний сан хэмээх байгууллагын талаарх гомдол ирсэн. Уг байгууллагын үйл ажиллагааг өдгөө шалгаж байгаа.
Хүүгүй зээлд хамруулж өгөхийн тулд нэг иргэнээс 1-2 сая төгрөг авч, доороо 10 хүн элсүүлэх шаардлага тавьсан байдаг. “Хувь лизинг”, орон сууцны зээлд хамрагдах гэсэн хүмүүс шууд барилгын компанитай бус, зуучилж буй хүмүүстэй харилцсаны уршгаар ийн хохирч буй” хэмээн мэдээлсэн юм.
Барилгын компани, иргэд хоорондоо тохиролцон худалдаа хийснээр гэр хорооллын янданг цөөрүүлж, утааг багасгахад тодорхой хувь нэмрээ оруулах нь дамжиггүй. Гэвч залилан хийхдээ гаршсан хүмүүс энэ хэрэгцээнд дөрөөлөн, буруугаар ашиглаж, орон сууцны борлуулалтыг үгүй хийх нь.
Хууль, хяналтын байгууллага үүнд анхаарлаа хандуулахгүй бол банкны өндөр шалгуурт бүдэрч, зээл авч чадахгүй байгаа иргэн, байраа борлуулж чадахгүй компани хоёрыг холбож буй борлуулалтын сайн жишиг “устгаж” мэдэхээр байна.