-“Болилоо”-гийн балаг барагдахгүй нь-
Долоо хэмжиж, нэг огтол. Аливаа зүйлд нухацтай хандаж байхыг сануулсан эл үгийг сониныхоо хуудсаар дамжуулан нийслэлийн удирдлагад дайхаас аргагүйд хүрэв.
Хотоо бусдын адил хөгжүүлж, амьдрахад таатай орчин бий болгох мөрөөдөл, зорилго тэдэнд байдаг биз. Гэхдээ түүнийгээ бодит ажил болгохын тулд сайтар судалж, алдаагүй төлөвлөгөө гаргах ёстой баймаар. Хачирхалтай нь, нийслэлийн удирдлага зарим төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхдээ долоо хэмжих нь байтугай, зүгээр сууж байгаад л бодож олсон зүйлээ ямар ч тооцоо, судалгаагүйгээр ажил болгохоор зүтгэчихдэг нь өөрсдийг нь муухай харагдуулаад байгааг мэддэг болов уу.
Жигтэйхэн итгэлтэйгээр шийдвэр гаргаж, гоё сайхан үгээр иргэдээ “бөмбөгдөх”-ийг яана. Гэвч тэр хэрээрээ төсвийн хөрөнгийг салхинд хийсгэх юм.
Өнгөрсөн наймдугаар сарын эхээр гэнэт л “Энхтайваны өргөн чөлөөгөөр зорчиж буй жолооч нарыг зүүн гар тийш эргүүлэхгүй. Үүнийг энэ сарын 15-наас мөрдөнө” гэх мэдээлэл түгэж, хотын иргэдийг цочроосон. Хэн, ямар учраас ийм шийдвэр гаргаж буй нь тодорхойгүй бараг долоо хоносны эцэст нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү мэдээлэл хийж, зорилгоо тайлбарласан билээ.
Хичээлийн шинэ жил дөхөхөөр замын хөдөлгөөний ачаалал ихэсдэг, төв замаас зүүн гар тийш эргэхээр гэрлэн дохио асахыг хүлээн зогссон жолооч нараас болж хөдөлгөөн удааширч, автобус тогтсон цагаараа иргэдэд үйлчилж чаддаггүй учраас ийм зохицуулалт хийх болсон гэж тэр хэлсэн. Бараг л түгжрэлгүй болох тухай ярьсныг уншигч та санаж буй биз.
Ингээд төв замаар зорчдог нийтийн тээврийн чиглэл, гэрлэн дохионы тохиргоог өөрчлөхөөс авахуулаад бөөн ажил ундарсан юм даг. Ажлын хэсгийнх гэх хүмүүс бараг л өдөр, шөнөгүй хуралдаж, хэвшсэн тогтолцоог өөрчилсөн шинэ мэдээ өглөө бүр дуулгаж, тэр нь хэвлэлийн тэргүүн нүүрэнд нийтлэгдэж байв.
Гэвч хүсэн хүлээсэн өдөр нь буюу наймдугаар сарын 15-нд жолооч, замын цагдаа, явган зорчигчид цөм “манарсан”. Замын хөдөлгөөн зохицуулагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ажилласан ч Энхтайваны өргөн чөлөөний ачаалал гойд нэмэгдсэн юм. Ингээд хот даяараа хэсэг “тэнэгтсэний” дараа буюу наймдугаар сарын 28-нд хотын удирдлага хэрэг “тарьчихаад” шилэн хүзүүгээ маажин зогсох хүүхэд аятай царайлж, “Бөхийн өргөөний уулзвараар зүүн гар тийш эргүүлье” гэх нь тэр. Үүнээс гурав хоногийн дараа нийслэлийн Засаг дарга “Зорилгодоо хүрч чадаагүй тул эл шийдвэрийг цуцаллаа” гэж мэдэгдсэн.
Уг зохицуулалтыг хэрэгжүүлэхэд нийслэлийн төсвөөс 14 сая төгрөг зарцуулжээ. Энэ бол зөвхөн замын хэвтээ тэмдэглэгээ, хайс, эргэлтийн зураас зэрэгт зарцуулсан хөрөнгө. Тэгвэл үүн дээр замын хөдөлгөөн зохицуулагчаас эхлээд уртасгасан цагаар ажилласан хүмүүсийн цалин гээд 11 сая төгрөг нэмэгдсэн гэнэ. Эл буруу шийдвэрийн уршгаар хамгийн их хохирсон хүмүүс нь иргэд.
Тойрог хөдөлгөөн хийх зай 600-800 метр байсан учир зарцуулах шатахуун нэмэгдэж, хугацаа алдаж байсан учраас тэр. Нийтийн тээврийн салбарынхны ярьж буйгаар уг зохицуулалтыг мөрдсөн 15 хоногт нэг автобусны зарцуулах шатахууны өртөг нэг сая гаруй төгрөгөөр нэмэгдсэн байна. Тэгэхээр хуумгай шийдвэрийн уршгаар хэдий хэмжээний хохирол амссаныг тооцох юм бол олон оронтой тоо гарах нь. Судалгаа, эрсдэлийг сайтар тооцоолсон бол энэ хөрөнгөөр авто замын 20 гаруй нүхийг бөглөж болох байлаа.
Нэг сая гаруй хүн амтай хотыг удирдаж буй хүмүүсийн амнаас гарсан үг хариуцлагатай, үйлдэл бүр нь тооцоо, судалгаатай байх ёстой болохоос зүгээр нэг “хий” байж боломгүй. Гэтэл дээрх ичмээр байдлаасаа сургамж авахын оронд дахиад л “хэрэг тарьж”, иргэд, аж ахуйн нэгжүүд, цаашлаад хотын төсөвт ч дарамт учруулсаар байна.
Сүхбаатар дүүргийн IV хорооны иргэд өнгөрсөн намар чи, би гэж талцан маргалдаж, хотын удирдлагад шаардлага хүргүүлэв. Шалтгаан нь Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжний хэв маягийг өөрчлөн тохижуулах шийдвэр юм. Тухайн хэсгийг “Автомашингүй гудамж” болгоно хэмээн олон жил ярьсныг хотын дарга С.Батболд өнгөрсөн онд биелүүлэхээ мэдэгдэж, Монголын барилгын үндэсний ассоциацтай хамтран ажиллахаар нээлт хийгээдхэв.
Гэвч энэ сарын 4-нд нийслэлийн Засаг дарга юу болов гэмээр гэнэт захирамж гарган, шийдвэрээ хүчингүй болголоо. Газар доорх худалдааны төв нээж, ажлын байр нэмэгдүүлэх, авто зогсоол байгуулж, хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоосоо буцан, хэдэн зуун сая төгрөгөөр хийсэн зураг төслийг “хог” болгосон хэрэг л дээ.
Хачирхалтай нь, яагаад ингэх болсноо Монголын барилгын үндэсний ассоциацтай байгуулсан нийслэлийн ЗДТГ-ын гэрээний хугацаа дууссан учир төслийн ажлыг зогсоосон гэхээс өөрөөр тайлбарласангүй. Гэсэн атлаа тухайн хэсгийг иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахуйц орчин үеийн архитектур төлөвлөлтийн шийдлээр ирэх зургадугаар сарын 20-ноос өмнө тохижуулна гэж биеэ өмөөрч, гэмээ цайруулав. Түүний энэ эргэж буцсан шийдвэрээс болж аж ахуйн нэгжүүд хохирох нь. Цаашлаад хотын төсвийн хөрөнгө ч хэдэн зуун саяар үрэгдэх болоод байна.
...Нэг сая гаруй хүн амтай хотыг удирдаж буй хүмүүсийн амнаас гарсан үг хариуцлагатай, үйлдэл бүр нь тооцоо, судалгаатай байх ёстой болохоос зүгээр нэг “хий” байж боломгүй. Гэтэл дээрх ичмээр байдлаасаа сургамж авахын оронд дахиад л “хэрэг тарьж”, иргэд, аж ахуйн нэгжүүд, цаашлаад хотын төсөвт ч дарамт учруулсаар байна...
Тус бүтээн байгуулалтын зураг төслийг “Гудамж” төслийн хүрээнд гаргаж, нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл орчных нь газрыг хотын эзэмшилд шилжүүлсэн байдаг. Харин Монголын барилгын үндэсний ассоциац өнгөрсөн онд анхны зургийг нь өөрчилж, тохижилтын ажлаа эхлүүлэхээр тухайн хэсгийг хашаалж, чулуун тавцанг нь хуулсан юм. Тус байгууллагыг энэ мэт ажилд нэг тэрбум орчим төгрөг зарцуулсан гэдгийг баттай эх сурвалж мэдээлсэн.
Тиймээс хотын удирдлага шийдвэрээсээ буцсан тул хохирлыг нь барагдуулах асуудал ч сөхөгдөж байгаа сурагтай. Хэрэв нөхөн төлбөр өгөхөөр болбол хотын төсвөөс олгох нь дамжиггүй. Зургадугаар сарын 20-ноос өмнө Б.Цэрэндоржийн гудамжийг дахин тохижуулах хөрөнгийг ч мөн л төсвөөс гарна.
Урьдчилсан байдлаар тухайн хэсгийг сэргээн тохижуулахад багадаа 60 сая төгрөг шаардлагатай гэдгийг учир мэдэх хүмүүс хэлсэн юм. Зүгээр байсан талбайг сүйтгэж, хүм үүсийг хагас жил тавгүйтүүлчихээд зорилгоосоо буцаж, ийм их хөрөнгө зарлагадах нь зүйд нийцэхгүй биз дээ.
Хотын захиргааг Сонгинохайрхан дүүрэг рүү нүүлгэхээ больсноос 680, Улаанбаатарт метро зохимжгүй гэснээс үүдэн 300 гаруй сая төгрөг хог руу хаягдчихаад байгаа. Ер нь хотынхны “Болилоо” гэдэг үг, үйлдэл оршин суугчдыг яаж ч тонгорч мэдэхээр байна. Орчны бохирдлоос эхлээд нийслэлд тулгамдсан бэрхшээл мундахгүй. Жагсаавал урт дараалал гарна. Хүүхэд, хөгшдийг өдөр тутам айдаст автуулдаг золбин ноход үүнд зүй ёсоор орох нь дамжиггүй.
Нохдыг буудан хороохыг хориглож, хүн ёсонд нийцэхүйц аргаар тоо толгойг нь цөөрүүлнэ гэх шийдлийг хотын удирдлага 2016 оны намар гаргаж байв. Тэд нэгэн мэргэн санаа олсон нь спэй буюу эм нохойн савыг боох арга байлаа. Энэ талаар “Зөвхөн тэжээмэл нохойны савыг бооно. Эм нохой жилд 6-8 гөлөг гаргадаг, тэднийг гудамжинд орхидог болохоор золбин нохдын тоо цөөрөхгүй байна. Спэй хагалгааг нохойн эзний хүсэлтээр хийх бөгөөд төлбөрийн тодорхой хувийг хотын төсвөөс гаргана” гэж нийслэлийн Захирагчийн ажлын албаныхан хэлж байсан юм.
Улмаар нохой, муур устгах хуучин журмыг нь шинэчилж, нийслэлийн ИТХ-д өргөн барьж, хэлэлцүүлээд эцсийн шийдвэр гаргана хэмээн ярьж байв. Гэтэл төд удалгүй “Нохойд мэс ажилбар хийж, үржлийг нь зогсооход өртөг өндөр гарах нь, болилоо” гэсэн юм даг. Тэгвэл энэ удаагийн буцсан шийдвэр бусдаасаа арай онцлог байжээ. Судалгаа хийж, журмыг шинэчлэх явцад хотын төсвөөс 13 сая төгрөг зарцуулсан ч Хууль зүй, дотоод хэргийн яам түүнийг алдаатай, засах шаардлагатай гээд бүртгэж аваагүй байсаар.
Ингэснээр тус журам хүчин төгөлдөр бус болчихоод байгаа юм. Ийм байхад хотын удирдлага өдгөө нэг эм нохойд 40 000, эрд нь 9000 төгрөг төсөвлөн мэс ажилбар хийлгэж байх юм. Энэ нь ажлын хөлсний 50 хувь гэсэн. Уг нь амьтны хувийн эмнэлгүүд ийм ажилбарыг дунджаар 50 000 төгрөгөөр хийдэг юм билээ. Гэтэл шийдвэрээсээ буцсан атлаа нууцаар хэрэгжүүлж байгааг юу гэж ойлгох вэ. Үүнээс нь болоод нохой устгахад зарцуулах төсөв нэмэгдсэн гэдгийг албаны эх сурвалж мэдээлсэн.
Эргэж буцсан дээрх цөөн хэдэн жишээнээс л гэхэд хотын төсөвт наад зах нь хоёр тэрбум орчим төгрөгийн алдагдал үүснэ. Гэтэл орон, гаран шийдвэр гаргасан хотын удирдлага ямар ч хариуцлага хүлээхгүй. “Төв замаар зорчиж буй жолооч зүүн гар тийш эргэхгүй” гэх зохицуулалт хийсэн хүмүүст хариуцлага тооцно гэж байсан хотын дарга одоо болтол таг дуугүй байгаа нь үүний нотолгоо гэлтэй.
Элдэв бүтэлгүй санаачилга гаргаж, дутуу дулимаг судалгаа хийн, шаардлагад нийцэхгүй журам боловсруулахаа болих болсон баймаар. Хотын төсвийн 80 орчим хувь иргэдийн татвараас бүрдэж, ихэнхийг нь улсад тушаагаад, үлдсэн хэдээр нь тулгамдаж буй бэрхшээлээ шийддэг. Ийм байхад нэг төгрөгийг ч дэмий зүйлд зарлагадах ёсгүй гэдгийг хэзээ анхаарах юм бол доо.