УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд агсан С.Зоригийн эхнэр Д.Булган өчигдөр Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст очиж мэдүүлэг өгч, өмнө байгуулсан нууцын гэрээгээ дахин баталгаажуулж гарын үсэг зурлаа. Түүнийг тус газарт очсоныг мэдсэн хэвлэл мэдээллийнхэн үүдэнд нь багагүй хугацаанд хүлээж, гарч ирмэгц үг сонсохыг хүссэн ч “нууц баримтад гарын үсэг зурсан учраас болохгүй” хэмээн ямар нэг зүйл ярихыг хүссэнгүй.
Түүний өмгөөлөгч Ц.Гүенбаатар “Гэрчээр мэдүүлэг өгч байхдаа буюу одоогоос хоёр жилийн өмнө нууц хадгалах баримтад гарын үсэг зурсан учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Анх өгсөн мэдүүлгээсээ эргэж буцсан зүйл байхгүй шүү дээ. Өнөөдөр нууцын баримтад гарын үсэг зурснаа баталгаажууллаа. Энэ талаарх мэдээллээ тагнуулынхнаас ав” гэсэн юм.
С.Зоригийн амийг бүрэлгэсэн хэрэгт Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарыг гэм буруутайд тооцон 23-24 жилийн хорих ял ногдуулаад байгаа бөгөөд гурван шатны шүүх хурлын үеэр гэрчээр оролцох магадлалтай байсан ч үзэгдээгүй Д.Булган ийнхүү нууц хадгалахаа дахин баталгаажууллаа. Харин прокурор болон тагнуулын байгууллагынхан нууцад хамаарах хэрэг учраас ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй гэв.